Ширээ, ажил хоёроос холдож хөдөө, гадаа явсаар ирэв. Балчир зуны дурсамж бүдэг бадаг болжээ. Ган их байсан уу, газар сунасан уу? Гол, горхи ширгэх нь ширгэж, агших нь агшжээ. Уулс сүрлийн байдаг сан; сая нэг л гундуу харагдлаа. Удаан уулзаагүй болохоор гомдсон ч байж мэдэх юм. Хол ойрын хамаатан бүгдтэй нь уулзсан ч би танихгүй, тэд ч мэдсэнгүй. Зүсийг нь ямар үзсэн бишдээ! Зулайг нь ямар үнэрлэсэн биш. Хэзээдээ таньж, хэдийдээ мэдэх билээ.
Хээрийн салхи харин хээнцэр байлаа. Нарнаас бултаж шөнөөр намайг бүүвэйлээд сэтгэл дэвтээв. Уушги дүүргэж уужим болгов. Үүл харин үлдээд, хотоор л эргэлдсэн бололтой. Надтай огт таарсангүй, нарыг тэр түр ч атугай саатуулсангүй. Би гэдэг хүн борц болов. Багын явдал санаанд байх ч сая ерөөсөө тохирсонгүй. Өдөр дуустал энхэл донхол тойрч тоос манаргадаг сан. Би тэгтэл засмал замаар исгэрсээр л очлоо. Хөдөө яаж хотоос дутах билээ хэмээн барьцаж хоёр, гурван нүх зам дээрээ үлдээжээ. Ингээд уран үг дууслаа. Шулуун бодол эхэлж байна.
Сумын төв дээр уран сайхны тоглолт үзэв. Авьяастай хүүхдүүд дуулж, хуурдаж, хөөмийлөв. Хотод байсан бол эдгээр хүүхдүүдэд ямар боломж илүү олдох байсан болоо гэж бодлоо. Тог нь байс хийгээд л тасрах юм. Хуучныг бодвол сайхан болсон л гэж байна. Намайг очдог байхад тог 10т тасардаг байсан бол энэ удаад 12 хүрэхэд лав тасарсангүй. Цаанаасаа юу!? тоглолтоос болсон уу!? мэдсэнгүй. Дэлхий компьютер, интернэтээр эд алалцаж хөлтэй болгон шуурч байх үед Монгол арав гаран жилээр хоцрон орсон. Тухайн үед интернэт орвол утас ажиллахгүй, утсаар яривал интернэт ордоггүй байсан. Одоо болохоор утас нь өөрөө интернэттэй болжээ. Миний үг ингээд л олдож, Монголын үхэр зөнгөөрөө олдсоор л.
Сум сургуультай. Сургууль нь хүүхэдтэй эсэхийг мэдсэнгүй. Ямар ч байсан хүн бүр ухаалаг утас ашиглаж байх шиг. Тийм болохоор хүүхдүүд бага ч гэсэн мэдээлэлд ойрхон байгаа биз ээ хэмээ өөрийгөө хуурав. Мэддэг хүн нь уншвал уурлах биз ээ. Нэг өдрийн цонхоор нүүрээ нааж хараад нэлэнхийд нь бүгдийг шүүчихлээ гээд. Гэхдээ одоо яах билээ? Хотын хүүхдүүд гадаад сурч болдог, боломжтой гэдгийг мэддэг, хүсдэг мөрөөддөг байхад. Хөөрхий тэр жаалууд хотод сурч болох, чадах эсэхээ ч мэдэхгүй байгаа юм шиг санагдлаа. Хотын хэд нь эргээд хот дүүрлээ, багтахаа байлаа. Амьдрал хэцүүдлээ, арай хэтэрлээ гээд нүүлт суултаа хязгаарлах тухай бодож байгаа юм шиг мэдрэгдэнэ. Тэгмээргүй л байгаа юм болдог бол бүгдийг нь авчраад, бүгдийг нь суурилуулаад боломж болгоныг хүүхдүүдэд олгох ёстой юм шиг.
Эдийн засаг, дэд бүтэц нь хэрхэхийг шийд гээд дарга, цэрэг сонгоод сэлгээд байгаа биш билүү. Хөдөө дуртай хүмүүс байна аа. Гэхдээ тэд нар дайраад л гарах дуртай байх. Амраад л өнгөрөх нь жаргал биз ээ.
Элдэв юм бодож, ээрч муурсан даа биш. Жолоо барихдаа тааруудаа байж магадгүй буцахын төдийд машинаа эвдэлдчихэв. Өмнө нь бас хөдөө явахдаа машин аа эвдээд л авсан. Засах аргагүй болгоод хот хүртэл Сайншандаас ачуулж байлаа. Аз байхаас гадна ах нарын буянаар аргалж сайхан засаад хамаг хурдаараа буцав. Эвдэрсэн ч хотод ойрхон зогсог гэж бодов. Эргээд бодвол тэнэг санаа л даа. Бүүр эврээд осолд орсон бол яана!
