Skip to main content

Өнцөг

Намхайд ер нь дутаад байгаа юм байхгүй тэгсэн атлаа байгаа юм байхгүй. Өөрийнх нь бодлоор сайхан амьдраад байгаа юм шиг. Интернэт үзэхээр үгүй ч юм шиг. Мөнгө хураагаад баяжъя гэхээр заавал нэг шалтгаан гарна. Өвөл ирээд дулаан хувцас нэхээд л. Өвчин тусаж эм шаардаад л. Цагаа олоогүй зардал хэтэвчийг нь тэмтэчнэ.

Зарим нэг нь байр түрээсэлж хөлжөөд, нөгөө нэг нь крипто хөөж баяжаад, бусад нь харин яаж юм мэдэхгүй хөрөнгөжөөд байдаг. Намхай тэгсэн атлаа өөрийн нүглээ ухаарахгүй. Байнга л гадуур хооллож, юм л бол хүн даана. Хаанаас нь тэгж их мөнгө ургаад байдаг юм. Өнөөдөр ч гэсэн ялгаа байсангүй. Ажлын газрын хүмүүстэй хэсэг суув. Өөрөө яав ахлах тушаалтай юм болохоор залуу хүүхдүүдийг өрөвдөнө. Миний мөнгө хүрэхгүй байхад энэ нарын яаж болдог юм болоо гэж бодов. Төлбөрийг нь хийчхээд түрүүлээд явлаа. Гэртээ орохоос өмнө бага зэрэг сэргээд бөөлжихөөр бол бөөлжчихөөд ормоор санагдана.

Бүтэн сартай шөнө таарч. Тэнгэрт тэр ганцаараа, газарт би ганцаараа. Хэзээ би хэнтэй танилцаж үерхэх юм болоо хэмээн гиюүрэн алхана. Өвөл ирж буй тул хүйт хөлөөр нь ороож хоолой өөд мацаад энгэр уруу шургалгаад болохгүй. Маргааш хагас сайн сайхан унтъя байз. Хийх юм байгаа биш тэгж байгаад юм захиж иднэ ээ хэмээн бодож явсаар нэг мэдэхэд гэртээ ороод унтаад өгчээ.

Үүрээр ам нь цангаж, нуруу нь загатнасаар сэрлээ. Хамаг хувцастайгаа орондоо орчиж. Утсаа харвал өглөө болох яагаа ч үгүй. Орноосоо гулгаж буугаад харанхуйд тэмтэрсээр гал тогоо орлоо. Уух юу ч алга. За нэг удаа зүгээр байлгүй гэж бодсоор гоожуураас шууд хусав. Нуруу нь загатнасан хэвээр. Арай хийн цамцаа тайлах шиг болов. Тэгсэн нэг л бишээ. Нуруунд нь нэг юм наалдчихсан бололтой. Үстэй юм шиг, үгүй ч юм шиг. Фодволк нь орооцолдоод тайлагддаггүй. Уурандаа ураад хаячихъя гэсэн ч хүч нь хүрдэггүй. Тонгойж үзлээ, гэдийж үзлээ. Нэмэр алга. Гартаа ороож, ороож байгаа хамаг хүчээрээ татлаа. Нуруу нь салаад унах шиг л болоход Намхай газар атийн унав.

Хөшигний завсраар өлийх нар нүдийн нухаж, нүүрийг нь илэв. Үрчийж, атийсаар муухай царайлсан Намхай сэрлээ. Нуруу нь нул хөндүүр. Шөнө зодоон хийсэн юм байхдаа гэж бодовч тийм биш юм шиг ээ. Ус уух гэж босохдоо халтирч унасан юм уу? ингэж их шартаж байгаа юм болов уу? хэмээн гайхмаар толгой нь өвдөнө. Босох гээд өндийтөл нуруун дундуур нь хүн цохиод авах шиг боллоо. Гар алдан нүүрээрээ газар шаав. Хараал урсгасаар аажуухан бослоо. Нуруу нь нэг л биш. Угаалгын өрөө орж толинд харав. Нуруунд хэн нэгэн далавч наачхаж. Яаж тоглохоороо ингэж тоглодог байна аа гээд дүрс хийв. Сайнаа л байж таараа. Тэрнээс өөр хэн ингэдэг юм. Ахиж тэрэнтэй архи уухгүй юм шүү. Зөөлхөн салгах гээд барсангүй. Цавууг нь ирмэгээр нь эмтлээд хуулъя гэсэн ч олддоггүй. Сайнаа уруу залгалаа. Утсаа авдаггүй. Уурандаа утсаа чулуудчих шахлаа. Супер цавуу л гэж бодоод хуу татахаар шийдэв. Олигтойхон шиг барьж байгаад хүчтэйхэн шиг татвал ар нуруу нь салж байх шиг хөл нь хүч алдан сөхрөөд өгөв. Нуруун дээрх далавч нь хөдлөөд ч байх шиг. Уусандаа шартаад толгой нь ч эргээд байх шиг.

