Skip to main content

Голын эргэ дээрхи чөтгөр

Голын эргэ дээр чөтгөр хоноглодог гээд харуй, бүрий болчихоор намайг тийш нь явуулдаггүй байлаа. Би ч зүггүй очихын түүс. Битгий үймүүлээд бай. Мангас аваад явна л гэнэ. Би ямар олон толгойтоос айх биш. Толгой бүрээс нь асуулт асууж өөр, өөр хариулах болов уу? ижил хариулах болов уу? хэмээн бодно. Тэгээд мангас дуудах гэж мөн ч их дүрсгүйтсэндээ. Даанч тэр ирээгүй. Гэрийнхэн маань намайг хайрласандаа дуудаагүй ч байж ч магадгүй. Эсвэл голын эргэ дээрх чөтгөрөөс айгаад ирдэггүй ч байж мэднэ.

Тийм болохоор голын эргэ орж чөтгөртэй уулзахыг мөрөөснө. Санаа байвч сачий даанч хүрэхгүй. Хэн ч надад чөтгөр ямар төрхтэй болохыг хэлж өгөхгүй. Хэрвээ толгойгүй байдаг бол би хэрхэн юм асууж, тэр хэрхэн хариулах билээ!? Би чимээгүйгээс, харанхуйгаас хэчнээн айдаг гэж санана.

Тэгж байтал ашгүй сумын төвөөс төлөөлөгч ирж намайг сургуульд оруул гэлээ. Хэдэн жул бацаануудтай л тоглоно биз гэж бодоод би нээх ч дуртай байсангүй. Сумын төв орно л гэнэ. Үзэж харах юм их. Дуу бүжиг байнга болдог л гэнэ. Сонирхолтой юм нэг ч алга. Үсэг сураад ном уншиж сурна гэхээр нь л явахын түүс боллоо. Хүмүүс хэлж өгдөггүй юм бол ном уншиж чөтгөр гэж ямар амьтан байдгийг мэдэх гэсэндээ л тэр. Ингээд найман сарын хорин дөнгөж гарав уу, үгүй юү дов даван Гомбо ах хүрээд ирлээ. Би ч муу сартай хүрэнгээ унасаар Гомбо ахын хамт сумын төв жолоо татав. Гомбо ах их сонин төрхтэй хүн. Холоос харах юм бол баавгай шиг сүр бараатай харагдана. Тэгсэн атлаа ойртох тусам юун баавгай. Яг л тарвага гэсэн үг. Нүүр дүүрэн мишээл, малийсан шар царай тэгээд дээрээс нь цүдгэр гэдэс. Хөөрхий Гомбо ах минь миний бодлыг уншвал их л гомдох байхдаа. Гэхдээ Гомбо ах та их сайн хүн шүү. Дандаа надад чихэр авчирч өгдөг. Харин том баавгайтай бор чихрээсээ их авчирч байвал уул нь гоё л юм сан. За гэхдээ зүгээрээ аль нь ч байсан болно. Голын бараа ард хоцрон холдох тусам улам бүрэлзэнэ. "Баяртай чөтгөр минь. Би эрдэм ном сураад дүр төрхийг чинь мэдчихээд яагаад голын дэргэд амьдрах дуртайг чинь асууна аа." гэсээр тэр өдөр би гэрээсээ явж билээ.

Сургуулийн дотуур байр хачин умгар юм. Яг л манай саравчинд хаалга хийгээд ор тавьчихсан юм шиг. Харин хичээл орно гэсэн жижигхэн цагаан гэрүүд нь шинэхэн цагаан. Хажуу бөөрийг нь алгадаж алганы хээгээ үлдээмээр сайхан. Гэвч би анх ирж байгаа учраас ёс мэдэхгүй. Том ах нар түрүүлж дарах ёстой ч юм билүү!? Гомбо ах намайг үлдээчхээд цаашаа аймгийн төв орно гээд нарны эрт дээр хэмээн одов. Би ч ганцаараа хийх юмаа олж ядан энүүгээр, тэрүүгээр эргэлдэнэ. Надын үеийн нэг ч хүн алга. Дан томчууд холхино. Би арай эрт ирсэн бололтой. Эсвэл хүүхдүүд бүгд ном үзэж чөтгөр таньдаг болохоос айгаад ирээгүй байх. Ер нь тэгсэн нь гарцаагүй хэмээн бодож байтал ард сайн уу? гэх эмэгтэй хүүхдийн дуу ард гарлаа. Эргэн харвал надаас том биетэй охин зогсож байхын. Нүд нь аймаар том яг миний Боорой тугалынх шиг тэгээд нүүр нь ээжийнх шиг гоё цэвэрхэн зөөлхөн яг л татаж чангаахад тохирмоор харагдана. Гэхдээ ээж уурлаад байдаг болохоор бас л уурлах байлгүй гэж айгаад тэгсэнгүй. Тэгээд өөртөө хүртэл сонсогдох үгүйтэй сайн, сайн уу? гэж хариу мэндэлбэл. Чи энэ сургуульд шинээр ирж байгаа юм уу? Тэгвэл намайг дагаад яваарай. Би бол пионерын гишүүн, сургуулийн сурагчдын дарга. Намайг Цэвэлмаа гэдэг гээд гараас атгаад явлаа. Би юу ч ойлгосонгүй. Чөтгөрийг мэдэх гэж ирсэн биш пионер, сурагчдын дарга этэр гэсэн мэдэхгүй юмстай тааралдчихав. Аяа чөтгөрийг мэдэхийн тулд ийм олон юм мэдэх шаардлагатай нь харамсалтай юм хэмээн би дотроо шүүрс алдана.

