Skip to main content

Тагтаа

Хонх дүнгэнэн, хувраг бувтнах гандангийн хэрэмд буян горьдсон тагтаа талаар нэг хөглөрөх ажээ. Сувраг тойрох хүний гар тосон бөхөлзөх тэдгээр тагтаа дундаас гурван тагтаа их л содон үзэгдэнэ. Хар тагтаа харж байсан уу? гэвэл тийм хэмээн хариулах хүн лав үгүй биз ээ. Хэрээ лугаа гал тоссоор нүүрс болсон юм болов уу?

Бурхан багшаас элбэрэл гуйн, гуниг зовлонгоо тайлах мөргөлчид ер бусын тагтаанд зориулах анхаарлаар дутмаг. Эрих эргүүлэн мөнгө тоолох ламхай нарт ч толгой өндийлгөх завгүй. Үүл тэнгэр барьцалдан өвөл ирж буйг илтгэх намрын сүүл сарын арван таванд гурван хар тагтаа атга будаа олов. Хачирхалт гурван тагтаа ном дуулсаар чих нь онгойсон тул өөр өөрсдөдөө нэр бодож олжээ. Намхай, Булхан, Хүрхэн. Намхай олзоо үзэх төдийд маань тавив. Ум аа хум, хамаг тагтааны тусын тулд бид бүхэн энэ будааг хувь тэнцүү хуваах нь зүй юм. Хүрхэн гоолиг хүзүүгээ гулжгануулан хошуу юугаа хурцлан будаа өөд дайрав. Хүд хүд дуугаран хамаг байдгаараа зүтгэв. Булхан сүр сар хийлгэн өмнө нь буулаа. Аяа! Хүрхэн минь чи идэх уухаас өөр юу эс мэднэ вэ? Номын дуу сонсож сэтгэл чинь саруулшаагүй буй? Өвөл цаг ирж байхад энэ сайхан олзыг юунд идэх гэж яарна билээ.
Гурван анд атга будаагаа хэрхэх талаар хошуу, хүзүүгээ холбон бяцхан тархиа уралдуулна. Нэг нь санал гаргахад нөгөө хоёр нь эсэргүүцсээр харуй бүрий болгов.  

Яг энэ цаг мөчид тэргүүн хамба гэгээрлийн зурваст орох зол тохиов. Хорвоогийн үнэнд нэвтэрсэн хамба билгийн мэлмийгээрээ өнөөх гурван тагтааг олж үзлээ. Хамба ламтны сүнс биеэс ангижран гандан дээгүүр тэнүүчлэв. Хот юмс тоглоом мэт, холхилдох хүмүүс шоргоолж лугаа үзэгдэх аж. Хамба ертөнцийн элдэв шалдавт сэтгэл үл алдран Намхай, Булхан, Хүрхэн гурвын дэргэд ирэв ээ.

Намхай бусдаас түрүүлж хамбыг мэдрэв. Далавч юугаа дэлгэн, хүзүүгээ сунгасаар хамбад мөргөв. Аяа, гэгээрсэн нэгэн минь бид гурвын маргааныг тасалж энэхүү атга будааг хэрхэхийг зааж өгөөч. Булхан, Хүрхэн хоёр хэдий сэтгэл дундуур байвч хүний оюун ухаанд итгэх тул дуугай толгой дохино. Хамба асууруун: Өвөл идэш хомс уу?

Үгүй. Тийм бол гэнэт олдсон олзыг бурхан багшид өргөн. Хамаг амьтны тусын тулд буян хураавал ямар вэ? Булхан их л эгдүүцэн гэгээрсэн ч бурхны замаас холдоогүй байх шив дээ!? гэсээр нисэн одов. Намхай хамба ламтанд далавч юугаа дэлгэн мөргөнө. Хүрхэн шүлсээ гүд хийтэл залгин далавчаа хавсран хүслээ шивнэх аж. Гурван тагтаанд ямар нэг ялгаа мэдэгдсэнгүй. Хамбын ярих буян сэтгэлд нь ургасангүй, нуруу нь ч хүндэрсэнгүй. Урдын бүхэн хэвээрээ байх бөлгөө. Дэлхийн гурав дугаар дайн гарахад хүн төрөлхтний буян атга будаагаар дутаж байсан гэдгийг мэдэх аваас тэр гурав байгуулсан гавьяандаа их л эрэмших буй за.

