Skip to main content

Улаан сарнайт булш

Хотын гудамжаар нэг залуу алхана. Хэн ч харсан нүдэнд дулаахан, цэвэрхэн хувцасласан тэр залуу час улаан цэцгийн баглаа атгачхаад гунигт дарагдан хөлөө зөөж ядна. Хажуугаар нь зөрөх бүсгүйчүүд харц чулуудан өнгөрцгөөх ч өөрсдөө л ардаас нь харсаар толгой эргүүлнэ. Хэний ч анзаараагүй гуниг нүдэнд хурчхаад гүн хар өнгө суулгасан нь улам ч сэтгэл татам.

Үсээ намируулсан, даашинзаа дэрвүүлсэн бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй ч тэрхүү гунигт нүдэнд час улаан сарнай л тусна. Үзэсгэлэнтэй тэгсэн атлаа өргөстэй улаан сарнай. Нэг эмэгтэй араас нь дагаад тааралдсан бүсгүй бүрийг магтан залууд тал засах боловч залуу анзаарч байгаа шинж алга. Гагц улаан сарнайн шинэхэн дэлбээ л сэтгэл татна. Хаанаас хаа хүрдгийг мэдэхгүй. Өдөр бүр л жам мэт энэ гудамжаар урсаж одно. Тэглээ гээд эргэж харах бүсгүйчүүдийн тоо өссөн үү!? гэхээс хорогдсонгүй. Харин залуу байдгаар л. Салхи мэт, хөшөө мэт огтоос өөрчлөгдөхгүй ажээ.

Нар залууг дагавал яван явсаар хотын захын гудамд ирчхээд нэг гүнээ амьсгаа аван цааш үргэлжлүүлэн алхана. Энэ л мөчийг давж эс чадах мэт хүндээр амьсгаадна. Өнөөх эмэгтэй ч дагасаар. Хүний хөл тасарсан тул дуугүйхэн л эргэн тойронд нь гаран дагана. Намайг тоогоо ч гэх шиг гараас нь атгахыг хичээн явна. Оршуулгын газрын өмнө ирээд хэсэг азнасны дараа залуугийн гуниг ор мөргүй сарниад нүүр нь аз жаргал дүүрнээр гэрэлтэнэ. Тэгэвч сэтгэлийн гүнээс гарах тэр л гуниг нүдэнд нь сүүдэрлэсэн хэвээр. Залуу явсаар нэг булшны өмнө ирж зогсон "сайн уу? дуртай цэцэг чинь. Яг л чиний дуртай байснаар боосон харж байна уу? за би явъя даа!" гээд хуучин улаан сарнайн баглааг сольж тавьчхаад эргээд алхана. Энэ үед тэр өтөл насанд дайрагдвуу гэмээр хачин дорой болчхоод нүүр буруулан яаран одно. Сүүдэр мэт сүүтгэнэж байсан бүсгүй булшны дэргэд уйлсаар хоцорлоо.

Хэчнээн ч жил ийнхүү өнгөрснийг мэдэхгүй. Хэчнээн ч жил ингэж өнгөрөхийг мэдэхгүй. Одоо бүсгүйчүүд харц чулуудахаа больжээ. Залуу ч залуу байхаа больж. Үс нь бууралтан, нуруу нь бөгтийгөөд, таяг тулж. Аз жаргалтай хосууд тэр нэгэн өвгөнийг анзаарахгүй, үүлэн дундаа хөвөн хийснэ. Өвгөн тэднийг харж бага шигээ мишээчхээд байдаг л тэр янзаараа алхана. Өнөөх л замаараа, нөгөөх л улаан сарнайн баглаатайгаа хамт... өнөөх эмэгтэй ч энэ бүхэнд уйдаж залхсангүй. Өмнөх шигээ л дагана. Энд, тэнд нь гарч эрвэж, дэрвийхээ харин больжээ. Өвгөний уй халдав уу? гэлтэй гунигт дарагдан хайрласан, өрөвдсөн харцаар өвгөнийг ширтэн дуугүйхэн дагана.

Улаан сарнайт булш дээр өвгөн ирлээ. Бөгтийн суугаад цэцгийн баглааг сольж байх тэр л мөчид тэнгэр хөмрөн газар ойчив. Хэнд ч харагдахгүй, хэнд ч мэдэгдэхгүй өвгөн, өнөөх эмэгтэйн гараас хөтлөн одлоо. Улаан сарнайт булш дээр ахиж хэн ч ирсэнгүй. Хажуудах шинэхэн булш ч гэсэн хоосон. Дунд нь харин гандсан хос цэцгийн баглаа хэвтэнэ.



_________________________________________

Hanper


Боломжтой бол энийг уншиж байхдаа Dance Rehearsal by Jan A.P. Kaczmarek-г сонсоорой. :)


Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...