Цэвэлмаа намайг дагуулан алхаад юм яриад л байв. Яриад л байв. Үнэндээ би юу ч ойлгосонгүй. Хурга, ишигний дуунд л дассан надад энэ танил биш боловч намуухан дуу нэг л сонин мэдрэмж төрүүлнэ. Би юу болохыг нь даанч ойлгосонгүй. Ингэж, тэгж эхний өдөр өнгөрсний дараа Цэвэлмаа над дээр өдөр бүр ирж пионерын ажил, үүрэг, эрх гэх мэт олон зүйлсийг эхнээс нь ярьж өгөв. Харин би хэн нэгэн над дээр ирээд чөтгөрийн талаар ингээд яриад өгөөсэй. Тэгвэл сургуульд сурахгүйгээр хурдхан чөтгөртэй уулзчихаж болох юм хэмээн бодно. Тэгж бодож байгаад гэнэт Цэвэлмаагаас асуумаар санагдлаа. Чи голын эргийн чөтгөрийг мэдэх үү? гэж асуувал Цэвэрлмаа том нүдээ бүлтэлзүүлэн aль голын гэж гайхсан маягтай асуув. Би ч мэддэггүй юм байна гэдгийг нь мэдсэн болохоор цааш нь ярихаас татгалзан манай нутгийн голоо гэхээс өөр юм хэлсэнгүй. Цэвэлмаа ч өөр үг дуугарсангүй.

Он цаг улиран өнгөрсөөр нэг жил хэлтрэхэд уншиж сурсан би нэг ч чөтгөртэй ном харсангүй. Дандаа л алим, хана, баавгайны зурагтай ха, на, нэ гэсэн номууд. Сонирхолтой юм нэг ч байсангүй. Зуны амралт болж хүүхдүүд гэртээ харьцгаалаа. Гомбо ах намайг авахаар ирсэн тул би ч үлдсэнгүй. Замдаа хичээл ямар байв? юу үзэв? этэр гэсэн баахан асуултад булуулсан би залхаад морин дээрээ үүргэлж эхэллээ. Нэг сэрхнээ гэрийнхээ үүдэнд ирчихсэн байв. Мориноосоо буух гэтэл дөрөө маань мултардаггүй. Морь маань энийг мэдсэн бололтой салхи татуулан голын зүг давхив. Тэгээд мөн л нүд ирмэхийн зуур голын эргэ дээр ирчихлээ. Би чөтгөрийг олж үзэх гэж ийш тийш нүдээ гүйлгэвэл манай багш халзан Гэндэн сууж байна. Би ч багшаа та энд юу хийж байгаа юм бэ? бас чөтгөр үзэхээр ирсэн юм уу? ямар зүстэй ... гээд асууж амжаагүй байтал халзан Гэндэн багш наашаа эргэж хараад "би тэр чөтгөр чинь байна." хэмээн гал шиг улаан нүдээрээ цоо ширтэв. Тэгээд гартаа саваа модоо атгаад "заа хөө Болдоо чи буугаад ир. Хоёулаа үсгээ уншина аа." хэмээн над уруу ухас хийлээ. Би ч айсандаа ээжээ хэмээн орилтол золтой л мориноосоо саваад уначихсангүй. Гэрийнхээ гадаа иржээ. Саяын зүүднээсээ сэрж амжаагүй байсан би уухайн тас мориноосоо үсэрч буугаад гэртээ орлоо. Тэгээд ээж, аавдаа үнсүүлчхээд сургууль гэдэг чинь хэрэггүй өгөр байна. Үсэг үзээд хэрэглэх газаргүй. Ном сураад нэмэртэй зүйлгүй. Мал дээрээ л байх минь хэмээн гомдолбол тиймдээ эртнээс нааш хэдэн малынхаа буянд болоод л ирсэн, хойшид ч болох биз дээ одоо яваад хэрэггүй хэмээн эцэг, эх хоёр маань зөвшөөрлөө. Үнэндээ би сургуульд явсан хэргээ бүтээсэн тул ахиж очих хэрэггүй гэж бодсон нь тэр. Голын эргийн чөтгөрийн дүрийг таньсан.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...