Skip to main content

Амьтны хүрээлэн

Араатны хаан арслан титмээ унагаав.

Араатны хаан арслан өөд болжээ. Хүрээлэн харгалзагчид цогцсыг авч яваад гурав хонож. Амьтад гурван өдөр, гурван шөнө гашуудал илэрхийлэн баярлаж цэнгэсэнгүй. Дөрөв дэх өдөр нь өвгөн чоно бүх амьтдыг цуглуулан өгүүлсэн нь:

Урьдын хаан арслан бүгдэд ээлтэй шударга хаан байв. Цагийн эрхээр тэнгэрт оджээ. Бид араас нь гашуудан, эмгэнэх нь туйлаас их боловч амьд үлдсэний жам ёсоор үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй билээ. Иймийн тулд дараагийн хааныг сонгох нь нэн тэргүүний асуудал боллоо.

Амьтад өөр хоорондоо шивэр, авир хийнэ. Үнэг олны дундаас үзэсгэлэнт сүүлээ шарвасаар гарч ирэв. Хэдийгээр арслан хаан диваажинд одсон боловч бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндэт байр суурийг эзлэх билээ. Тиймээс хуучин хааныхаа үзэл суртлыг дээдлэн олон нийтээр дагаж мөрдөцгөөвөл шинэ хаан байх шаардлага үгүй хэмээн бодно. Үнэг ийн өгүүлээд хулгайн нүдээ бэлэвсэн эрслэн өөд гүйлгэв. Эрслэн бяцхан зулзагаа энхрийлэн долоогоод их л сэтгэл хангалуун үзэгдэнэ. Цугласан олон ч толгой дохин, зөвшөөрч буй нь илт авай. Үнэг улам зориг орон. Араатны хаан арслан мандтугай, араатны хаан арслан мандтугай хэмээн уухайлав. Амьтад цугаар даган уухайллаа. Эцэст нь чонон сүрэг бүгдээр архирсны эцэст амьтдын сэтгэл хөөрөл сая нэг намжив. Өвгөн чоно нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн "Аяа! үнэг андын хэлэх түмэн зөв боловч өвгөн миний бие арслан хаандаа хөшөө босгон мөнхөд тахин шүтэх гэсэн билээ. Үүнийг нь шинэ удирдагчаараа зохин байгуулаад хойчийн асуудлыг ч түүнд хариуцуулж агуу хаан арслангаа сэтгэл амар мөнхжүүлэхийг эрмэлзэнэ. Нэгэнт олон түмэн өөр бодолтой байгаа бол өвгөн би юу ч хэлэх билээ дээ!?" Олон түмэн миний саналыг дэмжиж байвал саналаа өгнө үү! эс бөгөөс саналаа бүү өгнө үү! гэвэл цугласан амьтад цөмөөр ихэд сүрийг үзүүлэв. Тэндээс өвгөн чоно мишээн. За тэгвэл шинэ удирдагчаа сонгох асуудалдаа орцгооё. Би та бүхэндээ өөрийн хүүгээ танилцуулъя. Та бүхэн түүнийг сайн мэднэ. Тэрээр өмнөх хааны шадар сайд байсан билээ. Тийм учир арслан хааны хүсэл зорилгыг хамгаас сайн ойлгохоос гадна, хүрээлэнд төрж өссөн тул амьтад бид бүхний зовлон, жаргалыг хамгаас сайн ойлгох билээ гэвэл амьтад бүгдээр дэмжин хөөрөлдөв.

