Skip to main content

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина.

Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз.

Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуулна эсвэл нөгөө хүн нь өөрөө эхлээд гар сунгана. Өөрийгөө би уйтгартай гэж боддог юм болов уу? Байдаг л нэг хүн болохоор миний амьдралаар бүгд амьдарчихсан юм шиг. Тийм учир надад нэмээд байх юм байхгүй. Архи уухгүй, тамхи татахгүй, гадуур бараг л гарахгүй. Тэгээд л нэг мод үндсээ ургуулаад тогтчихсон юм шиг. Тэр л газраа тогтоод хүмүүсийг ажиглах дуртай юм шиг. Дуртай юм болов уу? уйдсандаа юм биш байгаа!?

Залуу хундага өргөж дуу хөөртэй найрлана. Нэг нэгэндээ татагдаж буй хүмүүс бас ажиглагдана. Танилцаж чадсан юм болов уу, хөөрхийс. Өөрийгөө яая гэж байж хүний өмнөөс санаа зовоотой бас. Хурим дээр очоод хүмүүс юм, юм л боддог юм байх даа. Би л юм болохоор тэгсэн байж мэднэ. Нартай сайхан өдөр байснаа бороо орсон нь харамсалтай. Гадаа талбайд байсан хурим дотор танхимд шилжив. Аз жаргал дүүрэн байсан болохоор ялгаа нээх байсангүй. Тэнгэр харин мэхийн ёслоод бороон дусал бүрээр хундага өргөн аз жаргал хүсэв. Ерөөлөөр болог.

Сүйт бүсгүй баглаа цэцэг соёрхож нар өөд шидэв. Алгаа тосож байсан бүсгүйн дээрээс урт гар шүүрээд авчихлаа. Амраг хайртаа хүссэн юм болов уу? Авхаалж самбаагаараа сэтгэлт залуудаа сануулж буй юм болов уу? Ямар ч байсан нэг эмэгтэй хөөр баясал дүүрэн, нэлээд хэд нь жоохон гутранги суудал суудалдаа сууцгаав. Хөгжмийн аялгуу эргэн ирж, өлмий дээрээс нь өргөн гуниг бүрийг нь аван одлоо. Өнөөх мишээлт өвгөн өөр эгчтэй вальс эргэн өмнүүр нь нисээд өнгөрлөө.

Араасаа бодол дагуулаан инээмсэглээд одов. Би өөрөө хурим хиймээр байгаа юм болов уу? Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ хийвэл аймаар энгийн хийхийг хүснэ. Хамгийн дотно хүмүүс минь байхад болно. Тэгэвч ганц миний хүсэл биш болохоор худлаа л байх даа. Сүйт бүсгүй минь яах юм болдоо. Магад мянга, мянгаар нь хүн урина гэвэл яана. Хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй зүйлд өөрөө би шаналах дуртай юм шиг байгаа юм. Өөр хүн сонсвол айгаад зугтах биз. Тооцоотой няхуур хүн гээд хэн нэг нь дурлачих ч юм билүү.

Зун болоод тэр үү өдөр бүр хуримтай тааралдах боллоо. Цагаан даашинз, хар хослол нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрнө. Уул нь үерлээд байгаа болохоос бороо хуртай сайхан л зун болж байх шиг. Усны гутал авч өмсөх ёстой юм шиг байгаа юм. Өөрийн дураар туулахад ашигтай.

Бодоод байх нь ээ ковидоос болоод хуримд яваагүй удсан байгаа юм. Энэний өмнөх дээр нь өөрөө өвдөөд очиж чадаагүй. Тэр үед бас л нэг юм бодох байсан биз. Тэрнээс болоод хойшлуулсан байсан хүмүүс одоо нөхөж хийж байгаа болов уу гэж бодлоо. Ер нь хурим нөхөж хийдэг юм болов уу? Хийдэг л байх даа. Нөхцөл байдлаас болоод хийж чадаагүй хүмүүс элбэж дэлбэж хийж байгаад л ураг барилддаг биз ээ. Төрөл садандаа нэгнээ тунхаглан зарладаг биз.

Өдөр дуусаж хоног солигдоход л найр дуусав. Хүмүүс уван цуван харьцгаана. Халсан хүмүүс үргэлжлүүлэх тухай ярина. Би яахаа мэдэхгүй найзуудыгаа харан зогсоно. Нэг мэдэхэд нэг нэгээрээ алга болцгоожээ. Бороотой цуг урцгаасан бололтой. Хүнд дайгдан гэртээ ирэв. Түр амарсан бороо тэнхээ нэмэн эргээд ирлээ. Тэр хоёр сонсоогүй ч хуримдаа урьсанд нь талархаад аз жаргал хүссээр амарваа би.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...