Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх.
Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж.
Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм.
Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа. Монголоос очиж байгаа бид нимгэн өмд, футболктой явна. Удалгүй өвөл болов. Би яахав жинс нэмгэн цамцтай л явдаг юм байгаа биз дээ. Монгол шигээ санаж жоохон нороход яавал гэж бодов. Таван минут дугуйтай явах хооронд усан хулгана боллоо. Хулхиа буутал норно гэдгийг үзэв. Анги дотор сэнс ажиллана. Надаас ус дусална. Бороо маргааш нь орсоор. Долоо хоносон ч орсоор л. Сарын дараа ч зогссонгүй. Нар үзэлгүй сар боллоо. Гарах болгонд бороо. Унтах бүрд бороо. Сэрээд л бороо. Бороо надаас салсангүй. Эхлээд бороотой цуг ирж байсан дурсамжууд аажим аажимаар үерт автав. Бодол санаа шалбаагтуулж, сэтгэл санаа түйвээнэ. Тэр нэг охин бид хоёр бороон дунд гүйгээд дэлгүүрийн үүдэнд зогсож байсан санагдана. Тэр над уруу хараад, би түүн уруу хараад. Тэрийг даарчих вий гэж би тэвэрнэ. Тэр бороо, тэр охин хоёр өдөр шөнөгүй орох бороотой урсаад л урсаад л.
Миний дурсамж л тийм юм болов уу? Хүний дурсамжууд тийм юм болов уу? Ганцаараа байх нь ховор юм шиг ээ. Энэ тэндхийн таних, танихгүй хүмүүс өнгөрсөн цагт шургалаад цэг болоод үлдэцгээх юм. Би магадгүй хаана нэг газар толбо болоод тогтсон ч байж болох юм. Эсвэл нэг хүүхний сэтгэлд зураас болоод хоцорсон ч байж мэдэх. Бурхан боллоо гэхэд ертөнцийн мөрс нэг нэгээрээ замхарна. Тэгээд л нэг өдөр хов хоосон цагаан цаас. Эсвэл хуучин номын хуудсанд алаг эрээн. Би алийг нь хүсэж байгаагаа мэдэхгүй. Баллуур байсан бол зарим зүйлсээ арилгамаар ч юм шиг. Тэрийг мартаад, тэрийг мартаад, түүнийг ч бас мартана. Тэгэхээр би тэгээд л тэнэг юм шиг ганцаараа. Бороо байх байтал өнчирч унасан навч шиг салхинд найгаад л, шороонд дарагдаа л хатаад дуусна даа.
Бага байхдаа би хөдөө их явдаг байлаа. Зун болгон л хөдөө явна. Хөдөө шөнө яагаад ч юм бэ хотын надад их хүйтэн санагдана. Шалдан гүйхэд бол хэцүү. Дээлтэй л гадаа л. Тэнгэрийн одод намайг хараад л мишээнэ. Танихгүй царай хараад байдгаараа гэрэлтэн мэндэлнэ. Би тэгээд л тэнгэр ширтэж зогсоно. Одоо ч даанч мартаж дээ. Хотод од ер нь харагдах биш дээ. Бүүр бацаан байхад өвөөгийнхөөс гэртээ уруугаа алхаж явахад аав оддын байршил зааж өгдөг байсан дурсамжийн ёроолд хэвтэнэ. Тэмтэрч, төнхөж л гаргаж ирнэ. Шанага долоо, алтан гадас.
Тэнгэр надад ойрхон мэт. Уулын орой дээрээс сунаад л хүрчихээр юм шиг. Тийм болоод ч тэр үү!? хүмүүс нь хоорондоо ойрхон. Бурхад хүртэл дэргэд байхад хүн хүнээ хайрлахгүй бол чөтгөрт сонсогдох биз ээ. Өндөр, өндөр барилгууд тэнгэр тулаад өргөнө. Үүл надаас холдоод сар, нар надаас ичээд тэгээд л би ганцаараа. Шөнө хааяа гөлийнө. Хөршүүд хүртэл зай бариад хөндий өрөөнд би цуурайтна.
Энэ үед л өнөөх миний бороо цонх тогшино. Өмнө хэлсэн шиг намайг дуудна. Одод буугаад мэндэлж байх шиг.
Одоо тэгтэл би ажлын цонхоор бороо хараад хуучин найзаа үл дурсана. Ажил бодож, зам бодож, өөртөө төвөгшөөнө. Гадаа хүмүүс гүйлдэж, машин урсана. Би эргээд л дэлгэц ширтэнэ. Чихэвчтэй тул хэнийг ч, юуг ч сонсохгүй. Хүмүүс нэг, нэгээрээ баяртай хэмээн гэртээ харьцгаана. Би суусан хэвээрээ гараа даллаад үлдээд ажил хийнэ. Юм сурна. Үзэх юм хайна. Хааяа нэг бодож бодож бодлоо бичнэ. Бичих зуураа дуу сонсож хэмнэлд нь автана. Яг одоо бол Joji - Glimpse of Us гэдэг дуу 2 цагийн турш тасралтгүй эргэлдэж байна. Эргээд л. Эргээд л. Ахиад эхнээсээ. Тэгээд дуусаад. Ахиад дуусаад. Дууссан ч эхний бадгаасаа.
Дэлхий нарыг тойрч эргээд. Сар дэлхийг тойрч өнжөөд.
Би ...
Чи ...
Та ...
Тэр ...
Бүгд өөр өөрийн амьдралаар өдөр өнгөрч, шөнө дуусаад нойр эхлээд, зүүд дуусаад ажил эхэлнэ.
Ихэнх хүмүүс хүүхэдтэй. Хүүхэд нь түүнд эрхэлнэ. Эцэг, эх нь үрээ хайрлана. Хааяа нэг заяа нь төөрсөн хүүхдүүд зовж амьдарна. Аав нь алгадна, ээж нь эмтэлнэ. Бие нь зулгарч, сэтгэл нь хатна. Өөр нэгэнд нь өөрөөс нь өөр хэн ч байхгүй. Хорвоод ганцаараа. Тэгсэн ч бороо түүн дээр орно. Зөөлөн аргадна. Бусдыг нь бороо алгасахгүй. Загнахаа загнаж, аргадахаа аргадна.
Уйлах нь уйлж, чадахгүй нь норно. Нүдээ аньж алгаа тосоод тэнгэр ширтэнэ. Бороон дуслууд нэг, нэгээрээ.
Сайн уу?
сайн уу ...
баяртай ...
Баяртай.
Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...
Comments
Post a Comment