Skip to main content

Ахиад нэг удаа ...

Утас чичирхийлэх шиг болов. Халааснаасаа гаргаж харвал нууцалсан дугаар байсанд хэсэг эргэлзсэнээ авбал таньдаг хоолой сайн уу?. Юмгүй дээ, юу хийгээд байна даа хэмээн нэг л хэвийн хариултаа хэлэн чагнавал чи хурдан манайд хүрээд ир, гүйгээрэй гэхээр нь яах гэсэн юм бэ? юу болсийн гэх гунигтай хариултаа өгөнгөө зам гарахаар яаран алхаж байтал нүдний үзүүрт танил дүр үзэгдэх шиг. Гайхан тэр зүг толгой эргүүлбэл яах аргагүй тэр байсанд эргэж хараад алхтал тэр ч гэсэн анзаарсан бололтой арагш харах мөчид нүдэнд нь айдас нөмрөн орж ирэв. Тэр мөчийг хорвоо дэлхий хамаад явах шиг хажуугаас нэг юм хамаад ороод ирлээ. Хоёр хөл агаарт өргөгдөн гараас утас мултраад газар бутран унана. Харин миний нүдэнд түүний гунигтай харц л зурагдав. Тэр намайг мартаагүйгээс гадна ... надын төлөө шаналж байна гэж бодохоос өөрийн эрхгүй зүрх догдлон баярлах шиг болсон ч өвдөлт хөлөөс эхлээд дээшлэн дээшилсээр толгойд орж ирлээ. Тэгээд аймшигтайгаар өвдөх өвдөлтөөс өөр юу ч толгойд орж ирэхээ болиод байдгаараа чарласан боловч өөр өөрийнхөө дууг олж сонссонгүй.

Одоо ганцхан хар харанхуй нүдэнд үзэгдэнэ. Хамаг эд эс бүхэн өвдөлтөөс зугтаж холын хол очихыг тэмүүлэн бие эрхтэн минь задрах гэж буй мэт санагдана. Хүмүүсийн орилох, уулга алдах, уйлах, шивнэлдэх холион бантан шиг чихэн дээр өрнөх атлаа өөр өөрсдөө тамгатай мэт ялгарна. Тэр уйлж байна. Мэгшүүлэн , эхэр татан уйлж байна. Үгүй ээ ... тэр ерөөсөө айсандаа цочин уйлагнаж байгаа юм! Орчлонгоос би сарниад чих минь л үлдсэн юм шиг. Алсаас цуурайтах эмнэлгийн эсвэл цагдаагийн дохио хүмүүсийн авиаг дарлан дарснаар би уйтгар гунигт автаж чимээ чагнан түүний хоолойг ахиад нэг сонсох гэж мэрийхээ болиод унтаж эхэллээ. Хар дарсан зүүднээс холдохын тулд гүн нойронд автахыг шаргуу хичээн аажуухнаар алсад одно.

