Skip to main content

Би

Би яагаад би болов. Хэн намайг ямар байхыг тодорхойлчхов. Зарим хүмүүс хүний мөн чанар өөрчлөгддөггүй гэж үздэг. Би бол бид нар үргэлжид өөрчлөгдөж хувирч байдаг гэж боддог. Өдөр өдрөөр нь задлаад харвал он жилүүд ялгаагүй юм шиг хэрнээ арав, хорин жилээр харахад огт танихгүй амьдрал байдаг шиг. Гэхдээ миний мэдлээс хэтэрсэн зүйлс амьдралд олон. Чадал хүрэхгүй зүйлс ч их. Тэр болгоныг бодоод байвал сэтгэл санаагаар унана. Амьдрал гуниг нэмээд жоохон зунгааралдаад эхэлнэ. Гэрээс гарах үед нар нүдэнд үзэгдээд цээж дүүрэн амьсгалахад асуудал байхгүй бол сэтгэл сэргээд л ирнэ. Гэхдээ энэ бол одоо байгаа би. Яагаад, яаж ийм болсон нь тодорхой биш. Зарим хэсгийг нь гадарлаж байж болох ч гэсэн хэнд ч ярьдаггүй нууц.

Амьдралын ямар алхам намайг эвлүүлээд, эмтэлснийг бодох юм бол ирээдүйд хэрэг болох болов уу? Хүмүүс өөрсдийн намтраа бичихдээ одоо байгаа өөртөө зориулдаг юм болов уу? Өнгөрсөнд байгаа өөрийгөө аргаддаг юм болов уу? Өмнө хэлсэн шиг ирээдүйнхээ төлөө юм болов уу? Хүн өөрийн амьдралын хамгийн нууц зүйлсээ бүрэн илэрхийлэхэд өөрөө амьд байгаа нь төвөг болох юм шиг санагдана. Тийм болохоороо тэр байж магадгүй Mark Twain -ийн өөрийн бичсэн намтар хамгийн ихээр сэтгэлд үлдэж. Би ч гэсэн заримдаа өөрийн амьдралаа энд бичиж байгаа ч гэсэн хэн намайг гэж мэдэх билээ гэж бодоод бичдэгт гол давуу тал нь байгаа юм шиг санагдана. Намайг таних мэдэх олон хүн унших тусам бодит зүйлс улам цөөрөх биз ээ.

Тэгээд бодохоор хүнд хэлж болох би хаана байна вэ?

Энгийн байж болох ч гэсэн амьдрал түгээмэл байдаг зүйлсээс хамгийн дургүй хоёр зүйл бол шүлсээ хаях, хараал хэлэх. Би өөрөө шүлсээ огт хаядаггүй, хараал бүүр хэлдэггүй бол биш. Гэхдээ хамгийн ихээр зайлсхийдэг. Бүүр багаасаа тийм байсан болохоор одоо хичээх шаардлага бараг байдаггүй. Энэ хоёр миний хэсэг яаж бүтсэнийг би тодоос тод санадаг.

Би зурав дугаар ангид сурч байлаа. Сургууль хуучин КТМС-ын цаана. Одоо юу гэж нэрлэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би нэг дүгээр хорооллоос өдөр бүр гуч, дөчин минут автобусаар явна. Буудал дээрээс тав арван минут алхаж байж сургууль дээрээ ирнэ. Өвөл эхлэх гээд модод нүцгэрчихсэн, газар харлачихсан үе. Чихэвчний хөгжим тухайн үед байсан байж магадгүй надад бол байсангүй. Тийм болохоор хий гиюүрэх эсвэл элдэв юм бодож явахаас өөр сонголт байхгүй. Гэнэт хүн шүлсээ хаях үед шүлс нь агаараар дамжааж газарт унах үедээ тал бүр тийш цацардаг гэсэн бодол төрөв. Тэгээд шингэн юм болохоор зүгээр ч нэг унахгүй замдаа хавь ойрынхоо бактериудыг өөртөө татна. Газарт унах үедээ тэрийг бүгдийг нь цацна. Энэ явц нүдэнд төсөөлөгдөв. Зүгээр ч нэг биш удаашралтай алхам бүрээр нь төсөөлчхөв. Тэгээд л шүлсээ хаяж чадахгүй болчихлоо. Өөр хүмүүс дэргэд хаяхад хүртэл дотор арзганана. Нөгөө цацарч буй бактерийг нь амьсгалчих вий гэж бодохоос амьсгалж чадахгүй.

Угаасаа хараалын үг хэлдэггүй байсан ч. Хүн хэлэхэд нээх юм боддоггүй байлаа. Магистрын сургалтад сурч байв. Монголд байхад хааяа нэг шиврэх бороонд дуртай байлаа. Улаанбаатарын өнгө төрөх сэргээд ирдэг байсан болохоор тийм байж магадгүй. Эсвэл ном уншиж байх үед цонх зөөлөн тогшоод хэмнэлд оруулаад байдаг учраас ч байж магадгүй. Бороонд норохыг ч сүйтдээ боддоггүй байв. Анх удаа долоо хоног тасралтгүй бороонд нороод хуурай зүйл мэдрэхгүй болоод ирэх үед бороонд дургүй болж эхлэв. Жаргал ихдэхээр зовлон болдог билүү? Чийг даасан зүйлс зунгааралдаад биед наалдаад нэг л төвөгтэй. Энэ үед нэг бодол төрсөн нь хүн өөрийн мэдэлгүй хараал хэлээд байхаар тэр нь бодолд наалдаад зунгааралдаад байдаг юм болов уу? Тэгж бодох төдийд нь миний тархинд хараалын үгс тортог болоод булгалчхаад байгаа юм шиг төсөөлөгдөв. Толгой ч өвдөх шиг. Хэтэрхий их төсөөлөлд автаад тэрнээс гарч чадахгүй байхын гай байж мэдэх юм. Ингээд л хараалын үеэс элдэв муухай бодлоос аль болох зайлсхийхийг хичээнэ. Хараалын үгс тэгэвч хаа сайгүй хотын гудамжинд аалзны тор шиг сүлжээстэй.

Энгийн юм шиг сонин хоёр бодол л намайг огцом өөрчилж байгаа болохоор өөр бусад зүйлс ч гэсэн надад нөлөөлдөг нь тодорхой. Тэр болгоныг би өөрөө ухамсарладаггүй биз. Тэгээд үүнээс ургуулан бодвол надтай таараагүй, тохиолдоогүй зүйлсийн нөлөө өдөр тутмын зүйлсээс арай бага байх. Өдөр бүр байнга тохиолдох ажил, хамт олон, найз нөхөд, гэр бүл, гэрээс ажил хүртэлх зам, үздэг, сонсдог, уншдаг зүйлс намайг ээрээд байгаа бололтой. Бага байхад ном зохиол дээр өөрийгөө олох. Хэн гэдгээ мэдэх чухал. Хүн өөрийгөө би хэн бэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй гэж их байдаг байв. Тийм болохоор би өөрийгөө хэн юм болоо гэж их боддог байх. Би гэдэг баримал сүндэрлэчихсэн юм шиг санадаг байлаа. Тэгээд тэрийгээ олж харч чадахгүй болохоор би өөрөө дутуу юм шиг сэтгэнэ. Дараа нь нэг өдөр бодсон л доо. Би өөрөө бүтээгдэж байгаа юм байна. Өмнө байсан би маргааш байх албагүй. Гэхдээ би маргааш өнөөдрөөс илүү байх гэж хичээх хэрэгтэй. Тогтсон ус замагтахтай адил үргэлж урсаж сэлбэгдэж байх нь чухал. Тийм болохоор тэрийгээ мартахгүйн тул шивээс хийлгэлээ. Өмнө нь хийлгэхийг хүсдэг байсан ч гэсэн хөгшин болохоороо харамсах юм шиг санагдаад байдаг байсан болохоор хийлгэдэггүй байв. Тэгээд саяхан жилийн өмнө гэнэт угаасаа би чинь өөрийнхөө бодож байснаас хөгшин болчихлоо. Одоо хийлгээд дараа нь ер нь харамсана гэж үгүй юм байна гэж бодов. Тэгээд л бодол минь намайг залдаг шиг би шивээсээ хийлгэлээ. Угаасаа бодож байсан болохоор нээх их цаг зарцуулсангүй өөрийнхөө гар бичмэлээр NOW++ гэсэн үг шивүүлэв. Утга нь: "Өнөөдрөөс өдөр бүр илүү" . Хүмүүс шивээс хийлгээд нэг хоёр сар болоод мартчихдаг юм дөө гэж байсан ч би лав одоо болтол бараг өдөр бүр шивээсээ харна. Шивээс минь намайг өдөр бүр хичээж маргааш илүү байхыг хүснэ. Ерөөл бат оршиж. Та ч гэсэн маргааш өнөөдрөөсөө илүү байх болтугай.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...