Skip to main content

Нэрээ идсэн ховдог

Нэрэлхээд нэрээ идэхгүй гэдэг. Намайг бага байхад чи муу явбал аав, ээжийг чинь хүн муу хэлнэ. Дүү нар чинь дуурайгаад муу явна гэдэг байлаа. Би өөрийнхөө нэрийг идэхээс тоохгүй ч гэсэн яаж эцэг, эхийнхээ нэрийг зооглох билээ дээ. Тиймээс нэрэлхүү гэж жигтэйхэн.

Арван жилд найзындаа их очно. Хөөрхийг хэд хэдэн удаа компьютерийн эвдэж зовоосон байх даа. Гэхдээ бас нэлээд хэдэн удаа засаж бол өгсөөн өгсөн. Тэдний очих болгонд ээж нь хоол хийж өгнө. Би сонгино идэхгүй ч нэрэлхээд бүхэл бүхлээр нь залгиад л идээд байна. Сүүлдээ найзыгаа гуйна. Чи идчих л дээ гэнэ. Манай хүн яахав идэхгүй бол үлдээчих ээ л гэнэ. Хоолыг нь голлоо гэж бодохо вий гээд санаа зовоод өнөөхийг чинь шахсаар байгаад идүүлчихнэ.

Хэд дүгээр анги байсан юм бол сайн санахгүй байна. Ахлах анги л байсан юм даг. Эртний үлгэр домгуудын ном дээрээс нэг залуугийн тухай уншлаа. Үнэхээр царайлаг харсан эмэгтэй болгон дурладаг. Бурхан хүртэл түүнд дурлаад араас нь гүйгээд байдаг. Залуу тэгээд өөрийг нь өөрөөр нь хайрлах хүн байхгүй юм байна гээд нүүрээ сийчээд хаячихдаг юм. Тэгээд нөгөө гоо үзэсгэлэн нь байхгүй болчихсон болохоор араас нь гүйх, хайлж дурлах хүүхнүүд байх байхгүй болов. Бурхад ч түүнийг мартав. Тэгж байгаад мань залуу өөрөө нэг эмэгтэйд дурласан чинь нөгөө эмэгтэй нь үзэхийн аргагүй аймаар царайтай болохоор нь өөрийг нь тоодоггүй юм. Гол утга санааг нь хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээж авах л байх. Тэр үед би яагаад ч юм бэ. Намайг дурлаагүй байхад тэр хүн надад сайн болчих вий гэдгээс айдаг болчихлоо. Үлгэрт гардаг үзэсгэлэн гоо этэр ханхүү этэр биш атлаа зүгээр л тэр тохиолдолд яах учраа олохгүй байгаа болохоор тэр байх.

Яг энэ үеэр мөн сагс сонирхож эхэллээ. Уул нь хөл бөмбөгт дуртай байсан юм. Гол нь надад бөмбөг нь байсангүй. Тоглож байгаа хүмүүс дээр очоод цуг тоглоё гэж хэлж чадахгүй. Нэрэлхүү болохоороо л тэр. Өмнө нь ярьж байсан билүү үгүй билүү би гүйх дуртай гээд. Ер нь бол бага байхдаа гүйгээд л байна. Есөн давхарт амьдардаг мөртөө шатаар дээш, доош лифттэй уралдана. Замаар явж байхдаа машинуудтай уралдана. Нэг мэдэхэд нэлээд хурдан гүйдэг болчихсон байсан. Тухайн үед тоглодог байсан тоглоомууд ихэнх нь гүйхтэй холбоотой. Хулгай, цагдаа тоглохоор би баригдахгүй, эсвэл тоглоом эхлээд удаагүй дуусчихна. Хөөцөлдөхөөр намайг барих хүн байхгүй. Гүүтэг маатиг тоглохоор манайх л ялна. Хөл бөмбөг тоглохоор миний орсон баг шударга биш болчихно. Тэгээд байхаар намайг тоглоомд оруулдаггүй байлаа. Би хараад л суужийна. Хэтэрхий тоглодог хүүхэд хүртэл тоглож байхад би хэтэрхий сайн болохоороо гөлийгөөд л байжийна. Магадгүй өөр шалтгаан байдаг байгаад би мэддэггүй байсан байж болох юм.

Тийм болохоор хүмүүс шийдэн дээр тоглоод эхэлчихвэл би тоглож чадахгүй. Тэгээд халуун нарнаар 3,4 гээд л тоглож эхэлнэ. Хүүхдүүд ихэнхдээ 5,6 гээд гарч ирнэ. 7,8 болчихоор байрны ах нар гарч ирээд бөмбөг авчхаад явуулахгүй. Би явлаа гээд хэлж чадахгүй болохоор мөн л хараад суугаад байна. Гэхдээ бөмбөгний эзэн юм болохоор ах нар бас хөөгөөд явуулчихгүй хүн дутахаар хааяа нэг багтаа тоглуулна. Өөр нэг шалтгаан нь найзын ах байрны атаман. Тийм болохоор ундаа, тамхинд намайг гүйлгэхгүй. Минийх яахав муу хамиран бөмбөг болохоор гайгүй бөмбөг гараад ирвэл шууд гологдоно. Би ч бөмбөгөө аваад гэртээ орно.

