Skip to main content

Posts

Showing posts from November, 2022

Хөөрхөн

Хавар хөөрхөн зүйлс мөрөөдөөд тэрийгээ бусдад уншуулъя гэхээр гунигтай болоод хувирчихна. Өөрөө бодоод л байгаа, хүсээд л байгаа мөртөө гар нь эвлэж өгөхгүй. Өөрийг нь хүн царайлаг гэж хэлдэггүй болохоор тэр юм болов уу ч гэж бодно. Хавар нэрдээ дурамжхан. Яагаад цэцэг ногоотой Зун, цас мөстэй Өвөл байж болоогүй, шороогоор шуурсан хар бараан Хавар гэж? Хавар нэрдээ таарсан бараан цоохор зүйлс бичих тавилантай мэт. Толинд өөрөөсөө өө сэв эрнэ. Шүршүүрээс дөнгөж гараад л уурт балартсан тусгал нь яах вэ ээ... Арай нэг гайгүй донжтой. Үс нь шулуун ч биш, буржгар ч биш хоёрын хооронд долгионтсон. Духан дээрээ сорвитой. Хөмсөг нь бүрэн дүүрэн биш. Хамар нь бага зэрэг мурий. Өөрт нь өөрөөс нь таалагддаг юм ганц л байгаа. Багад нь өвөө, эмээ нь магтаад байдаг байсан болохоор тэрэндээ л итгэдэг. Өөртөө байгаа зүйлээ хүн бусдаас эрдэггүй гэдэг бол Хавар тийм биш. Ганц байгаа эрдэнэ нь түүнийг хостой нь холбох ёстой юм шиг сэтгэнэ. Өөрийнх нь дуртай зүйл нүд байдагт баярлалаа. Нүд бол сэтгэлийн ц...

Нэрээ идсэн ховдог

Нэрэлхээд нэрээ идэхгүй гэдэг. Намайг бага байхад чи муу явбал аав, ээжийг чинь хүн муу хэлнэ. Дүү нар чинь дуурайгаад муу явна гэдэг байлаа. Би өөрийнхөө нэрийг идэхээс тоохгүй ч гэсэн яаж эцэг, эхийнхээ нэрийг зооглох билээ дээ. Тиймээс нэрэлхүү гэж жигтэйхэн. Арван жилд найзындаа их очно. Хөөрхийг хэд хэдэн удаа компьютерийн эвдэж зовоосон байх даа. Гэхдээ бас нэлээд хэдэн удаа засаж бол өгсөөн өгсөн. Тэдний очих болгонд ээж нь хоол хийж өгнө. Би сонгино идэхгүй ч нэрэлхээд бүхэл бүхлээр нь залгиад л идээд байна. Сүүлдээ найзыгаа гуйна. Чи идчих л дээ гэнэ. Манай хүн яахав идэхгүй бол үлдээчих ээ л гэнэ. Хоолыг нь голлоо гэж бодохо вий гээд санаа зовоод өнөөхийг чинь шахсаар байгаад идүүлчихнэ. Хэд дүгээр анги байсан юм бол сайн санахгүй байна. Ахлах анги л байсан юм даг. Эртний үлгэр домгуудын ном дээрээс нэг залуугийн тухай уншлаа. Үнэхээр царайлаг харсан эмэгтэй болгон дурладаг. Бурхан хүртэл түүнд дурлаад араас нь гүйгээд байдаг. Залуу тэгээд өөрийг нь өөрөөр нь хайрлах хүн байх...

Хэл

Хэлтэй бол хөлтэй. Миний хэл уул нь бод байх ёстой байтал богоос хэтрэхгүй. Хүн төрөхөөсөө хэлэнд авьяас билигтэй байдаг юм шиг байгаа юм. Хөдөлмөрч хичээнгүй байдал нэн чухал биш гэж үү? Үгүй дээ. Хүн болгон ажилсаг биш шүү дээ. Манай том дүү бид хоёр нэг насны зөрүүтэй. Миний мэдэх бид хоёр зэрэг үсэг үзэж эхэлсэн. Нэг бол би залхуу эсвэл ээж, аав залхуу. Би жоохон хүүхэд юмны учир яаж мэдэх билээ. Тиймээс буруу надад наалдана гэж бол байхгүй. Арван жилд өчнөөн л жил орос хэл үзлээ. Хоолтойгоо холиод идчихэж. Уул нь би хятад, солонгос амтлагч л хэрэглэдэг юм сан. Тэдгээрийг мартсанд бол гайхах юм байхгүй. Сураад хэрэглэвэл хэрэглэхээр л байлаа. Тэгсэн бол сүүлийн үед хотын гудамжаар холхих оросуудын ярианд чих тавьж хов жив сонсохгүй юу. Нэг орой гэртээ харьж явахад баахан орос оюутан охид ирээд юм асуулаа. Би ямар ойлгох биш англи хэл мэдэх үү? л гэлээ. Гадаад хүмүүсийн амыг таглаж байгаа ганц хэл маань тэр. Тэгтэл тэд нар өөдөөс монголоор ярих юм. Анхнаасаа тэгээд асуухгүй. Оросоо...