Олны сэтгэл намжсаны дараа үнэг залирхгаар инээмсэглэн. Хаан хөвүүн арсланг дараагийн хаанаар өргөмжлөхийг санал болгов. Амьтан мөн л ихэд баясан шаагилдав. Шувуудын хаан хэмээн нэрлэгдэх бүргэд ч өөрийн нэрийг дэвшүүллээ. Амьтад мөн л ихээр хөөрөн дэвхцэв. Энэ бүгдийг ажиглаж байсан бах мэлхий цугларсан амьтад санал болгоныг хөөрөн дэмжихийг үзээд олон дундуур цовхрон индэр дээр гарч ирлээ. Вуаг, вуаг, вуаг хэмээн гурвантаа вуаглаад өгүүлэв. "Хүрээлэнгийн эхэнд усны амьтад оршин байсангүй. Он цагийн эрхээр хүлээнэ маань өргөжин томрохын хэрээр усны амьтад ч нэмэгдэв. Тэнгэрийн амьтад ч олшров. Газрын амьтад ч элбэгшив. Хүрээлэнгийн түүхэнд жигүүртний төрөл, араатны төрлөөс хаан гарч ирж байв. Тэгэвч энэ бүх үед усны амьтад үргэлжид хоцорч иржээ. Усны амьтдын үзэл бодол үргэлжид олон түмэнд хаалттай байв. Гэвч одоо нэгэнт энэ бүхнийг өөрчлөх цаг иржээ. Үгүй аваас дэлхий дахины бусад хүрээлэн манай хүрээлэнг элэглэн шоолох биз ээ. Иймээс хүрээлэнгийнхээ нэр төрийг хамгаалахын тулд Бах мэлхий би бээр өөрийн биеийг дараагийн удирдагчид дэвшүүлж байна. Хоёр нутагтан миний бие удирдагч болох аваас бүхий л амьтадтай эрх тэгш харилцан, ойлголцож хүрээлэнгийнхээ нэрийг дэлхий дахинд цуурайтуулах болно." Хүрээлэн тэр аяараа уухайллаа. Чононууд яаж ч архираад, үнэг яаж ч орилоод, бүргэд хэчнээн хичээгээд зогсоож чадсангүй. Бах мэлхий нэгэнт олны сэтгэлийг эзэмджээ. Энэ бүхнийг ойлгосон үнэг гэрэлт сүүлээ шарвалзуулан Бах мэлхийн өмнө мэхийн ёслоод, цугласан олон өөд ахин мэхийн ёслоод "Одоо нэгэнт цаг орой болсон тул бүгд гэр гэртээ харьж хэнд саналаа өгөхөө бодоцгооё. Маргааш ургахын улаан нарнаар нэр дэвшигчид энэхүү индэр дээр зогсож. Дэмжиж буй амьтад нэг нэгээрээ саналаа өгцгөөе." хэмээхэд бүгд хүлээн зөвшөөрөн тарав.

Маргааш өглөө индэр дээр Бүргэд, Чоно, Арслангийн зулзага гурав зогсоно. Нар зулай дээр ирэх хүртэл хүлээгээд Бах мэлхий эс ирсэн тул түүнийг нэр дэвшигчээс хаслаа. Бүгд саналаа өгч дууссаны дараа үнэг, сармагчин хоёр санал тоолохоор үлдэв. Бусад амьтад гэр гэрийн зүг харина. Бүргэд могойн торонд очин хоёр дэгдээхэй хаяад талархсанаа илэрхийлэн одов. Чоно арван хулгана зууж ирсээр могойн торонд үлдээгээд одов. Эрслэн ихэмсгээр могойг дуудан нэг бүхэл гуяар шагнаад явуулав. Маргааш нь могой түгжрэн үхсэн байсан нь олдсон боловч хэн ч үүнд анхаарал хандуулсангүй. Хүрээлэнгийн харгалзагчид л толгой сэгсрэн зүдэв. Үдэд үнэг, сармагчин хоёр саналын дүнг хэллээ. Үнэг хамгийн их санал авсан нэр дэвшигчийг Арслангийн зулзага хэмээгээд индэр дээр гарч ирэн үг хэлэхийг урив. Сармагчин тэгтэл үнэг худал хэлж байна. Санал хураалтаар хамгийн их санал авсан нь сармагчин байсан хэмээгээд худалч үнэгийг үтэр түргэн барихыг тушаав. Чононууд тал талаас нь дайран хөөрхий үнэгийг юу ч үгүй болтол нүдэж гарлаа. Эрслэн, зулзагын хамт гэрийн хориод оров. Энэ бүхнийг харсан амьтад юу ч хэлсэнгүй, сармагчны алдрыг дуудан шинэ хаанаар өргөмжиллөө.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...