Skip to main content

Гүнж: Хонхон цэцэг

Бяцхан гүнж орой болгон цонхны хажууд суун сар харан мөрөөддөг байжээ. Хорон санаат шулам өөрийг нь хулгайлж, харанхуй гянданд хориж, эрэлхэг ханхүү өөрийг нь авраасай хэмээн. Он цаг улиран улирсаар бяцхан гүнж ч өөрийнхөө багын мөрөөдөлөө мартаж эхэлжээ. Арван таван насны төрсөн өдрийн үдэшлэг нь эд ундарч байтал тэнгэрт цахилгаан цахих ордонд харанхуй татлаа. Орон орны ханхүү, гүнж нар уулга алдацгаана.
Гүн харанхуйд хахир хоолой <<Хонхон цэцэг гүнжийг би авч явлаа. Хэрвээ охины авахыг хүсвэл хаан ширээгээ надад өг!>> хэмээн уусан алга болов. Гэрэл эргэн ирэх мөчид гүнжийн суудал орги хоосон болжээ. Хаан их дуугаар зандран бүх ордоныг нэгжүүлэв, хатан эхэр татан уйлна. Ханхүү нар цагаан хүлэгтээ морьдон үзэсгэлэнт гүнжийг аврахаа амлан одлоо. Гүнж нар өнчирсөн хатанд хань болохоор үлдэцгээв. Маргааш нь орон даяр уй зарлан, гүнжийг хайсан боловч олсонгүй. Хөрш зэргэлдээ орон бүр өөр өөрийн шуламнуудыг байцаасан боловч Хонхон цэцэг гүнжийн сураг дуулдсангүй. Сар жил улиран өнгөрсөөр гүнжийн эрэлд гарсан ханхүү нар гар хоосон буцаж ирнэ. Хатан эхтэй хамт байсан гүнж нар ч ордон ордондоо буцлаа. Аргагүй дээ, удахгүй өөр нэг гүнжийн төрсөн өдрийн үдэшлэг болох гэж байсан тул бүгд түүнд бэлдэх хэрэгтэй байв.

Гүнжээ алдсан хаан хатан хоёр уйтгар гунигт дарагдан орон гэрээсээ ч гарахаа байжээ. Цэрэг бүхнээ дайчлан газар бүр илгээсэн боловч хайртай хонгор үрээс нь сураг дуулдсангүй. Хаан суудлаа өгье гээд ч охиныг нь хулгайлсан хүн байхгүй болжээ. Гүнжийг хулгайлсан этгээд нэр ус, хаягаа үлдээхээ мартсан ажгуу.

Гүнж нэг сэрэх үед зөөлхөн орон дээр унтаж байлаа. Бүжиглээд ядарсандаа унтчихсан юм болов уу? гэж бодон орноосоо өндийвөл таниж мэдэхгүй өрөөнд байлаа. Айж сандарсандаа орь дуу тавин чарлавал хэн ч ирсэнгүй. Гайхан цонхны дэргэд очин харвал тэнгэрт тулсан өндөр цамхагийн дээр байх ажээ. Сар бараг л дэргэд нь мэт үзэгдэнэ. Сандарсан гүнж хаалга тийш гүйсэн боловч хаашаа гүйхээ мэдсэнгүй. Хаа сайгүй гүйсэн ч гарах хаалга олдсонгүй. Уйлж унжин дуулсан ч аргадах хүн ирсэнгүй. Гэнэт зүүд мөрөөдлийнх нь оронгоос мартагдсан хүсэл нь урган гарч ирлээ. Баярлаж догдолсон гүнж орон дээрээ суун өөрийг нь аврах ханхүүг хүлээн суув. Нэг цаг, хоёр цаг хүлээсэн боловч хэн ч ирсэнгүй. Уйдаж эхэлсэн гүнж өрөөн доторхио гүйлгэн харлаа. Ханаар нь дүүрэн ном байхаас өөр юу ч үзэгдсэнгүй. Гэрт нь ном байхыг харсан ч уншиж үзээгүй тэрээр эвшээлгэн орон дээрээ эргэн суув. Сар цонхоор өөрийг нь дуудах мэт гэрэлтэнэ. Гүнж цонхоор гадаах байдлыг ширтэнэ. Эргэн тойрон цэлийсэн ус, өөр юу ч үл үзэгдэх ажээ. Өөрийг нь аврах ханхүү цалин цагаан морьтой бус, хөлөг онгоцтой байх нь хэмээн бага зэрэг уйтгарласан боловч тэгэсхийгээд за ханхүү л аварч байвал хамаагүй хэмээн бодлоо. Өдөр хоног ээлжлэн өнгөрнө. Өөрийг нь аврах ханхүү ирэхгүй л байв. Гүнж эхэндээ уурлаж байлаа. Хэрвээ өөрийг нь аврахаар ирэх юм бол явахгүй хэмээн унжинадаа хэмээн бодож байлаа. Аз болоход амтат хоол хүссэн үед нь ширээн дээр нь гарж ирэх нь аз юм даа. Тэгээд бас томоос том усан сан. Гүнж уйдсан үедээ халуун усанд орж дуулах дуртай байсан нь сайн хэрэг эс тэгвэл уйдаж үхэх байсан бизээ. 

Нэг өдөр гүнж ихээхэн уйтгарлав. Усанд оръё гэтэл дөнгөж усанд ороод сууж байдаг. Ямар усан дотор усанд оролтой бишдээ. Дуу дуулъя гэхээр дандаа мэддэг дуугаа дуулсаар байгаад уйдчихсан. Тэгээд яадаг билээ хэмээн санаа алдаж байтал нөгөө өрөөнд нь дүүрэн ном байсныг саналаа. Магадгүй номтой дуу байх ч юм билүү!? хэмээн бодож уснаасаа харайн гарлаа. Байдаг номыг нь буулган дууны ном хайсан боловч тийм ном байсангүй. Өрөөнийх нь шал номоор хучигджээ. Явах гэхээр танхилхан хөл доороос нь хатгаад зовлонтой байсан тул орондоо орлоо. Долоо хоногийн дараа мөн л уйтгарласан гүнж хийх юмаа олж ядан сууж байтал шалаар нь дүүрэн хөглөрөх номнууд харагдав. Гүнж уйтгарласандаа нэг нэгээр нь авч тавиурт эргүүлэн тавьна. Хамгийн сүүлчийн номыг хураан тавиад ихээхэн ядарсан тул нам унтаж орхив. Маргааш нь хийх юмгүй тул тавиур дээрээс хэдэн ном авч ордо бариж тоглов. Нөгөөдөр нь зарим номоор нь дайн хийж тоглолоо. Зузаан номнууд нь морин цэрэг, нимгэн номнууд нь явган цэрэг гэж ялгаад өөр хооронд нь тулалдуулав. Сарын дараа өөр өөртэйгөө ингэж тоглох нь уйтгартай санагдах болсон тул гүнж ахин номнуудтай тоглосонгүй. Хонхон цэцэг гүнж энд ирсэнээс хойш хэд хонсоноо мартчихажээ. Удахаа мэдсэн бол өдөр хоногийн тоолохгүй яавдаа хэмээн харамсана.

Нэг орой далайн шуурга дэгдэн, аянга цахилгаан нижигнэн байлаа. Гүнж унтах гэсэн боловч айгаад унтаж чадахгүй байв. Өрөөгөө тойрон алахсан боловч тус болсонгүй. Тэгээд хамгийн анх номнуудыг бүгдийг нь буулгаад эргүүлэн өрөхөд өөрийн эрхгүй ядран унтаад өгсөнөө санан нэг нэгээр нь буулгаж эхэллээ. Эхлээд өөрийнхөө дуртай улаан хавтастай ханхүүгээ, дараа нь түүний мөнхийн дайсан хар хавтастай чөтгөрийг, тэгээд ханхүүгийн цэргүүд болох нимгэн ногоон хавтастуудыг гэх мэт. Гэнэт гарт нь нэг ягаан ном байв. Урд өмнө нь харж байгаагүй. Харсан ч анзаарч байгаагүй ном байлаа. Энэ хэн байдаг билээ хэмээн эргүүлж тойруулж харсан боловч таньсангүй. Харин урд хавтсан дээр нь <<Унгадаг баатар>> хэмээн алтаар сийлэн бичжээ. Гүнж татаж унаталаа инээн. Унгадаг баатар байдаг гэнээ хэмээн шоолон ягаан номыг газар чулуудав. Гэнэт унгадаг баатар яаж байдаг билээ!? Намайг Унгадаг баатар аврах юм биш биздээ гэсэн бодол толгойд нь орж ирлээ. Тийм юм болвол яах бол хэмээн төсөөлөв. Унгадаг баатрыг төсөөлөх гэсэн боловч толгойд нь юу ч орж ирсэнгүй. Хонхон цэцэг гүнж ягаан номыг газраас шүүрэн авч орлуугаа авирлаа. Дээр нь гараад уншиж эхлэв. Хамгийн сүүлчийн хуудсыг эргүүлээд уурласандаа хамаг хүчээрээ чулуудав. Жижигхэн ягаан ном хана мөргөн үхэдхийн ойчлоо. Гүнж ухасхийн очиж аваад энгэртээ наан уучлаарай хэмээн шивнээд номоо аван орон дээрээ суув. Ахиж эхнээс нь дуустал уншаад гэнэт уйлж гарлаа. Могой гүнж аврагдсан ч аз жаргалтай төгсөж чадаагүйд нь уурлан Мөсөн лууг үзэн ядна. Хэрвээ өөрийг нь Мөсөн луу хориж байх юм бол заавал өөрийг нь аварсан ханхүүгээр Могой гүнжийг хаана байгааг хэлүүлж түүнийг авран хэмээн андгайллаа. Үлгэр магадгүй дуусаагүй өөр ном байж болох юм хэмээн номын орхисон хэсэг бүрээ харвал хоёр дугаар дэвтэр <<Мөстлөгийн үе>> гэсэн байлаа. Хонхон цэцэг байдгаараа догдлон хамаг номоо нэгжиж гарав. Даанч тэр дунд нь <<Мөстлөгийн үе>> байсангүй. Харин алтан шаргал хавтастай үүлэн үсгээр <<Гэрэлхүү>> хэмээх ном нүдэнд нь туслаа. Гүнж номын эхний хуудсыг нээн амтархан уншиж байгаад нойрондоо дийлдэн унтаад өгөв.

Зүүд нойрондоо Мөсөн луутай тулалдаж, Гэрэлхүүтэй нийлэн Могой гүнжийг хайж байх юм гэнэ. Тэгээд хамгийн сүүлд Гурван толгойт мангасыг дарахын даваан дээр зүүднээсээ сэрлээ. Өрөөнд амтат хоолны үнэр хангийна. Ширээн дээр нь урдын адил амттан бүхэн өрөөтэй байлаа. Гүнж урдын адил тансаглан тамшаалж хооллолгүй хам хум идчихээд Гэрэлхүүгээ уншиж гарав. Дунд нь уурлсан нэг хааш, тэгсэнээ тэсэлгүй эргэн уншсаар дуусгав. Тэр номын амтанд оржээ. Бүх номоо газар буулгаад уншсан хоёр номоо тавиур дээр тавилаа. Газраас өөр нэг ном шүүрч авсан нь <<Бүгд Найрамдах --- Плато>> гэсэн байв. Энэ ном өмнөх хоёр номтой адилгүй ажээ. Зүзаан ширэн хавтастай, гүн үсгээр нэрийг нь бичжээ. Харах төдийд л ямар нэгэн далд гүн утгатай мэт санагдана. Эхний хуудсыг уншиж эхлэх төдийд л ахин юу болсоныг мэдсэнгүй нэг мэдэхэд эргүүлэх хуудасгүй болсон байлаа. Гадаа сүүхийг гэгээ үзэгдэнэ. Өглөө болж, орой болж буй нь ялгагдахгүй байсан тул усанд орохоор явлаа. Халуун усанд зүүрмэглэн суухдаа бодлоо. Сократ хэдий зөв яриж байсан ч хэтэрхий өөрийн бодлоор ялгарав ухаан хэрэглэн түүнийгээ бусдад тулгаж байсан мэт санагдана. Бусад нь гэсэн түүний хэмнэлд автаад өөр гарцгүй мэт дагаж байсан нь сонирхолтой ч юм шиг, харамсалтай ч юм шиг. Өөрийнхөө өрөөнд Бүгд Найрамдах улс байгуулж болох юм байна гэсэн бодол гэнэт орж ирсэн шигээ гэнэт няцаагдав. Тэр ганцаараа учир нийгэм бүрдүүлж чадахгүй ажээ. Уснаас гараад өөрийнхөө өрөөйг Хонхон цэцэг ахин сайтар нягтлан харав. Өмнө нь ажиглаж байгаагүй жижигхэн, жижигхэн зураг ханаар нь дүүрэн байх ажээ. Од, цэцэг, нар, ном гэх мэт. Хонхон цэцэг <<Намайг хориж байгаа хүн сонсож байна уу? Хүүе...хөөе! тийм бол би өөрийнхөөрөө байх болно гэдгээ хэлчихье! Надад чөлөөт сонголт байгаа шүү!>> хэмээн хашгирав. Чулуун хана юу ч хариулсангүй. Цаанаас нь ч хариу ирсэнгүй. Ширээн дээр нь харин шинэхэн хоол бэлэн боллоо. Гүнж өөрөө хэзээ идэхээ шийднэ хэмээн хэсэг гөжүүдлэсэн боловч хоолны тансаг үнэрт гэдэс нь хоржигнох тул дараагийн удаа эсэргүүцэхээр шийдэн хооллож эхлэв. 

Гүнж: Луу хүү

________________________________________________
Hanper 

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...