Skip to main content

2023.11.05

Цас оров. Бороо оров. Тэгсэн онгод оров. Ороо бусгаа зантай албин оргож зугтаад сар болж. Гомдоо юм байх даа гэж бодож амжаагүй байтал хорвоо дэлхий намайг цасаар бүрхээд авлаа. Цонхоор харсан ч цагаан, алхаад явсан ч цагаан. Хол дээр нэг, нэгээрээ чийхраад цэцэг, навчтай өрсөлдөх аж.

Бага байхад нэг дүгээр хорооллын арын дэнж нэлийсэн цас болдог байсан сан. Одоо ч хашаа хороогоор дүүрсэн биз. Тэгээд л би дүү нартай нийлээд цасаар хашаа босгоно. Эргээд наашаа чаргаар гулгана. Даанч маардаггүй байсан юм уу хаашаа юм. Жаргалтай л байсан байх даа. Одоо ч дурсамж л болоод үлдэж дээ.

Цас орохдоо утаа тортог өвөртлөөд унтчихсан болохоор утаа байсангүй. Хүйтэн агаар хамар үнсээд цасан ширхгүүд өөрсдөө ирж наалдаад болсонгүй. Хот хүртэл цас ширтээд дуугаа хураан зогсох шиг. Маргааш харин хүйтэн байх, байх даа. Халтирч унахгүй гэж хөл гартаа анхаарлаа хандуулж алхсаар ухаан минь доройтох биз. Хэзээ цэцэг ногоо ургана даа. Өвөл ч бас хэцүү шүү хэмээн бодлоо. Ирж байхад нь хөөрхийг арай л гомдоочхоогүй байгаа. Тунирхсан сэтгэлдээ өдөр шөнөгүй шуурах вий.

Жилийн өмнө аймаар хол юм шиг мөртөө болоод өнгөрчхөж. Яаж явж байгаад арван хоёр сар өнгөрчихдөг юм бэ. Олон ч юм өөрчлөгдөж. Удаан ажилласан ажлаа сольж. Нэг л хэвийн өдрийн үргэлжлээд байсан бол эргээд өөр, өөр өдрүүд ирж байх шиг. Шинэ ажил уул нь жигдэрсэн байх ёстой байтал тэгж өгдөггүй. Сэтгэл тогтохгүй байгаа юм болов уу. Хуучин газраа арай л удсан юм болов уу. Дадал зуршил болсон зүйлсээ өөрчлөх гээд тэгж эс чадаад байна уу.

Би өглөгч хүн юм болов уу. Үрэлгэн хүн юм болов уу гэсэн бодол төрөв. Хоёуланг нь хамаад л хусаад байх шиг. Өртэй хүн биш бол болоо гэж хүн хэлэх байх даа. Аяа, тэрийг санхүү этэр мэддэг хүн л шийдэх байх даа. Зөв зээл авч сурах шаардлагатай байх. Өөртөө наалгүй, өрөөлд өгөлгүй, угжиж бойжуулах юмандаа л оруулмаар байх юм. Тэр нь юу ч байгаа юм. Байлаа гэхэд надад гарах зээл хүрэх үү!? гэдэг байгаа юм.

Мэдэхгүй зүйл их байна. Сурах зүйл их байна. Амармаар байна. Унтмаар байна. Ажиллах хэрэгтэй байна. Нэг, хоёр, гурав … арван тав хүртэл тоолоод л эхэлье дээ. Даарахгүй, бээрэхгүй, дулаахан яваарай. Халтирч унахаас сэрэмжилбэл ээлтэй.

Comments

  1. Удаан хүлээсэн болохоор шинэ блог унших гоё байлаа. Шинэ блог нэмэгдээгүй л байгаа байхдаа гээд ортол өчигдөр орчихсон байна. Өчигдөр унтахаасаа өмнө орж шалгахад нэмэгдээгүй байсан даа гэж бодоод л уншиж эхэллээ. Өдөр болгон блог руу нь ордог болохоор өчигдөр биш өнөөдөр уншиж байгаадаа жоохон сэтгэл дундуур ч байгаа юм шиг. 😅

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...