Skip to main content

Нойр хүрээгүй үдшийн тэмдэглэл

Гадаа дулаахан болоод гэрт дулаан тасраагүй болохоор унтахад төвөгтэй бүгчим байх юм. Цонхоо онгойлгохоор эргэн тойронд барилга барцгаана. Тоос шороонд нь хамар загатнаад унтаж чадахгүй. Ийм хэрэгтэй, хэрэггүй зовлонгуудаас бол сэргэсэн нойр минь төөрчхөв. Унтаж чадахгүй байгаа би ном уншъя гэтэл яагаад ч юм сэтгэл таарах зүйл олдсонгүй. Уул нь өчнөөн олон ном л хайрцаг дотор хэвтэж байгаа юм сан. Тэд нар биш юм аа гэхэд киндлээр дүүрэн ном. Зүгээр утсаар гөлрөөд хэвтсэн ч болох. Гэхдээ энэ бүхнээс залхсан би хуучин дэвтрүүдээ нээж үзлээ. Тэгж явсаар төгсгөл хэсэгт нь хэдэн зүйлс бичсэн ээ. Энд дэлгэн тавья даа. Бичсэн дараалал нь чухал эсэхийг нь мэдэхгүй юм. Хоорондоо уялдаагүй ч юм шиг. Хамааралгүй ч юм шиг.

Хайрцагт буй муур

Нойр хулжаад яахаа эс мэдэх би
Ном үзэхийг хичээвч сэтгэл үл тогтоно.
Нэг, нэгээр суваг нэмж зурагт гөлөрсөөр
Нар мандахыг үзэв.

Яахаа мэдэхээ байсан би
Яруу үгсээр шүлэг бичихийг хичээвч
Ямар авъяaсаарaa хүний сэтгэл татах
Ялгаа үгүй алаг эрээн.

Санааширч суусаар сар харав би
Салхивчаар орох салхинд сэтгэлээ тээн
Санаа алдаж утсаа ээрнэ.
Согтох хүсэл бодолд уяатай.

Өдөр бүр явж өгөхгүй зунгааралдаад
Үдэш болгон дуусаж ядан чаргууцалдана.
Өөрөө би хүсээд ч байх шиг.
Өөрөө би хүсэхгүй ч байх шиг.

Хугархай

Ойн төгөлд хугархай мод хэвтэнэ.
Он удаан жил болж байгаа юм энэ
Одод ширтэх суудал гэж амраг хосууд хайрлана
Онгод бурхад суудаг гэж анх нөхөд шүтнэ.

Тэртээ нэг өдөр тэнгэр өөд тэмүүлж байхдаа
Тэд мод яахан ингэж хэвтэхээ мэдэх
Тэрийж уначхаад жам юм гэж сэтгэнэ
Туньж гомдохоо мэдэхгүй хорхой шавжид баригдана.

Газраас зугтаж тэр там, диваажинд сарвайна
Гандаж гундахаа ухаарахгүй мөнхөд ногоорохыг хүснэ.
Гариг ертөнц эргэлдээд л
Ганцаараа тэр илжирсээр.

Таван минут

Хүний сэтгэл татах гэж өөрөө би шанална.
Хорвоог ойлгох гэж
Хоног өдрийг элээнэ.
Хөөрхийдөө хичээгээд л байгаа царай нь.

Жаргачих гээд л зүтгээд байгаам би
Жам нь л болохгүй байх шиг
Шахцалдаж, чихдэлцэж амьдарна.
Жаахан амраадахъя амьдрал минь таван минут.

Цурам

Харанхуй өрөөнд ганцаараа би бүжиглэнэ.
Гэрлээ асаахаар чамайг байхгүйг мэдчих гээд
Чихэвч зүүж нүдээ анина.
Зүүдэндээ л чамтай учраад сэрэхийг би хүсэхгүй.
Зориг хүрэхгүй утсаа ширтэнэ.
Өөрийгөө би зовлон гэж айгаад
Өөрийг чинь ирэхийг хүлээнэ.
Нэг, хоёр .. өдөр, хоног … сар, жил.