Халуун шүршүүрт орвол суларч магадгүй юм шиг санагдав. Халуун ус уур савсуулан шаагина. Нүүрээр нь урсаад нурууг нь илнэ. Өмнө мэдэрч байгаагүй мэдрэмж төрөв. Гижиг хүрэх шиг. Норсон үсээ илмээр санагддаг шиг нуруугаар илмээр санагдана. Хамаг хэр нь арилаад өнгөрөөд явчих шиг санагдана. Гэхдээ нэг л өөр мэдрэмж нурууг нь тэврээтэй. Нойр нь бүрэн гарсан Намхай толинд сайтар харлаа. Наасан гэхэд итгэмээргүй харагдана. Нуруунд нь мэдрэгдээд, бодсоноор нь хөдлөөд байдаг. Тэглээ гэхэд далавчтай болно гэдэг бүүр итгэмээргүй. Баруун далавч нь бага зэрэг хөндүүр оргиод олигтой хөдлөхгүй байхыг бодоход хуурамч юм шиг.

Намхай өөрийгөө зүүдлээд байгаа юм уу гэхээр үгүй ч юм шиг. Чимхэж үзлээ, алгадаж үзлээ. Цаг харлаа бүгд л зүгээр байгаад байдаг. Арга ядахдаа эмнэлэг явлаа. Ямар эмчид үзүүлэх ёстойгоо гайхав. Үе мөч? мэс засал? ерөнхий эмч? Үнэхээр далавч бол малын эмч дээр очих ёстой ч юм шиг. Үүдний сувилагчаас асуулаа. Далавчаа үзүүлэх гэсэн юм. Сувилагч буруу сонсчхов уу? гэсэн харцаар харна. Дал уу? Мэс заслын өрөө 305 тоот. Таны нэрийг дуудтал хүлээж байгаарай. Намхай үгүй ээ, далавч гэж нэг засах гэснээ хэлээ залгив. Эмчээ хүлээж байх зуураа Намхай бодлоо. Үнэхээр далавч байх юм бол яах болж байна? Би кино дээр гардаг шиг туршилтын туулай болохгүй гэж үү? Хэзээ ч эрх чөлөөтэй биш. Үргэлжид хүмүүсийн хараанд байхгүй гэж үү? Сүүлд үзсэн кинонууд нь нүдний өмнүүр жирэлзэнэ. Намхай. Намхай ороорой.

Намхай толины өмнө зогсоод сайтар ажлаа. Алгын чинээ тул ниснэ гэж байхгүй. Цагаан байхыг бодоход чөтгөр лав биш. Хэн нэгэнд хэлмээр санагдана. Би бурхан болчхож. Үгүй тэгэхээр хүн буруу ойлгочихно. Би сахиусан тэнгэр болчхож. Хэнд дурлачихаав гээд асуугаад унах байх. Зүгээр л дуудаад харуулдаг юм билүү? Гэхдээ би хэнд итгэж болох билээ? Цуу үг хурдан жороо биш гэж үү? Хүн бүрийг нэг нэгээр нь шүүн үзтэл Намхай найзгүй юм шиг. Санчир эхнэртээ хэлчих байх аа. Эхнэр нь тэгээд яриад явчихна. Баатар!? Баатар уучихаараа яаж ч магадгүй. Гэнэт Намхай орчлонд орь ганцаараа юм шиг мэдрэв. Өөрөөс нь өөр хүн түүнийг хайрлаж өд сөднөөс нь ялгаж харна гэж үү?