Энэ мөчөөс нүгэл буяны гандан гурван бүлэг тагтаатай болов. Тэдгээр нь Намхай нараар ахлуулсан Ум-Хум, Булханы дагагчдаас бүрдэх За-Зэ болоод үлдсэндээ яахаа үл мэдэх Үл-Дут нэртэй Хүлхэний бүлгүүд билээ.

Ум-Хум нар өдөржин лам хувраг даган элдэв үг сурна. Гандангаас гарч дагагчид нь мөнгө тоолж сурна. Намхай үе үе гэгээрсэн хамбаас ном дуулах агаад ирэх замдаа ихэнхийг нь мартах тул бурхны номыг дутуу хазгай цээжилжээ. Дагагч тагтаа нар нь бүр ч хэл хазгай тул энэ бүхэн агаарт уусах мэт. Ном үзэгч тэгэвч бууж өгөх нь үгүй. Арга ядсан ч сувраг тойрон будаа түүнээ.

За-Зэ бүлгийнхэн Ум-Хум нарыг шоглоно. Хүнээс өөр атлаа хүний үгээр будаа тээлээ. Будаанд үнэн орших атал юунд будаагаа тээнэ билээ. Булхан ийнхүү өгүүлсээр олон дагагчтай болсон ажээ. Будааг шүтэгч За-Зэ нар амьтан бүхэнд будаагаа шахна. Будаанд учир буй. Будаа гэгээрэлд хүргэнэ хэмээн хулгана, муур, нохой хөөн будаагаар шахна. Хулгана сэтгэлд нь таарсан зүйлд сэтгэл алдран үе үе За-Зэ нартай нэгдэн Булханыг даган бүжнэ. Муур бага ч гэсэн сэргэлэн байсан бол муур багшаас суралцан хоолны замыг дагах байсан юм.

Хүлхэн үнэндээ Намхай, Булхан хоёрыг ойлгохоо болив. Урдын сэтгэлд амар амьдралаа үгүйлнэ. Өдөржин наранд биеэ ээн будаа идэх мөрөөсөлдөө автана. Тэгэвч Ум-Хум, За-зэ нартай нэгдээгүй тагтаа нар өөрийг нь Намхай, Булхан хоёртой адил хар болохоор нь удирдагчаараа сонгон шинэ бүлгэм байгуулжээ. Үл-Дут бүлгийнхэн амьдрал нь хэвээрээ ч хуучны сайхан цагаа мөрөөссөөр байдгаараа тонголзон будаа түүсээр цагийг барна. Ам амандаа бувтнах домог ёсоор бол нэгэн цагт Цасан цагаан тагтаа хөвөн цагаан үүлнээс төрөн энэ насны төрлийг олоод зовж зүдэрсэн түмнийг амраан, бутарч сарнисан төрлийг нэгтгэх ажээ.
Сар хоног урсан, урсан үерлэнэ. Нэг л мэдэхэд цагаан сар дуусан хавар эхэлж байлаа. Гандан бурхны номд уяран шинийн арван таван хүртэл амтай бүхэн тарни уншин хүн зоны төлөө зүтгэнэ. Унтах нойроо умартан, идэх хоолоо хумсална. Ум-Хум нар ч үүнээс эс хоцорно. За-Зэ нар итгэхгүй боловч уламжлал хэмээн дагнах бол Үл-Дут нар үл дутна. Хорвоо дэлхийн буян тогтоосон шалгуурт тэнцэв. Өмнө нь дутаж байсан буян тагтаа нарын ачаар улаан шугамын дээр гарчээ. Шагнал болгон домог биелэв. Хөвөн цагаан үүлнээс цасан цагаан тагтаа мэндэллээ. Энэ насыг олон Гандан хийдэд буув. Гурван бүлэг булаацалдан хэн нь өсгөхөө мэтгэнэ. Балчир тагтаа нялх ч тэнгэрээс заяасан нэгэн ажгуу. Өмнө насандаа их талыг нэгтгэсэн нэгэн бөлгөө. Тагтаа цугаар хэлэлцсээр хүн бүхний зүтгэх цол нэрийг хайрлав. Уих хэмээн нэрийдэв. Нэрээ сонссон цагаан тагтаа идэж уухад шунав. Ганданд цугларах үр бүрийг идэв. Долоо хонолгүй домог биелэн эв найрамдал тогтов. Амар жимэр төвхнөв. Ганц цагаан тагтаа хонх дүнгэнэн хувраг бувтнах Гандангийн хэрэмд үлджээ.



Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...