Тэгж байсаар би томорчихлоо. Атаман этэр нь таньдаг хүмүүс болчихоор асуудал гарахаа болив. Би найзтайгаа шийд, шийд хэсээд л гайгүй тоглодог хүүхдүүд хайгаад явна. Амиандаа л бацаан нартай тоглохгүй гэж байгаа юм болов уу? Заримдаа яалт ч үгүй охидуудтай тоглох болчихно. Тэд нар чинь хэцүү би биед нь хүрч болохгүй. Тэгсэн атлаа өөрсдөө хаа хамаагүй хүрнэ. Бараг зүгээр зогсоод байрнаасаа шидэхээс өөр юмгүй. Манай байранд нэг охин байдаг байлаа. Тоглож байхад ирээд л тоглий гэнэ. Тоглохоороо тоглохгүй намайг л бараг тэврээд зогсоод байна. Тэгсэн атлаа намайг харвал манай найз залуу чамайг зодох байх аа л гээд байна. Би учрыг нь олохгүй. Найз маань намайг шоолоод салахгүй. Одоо хүртэл би учрыг нь олдоггүй юм.

Эргээд бодохоор эмэгтэй хүүхдүүд надаа таалагдсан ч би түүнээс илүү өөр юм боддоггүй байсан юм шиг байгаа юм. Уншиж байгаа ном болгон дээр жинхэнэ хайр, цор ганц хайр этэр гэсэн зүйлс байдаг байсан болохоор харах төдийд л нэг нэгэндээ дурлаад шууд л үерхээд суудаг юм байх гэж боддог байлаа.

Хүүхэд болгон л бага байхдаа дэлгүүр гарч талх, масло авдаг байсан биз. Тэгээд 5,10 төгрөг хариулт цуглуулж байгаад чихэр, жимс авна. Надад болохоор тэр мөнгө минийх биш юм шиг санагдаад тэгж чадахгүй. Минийх л биш бол авах ёсгүй гээд сургачихсан болохоор тэрнээсээ нэрэлхэнэ. Би ганцаараа бүгдийг нь иддэг байсан үе ээ санахгүй байх магадлалтай. Гэхдээ миний мэдэхийн лав манай гэрт амттай юм тав хуваагддаг байлаа. Бурхан дээр дээж тавьчхаад үлдсэнийг нь тав хуваагаад хүн болгон өөр өөрийнхийгөө л иднэ. Дараа нь дүү нар бид гурав бурхан дээрээ нэг нэг гуйх эрхтэй. Тийм болохоор бурхан дээр ямар ч байсан гурван ширхгийг тавьдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд өөрийнхийгөө дуусвал дараа нь Бурхаан бурхан надаа нэгийгээ өгчих гээд гуйна. Хариу сонсдоггүй байсан болохоор гуйсан биш шаардсан ч байж болох юм. Тийм болохоор одоо ч гэсэн ямар нэг юм ганцаараа идэж чадахгүй. Удаа авлаа ч жижгийг авахаас нэрэлхэнэ. Чадахаараа томыг аваад хүн болгонд санал болохыг хичээнэ.

Ичих, нэрэлхэх хоёр ямар ялгаатай вэ? Толь бичиг дээрээ хартал ИЧИХ санаа зовох, НЭРЭЛХЭХ хуурмаг ичимтгий зан, байдал гаргах. Гэсэн байх юм. Ичих шаардлага байхгүй газар ичих гэсэн юм байх даа. Тэгтэл хүн ичих шаардлагатай, шаардлагагүй гэдгээ ер нь яаж мэдэх билээ. Заримдаа цуг яваа хүмүүс надад юм үзүүлэх гээд утасны дуугаа чанга болгоход би ичдэг үү, нэрэлхдэг үү? Аль нь гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн санаа бол зовно оо. Бусад хүмүүст тэр чимээг сонсох хүсэл байхгүй байгаа байлгүй дээ гэж бодогдоно. Энэ гэхдээ илүү тодорхой жишээ болохоор хүн болгон л бараг зөвшөөрөх юм болов уу гэж бодно. Би оюутан байхдаа гадуур явж байхдаа хүмүүсийн дунд амаа ангайгаад эвшээж чаддаггүй байлаа. Тэгээд л найз охиндоо загнуулна. Намайг амаа ангайхгүй эвшээж байгааг мэдчих юм бол гижигдээд амаа ангай гээд шаардаад болохгүй. Тэгээд арай нэрэлхүү юм аа гээд үглэж гарна. Би одоо арай гайгүй ч гэсэн хуучны юм бас л байсаар л. Яагаад ч юм бэ өөрийнхөө хоолойнд дуртай биш болохоор дуу дуулах дургүй. Бага байхдаа аймаар дуулдаг хүүхэд байсан гээд л ээж, аав яриад байдаг. Би болохоор орондоо битгий дуулаад бай. Ээж нь үхдийн гэж хэлүүлж байснаа л санадаг юм. Бага байхад арай л ширүүн зүйлээр айлгадаг байсан бололтой. Эсвэл өөрсдөө тийм зүйл хэлүүлж өссөн болохоор өөрсдийн мэдэлгүй л хэлдэг байсан байхдаа. Одоо бодох юм бол тэр үед манай аав, ээж хоёр надаас олон дүү байгаа юм. Би одоо яая даа гэж бодож байхад яаж гурван хүүхэд өсгөөд явдаг байсан юм бол.

Би ичимхий юу гэвэл ичимхий. Нэрэлхүү юу гэвэл нэрэлхүү. Юманд хэтэрхий их санаа зовдог уу гэвэл бас л тийм. Ямар сайн даа л хүн надад сайн болох эсэх нь тодорхойгүй байхад үлгэр домогт гардаг шиг өөрөөс минь түрүүлээд надад сайн болчих вий гэж бодож байхав дээ. Гүнж, ханхүү хоёрын төөрөг тавилан зөрчихнө гэж айдаг байсан юм болов уу? Тэгсэн атлаа хүн надад дурлана гэдэг огт итгэдэггүй байлаа. Магадгүй боддоггүй байсан юм болов уу? Тийм байсан болохоор оюутан байхад минь хүмүүс намайг мэдрэмжгүй гээд л шоолоод байдаг байсан байх. Одоо ч гэсэн намайг хүмүүс тэгдэг л дээ. Гэхдээ минийхээр одоо тэгж хэлүүлж байгаа шалтгаан нь тухайн үеийнхээс өөр байгаа юм. Одоо болохоор тийм юм болов уу? гэж бодсон ч ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ гэдгээ мэдэхгүй байгаа юм. Хөөрхий би нэрээ идсээр өрөнд орсон нэрэлхүү байгаа юм.

Би хүнтэй юм аа хуваадаг ч гэсэн хүн надтай юм хуваалцахад би нэрэлхээд үргэлж үгүй гэж хэлдэг байлаа. Тэгж байгаад уншсан уу эсвэл өөрөө тэгж бодсон уу? сайн мэдэхгүй байна. "Хүнд буян үйлдэх боломж олго. " гэсэн үг цээжинд суучихсан. Хүн надад нэг ширхэг чихэр өгч, өчүүхэн ч гэсэн юмаар тусалснаар тэр хүний буян нэмэгдэж байгаа гэж. Би өөрөө дараа төрөл, буян этэрт итгэдэггүй ч гэсэн миний ойлголтоор ярьж байгаа буян маань нөгөө хүн бага ч гэсэн эерэг сэтгэлгээ авч аз жаргалтай болох явдал билээ. Гэхдээ би энийгээ хэвшил болгож сураагүй болохоор өөртэй үүнийг байнга сануулж байхыг хичээнэ.

Өөрөөр ямар зүйл дээр хүн нэрэлхүү байж болох билээ. Санаанд даанч бүгд орохгүй байх шиг байна. Нэрэлхүү байх нь муу зүйл үү? Бага зэрэг бол байгаа байхаа. Гэхдээ нэрэлхэх нь бол муу биш байх. Буруу зүйлд ичиж байж түүнийгээ засах гэж нэрэлхэж байж олон нийт хоорондоо эв түнжинтэй байдаг юм болов уу? Гэхдээ би нэрэлхэж бол архи ууж байсангүй. Тамхи ч этэрч сорж үзээгүй. Эдгээр нь муу зүйл гэж байгаа юм бол биш. Хэрэглэлээ гээд нүгэл үлдээд ч байгаа зүйл биш. Зүгээр л хүн бүр өөр өөрийнхөөрөө аз жаргалтай байх нь чухал байгаад бусад хүмүүс түүнийг нь хүндэтгэх нь зөв гэж бодно. Тэгэхдээ мушгиж болдоггүй үг гэж хаана байх билээ. Хүн болгоны жаргал болоод таашаал адилгүй. Бусдын зовлонгоос бүтдэг жаргал л биш бол ер нь гайгүй асуудалгүй мэт санагдана.

Бүх зүйлд хүн хариугүй. Би ч, та ч мэдэхгүй. Зарим хүмүүс магадгүй мэдчихээд түгээх гэж хичээдэг авч бид нар сонсдоггүй байх. Би буруу байж магадгүй гээд нэрэлхүүд чимээгүйхэн амьдарч байгаа хүмүүс ч байгаа байх. Би гэхдээ тэр нь биш юм шиг байгаа юм. Өөрийнхөө бодсоныг, боддогийг сэм сэм цухуйлгаад байдаг юм шиг байгаан. Хөөрхий тэрэндээ нэрэлхэнэ гэж байхгүй. Хожмын цагт алдарт гарвал нэрээ идсээр ховдог болсон байх вий дээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...