Skip to main content

Аав

Бидний хайртай аав, өвөө, хань, ах, дүү Болд нь 1963 онд Дархан хотод аав Дэлэгням, ээж Пагма нарынхаа гарт 4 дэх хүү болон мэндэлсэн. 69-р сургуулийг төгсөөд цэрэгт явахдаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хилийн цэргийн албыг хашсан байна. Дараа нь автозам институтэд ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд хамт олноо ажил хөдөлмөр, спортын тэмцээн уралдалдаад манлайлан тэргүүлдэг байсан.

Аав минь идэр залуу насандаа өөрийн хань ижилтэй танилцаад хорвоо ертөнцийн жаргал зовлонг хамтдаа туулна гэж амласандаа өдий хүртэл биелүүлж өнөр өтгөн гэр бүлтэй болсон билээ. Таны гэр бүлээ гэсэн сэтгэл үргэлжид булаглаж ирсэн бөгөөд хань ижил, үр хүүхэд, зээ нараа хайраар бялхаасаар ирсээн. Та минь өөрийн хань ижил, үр хүүхэд, зээ нартаа зүрх сэтгэлээ зориулсан хүн.

Аав минь үр хүүхэд, зээ нартаа түшиг тулгаар нь болохоос гадна хань ижилдээ гэрэл гэгээ, аз жаргал нь байлаа. Цэл залуу наснаас айл гэр болж орчлон хорвоод хамтдаа зүтгэсээр гурван хүүхэд, гурван зээгээ эрдэм ном хөөлгөн, эрүүл саруул өсгөж, аз жаргалтай амьдралын амтыг мэдрүүлсэн билээ.

Аав нь байгаа цагт газар үзэж хүнтэй танилц гэсээр гурван хүүхдээ алс холын орнуудад сурч боловсроход нь хамаг бүхнээ зориулсан билээ та. Нэг нь мэддэг байхад бусад нь учраа олчихно гэсээр гурван хүүхдэдээ өөр, өөр орны хэл сургасан билээ. Өөрөө болохоор хичээл зүтгэлийнхээ хүчээр Орос, Солонгос, Хятад, Түвд бичиг үзэж. Эрдэм номд хорхойсон түмэн олныг сурч байдаг сан.

Аав нь аймхай болохоор алдсан зүйлс олон бий гэж хэлдэг байсан ч тань шиг зоригтой, шийдэмгий хүн бидэнд үгүй билээ. Хань ижил, үр хүүхэд, зээ нартаа ноён нуруу, халуун энгэр, саруул ухаан нь байж, хань ижлээ хайр, халамжаар дүүргэж байлаа. Хэтэрхий сайхан сэтгэлтэй юм болохоор тэр нь халиад ах дүү, амраг сандаа хүрч, бүх ураг төрөлтэйгөө эвтэй найртай амьдрахыг хичээн түүний төлөө хичээдэг байсан юм. Шоо ч хүн юм болохоор уран хэлтэй, гярхай хүн юм болохоор үнэн үгтэй хүн байсан билээ, та. Амьдралаас сурсан бүхнээ бусадтай хуваалцахыг хичээнэ, амьдралаас мэдэхгүй зүйлээ өөрөө сурахыг хичээн амьдардаг байсан билээ.

Та минь залуу байхдаа ганган байж билээ гэж ярьдаг байсан ч үргэлж ганган байсаан. Гэрээрээ дүүрэн үнэртэй ус сэнгэнүүлээд л алхдаг сан. Хүн доройтлоо гээд умайгаад байж болохгүй. Бие зөв авч яваарай гэж сургана. Өөрөө ч тэрэндээ үнэн ч. Эв нь олддоггүй хүн гэж байдаггүй юм шүү. Хүнтэй зөв харьцаж сураарай гээд л захидаг шигээ хүн болгонтой сайхан харьцаж, юмны учрыг хүчээр биш эвээр олохыг хичээж амьдарсаар явсан билээ.
Та минь хань ижил, үр хүүхэд, ач зээдээ түшиг тулгуур нь байж бид бүхнийгээ аз жаргалтай амьдралын гараанд гаргасан болохоор хань ижил, үр хүүхэд, ач зээ нар нь таны хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлж цааш, цаашдын удамдаа үлдээх болно оо.

Бидний сайхан хайртай аав минь та эх дэлхийнхээ хөрсөнд амар амгалан нойрсоорой. Хайртай шүү аав минь.

_________________________________________________

Аавыг хүмүүс ойлгуулах гэтэл уйлаад чадсангүй. Ойлгуулах хэрэг байсан ч юм уу. Мэддэг юм шиг мөртөө мэддэггүй зүйлс зөндөө. Хүмүүсийн мэдэхгүй өөрийн мэдэх аавыгаа л хүмүүст харуулахыг хичээсэн боловч ямар ч хэрэг байгаа юм. Хэцүү зүйл болоод өнгөрөв. Бодож байгаагүй. Бодох хэрэгтэй гэдгийг нь мэдсээр байж зугтсаар байгаад үнэнд гүйцэгдлээ. Ирээдүй тэгээд болчих л юм шиг санагддаг байсан бол одоо би яах билээ гэж бодов. Толгой ажиллах шаардлагатай болов. Санжганаад л амьдарч байсан минь хангалтгүй болоод ирлээ. Яаж ч саяны хэцүү өдрүүдийг давсан юм мэдэхгүй. Хайртай хүмүүс, ах дүүс, төрөл сандан, найз нөхөд гээд бүх л хүний ач тусаар л өндийгөөд суух шиг. Бүгдэд нь баярлалаа гэж хэлэхээс өөр хийж чадах зүйл байсангүй. Тэгсэн ч. Баярлалаа.

Аавдаа уурладаг байсан зүйлс, гомддог байсан зүйлс одоо бүгд хэрэггүй болчих юм. Баярладаг байсан, талархдаг байсан, хайртай байсан зүйлс нь сэтгэл сэргээх юм. Яаж намайг өсгөөд хүн болгочихсон юм болдоо. Би өөр өөрийгөө том болгож амжаагүй байхад. Баярлалаа аав минь. Хайртай шүү.

Comments

  1. Гунигтай байна уу, уйлмаар байна уу,
    хэцүү байна уу, энэ худлаа юм шиг, зүгээр л муухай зүүд юм шиг итгэхэд хэцүү санагдаж байгаа байхдаа. Аавынх нь тухай мэдэхгүй ч энэ блогийг уншаад аавынхаа сайн сайхан чанарыг бүгдийг нь дуйраасан юм шиг санагдлаа. Дэндүү ухаантай, асуусан бүх юмыг л мэдэж байдаг. Яаж энэ бүхнийг сурж мэддэг байнаа гэж бодмоор. Тэгсэн мөртлөө хэзээ ч мэддэг чаддагдаа онгирдоггүй энгийн даруу байдаг. Тусламж хэрэгтэй хэнд ч байсан мэдлэгээсээ хуваалцаж тусалдаг гээд аавтай адилхан санагдлаа. Аав гэдэг хүнийг хэн ч орлож чадахгүй ч ээж дүү нартаа уул шиг түшигтэй байж чаднаа гэдэгт нь итгэж байна. Сайн хүүтэйгээ мэдэж байгаа болохоор аав нь үлдсэн гэр бүлдээ огтхонч санаа зовохгүй байгаа байхаа. 🫂

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...