 

Эд нар надаас гарах гээд нойр үргээгээд байсан бололтой. Бичиж дуусаад цаг харвал дөрөв өнгөрч байх юм. Гадаа гэгээ орох шинж суусан юм шиг үзэгдэнэ. Эсвэл эсрэг байрны гэрэл саад тотгор үгүй гэрэлтээд тэгж мэдрэгдсэн юм болов уу? Таван цаг болж байсан бол өглөө болж байна даа гэж бодоод босчихмоор санагдаж байсан боловч орондоо эргээд орлоо. Долоон цагт эргээд л сэрлээ. Нойр угаасаа л ирж, буцаад ичимхий байгаа өдөр байсан бололтой. Будаа угааж агшаагчид хийчхээд дуусах гэж байсан номоо уншиж дуусгав. Soul Music by Terry Pratchett . Уул нь дуртай зохиолчийн маань дуртай цувралын нэг хэсэг даанч энэ ном уншигдахгүй үнэхээр намайг зовоов. Тавьж уншсаар бараг он гарсан байх. Арай гэж л энэ өглөө учрыг нь оллоо. Дуусчхаад дараа нь юу уншихаа мэдэхгүй баахан ном гүйлгэлээ.

Уул нь энэ жил 52р ном унших зорилт тавьсан байгаа юм. Жил болгон л 50н ном унших зорилго тавина. Биелүүлж байсан тохиолдол байхгүй байх. Хамгийн ихдээ 40д л дөхсөн байна. Энэ жил ч ялгаа алга. Дөнгөж 5н ном л уншиж дуусаж. Сард нэг ном. Цагийн хуваарийн дагуул бол 15 байх ёстой байдаг. За би гүйцэж түрүүлэх байлгүй дээ. Ойрд аваагүй амралтаа авах гэж байгаа болохоор тэр үед л гэрээс гарахгүй бүгье дээ. Хүн амьтан үхчихсэн юм биш биз дээ гэж бодтол нь гэрээс гарахгүй ээ. :))

Хөгшрөх тусам цаг хугацаа олдохоо байдаг юм шиг байна. Ажил гэр, ажил гэр. Тэр дунд 10 минут, 30 минут зулгааж, зулгааж байж л олдоно. Өрөвдөлтэй ч юм шиг. Уул нь үнэгүй эд биш билүү. Унтахаа болчихвол магадгүй олддог зүйл бололтой. Нойр ихдээд байгаа юм уул нь байхгүй л юм сан. Хүүхэдтэй хүмүүс бүүр яаж зохицуулж амьдардаг юм болдоо. Бурхан тэд нарт илүү унтах нэг цаг заяах болтугай. Даанч хэнээсээ авч өгөх вэ дээ? Эрх тэгш гээд бүгдэд нь 24г л өгөөд нүдээ аниад чихээ дардаг байхдаа. Би ч яахав алхаад л явчихна. Машинтай хүмүүс урагшаа, хойшоо 1,2 цаг алдаж байгаа байх даа. За миний явах цаг боллоо. Та бүхэн илүү цаг олддоггүй юм аа гэхэд 5,10н минут олдох болтугай хэмээн ерөөгөөд дуусгая даа.

_______________________________

Ханпер.
 

Comments

  1. Нэгэнт унтахгүй байгаа цагийг бүтээлч өнгөрүүлсэн юм шиг санагдлаа.Би бол шөнө хэчнээн нойр хүрэхгүй байсан ч юу ч хийлгүй зүгээр өглөө сэрүүлэг дуугарахыг хүлээгээд хэвтээд байдаг. ^_^
    Надад хамгийн их таалагдсан шүлэг нь Таван минут. "Жаахан амраадахъя амьдрал минь таван минут" өдөр бүр, цаг минут бүрд ингэж бодогддог шүү. Олон зүйл зэрэг хийгээд, алийг нь ч больж чадахгүй болохоор тэр байхдаа. Хоногийн 24 цаг хаанаа ч хүрэхгүй болохоор заримдаа уур хүрмээр байдаг. Тэгээд тэр уурандаа уйлмаар санагддаг. Яг жоохон хүүхэд том хүнтэй тоглоом тоглоод хожигдохоороо уйлдаг шиг. Болдог бол 24 цагийг сунгачихмаар, эсвэл өдөржин ажил хийхээр өөр юунд ч цаг зарцуулж чадахгүй байгаа болохоор ажилчин байхаа болиод сурагч болчихмоор. Даанч мөнгө хэрэгтэй болохоор буцаад сурагч болж чадахгүйгээ бодохоор жоохон өөрийгөө өрөвдмөөр.

    ReplyDelete
  2. Би өөрөө Хугархай - д нь хамгийн дуртай байгаа.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...