Skip to main content

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа.

Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөнө. Газартаа ирлээ гэтэл цас дарж түүнийг тэвэрнэ. Уулс алсаа шивнэнэ. Хаа хүрэх билээ хүү минь!? Ууландаа ир, усандаа шумба. Жаргал нүдэнд нь харагдах ч тэр төрсөн газартаа үнэнч. Нар гарч, сар буусаар өсөж том болсон хүү алс орон зорив. Эрдэм ном өвөрлөж авахаар эцэгтээ зулайгаа үнэрлүүлэн одлоо.

Цаг хугацаа үл мэдэх чулуу эмтэрч, хэмхэрч эхэллээ. Хурц ширүүн ирмэг нь гөлийж, толийх аж. Салхи элээд гарахдаа үнсээд өнгөрнө. Нар ээгээд жаргахдаа хэмлээд бууна. Тэгэвч тэр бууж өгсөнгүй. Өөрөө зүтгэнэ үү!? Зөн совин уу!? Үүл түүнийг ангав уу хэмээн алгаа тосно. Өндөр модод, өлийх өвс алжаав уу хэмээн бөхийн ёсолно. Харийн нутагт хүү хүнтэй ч танилцана, газар ч үзнэ. Нутгаа санаж хааяа нэг зүүдэлнэ. Тэгэвч түүнд харих бодол үгүй. Нүд нь нээгдэж, ухаан нь тэлээд сэтгэл нь уужирна. Хорвоогийн ёсыг тэр сурч мэдсэн ч ухаж ойлгох цаг нар нь арай ирээгүй ажээ. Үйлээ үзэн мөлхөх чулуу нэгэн зорилгоор урагшилна. Амар тайван амьдрах аз жаргал нь түүнийг дуудна. Толгой өндийн тэнгэр харах тэнхээ түүнд байсангүй. Амьсгал авч хэсэг суугаад үнэн мүнэнийг тунгаах сэхээ түүнд төрсөнгүй.

Төөрч явсан чулуу бууриндаа ирээд хэвтлээ. Тэнэж явсан хүү гэртээ нэг айлчиллаа. Овооны эх нь танд, Олзны их нь манд гээд өргөж тэр цацав. Гуньж гутарсан чулууны тэнхээ тасран ойчлоо.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....