Skip to main content

Маргааш

Маргааш, маргааш гэсээр арваад өдөр өнгөрчээ. Хойшоо суугаад байна уу гэвэл толгой өвдөөд байх аж. Тэгэвч хүсэж байсан бол хүчлээд бичиж болох л байсан биз ээ. Сар тал болчхоод толгой дээр гэрэлтэнэ. Хэн ч байсан мэдэж болох зүйлийг бичээд юу хийнэ вэ? Хэн ч уншихгүй байж магадгүй зүйлийг тэмдэглэж үлдээгээд өөр нэг өдөр өөрөө эргэж харж магадгүй юм. Тэр үед сар өөр нэг хэлбэр дүрстэй байх нь гарцаагүй. Монголд толгой, тархи хөдөлсөн гээд хэд бариулаад л зүгээр болчхоод байдаг. Гадаадад аль нэгийг нь аваачиж байгаад спорт эмчилгээнд нь оруулаад нэг, хоёр бариад л зүгээр болгочихдог аргаа хэрэглэвэл ч уул нь нэлээд хөлжих болов уу. Бага байхад барьдаг гээд л хөгшин өвөө нар байдаг байсан санагдах юм. Одоо болохоор хайгаад олддоггүй. Хүүхэдгүй хүнээс нуугдаж амьдардаг юм болов уу. Дүнхүүргэн л хүн явна би.

Намар болоод цаг агаар сэрүүсэж байгаа болохоор уншиж буй та амар байна уу? Эрүүл мэнддээ анхаарна шүү. Ажил дээр ханиадтай хүмүүс нэмэгдээд байх юм. Тоонд нь орчихгүй юм сан. Би гэдэг хүн өвдөж чаддаггүй шүү дээ. Орноосоо босохгүй эвхрэлдэж хэвтэх шаардлага гарна. Тэндээсээ зовж босоод хоол хийх гэж үйлийн үр. Болдог бол лам багшаар ном уншуулж ханиад, томууны хөлөөс зайдуу амьдрах сан. Гадаа ч утаа уугиад эхэлжээ. Цонх онгойлгоно гэдэг манай гэрт хориотой зүйл болж байх шиг байна. Тэрнээс болоод толгой өвдөөд байна уу. Гэдэснээс ч болж байж болох юм даа. Хариугүй гэдэстэй амьтан байгаа юм би. Чонын ходоод олж үмхэх хэрэгтэй юм шиг. Долоосон ч аягүй бол болох байх шүү.

Маргааш гэж хойшлуулсан зүйлс их байна шүү. Маргааш одоо уншиж байгаа номуудаа дуусгамаар байна. Маргааш барианд ормоор байна. Маргааш ёогид явмаар байна. Маргааш кросст явмаар байна. Нөгөөдөр нь харин нягтлан болох бүртгэлийн сургалтад суумаар байх юм. Утсанд өдөр бүр сануулга ирнэ. Та дасгалаа хийгээгүй 390 хоносон байна. 391 хоносон байна ... Өдөр болгон хийж байсан бол эрүүл чийрэг л өтлөх байсан байх даа. Одоо тэгтэл байдгаар л байна уу даа. Дордоод ч байх шиг. Сая баахан витамин авч тавив. Олон витаминыг ч зохицуулж ууна гэдэг өөрөө бас менежментийн асуудал аж ээ. Маргааш гээд хойш нь арай тавьчхаагүй л байна. Үхэхээ хүртэл хойшлуулж сурах хэрэгтэйн болов уу. Өтөлсөн хойно минь над дээр ирээд гар сунгахад нь за маргааш болъё гээд суужийвал зүгээр юм шиг. Өвгөн би ч тэгэхгүй л байх даа. Яасан уддаг юм бэ гээд загнах юм шиг.

Цаг агаар сэрүүсэж байгаа болохоор тэр үү. Хотын зам бас л хэцүү байна шүү. Ямар азаар ажил ойрхон юм. Ойрхон гэж дээ. 40 минут алхах газар. Бодох болгонд л 20 минут алхах ёстой юм шиг. Хазганаж явсаар байтал хэтэрчихнэ. Тэгсэн атлаа өдөр бүр би гайхна. Яагаад билээ. Удаан алхаад байна уу би. Эсвэл миний тооцоолол буруудаад байна уу. За тэр яахав алхаж байхад нэг гоё зүйл олж харсан гэдгээ хэлсэн билүү? Засгийн газрын ордны арын цэцэрлэг нээлттэй болчхож. Дотор нь хашаа барьж байгаад нь гайхаад байсан чинь цэцэрлэгээ олон нийтэд нээлттэй болж байсан аж ээ. Овоо буянтай хүний шийдвэр. Уул нь бага байхад үргэлж л онгорхой байдаг байсан юм. Нэг дэр хүмүүс тойрч жагсаад л хаагдсан даа хөөрхий. Одоо тэгээд 20 жил дараа эргээд нээгдэж байх шиг. Улс орон бага багаар сайжирч буйн шинж юм болов уу. Дутуу юм байгаа. Буруу юм ч байгаа. Надаа ч бас байгаа. Би засраад л байвал дагаад сайжраад байгаа юм болов уу. Тийм болохоор намайг жоохон уучлаарай. Би жоохон хурдан сайжирвал улс хөгжих гээд байх шиг. Би тэгтэл за маргааш гээд л хэвтэж байдаг таарч дээ.