Нэг мэдэхэд амралтын өдрүүд дуусаж байлаа. Маргааш ажлын өдөр. Амьдралдаа чөлөө авч үзэж байгаагүй Намхай яах учраа олсонгүй. Ямар ч цамц өмссөн өнөөх далавч нь өрвийгөөд товойгоод гараад ирнэ. Давуугаар дарж ороогоод хэлхгэр хувцастай ажилдаа очлоо. Хүн болгон нууцыг нь мэдчихээд хулгайгаар түүний далавчийг харах гээд байгаа юм шиг санагдана. Хороондоо ярих хүмүүс түүний л тухай шивнээд байх шиг. Сэмээрхэн ширээн дээрээ суугаад өдөржин өндийсөнгүй. Орой нь ганцаараа үлдээд арай хийн босож гэрийн зүг гэлдрэв. Чилж хөшсөн далавч нь эрвэж дэрвийхийг хүснэ. Намхай өөрөө нисэж дүүлмээр санагдана. Өндөр байшин дээрээс үсэрвэл өөрийн мэдэлгүй чадах юм болов уу? хэмээн бодогдов. Тэгэвч түүний зүрх хүрсэнгүй ядаж л эхлээд газраас хөндийрдөг болчихвол.

Намхай бага багаар дуугаа хураав. Хүн болгоноос зугтаж, нуугдаж амьдардаг болов. Ажлаасаа гарч шөнийн харуулын ажилд орлоо. Амьдраад ч байгаа юм шиг, унтаад байх байгаа юм шиг санагдах болов. Өмнө нь байсан зүйлс үгүйлэгдэж өөрөө тэр хар дарж сэрнэ. Өд сөдөн давч нь хатаж хорчийгоод сарьсан, хилэн болчихлоо гэж зүүдэлнэ. Тэгээд түүнд эвэр ургаж чөтгөр болох юм шиг. Аргаа барсан Намхай лам, бөө гээд яваагүй газар, уулзаагүй хүн гэж байсангүй. Тэгэвч тэр далавчаа ярихаас айсаар.  Мэдчих юм бол түүнийг тахил болгож өргөчих вий гэж эмээнэ. Намхайн далавч томорсон ч үгүй. Жижгэрсэн ч үгүй. Бахь байдгаараа нурууг нь тэвэрсээр.

Нэг орой нилээн халамцуу хүүхэн тогтож ядан алхана. Машин барих гээд байгаа бололтой гараа өргөн явна. Энүүгээр машин явахгүй ээ. Сонссонгүй бололтой. Уучлаарай, төв зам уруу орохгүй бол машин олдохгүй ээ. Бүсгүй өндийн харлаа. Тогтож ядсандаа байдгаараа онийн ширтэнэ. Тэгээд эгц Намхайг чиглэн алхав. Эхлээд юу ч бодоогүй байсан Намхай гэнэт айлаа. Энд ямар уух, суух газар байх биш энэ согтуу хүүхэн хаанаас гараад ирдэг байна аа. Чөтгөр шулам ч юм билүү? Надад шүглэж намайг хороох гэж байгаа юм болов уу? хэмээн бодлоо. Үс нь долгиотоод, салхинд сэвэлзэнэ. Өмнө нь харсан бол дурламаар хүүхэн байв. Намхайн өмнө ирээд хацар дээр нь үнсчихээд замхран одлоо. Юу болоод өнгөрсөнийг ухаараагүй Намхай чулуу шиг хөшчихөв.

Нар мандахад л Намхай ухаан орлоо. Ухаан орохоос гадна сэтгэл нь сэргэв. Оюун санааг нь бүрхэж байсан утааг үлээгээд арилгачихсан юм шиг бүх юм тодоос тод харагдана. Далавчаа бодсоор тэр хоёр жилийг алдчихаж. Ерөөл ч бай, хараал ч бай өөрөө тэр сонгож чадалгүй зугтсаар зовлон болгочхож. Одоо харин тэгэхгүй ээ. Эрх чөлөөтэй өөрийн дураар ниснэ. Ингээд Намхай цамцаа тайлаад далавчаа дэлгэв. Тэнгэрт дүүлэн тогоруу болон нисээд тэнгэрийн хаяанд уусан арилав.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс