Skip to main content

Нэг, хоёр нэлээд хэдэн жилийн дараа

Хөгширч үзээгүй болохоор эцэг, эхийнхээ үгэнд итгэхгүй байх нь хүний жам бололтой. 20 хүртэлээ үгэнд нь орсонгүй. 30 дөхөөд ч үгэнд нь итгэсэнгүй. Амьдралын шавар шавхай, зүлэг ногоон дээгүүр нь явж үзээд хөлийн мөрийг нь олж харав.

Өвдөгөөр хатгаад ёолж байж л санаа амардаг болчхож. Арай л эрт хөгшрөөд байна уу даа би чинь!? Ажил дээрх залуучуудыг хараад аавынхаа хэлж байсан үгийг давтаж хэлмээр санагдав ч сонсоогүй болохоор тогтоосонгүй. Өөрийнхөө мэдэхээр хэд гурван үг холбохоор үгэлсэн болчихно. Хип хоп дуучин байгаад сүүл толгой холбосон бол ойлгох шинжтэй. Тийм болохоор өөрийнхөө мэдэх, өөрийнхөө чадах газартаа буу халъя даа.

Бодож байсан зүйлээ хийсэн ч, хийгээгүй ч амьдрал үргэлжлээд л явах юм. Цаг хугацаа, эргэн тойрны хүмүүс намайг хүлээсэнгүй. Өөр өөрсдийнхөө амьдралд дарагдаад урсаад явна. Сөрдөг, сэлдэг эсэхийг нь мэдэхгүй. Зовлонтой, жаргалтайг нь овон цовон л мэднэ. Одоо болохоор би өөрөө хийсэн бол, хийдэг байж гэж бодсоор үлдэж. Тиймээс хүсэл байгаад зориг хүрвэл  оролдоод үзэхэд алдах зүйл үгүй мэт санагдана. Гэвч үр дүнг нь мэдэх амаргүй тул айдас хүйдэс хүн бүрийг орон дотор нь угтаж шөнийн нойрноос нь хумсална. Хаана нэг газар уншиж байсан үг санаанд оров. Ирээдүйг тааж мэдэхгүй байж болно гэхдээ дөхүүлэн шийдвэр гаргах боломжтой гэж. Үүний араас залгуулан дурдсан жишээ гэвэл 100н км зайтай байхад гэр чинь шатаж байна гэсэн мэдээ дууллаа. Тэгвэл гараад гүйх үү? машин барих уу? Гүйсээр байтал гэр чинь шатаад дуусах биздээ!?

Сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэрийг хөлсөө урсгаж, хүчээ шавхаж биелүүлэхээс өөр боломж хүн болгон олдохгүй. Амжилтанд хүрсэн хүмүүс нь даруухан загнаж үүнийгээ аз гэж нэрлэнэ. Гэхдээ аз замд нь тааралдсанаас гарцаагүй. Тэгсэн ч гэсэн тэд нар бас өөрсдөө алхаад, гүйгээд амьдралыг туулсан нь маргаангүй.

Ажилд орохоор ирсэн хүмүүсийг мэдэхгүй чадахгүй гэж харахаасаа илүү энэ хүн өөрөө хичээгээд, өөрөө зүтгээд сарын дараа надад тус болж чадахаар байна уу? гэж харах нь их болж. Чадахгүй бол чадахгүй гэж үнэнээ хэлээд гэхдээ би ахиад сайн судалж үзээд хийе гэсэн хүнд онц тавимаар санагдана.

Намайг мэдэхээс мэдэхгүй хүн олон тул үг нуршилгүй өөрийгөө танилцуулъя. Өмнө байсан би алга болсон эсвэл мартагдсан байх. Долоон насаар бага би одоо байгаа би мөн үү? Гэвэл хэтэрхий гүн ухааны асуудал болон орооцолдох биз ээ. Тесүс хөлөг онгоц (The Ship of Theseus ) гэсэн ойлголт над дээр жишээ болж илэрнэ. Өдөр бүр цаг мөч тутам эд эсүүд минь үхэж, мөн шинээр үржинэ. Энэ хооронд оюун бодол минь дуулсан, харсан бүхнээрээ баяжна. Дурсаж санаагүй зүйлсээрээ ховордоно. Гэтэл яг үнэндээ би, би хэвээрээ байсаар. Өлсөн, уйдна, уйлна. Иднэ, инээнэ, баясна. Тэгээд л би мунгинасаар доороо эргэлдэж бодолдоо төөрөөд эхэлсэн цэгтээ ирнэ.

Гучин тав хүрсэн мөртлөө өчигдөр эсвэл уржигдар арван жилээ төгссөн юм шиг санагдана. Их сургуулиа ч гэсэн төгсөөд унтаад босож байгаа юм шиг бодогдоно. Дурсамжуудаа эргээд бодохоор өнгөрсөн долоо хоногт бүхий л амьдралаа амжуулчхаад түүндээ ядраад өдөр бүр амьдралдаа бухимдаад ч байгаа юм шиг. Тэгтэл би одоо арван жилээ төгсөөд түүнээс ч олон жил амьдарчхаж.

8р ангид 10р ангийнхан ах хүн шиг харагдаж байв. Сургуулийн коридороор дээрэлхүү алхана. Ангийн үүдэнд зовлонд дарагдсан мэт сууна. Сүртэй гэж жигтэйхэн. Маргааш нь л би өөрөө 10р анги болчихсон байв. Зүгээр л алхана, зүгээр л сууна. Харсан болоод тэр магадгүй мөрөөдсөн ч байж магад. Том болсон юм шиг харин санагдсангүй.

Тэгж ингэж яваад сургуулиа төгсөв. Зуны амралтаар аав, ээжийгээ дагаж Бээжин явж байгаад эргээд иртэл ихэнх сургуулийн бүртгэл дуусчхаж. Хоёр л газар бүртгүүлж шалгалт өглөө. Улсын сургуульд нь муухан оноо авч хувийн сургуульд нь тэтгэлэг авах боломжтой болов. Мөнгө өөрөөсөө харамлаж сурсан надад сонгоод бодоод байх шалтаг байсангүй. Хувийн сургуулийг сонголоо. Мэргэжил сонгох болоход аавын үгийг зүрх дарав. Эдийн засаг өөрөө үзээд сурчхаж болно. Компьютер бол ирээдүй. Өөрөө сурна гэдэг хэцүү.

Үнэн байсан байж магадгүй. Үгүй ч байсан байж магадгүй. Одоо харин амьдралд хэрэгтэй гээд санхүү, тайлан суръя гээд сурч чадахгүй байхыг бодоход бага зэрэг давстай байсан бололтой. Шинэ үеийн хүүхдүүд харин бие даагаад програм хөгжүүлэлт сурдаг болчхож. Өсөж төрсөн орчин нь болохоор аргагүй юм шиг. Уул нь би бусад хүмүүсийг бодвол хүнээс илүү компьютерээр хүрээлүүлж өссөн юм байгаа юм шүү дээ. Хамгийн анх 1996-97 онд ард нь сууж байв. Учирийг нь мэдэхгүй ногоон өнгөтэй дүрс буудаад жинхэнэ танк буудсан мэт хөөрч билээ.

Өөрөө тоглож чадахгүй болохоор тэр үү!? Ах нар өөрсдөө тоглох гээд үү!? мэдэхгүй хажууд нь сууж гөлийхөөс цаашгүй. Зурагт бол үзэж болохгүй компьютер бол болдог цаг үе байж. Компьютер  ирээдүй байсан болохоор аргагүй байх даа. Үүндээ болоод тэр юм болов уу!? Одоо ингээд бодохоор би аливаа зүйлсийг сурахдаа хүн дагаж л хамгийн хурдан сурдаг аж. Англи хэлийг тоглоом тоглох л гэж сурав. Үхээд болохгүй болохоор дэлгэц дээрх үг бүрийг тольдож нэг бүрчлэн цээжилж явсаар бага зэрэг гадарладаг болов. Ном ертөнцийн цонх байсан бол компьютер үүд хаалга нь байлаа.

Интернет одоо байгаа шиг сайхан ч байсангүй. Дуу тавиад сонсоод сууна гэдэг бол худлаа байлаа. Зураг харах гэж дээрээс нь доошоо мөр мөрөөр хүлээсээр тэвчээртэй сууж сурсан бололтой. Энэ тэвчээр минь даанч машин унаж явахад минь туслахгүй юм даа. Ингээд л би хадуураад эхэлдэг юм. Эргээд өөр дээрээ ирвэл сурч, сурч явсаар ажилд оров. Өдөр шөнө гэж мэдэлгүй ажиллаж байв. Өглөөнөөс шөнө дунд хүртэл ажиллаад 1 жил өнгөрөөв. Гэнэт эрч хүчгүй, хүсэл сонирхолгүй болов. Ажиллах гэж амьдарсан болохоор амьдрал намайг доош нь татаад эхэллээ. Ингээд л ахиж сурахаар явав. Яасан ч их сурав. Сурч ханаагүй бололтой. Ер нь бол сурсандаа сэтгэл ханаж болдоггүй юм шиг байгаа юм. Ахиад сурав юмгүй гээд бодож эхлэх үед л амьдрал хүнийг дурсамжанд живүүлж эхэлнэ.

Гэнэт дурсамжаа бичиж байгаа би өөрийнхөө төгсгөлийг зөгнөөд байх шиг. Үгүй болов уу!? гэсэн ерөөлөөр цааш үргэлжлэе. Залуу байхад эрүүл мэндийг хайр гамгүй зарцуулж байж. Өвдөөд өндийж чадахгүй болоод ирэхээрээ л анзаардаг бололтой. Өвчингүй, зовуургүй өдрүүд 1р ангийн дурсамжаас хол санагдана. Ер нь үлдээгүй мэт мэдрэгдэнэ. Гэвч ганцхан минийх биш амьдрал урсаад л. Би л ганцаараа замын түгжрээд ороод зогсчихсон мэт. Гэрэл солигдож хажуугийн машин, арын машин явсан ч би л байрандаа. Гацаад, үлдээд, хоцроод ...

Сагс тоглоод бараг тохдог байсан мөртлөө одоо болохоор самбартаа ч хүрэхээргүй болоод ирэхээр хүн болгонд дарагдаад сэтгэлээр унамаар. Тэгвэл Леброн гуай тохойгоо цагирагт цохиж түүндээ гомдоно. Хөл бөмбөг тоглохдоо хүний хажуугаар гүйгээд л гардаг байлаа. Хуурах ч шаардлага байсангүй! Гүйхэд л болно. Одоо бол хамгаалалтад зогсоод залуу хүүхдүүдэд атаархаж харахаас цаашгүй болж. Биеэ гамнах, биеэ арчлах гэсэн ойлголтууд дутуу байснаас болж. Одоо ч харин арай өөр болсон бололтой. Хүмүүс эрүүл мэндээ ихээхэн анхаарах болсон юм шиг харагдана. Магадгүй мөнгө хүмүүсийн гараар арай илүү урсаад байж болох юм. Урсаад байгаа болохоороо хүмүүсийн өр ч ихсэж.

Өргүй бол баян
Өвчингүй бол жаргал гээд багад их л үглэдэг байж билээ. Сургаалыг нь хүлээж авахдаа 2 зүйлийн бурууг нь хүлээж аваад бурууг нь цалгардуулчхаж. Өвчингүй бол жаргал нь үнэн боловч. Эдийн засгийн үүднээс яаж ч бодсон зээл баян болоход хэрэгтэй зүйл байж. Банкны систем хөгжөөгүй үед гарсан болоод тэр үү!? Баян хүн бичсэн болоод тэр үү!? Энгийн над мэтэд ер нь жоохон тааламжгүй сургаал байж. Өргүй бол гэхдээ тайван унтах юм даа. Өртэй байсан ч уул нь сайхан байшинд, тансаг оронд тухтай л унтах байсан байхдаа?

Миний хувьд маргааш үргэж өнөөдрөөс илүү байж чадвал болоо доо гэсэн бодол өвөрлөж түүнийхээ төлөө хичээж явна даа. Иймээс одоохондоо ингээд ерөөлөөр төгсгөе дөө. Маргааш өнөөдрөөс илүү байх болтугай.


Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...