Гэртээ хоол хийж авч явах юм сан гэж их бодно оо би. Маргааш л юм даа. Өнөөдөр арай амжихгүй нь. Тэгэхгүй бол ч гадуур хоол иднэ гэдэг асуудалтай болж байх шиг байна шүү. Эрүүл мэнд, энгэрийн түрийвчинд аль альд нь халгаатай болж байна шүү. Хэтэвч нимгэрч би зузаараад л. Амьдралдаа байсан хамгийн хүнд жин дээрээ ирэв. 71 кг. Яагаад хөл өвдөөд байна аа гэж бодоод байсан аргагүй юм байна шүү дээ. Байдгаасаа 10кг аар нэмэгдэхээр дийлэхгүй байгаа юм байна л даа. Өгзөг таазаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна даа. Маргааш л болохоос.

Хотын гудамжаар би л ганцаараа дараад аймаар зузаан яваад байх шиг. Хүмүүс тэгтэл бараг л нимгэн цамцтайгаа яваад байх юм. Би тэгсэн юу вэ. Ноосон цамц, зузаан хүрэм этэр. Яах гэж байгаа юм. Хээр хонох гэж байгаа юм уу! гэлтэй. Маргааш л та нар нимгэн явсныхаа горыг амсах байх даа. Үгүй бол сайн л биз. Би ч дулаахнаараа явъя даа. Дулаан явбал мянган лан гэсэн өвөг дээдсийн үгэндээ бэлчье. Мянган лан нь одоо тэгээд хэдэн ч төгрөг юм. 10, 20 цаас бол ч хэрэг алга байна шүү.

Дээд аль арай л чанга зурагтаа үзэх юм. Би бараг наана нь санаа зовоод зурагтаа чихэвчээр үзэх гээд байхад тэднийх одоо яаж байгаа юм. Хөөрхий үзэх юм гүй айл байгаа юм гээд надтай сувгаа хуваалцаж байгаа юм уу. Эсвэл ганцаараа уйдаа байлгүй гээд үзэж байгаа юм аа сонирхуулж байгаа юм уу. Хамгийн дээд давхрыг л сонгох байж. Тэнгэр надад ээлтэйн болохоор дуугай л тэндээ суужийх байсан юм. Эд нар тэгтэл тэнгэрт хүртэл сонсгох гэж зурагтаа үзнэ. Очоод үүдийг нь балбахаар сонсохгүй. Миний балбалт зурагтаас нь сул байгаа юм даа. Арай, арай. Суниаж эхлэх хэрэгтэй юм шиг. Тэгж байгаад хаалгыг нь эвдэртэл нүднээ.

Байж, байж чамд л би гомдоллох юм даа, блог минь. Хүн байсан бол сэтгэлээр унаад надаас зугтах байсан биз. Мөнгөө сайн хадгалах арга ухаанд суралцах хэрэгтэй байгаа юм даа би. Хадгалаад, хадгалаад баяжих юм болов уу. Дуслыг хураавал далай гэж. Тэгтэл дэлхий дээрээс нь дулаараад мөнгө минь ууршчихаад байх шиг. Яг үнэндээ бол хураагаад, хураагаад баячуудын хэмжээнд очиж чадахгүй л дээ. Тэд нар бид нарыг хураа гээд л байдаг. Бид нар наана нь бид нар хурааж чадахгүй байна гээд л өөрсдийгөө буруутгаа байдаг. Үнэндээ бол мөнгөө хадгаламжид хурааж баяжсан хүний түүх би лав уншаагүй юм байна. Магадгүй байгаа нь түүнийгээ ярьдаггүй юм болов уу? Ярьсан ч тоодоггүй байж мэднэ.

Яана даа би. Ухаан суух болоогүй юу. Маргааш л болъё доо.

Comments

  1. Гэртээ хоолоо хийж авч явбал сайн л байхдаа хурдан хэрэгжүүлээд зуршил болгоорой. Ажил руугаа 40мин алхаж байгаагаа удаан байна гэж бодох хэрэггүй ээ би байсан бол бараг 1цаг 20,30 алхах байсандаа ^^. Би өмнө нь мөнгөө хамаагүй үрээд байлгүй хадгалах хэрэгтэй гээд хичээдэг байлаа. Эмнэлэгт үзүүлж, өвөө эмээ нартай өрхийн эмнэлэгтээ очирлож, эмд эм авдаг болохдоо л өвчин хүнийг хөгшин залуу гэж ялгахгүй бас хэзээ үхэхээ мэдэхгүйгээ, үхсэн ч эрлэгийн элчид юм уу бурханд хойд насанд минь бага зовоогооч гээд авлига өгч чадахгүй, эсвэл там диваажинд очоод үрж чадахгүйгээс хойш амьдарч байгаа цаг хугацаандаа л хэрэгтэй юмандаа үрсэн нь дээр гэдэг бодолтой болсон. Тэгээд жоохон үрэлгэн болоод ч байгаа юм шиг.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...