Хамаг биеэр цахилгаан гүйх шиг болоход ямар ч зүүдгүй нойрноосоо сэртэл нүд минь түнэр харанхуй тэмтчив. Харин чих маань амьдралаас хэлтэрхий шүүрдлээ. "Ахиад нэг удаа", "Алив залуу минь зүтгээрэй", "Хүчдэлээ нэмээрэй" гэх мэт давтамжит үгс сонсогдох тул аль хэдийнээ уйдсан би эргэж унтахын түүс. Тэгэвч цахилгаан гүйдэл ахин дахин хэд, хэд цохив. Унтах аргагүй болохоор яг юу болоод өнгөрснийг бодож эхэллээ. Тэр яах гэж намайг дуудаж байлаа? Аан тийн авгай нь үглээд байна. Хурдан ирж аваач гэл үү? Тэгсэн би юун авгай ... өнгөрсөнтэй л зууралдан тэнэгтэж байдаг. Одоо ч гэсэн тэр л хэвээрээ. Таарч дээ! За тэгвэл ирээдүйн талаар бодъё. Хэрвээ үхчихвэл. Ммм, тэгээд л мууг нь эхлээд бодоод унах юм. Үхэл яг унтаж байгаа юм шиг байдаг бол ч сайхан ч юм шиг, залхуутай ч юм шиг. За гэхдээ унтаж байхдаа залхдаггүй юм чинь сүртэй эд биш л байх. Харин бурхан байдаг бол ... яагаад гэдэг асуултаар булх нь дээ ... хаха ... бурхан ч тарчлах нь гарцаагүй. Үгүй ээ... ерөөсөө бурханд шүүгдэхээр зогсож байгаа хүмүүсийн хамгийн сүүлд нь очих юм байна л даа. Тэгвэл ч аягүй бол хэдэн зуун жил дараалалд зогсож. Бас л байдгаараа өнгөрсөндөө өнхөрч өнгөрүүлэх юм байна л даа. Хмм. Ингээд л өнгөрсний дурсамжид үхсэн ч гэсэн гүйцэгдээд байх юм. Тэгвэл үхээгүй гэж бодохоос. Ямар ч байсан эндээс гарвал найз охинтой болно оо. Яг ... үгүй ээ ... үгүй дахиад л нөгөө өнгөрсөн гарж ирэх гэж байна. За тэгвэл эдгээд гарах юм бол нэг сайхан хоол иднэ ээ. Нөгөө тэнд ороод бөөрөнхий махтай хуурга, шапа ... хараал идээсэй. Намайг хараал идэг. Ахиад л тэр талаар бодчихлоо. Ерөөсөө эндээс гарах юм бол үхтлээ ажиллаад л ... үхтлээ уншаад л ... үхтлээ унтаад л байя. Юунд ч орооцолдохгүй ... юуг ч бодохгүй ...

Хөл аймаар даараад сэрчхэв. Ганц хөл ч биш яс, мах, цус минь бээрээд бие эрхтэн агших шиг санагдана. Нүд харахгүй хэвээрээ л. Хоёр дэлдэн минь намайг ганцаардлаас, харанхуйгаас аварсаар л. Бороо орж байгаа бололтой. Дээвэр зөөлхнөөр тогших нь сонсогдоно. Нэг ... хоёр ... үгүй ээ ... энэ зүгээр л нэг хоёр биш ... нэг хоёр мянга байх ... тиймээ мянгаар тогтохгүй түм байх. Сая ч байж мэдэх юм. Бороонд норох юм сан. Нүүрэн дээгүүр усан дуслууд урсаад л. Үгүй ээ энэ чинь яахаараа нүүрээр минь ус урсдаг билээ. Эмнэлгийн дээвэр цоорхой биш л баймаар юм. Үгүй ээ ... би уйлаагүй. Өнгөрсөнтэй орооцолдоогүй байхад яагаад уйлах гэж?

Ямар халуун болчхов оо. Нүүрэн дээр нар тусаад байх юм. Хэн нэгэн нь хөшиг татчихаач ээ. Би ямар цэцэг биш дээ. Хав харанхуйд хэчнээн удсаныг та нар мэдэж байна уу? Та нарыг бүгдийг нь хараал идээсэй ... чөтгөр аваг ...

Танай хүүхдийн байдал яг хэвэндээ л байгаад байна. Тийм болохоор эндээс шилжүүлэхэд ялгаа гарахгүй. Энгийн өрөөнд оруулчихъя. Одоо муу юм ард өнгөрсөн ... Өөрөө ямар сонин юм яриад байгаа юм бэ? Тэнд чинь онцгой үед арга хэмжээ авчих чадалтай хүмүүс байгаа юм уу? гэх аавын минь дуу сонсогдоно. Ямар ч байсан намайг хайрладаг хүмүүс байгаа л юм байна. Ийм байхад би яагаад энэ хав харанхуйд ганцаардан суугаад айх гэж !? Ер нь яагаад би ямар нэг зүйлийг ... үгүй ээ хэн нэгнийг үзэн ядаад байгаа юм бэ? Үгүй ээ үзэн ядсан гэж үү? Буруутгах гэвэл таарах байх ... ммм ... буруутгах ч таарахгүй нь ... хүлээгээд байгаа юм болов уу? ... би өөрөө очиж чадахгүй байж хэн нэгнийг ингэж дэмий хүлээх нь ямар хэрэгтэй юм бэ? ... Би ер нь яагаад байна аа ... миний бүх мэдрэмж ... сэтгэл бүгд холилдоод нэг болчихсон гэж үү? аах толгой задрах нь ... би ахиж юм бодмооргүй байна. Нойр чи хурдан ирээч ...

Бие аажуухан гулсаад байх шиг ... эсвэл нисээд ч байх шиг санагдахад дуу чимээнийхээ ертөнцөд эргэн ирлээ. Гоё нэр байна уу? дуу чимээний ертөнц? Тэнд юу ч байхгүй ... дуу чимээ ... тэгээд юу ч үгүй, хараас өөр. Хэрвээ би хардаг тэгсэн мөртөө сонсохгүй байсан бол юу гэж нэрлэх байсан бол ... за бодоодохъё ... дүлий хорвоо ... нэг л бишээ ... өнгөт орчлон ... Юу билээ!? угаасаа тэгдэггүй билүү? Тэгэхээр бид хараад л байхаас сонсдоггүй дүлий байж ээ. Тийм л бололтой. Ингэхэд би өмнө нь юу сонсож байсан юм болдоо. Утасны хонх, хаалганы хонх, мессежний хонх ... юу вэ!? яагаад дандаа хонх гэж !? өө тийн сэрүүлгийн хонх ... за боль боль дандаа л хонх, хонх ... би хүмүүстэй байсан биз дээ. Хүмүүсийн дуу чимээ хаачив. Машин? дуу? хөгжим? цахилгаан шат? дахиад л эд юмс. Хүмүүс ясын? хүмүүсийн хоолой ... сэтгэл ... яриа хаана байна? За тэгвэл би одоо юу сонсож байна. Өнхрөх дугуй, хоёр эмэгтэй хүн.

-- Энэ залуу яачихсын
-- Аваарт ороод сэхээнд 3н сар хэвтэж байгаа гэсэн
-- Өө хөөрхий. Ийм залуухан байж ...

Өрөвдөлт. Одоо л би хүмүүсийг сонсож байгаан байх даа. Хүний яриа, бүүр яриан дундах сэтгэлийн хүртэл. Даанч тэр нь өрөвдөлт. Бүүр тэр бүхнийг сонсож байгаа намайг өөрийг минь өрөвдөж байгаа өрөвдөлт шүү. За тэгвэл ахиад өөрийг сонсох гээд үзье. Дугуй ... хоёр эмэгтэй ... хүмүүс ...

-- Эмчээ
-- Ор ор
-- Хөөе
-- Сувилагчаа
-- Уучлаарай
-- Баярлалаа
-- Сайн уу?

Энэ бүхэн юу вэ? Өмнө нь сонсож байсан ч нэг л танил бус зүйлс. Айдас, бухимдал, залхалт, шаналал, гомдолт ... Аах би дүлий байсан нь дээр юм байна. Хүний сэтгэл ийм зовлонтой байдаг юм уу? Харин минийх ... Түг түг ... инээд ... баяр хөөр ... тэгээд ... тэгээд ... гуниг ... улам их гуниг ... хэрвээ баяр хөөр байхгүй байсан бол энэ бүхэн гуниг болохооргүй байсан зүйлс ... чи яагаад ахиад гараад ирэв ээ хуучин дурсамжууд минь ... наанаа нам тайван унт л даа. Бүүр гүнд чимээ чагнавал. Юу ч алга. Хов хоосон. Дүлий юм шиг. Эсвэл амар амгалан. Ерөөсөө өнгөгүй. Хов хоосон сохорсон юм шиг. Амар амгалан гэж үү? Тийм байх дурсамж харахгүй. Бүгд л хар. Одоо харин дүлий болчихвол. Би хов хоосон. Амар амгалан. Унтах хэрэгтэй ... унтах л хэрэгтэй .. бушуухан шиг.

Хүүхдүүд инээлдэнэ. Бүүр хөхрөлдөнө тэгээд гүйлдэнэ. Би хүүхэдтэй болохыг хүсэж байлуу? ерөөсөө өөрөө эргээд хүүхэд болохыг л хүсдэг байсан байх. Тэгээд? Тэгээд .. чадахгүй гэдгээ мэддэг болохоороо хүүхэдтэй болохыг хүсдэг байсан байх. Тэгвэл би амиа бодож л хүүхэдтэй болохыг хүсдэг байсан байх нь ээ? Аз жаргалаа түүнээс олох гэж!? Хүүхэд хэн нэгний аз жаргалыг өөрөөсөө гэрэлтүүлэх гэж төрдөг гэж үү? Магадгүй тэгээд л эцэг эх нар хүүхдээ өөрийнх нь хүссэнээр байхгүй болохоор сэтгэлээр унадаг байх. Би ч гэсэн тэгэх л байсан байх. Үгүй ээ .. байж байгаарай бодъё. Тэд нар л сайхан аз жаргалтай байвал болохгүй гэж үү!? тэгвэл аз жаргал нь юу гэж? тоглох ... чихэр идэх ... унтах ... зурагт үзэх ... Гэтэл энэ бүхэн миний хувьд аз жаргал биш байна шүү дээ. Миний нүдээр харагдаж байгаа аз жаргалд хүүхдээ тэмүүлээсэй гэж хүсэх болж байна уу тэгэхээр би ... үгүй ээ би ерөөсөө хүүхэдтэй болохоо болилоо. Тийм амиа бодсон өөдгүй амьдралаар амьдармааргүй байна. Тэд нарыг бусад нь л хийнэ биз. Би лав чадахгүй. Тэгвэл эхнэр яах болж байна. Ерөөсөө надад эхнэр ч хэрэггүй ... тэр л байхад ... хараал идээсэй. Бушуухан унтах минь.

Гар гэнэт халуу оргиж эхэллээ. Тэгээд бороон дуслууд урсаж эхлэв. Дараа нь дуу хоолой. Үгүй ээ. Би юу ч сонсоогүй. Гэхдээ би дуулсан. Мэдэрсэн ч гэмээр юм уу? Би чамд хайртай гэсэн зөөлөн шивнээ. Хэн хэнд хайртай гэж? би түүнд үү? тэр надад уу? би чамд үнэхээр хайртай гэж үү? хэрвээ би хайргүй бол ... зүгээр л надад итгэ ... өөртөө бас итгэ ... тэгээд хүрээд ир гэж үү? Тэгнээ удахгүй очно. Заавал очно...үгүй ээ ... би амлаж чадахгүй ... өмнө нь би чадаагүй ... тэгээд чи явчихсан ... би явуулчихсан ч билүү? ахиад хий дэмий өнгөрсөнтэй зууралдмааргүй байна. Одоо надаас холд. Зүүд, төсөөлөл, мөрөөдөл, дэмийрэл аль нь байсан надаас холд би ганцаараа баймаар байна. Харанхуйдаа, аниргүйдээ гав ганцаараа л баймаар байна. Дурсамжуудтайгаа ч юм уу!? Тийм, яг тийм дурсамжуудтайгаа.

Би дуу чимээнээс ч залхаж эхэллээ. Сэтгэл зүрхнээс ч гэсэн. Байдаг л зүйлс. Нэг л хэвийн ... өдөр тутмын. Гагц өнөөх аниргүй мэдрэмжийг байдгаараа тэмүүлэх болов. Тэр ч намайг байдгаараа татна. Гэвч дуу чимээ, хүмүүс намайг тийш нь явуулахгүй зовооно. Хамгийн хэцүүдэлтэй нь сэтгэл. Сэтгэл дотроо тэр мэдрэмж. Дулаан тэгээд зөөлөн. Яг л ... гэхдээ надаа байхгүй л дээ. Байхгүй болчихсон. Яг тийм. Байсан тэгээд байхгүй болчихсон. Тийм болохоор тэр орон зай. Аниргүй рүү явах хэрэгтэй. Тэнд юу ч байхгүй. Хов хоосон. Сохор, дүлий, мэдрэлгүй.

Аажуухан тийшээ уусаж эхэллээ. Дуу чимээ алсын алсад сонсогдоно. Бараг сонсогдохоо больчихсон мөртөө сонсож байна хэмээн төсөөлөөд байгаа ч байж магадгүй. Гэхдээ одоо сонсохоо больсон эсвэл төсөөлөхөө больсон. Дуу чимээний ертөнц минь баяртай. Аниргүй, та сайн байна уу? Таалагдаж байгаа биз. Аниргүй. Миний өгсөн нэр. Одоо орох гэж байгаа ертөнц. Аниргүй.

Гэтэл хэн нэгний би чамайг санасан. Битгий явалдаа гэх шивнээ тодрон тодорсоор цуурайтаж гарав. Аниргүй эвдэгдэнэ. Дуу чимээний ертөнцөөс гарав уу? гэтэл үгүй ээ. Ганцхан өнөөх зөөлөн, дулаан мэдрэмжит Би чамайг санасан. Битгий явалдаа гэх сонсогдоно. Намайг хүлээж байгаарай. Би заавал очно оо. Дуу чимээний ертөнц, өнгөт хорвоо би та бүхэн дээр бүгдэд нь очно. Үгүй ээ... та нар хэрэггүй би ганцхан чам дээр л очно. Харин тэнд юу ч байсан болно. Дуу чимээ, өнгө, хүүхдүүд, бүүр миний үзэн ядаж байсан сэтгэлүүд байсан ч болно. Хамаагүй. Би заавал очно оо.

 

___________________________

Hanper

Гунигтай юм болов уу? Өөдрөг юм болов уу? Аймаар дээр үед бичиж байсан боловч засахгүй явсаар удсан зүйл. 2009 эсвэл 2010 он байх даа. Тэгсэн мөртөө тухайн үеийн мэдрэж нь мэдрэгдэж байх шиг. Эсвэл зүгээр зүрх өвдөж байгаан болов уу? Хөгширөөд зүрх л байх даа.

 

Comments

  1. Би өөрийн чинь оронд байсан бол дурсамж л өвтгөж байна даа гэж бодох байсан.
    За энэ ч яахав уншиж байхад оюутан байхдаа боддог байсан нэг аймар бодол
    санаанд ороод ирлээ. Бүр таг мартчихсан байсан бодол. Оюутан гэхээр том болсон гэж битгий бодоорой оюутан нас минь одоо эргээд харахад хүүхэд насны л нэг хэсэг байсан юм шиг санагдана. Гэрийнхнээсээ болоод дургүй сургуульдаа сурдаг байлаа. Энэ нь надад яг там шиг санагдана. Тэгээд өдөр болгон автобусанд суугаад сургууль руу явахдаа ингэж байхаар осолд ороод өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан нь дээр гэж боддог байсан. Маш олон осол гарч олон хүн машинд мөргүүлдэг байхад яагаад надад тохиолдохгүй байгаа юм бол намайг нэг машин ирээд мөргөчхөөсэй гэж дотроо нууцхан хүсдэг байлаа. Ханиад хүрээс илүү өвдөж үзээгүй болохоороо өвдөлт гэж юу байдгийг мэдэхгүй дээ л ингэж бодсон байхдаа. Одоо бол аймар санагдаж байна. Яаж ийм юм бодож, хүсэж зүрхэлдэг байна. Одоо бол яг эсрэгээрээ нөгөө л дуртай дургүй сурсан мэргэжлээрээ ажиллаж байгаа бас өвдөхгүй байхыг хүсэж байгаа. Өмнө нь амар амгалан гэдэг үгийн талаар бодож үзэж байгаагүй юм байна лээ. Харин саяхан өвдөөд орондоо хэвтэж байхад ганцхан энэ үг л толгойнд орж ирэв. Өвдөхгүй байх нь л амар амгалан юм байна гэж бодов.