Тэр

Тэр миний зүрхийг аваад Тэр надад зүрхээ өгөөд Тэр надын сэтгэлийг сэргээж Тэгээд тэр сэтгэл шаналгана Тэр цагийн уртад төөрч Тэр цасанд уруулаа өгч Тэр цастай жаргал шивнээд Тэгээд тэр дурсамжид дарагдана Түүнтэй зүрх зөнгөөрөө тэмцэж Түүнээс сэтгэл жамаараа эдгэж Түүнгүй цаг намайг дарж Түүнийг цас надаас нууна.

Зүүд тайлагч

Би өөрийг тань хамгийн сайн зүүд тайлагч гэж сонссон юм байна гэсээр эмгэний өрөөнд нэгэн залуу орж ирлээ. Улаанбаатар 2010он. Эмгэн зэхэр нүдээ сүүмийлгэн хараад гараараа сандал руу заах нь нэг л ер бусын мэт санагдсанд залуу заасан сандалд нь дуугай суулаа. Эмгэн эрхээ хэд гурав эргүүлээд сая ам нээж за юу зүүдэлсэн юм бэ дээ!? гэвэл аль түрүүнээс хойш байж сууж ядаж байсан залуу гэнэтийн асуултад цочирдон хэлэх үгээ мартчихав. Эмгэн онигор нүдээ улам сүүмийлгэн за яасан хэлээ хазчихсан юм уу? аль эсвэл ярьж болохооргүй юмтай зүүд юм уу? дутуу яривал буруу л үр дүн гарна шүү дээ гээд дуугай болов. Залуу шүлсээ гүд хийтэл залгичхаад энэ нөгөө бөглө гэсэн хуудас тань гээд нэгэн хуудас цаас сарвайв. Эмгэн цаасыг аваад нүд гүйлгэн хараад би төлөгч биш зүүд тайлагч гэдгийг санаарай хэрвээ худлаа мэдээлсэн бол зүүд буруу тайлагдана. Зүүд буруу тайлагдвал ирээдүй чинь өөрчлөгдөн харлаж ч магадгүй шүү гэвэл залуу уучлаарай тэгвэл гээд цаасыг эргүүлэн авав. Тэгээд урдаа байгаа ширээн дээр тав...

Би

Би яагаад би болов. Хэн намайг ямар байхыг тодорхойлчхов. Зарим хүмүүс хүний мөн чанар өөрчлөгддөггүй гэж үздэг. Би бол бид нар үргэлжид өөрчлөгдөж хувирч байдаг гэж боддог. Өдөр өдрөөр нь задлаад харвал он жилүүд ялгаагүй юм шиг хэрнээ арав, хорин жилээр харахад огт танихгүй амьдрал байдаг шиг. Гэхдээ миний мэдлээс хэтэрсэн зүйлс амьдралд олон. Чадал хүрэхгүй зүйлс ч их. Тэр болгоныг бодоод байвал сэтгэл санаагаар унана. Амьдрал гуниг нэмээд жоохон зунгааралдаад эхэлнэ. Гэрээс гарах үед нар нүдэнд үзэгдээд цээж дүүрэн амьсгалахад асуудал байхгүй бол сэтгэл сэргээд л ирнэ. Гэхдээ энэ бол одоо байгаа би. Яагаад, яаж ийм болсон нь тодорхой биш. Зарим хэсгийг нь гадарлаж байж болох ч гэсэн хэнд ч ярьдаггүй нууц. Амьдралын ямар алхам намайг эвлүүлээд, эмтэлснийг бодох юм бол ирээдүйд хэрэг болох болов уу? Хүмүүс өөрсдийн намтраа бичихдээ одоо байгаа өөртөө зориулдаг юм болов уу? Өнгөрсөнд байгаа өөрийгөө аргаддаг юм болов уу? Өмнө хэлсэн шиг ирээдүйнхээ төлөө юм болов уу? Хүн өөрийн амьдра...