Skip to main content

Хэл

Хэлтэй бол хөлтэй. Миний хэл уул нь бод байх ёстой байтал богоос хэтрэхгүй. Хүн төрөхөөсөө хэлэнд авьяас билигтэй байдаг юм шиг байгаа юм. Хөдөлмөрч хичээнгүй байдал нэн чухал биш гэж үү? Үгүй дээ. Хүн болгон ажилсаг биш шүү дээ. Манай том дүү бид хоёр нэг насны зөрүүтэй. Миний мэдэх бид хоёр зэрэг үсэг үзэж эхэлсэн. Нэг бол би залхуу эсвэл ээж, аав залхуу. Би жоохон хүүхэд юмны учир яаж мэдэх билээ. Тиймээс буруу надад наалдана гэж бол байхгүй.

Арван жилд өчнөөн л жил орос хэл үзлээ. Хоолтойгоо холиод идчихэж. Уул нь би хятад, солонгос амтлагч л хэрэглэдэг юм сан. Тэдгээрийг мартсанд бол гайхах юм байхгүй. Сураад хэрэглэвэл хэрэглэхээр л байлаа. Тэгсэн бол сүүлийн үед хотын гудамжаар холхих оросуудын ярианд чих тавьж хов жив сонсохгүй юу. Нэг орой гэртээ харьж явахад баахан орос оюутан охид ирээд юм асуулаа. Би ямар ойлгох биш англи хэл мэдэх үү? л гэлээ. Гадаад хүмүүсийн амыг таглаж байгаа ганц хэл маань тэр. Тэгтэл тэд нар өөдөөс монголоор ярих юм. Анхнаасаа тэгээд асуухгүй. Оросоор асуусан нь учир юу билээ. Царайлаг орос шиг харагдсан юм болов уу!? гэж бодож орой нь өөрийгөө хөөргөв. Маргааш нь хөдөө явах гээд харанхуй шөнө дэлгүүр хайж явсан нөхөд аж. Одоо юу олдхов дээ СИ Ю ороо гэж хэлээд л явлаа. Орос хэлтэй байсан бол найраад утас шөрмөс этрийг нь аваад алж өгөх байсан байхдаа. Даанч миний залхуу арван жил.

Англи хэлийг аав, ээж минь сургах гэж их үзсэн дээ. Сургалтад сууна. Бас л том дүүтэй цуг сууна. Би ямар ах хүн байж даалгавар этэр хийгээд байлтай биш. Тэгээд жамаар нь явсаар байгаад дуусгасан даа. Оюутан болоод аргагүйн эрхэн сурах шаардлага гардаг юм байна. Зун цагт хотын төвөөр л эргэлддэг болов. Гадаад гэж бодсон болгон дээрээ очиж "Дүюу нийд э хэлп?" гээд асууна. Өө тэгээд эхлээд нөгөөдүүл нь дуржигнуулж гарна. Хэрэггүй гэж хэлсэн ч би ойлгохгүй болохоор бүлтийгээд л зогсоод байна. Өрөвдсөн юм болов уу? ойлгосон юм болов уу? нөгөөдүүл чинь удаанаар амархан үг хэрэглэж эхэлнэ. Тэгээд л худлаа үнэн ярина. Их л гайхдаг байсан байхдаа. Зам зааж байснаа үзэг, бал, дэвтэр л болоод явчихдаг байсан байхдаа.

Хүн ярьж байгаа хэлнээсээ хамаараад өөр өөр зантай болдог гэдэгт итгэдэг үү? Би бол тэгж л боддог. Монголоор бол би бас яах вэ ээ... дажгүй. Нэлээд бөөрөнхий хэлтэй байх. Багаасаа л хүмүүс тэгж хэлээд байдаг болохоор санаа зовсоор байгаад нээх ярих дуртай биш болчихсон байх. Одоо ч нээх юм боддоггүй ч гэсэн хааяа хааяа бодолд орж ирнэ ээ бас. Оросоор бол би тэнэг хүн. Англиар бол хамаа намаагүй яриатай жоохон сахилгагүй нөхөр. Хятадаар бол ууртай Монгол. Солонгосоор бол жоохон хүүхэмсэг л байх даа. Гэхдээ би өөрийгөө бодож байгаа байдал нь.

Англи хэл дажгүй боллоо гээд хүн юм болохоор яахав шуналдаж буй нь тэр. Солонгос хэл сурах гэж үзэв. Монголоороо сурчихгүй. Англиар дээр сурч эхэллээ. Тэгээд тэр үед ямар англиар бодох биш монголоор бодно. Тэрийгээ англи болгоно. Тэгээд солонгост хөрвүүлнэ. Гүүгли хүртэл тэгэх юм бол учраа олохгүй тэнэгтэнэ. Би яаж ах хүүгээс дутах билээ. Хүн ойлгохооргүй юм ярина. Цаадуул нь яахав толгой дохиод л өнгөрнө дөө. Арга барахаараа англиар ярих гэж үзнэ. Гурав дугаар курсийн төгсгөлд оюутан солилцоогоор Солонгос явав. Ядаж байхад Бусан хотод байдаг сургууль. Сөүл аялгыг нь ойлгож ядаж байсан би тэрийг нь яаж ойлгох билээ дээ. Лавын багш бүтэнсайн болгонд цуглаандаа очно. Нэг хоёр удаа ёс болгож очлоо. Арваад өрөх нийлж суугаад дуу дуулна. Хоол иднэ. Тэгээд номлол айлдана. Би ямар ойлгох биш хүн болгоныг нь л шинжиж сууна. Тэгж байгаад багшийнхаа том охинд краш болчихов. Царайлаг гэж жигтэйхэн. Дараа дараа нь багшийгаа дагаад л очно. Дуудаагүй байсан ч гүйгээд л очно. Хөөрхий өлссөн оюутан гэж бодоод хооллодог байсан болов уу? Ертөнцийн эзний үг наалдаж байна гэж боддог байсан болов уу?

Ямар ч байсан буцаад явахад минь Монголд манай салбар байдаг юм. Очоод энэ, энэ хүнтэй уулзаарай л гэлээ. За тэгнэ ээ гээд л гэртээ ирэв. Хүнтэй нь ч уулзсангүй. Бурхантай нь ч уулзсангүй. Тэгж байтал заяа төөргөөр саяхан хотод өнөөх багштайгаа тааралдав. Сайн байна уу? та намайг санаж байна уу? намайг сургуульдаа авсанд тань би их баярладаг шүү гээд л хэллээ. Бага багаар санаж байх шиг байх юм. Баярлаж байгаа гэж жигтэйхэн. Дараа нь багштайгаа хоолонд оров. Өнөө олон жилийн өмнө уулзаарай гэж байсан хүнтэй нь ч уулзав. Сайхан л хүмүүс байх юм. Намайг тэгээд гэр бүл яав л гэж байна. Манай охин хоёр охин гэрлэсэн гээд багш зургийг нь үзүүлэх юм. Магадгүй хувь тавилан тэртээд байсан дурсамжид минь цэг тавьж буй нь тэр биз ээ. Сайхан бүсгүйчүүд ээж нар болоод жаргалтай л байгаа харагдана. Намайг тэгээд хүмүүстэй танилцуулахаар болов. Баярлалаа, би цуглаанд явж чадахгүй юм байна лээ гэж үнэн ээ хүлээлээ. Тэр үед залуу байсан болохоор бүх юмыг сурч мэдэхийг зорьж байсан юм аа л гэв. Аан гээд миний болзоонууд ч байхгүй болов. Дараа солонгост очвол хоол авч өгнө л гэж байна. Мөнгөтэй байсан бол солонгос явж үнэгүй хоол идэх юм сан даа.

Ажил ажил гэсээр нэг жил өнгөрөх үед дэлхийн эдийн засгийн уналт болоод сэхэх гэж зүдэрч байв. Одоо л хятад хэл сурах хэрэгтэй. Дэлхий хятадаар дамжина гэж бодов. Би ч бодоод байсан зүйл биш аав минь ятгасан хэрэг. Ингээд хятад хэлийг сурч эхэллээ. Эхэндээ л овоо явж байв. Тэгтэл дуу шүлэг болоод эхэллээ. Угаасаа үг унагаах дургүй хүн чинь яахав хичээлээсээ зугтана шүү дээ. Чанга дуул л гэж байна. Дагаад дуулаарай л гэх юм. Солгой хоолой, бөөрөнхий хэлнээсээ ичээд сурсан ч юмгүй хоцров. Уул нь бага зэрэг уншаад байгаа юм. Бичнэ гэж байхгүй ээ. Хуруу гар эвлэнэ гэж байхгүй. Монголоороо бичиж чаддаггүй хүн яаж харийн хэлийг бичих билээ. Үндэс угсаа зулгаагаад болсонгүй. ( Яг үнэндээ хичээл зүтгэл л дутсан хэрэг л дээ. )

Монголчуудтай нийлбэл хэл сурахгүй гээд тэд нараасаа зугтана. Өнөөх мэддэггүй хэлний эзэн оросуудтай нийлнэ. Дараа нь тэгээд Индонез, Малайзуудтай найзална. Суръя гээд хичээсэн ч сурахааргүй хэл нэр шиг байгаа юм. Үнэлж өгөхгүй байгаа болохоор л тэр байх даа. Бага зэрэг гадарладаг юм болохоор солонгосчуудтай бас найзална аа. Ядаж байхад би дандаа царайлаг солонгос охидтой нь найзлаад байх шиг байгаа юм. Санааных уу? Сэтгэлийнх үү?

Өө солонгост сурч байхад хэнтэй найзалдаг аа байсан аа хэлэхээ мартчихаж. Хятад, Япон, Оросууд. Оросуудтай нь хөгжилтэй танилцсан түүхтэй. Солонгос хэлний хичээл дээрээ орж ирлээ. Хамгийн ард л сууна шүү дээ. Миний урд хоёр япон сууна. Удалгүй хоёр орос охин орж ирэв. Суунгуутаа л урд байсан хоёр япон бандийг яриад эхэллээ. Урт үстэй нь таалагдаад байгаа бололтой юм. Өөрийн мэдэлгүй инээд алдчихав. Нөгөө хоёр чинь над уруу хараад орос хэл мэддэг юм уу? гэлээ. Сайн мэдэхгүй ээ. Гэхдээ хөөрхөн охидыг бол ойлгоно оо л гэлээ... Заза худлаа ярьсан юм. Тэгж хэлж чаддаг байсан бол тэнгэрт гарахгүй юу. Бага зэрэг ойлгоно оо л гэлээ. Тэгээд өнөөх хоёр орос охинтой танилцав. Орой болохоор солонгос охид нь ичээд амралтын өрөөнд орж ирэх нь ховор. Дандаа л гадаад оюутнууд. Би хоёр найз охиндоо зууч болж хоёр японтой танилцуулж өгөв. Тэд хоёр намайг нэг хонгконг охинтой танилцуулж өглөө. Уул нь хөөрхөн гэж жигтэйхэн. Даанч тэр үед нөгөө багшийнхаа охинд дурлачихсан би үгүй гээл зүтгээд байна. Ай хорвоо гэж.

Хятад хэлийг тэгээд гурван жил сурах гэж хичээгээд бууж өгвөө хөөрхий. Гэхдээ бараг надаас илүү хятад хэл өөрөө надад сургагдах гэж хичээсэн байхдаа хөөрхий.

Одоо тэгтэл аль аль нь хэрэгтэй байдаг. Сураагүйн гор хөгшин миний толгой дээр бууж буй нь энэ. Ярий гээд ярьж чадахгүй. Унший гээд уншиж чадахгүй. Бичий гээд бүүр барахгүй. Сонсоод болохоор ойлгоод л байгаа юм шиг байгаа юм. Тэрийгээ мэдэхээргүй хүртэл тэнэг хүн байгаа юм даа би. Хэрвээ буянтай хүн байсан бол сурвал сурахаар л цаг хугацаа өнгөрсөн байгаа юм даг. Өөр өөртөө сэтгэл хангалуун байгаад байна уу? гэвэл бас үгүй. Тэгсэн атлаа өдөр бүр өөрийгөө голоотой. Оюутан байсан шиг ээ. Ичиж зовохоо мэдэхүй солонгосчуудтай ярих ёстой юм шиг байгаа юм. Даанч тэр нар нь харахаар л жоохон хүүхдүүд. Өмнө нь би тэд нараас ч жоохон байсан юм байх даа гэж бодно. Нэг хөгшин нөхөр очоод туслах уу? гэвэл айхаас өөр яах билээ.

Бодоод байх нь ээ. Тухайн хэлээр бодож чаддаг болох үед л тэр хэлээр өөрийгөө зөв илэрхийлээд ойлголцож чаддаг юм шиг. Үзэж харж байгаа бүхэн англи хэлээр болохоор бодож, санаж байгаа бүн тэгж ургаад байх шиг байгаа юм. Заримдаа өөрийгөө монголоор илэрхийлэх гэхээр чадахгүй. Эсвэл буруу илэрхийлээд байгаа юм шиг. Зарим даа болохоор ичээд тэрийг нь хэлж чадахгүй. Гадаад найзуудаа бол "ловю", "мийс юү" гээд зүгээр л хэлнэ. Монголоор болохоор аав, ээждээ хэлэхээс хүртэл ичнэ. Магадгүй орчин болоод сэтгэлгээ л юм даа. Тэгээд бодохоор гадаадад боловсроод ухаан суусан хүмүүст монгол нөхцөл байдал жоохон зөрөлдөөд л байдаг байх. Надад ч гэсэн тэгж санагдана. Нэг л хүмүүстэй ойлголцож өгөхгүй байгаа юм шиг. Нэг л хорвоо ертөнц энд тэндээс хатгаад байх шиг. Эсвэл зүгээр хорвоо ертөнц өргөн уудам байхад үзэж харсан минь өчүүхэн болохоор сэтгэл минь надаас илүү ихийг нэхээд буй нь тэр биз ээ. 

 

 

 

 


Улс орны нэрийг ямар үед том, ямар үед жижгээр бичдэгийг мартчихаж. Засах гэж ч хичээсэнгүй. Бичихийг хүссэн зүйл алга болчих юм шиг уралдаж бичлээ. Хичээнгүйлэн дараа нь засаагүйг минь уучлаарай.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...