    ReplyDelete
  2. Бурханы тухай өөрийнхөө бодлыг хуваалцъя.
    Бурхан байдаг гэдгийг баталж чадахгүй, хэн ч уулзаж, харж чадахгүй ч хүмүүс бурхан байдаг гэж боддог, итгэдэг нь шаал утгагүй. Би угаас ийм хүн байгаагүй л дээ. Багадаа ямар байсан гэж бодно. Хүүхдүүд багадаа гахайнд мөнгө хийж цуглуулдаг байсан бол би хүслээ цуглуулдаг байсан. Ягаан өнгөтэй бамбаруушан хэлбэртэй саванд жижигхэн цаасан дээр хүслээ бичээд хуйлаад хийдэг байлаа. Яг үнэндээ чихэрний сав л даа чихрийг нь идчихээд сав нь хөөрхөн болохоор хаялгүй хадгалж байсан нь миний хүслийн сав болсондоо. Хүслээ бичээд тэр савандаа хийвэл ид шид шиг биелэх юм шиг санагдаад л догдолдог байж билээ. Орой болгон унтахдаа бурханд хандаж хүслээ шивнээд унтдаг байлаа. Ингэлээ гээд хүсэл маань биелэх нь битгий хэл бүх юм улам дордоод байсан. Тэгээд л бурхан гэж байдаггүй, байсан ч бурханд итгээд залбирсан ч юу ч өөрчлөгдөхгүйг ойлгосон. Харин одоо бурхныг би үзэн яддаг. Уулзаж болдог бол алагдаад авах юмсан. Эмэгтэй хүнийг яагаад ингэж бүтээсэнд, яагаад эмэгтэй хүн хатуу заяатай байдагт уур хүрээд. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг үг байдаг. Би энэ үгэнд дургүй, даан ч үнэн үг юмдаа.Өөр олон уур хүрмээр зүйл байгаа. Бурхныг өөрийг нь эмэгтэй хүн болгоод амьдруулаад үзэх юмсан. Ганц бурхныг ч биш хорвоогийн бүх эрэгтэй хүмүүсийг дараа төрөлдөө эмэгтэй хүн болоод төрөөсэй гэж хүсдэг. Эрэгтэй хүнд атаархсандаа л ингэж бодож байгаа л даа. Учир нь эмэгтэй байхаас эрэгтэй байх л илүү амар санагддаг. Хүн өөрөө хүйсээ сонгож болдог байсан бол ямар ч эргэлзээгүйгээр эрэгтэй байхыг хүсэх байсан. Хүн шиг хүн байх хэцүү, зөв сайн хүн байх хэцүү, эмэгтэй хүн байх хэцүү, тэр дундаа ээж эх хүн байх бүр хэцүү байх. Гэтэл хүн л юм хойно шуналтаа зандаа дийлдэгдээд бүгдийг хүснэ. Хүн шиг хүн байхыг , зөв хүн байхыг, мэдлэг боловсролтой байхыг, авьяас чадвартай байхыг, гоо үзэсгэлэнтэй байхыг … Юу ч хүсэхээ больчихвол юуны ч төлөө хичээхгүй зүгээр л урсгалаараа өнөөдрөөрөө амьдраад амар байхгүй юу.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...