Skip to main content

Гуйранч

Намайг хүүхэд байхад хотын гудамжаар траншейны гэх хүүхдүүд их байдаг байлаа. Нэг хүүхэд гэрээсээ зугтаад юм уу? Уруу татагдаад траншейны хүүхэд болж байгаа тухай олон ангит кино ч гардаг байсан. Аав, ээжүүд хүүхдээ тийм болчихно гээд л их айдаг байсан байх. За тэгээд нөгөө хүүхдүүд амьдрах гээд л тэр байх. Эсвэл өөр юм мэдэхгүй болохоороо ч тэр байх дээрэм хийнэ, хулгай хийнэ. Яаж буруутгах билээ. Зүгээр байгаа, гэр оронтой хүмүүс нь хүртэл хулгай, дээрэм хийж байхад.

Нэг мэдсэн тийм хүүхдүүд анзаарагдахгүй болчхож. Эсвэл би өөрөө тэр бүхэнд дасаад өнгөц хараад өнгөрдөг болчхож. Томчуудад харагддаггүй болохоор л тэр хүүхдүүд өрөвдөлтэйгөөр амьдраад байсан юм биш биз. Аль эсвэл надын хамт бүгд өтөлжээ. Өвгөнтийхөн нэрээ сольсон бололтой бас. Өдөр бүр л зурагтаар гараад байдаг байсан санагдах юм. Бүгд хордоод үхсэн ч байж мэднэ. Одоо тэгтэл эргээд тэд нар ирээд байх шиг. Өвгөнт нь дууссан болохоор өөр юманд орсон бололтой.

Гуйлга гуйж буй хүнтэй таарав. Мөнгө өгөх тухай бодох үед шинэ, хуучин хоёр 500т байгаа санаанд орлоо. Өөрийн мэдэлгүй хуучныг нь сонгоод өгч байх юм би. Гайхан бодов. Ядарсан болохоор нь дорд үзээд хуучныг нь өгөв үү? Зүгээр л тэгж таараад өгчхөв үү? Өөр хүн гуйсан бол яах байсан юм бол. Санаа зовсондоо эргэн харвал хэн ч үгүй сууж байна. Би л илүү юм бодсон юм шиг. Эсвэл тэд нарт байдаг л зүйл болохоор тэр бүхэнд дарагдаад эс тооно уу. Амьдрал нь хэцүү болохоор над шиг шинэ, хуучин мөнгө гэж санаа зовох зай байдаггүй байх л даа.

Өлгийтэй хүүхэд тэвэрсэн эр, эм хоёр хотын төвөөр алхаж гуйлга гуйна. Эхлээд ах хөдөөнөөс ирсэн юм аа, буцах мөнгө байхгүй туслаач гэдэг байсан бол сүүл сүүлдээ тэгэхээ болиод зүгээр л мөнгө гуйна. Өдөр болгон надтай тааралдах атлаа таньж байгаа шинж алга. Хэдэн зуун хүнээс гуйж байгаа болохоор тэрэнд би сонин биш байгаа байхдаа. Байдаг л нэг хүн. Өглөө ажилдаа, орой ажилдаа. Боломжтой атлаа би өдөрт нэг л өгнө. Заримдаа уурч хүрэх шиг. Яагаад би өгөх ёстой гэж!? Хөөрхий өлсөж байгаа байхдаа. Хэн л ийм амьдрал сонгох гэж. Би өдрийн хоолон дээрээ цай авч уухгүй байхад л болно дөө. Би ямар цай угаасаа уух биш. Цай уусан гээд л бодчихъё.

Жингээ үзүүлээрэй гэж нэг эмгэн гуйна. Би санаа зовоод зөрөөд л өнгөрнө. Харах бүрд жин байхгүй зүгээр мөнгө гуйж байсан бол өгөх байсан даа гэж бодно. Тэр эмээ зүгээр хүнээс мөнгө гуйж чадахгүй болохоор бага ч гэсэн хөдөлмөрлөөд мөнгө олохыг хичээнэ. Тэгтэл би тэрнээс болоод мөнгө эс өгнө. Гуйлга гуйгаагүй байхад нь дорд үзсэн юм шиг санагдана. Арай ч дээ миний сэтгэл. Хүнийг ялгаж гадуурхсаар л.

Намайг бага байхад байрны гадаа хутга ирэлдэг өвөө суудаг байлаа. Аав хутгаа аваачаад ирлүүлчхээрэй гээд явна. Би өөрөө чадах байж хөгшин хүнийг зарж байгаа юм шиг санагдаад өөрөө баахан зүлгэнэ. Нэг өдөр аав үүнийг мэдчихэв. Хөөрхий өвөө амьдрах гээд л ганц арга нь энэ байлгүй. Гуйлга гуйж явахаас чадах юм аа хийе гэж байхад нь чи туслахгүй яаж байгаа юм хэмээн намайг загналаа. Тэгсэн ч би тэр өвөөд түвэг удаж байгаа юм шиг санагдаад хутга аваачиж өгөхгүй байсаар байгаад нүүсэн дээ. Магадгүй манай хутганы мөнгө нэг талх авахад хүрэх л байсан байх даа хөөрхий. Тэгж мэдэж байгаа боловч одоо ч гэсэн би хажууд гараад ирвэл хутга өгч ирлүүлж эс чадна. Нэрэлхүү зан уу? Арай л хэтэрхий их юм бодоод байна уу, би!? Тийм л байх даа. Хөөрхий хэн гуйлга гуйж амьдрахыг хүсэх билээ.

Би баян болохоороо мөнгө өгөөд байна уу? гэвэл үгүй. Гэхдээ мэдээж боломжгүй мөртөө өгөөд байгаа ч юм байхгүй. Хүн юм болохоор өөрийгөө бодно. Илүү юм биш энгийн юм идчихээд зөрүүг нь өгч болох ч тийм сайхан сэтгэл байхгүй. Чадахаараа, болохоороо ховдоглочхоод үлдсэн бутархай халаасанд минь тээг болоод байгаа болохоор л өгөөд байгаа юм шиг. Арай ч бас тийм муухай хүн биш байлгүй хэмээн залбиръя. Магадгүй бурхан надаас асуувал чадахаараа л өгсөн шүү дээ гээд би худлаа уйлах байх даа. Үнэхээр чадахаараа юм уу!? гээд бурхан над уруу ширтэхэд чөтгөр цаана нь жуумалзах биз ээ.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....