Гайгүй санагддаг байсан хот сааралтаад унхиа муутай юм аа. Хамар хүртэл битүүрэх аястай. Ажил ширээ хоёр байдгаараа.
Ажлыг хийгээд л байдаг, хийгээд л байдаг дундрахгүй юм. Мөнгийг олоод л байдаг, олоод л байдаг цуглахгүй юм. Хурууны завсраар зоос урсаад, гарын алгад алба хуралдаад байдаг бололтой. Гартай буянтай хүн байдаг хэмээн ярьдаг санагдана. Миний гар яасан юм болдоо. Гарын хуруу навтгар, тэнгэр нь бор, энд тэндээ үстэй, гоо сайхан гэж алга.
Хүүхэд байхад ажил ч хичээнгүй байхад амьдрал өөрөө цэгцрээд, жам өөрөө тэгшрээд сайхан амьдарна гэж уншсан билүү, сонссон билүү? Одоо бол зах зээл арай өөр бололтой. Хүн ажиллаад өртэй, зүтгээд зовлонтой амьдрах юм. Би ч гэхдээ зовоод байгаа юм байхгүй л дээ. Жигнээд үзвэл жаргал унжих нь гарцаагүй буй заа.
Дэлхийн энд тэнд дайн болоод, энэ улс минь жоохон бүтэхгүй санагдаад жоохон түгшүүртэй л байх юм. Уншдаггүй, мэддэггүй байхад урагшаа алхаад л, дээшээ ширтээд л явдаг байсан байлгүй. Одоо болохоор яахаа мэдэхгүй, яавал дээрээ ойлгохгүй доороо эргээд л байгаа мэт санагдана. Жамаараа яваа ертөнц намайг чирээд л эргэнэ.
Хааяа нэг сэтгэлээ бичиж, бодлоо цэгцэлнэ. Зүгээр ч бичихгүй угалзлуулаад, идүүртэй болгохыг хичээнэ. Чадаж байгаа эсэхээ мэдэхгүй ч би өөрөө байгаа хэргэлдэг үгсээ бодно. “Өнөөдрөөс өдөр бүр илүү. “ Өнөөдөр би чадахгүй, одоо би мэдэхгүй байж болно. Маргааш би өчүүхэн ч гэсэн урагшилж чадвал өөртөө арай итгэлтэй алхана. Хааяа гутрах үе надад гарна аа. Гэхдээ эргээд сэргэх гэж бас хичээнэ ээ. Зарим даа чадахгүй, хааяа даа бол болоод байна. Ингэсгээд л амьдралыг ээрч сууна даа.
Ээдрээтэй зүйлс олон байна даа. Тэгэвч энэ удаа өөдрөг зүйлээр төгсье. Багын хөгжилтэй явдал аа дурсъя.
Долоо эсвэл найм дугаар анги байсан байх. Зуны амралтаар өвөөг дагаж хөдөө явлаа. Хамаатны нэг буурлынд байрлав. Хотын би яахав боломж олдсон дээрээ гээд өдөр шөнөгүй морь унана. Эмээл ц тохохгүй, тохом ч тавихгүй зайдан л хусаад байлаа. Алхаад явах газар ч нөгөө малаа л зовооно. Хөөрхий тэгэхэд зовсон болов уу? хөнгөн намайг суулгаад жаргасан болов уу? Тэгээд яахав сураагүй юм болохоор хонго маань зулгарчхав. Улайж хорсоод юун морь унах, алхаж гишгэх төвөгтэй санагдана. Тэр үед нар буцаж, намар ирээд би ч буцлаа. Сургууль номдоо ортол нөгөөх золигийн шарханд нь тав тогтоод зүгээр суухад хэцүү болов. Аалз гүйгээд, шоргоолж үүрлэчихсэн юм шиг санагдана. Яаж тэсэж гарснаа санахгүй байна. Ямар ч байсан их л зовсон доо би.
Инээдтэй юм гэтэл зовлон тойчсон юм шиг. Хөгжилтэй дурсамж болохоор би өөрөө баясна. Элдэвтэй сайхнаар илтгээгүй болохоор инээж, ханиах хүн ч бараг байгаагүй биз ээ. Ингээд л би сөргөөр бодоод, буруугаар сэтгээд, бодолдоо гутраад байдаг юм. За тэр яахав өнөөдрөө эсвэл маргаашаа, за тэгээд өдөр бүрээ сайхан өнгөрүүлээрэй.
Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...
Comments
Post a Comment