Skip to main content

Туулай

Туулай дэгдээд, дэгдээд. Би чамайг хараад. Чи бүжиглээд, бүжиглээд. Талбайн голд эргэлдэнэ. Би чамд дурлаад, дурлаад. Гэрэл, хөгжмийн завсраар харахыг хичээнэ. Чи хорвоо ертөнцөд байхгүй юм шиг инээмсэглээд хүн, хүн сүлжээд л. Нэг хоёр ... гурав дөрөв. Хөгжмийн хэмнэл сэтгэл гэгэлзүүлж. Чиний дүр намайг эзэмдэнэ.

Танил царай атлаа яагаад ийм үзэсгэлэнтэй харагдана вэ? Чи цэцэг болоод ургачхав уу, нар болоод мандчихав уу?

Нармандах ийн бодсоор гэртээ харьсан ч унтаж чадахгүй хөрвөөнө. Дагий хөөрхөн билүү. Би эсвэл хэтэрхий их уучихсан юм болов уу? хэмээн эргэлзсээр тааз ширтэнэ хэвтлээ. Ажил дээр нээх тааралдаад байдаггүй ч хааяа нэг амралтын хэсэгт мэндлээд л зөрдөг байснаас нээх анхаарал хандуулж байсангүй. Тэгсэн атлаа бодох бүрд нь Дагийгийн хөөрхөн дүрүүд орж ирнэ.

Ажилдаа яаран ирж байгаа байдал. Хүнд уурлаад дуугай суух төрх. Өдрийн хоолоо халахыг хүлээн хий нүд гүйлгэж байгаа гэх мэт жижиг, жижиг үйлдлүүд зураг мэт.

Нэг мэдэхэд өглөө болчхож. Сэрүүлгээсээ эрт сэрлээ гэсэн ч ажлын өдөр биш байсанд урам хугарна. Яагаад заавал өнөөдөр амрах ёстой юм бэ!? хэмээн бодов. Орноосоо босохоос ч залхуу нь хүрнэ. Утсаа нээж түүнтэй найз билүү гэдгээ шалгалаа. Фейсбүүк, инста аль дээр нь ч алга. Нэрийг нь бичээд олддоггүй. Ажлын газрынхаа хүн бүрийн найзын жагсаалтыг нэг бүрчлэн шүүж гарлаа.

Нэмэх үү, дагах уу? ...
Нэмэх үү ... дагах уу ...
... Нэмэх үү, дагах уу?

Найз болчихвол юу бичих билээ.

Сайн уу.
Hi.
Юу байна.
Зүгээр үү.
Сайхан амарч байна уу?


Нармандах шийдэж чадахгүй болохоороо утсаа чулуудчихаад бослоо. Толины өмнө зогсоод бодно. Намайг тоох болов уу? Би таалагддаг юм болов уу? Намайг ер нь таньдаг юм болов уу? Өөр өөрөөсөө асуулт асууж өөр өөртөө хариулна. Миний зовхийг хардаа. Миний үс гэж хэрэг алга. Тааралддаггүй юм чинь танина гэж үү …

Хий дэмий гиюүрч байх хооронд хоосон ходоод нь хоол нэхэж эхлэв. Гал тогоондоо орвол идчихмээр юм алга. Хөргөгчөө үзвэл хоносон юм ч байдаггүй. Ус буцалгачхаад хувцсаа өмслөө. Энэ хооронд утсаа харна. Яагаад ч юм өөрт нь мессеж ирчих юм шиг санагдан шалгана. Бахуу цай найруулангаа юүтүүб гүйлгэв. Сонирхолтой бичлэг шайр хийвэл яах бол. Зүгээр ч юм үзэж чадахгүй болчхож.

Гадаа дулаарах шинж алга. Цас хайлаад харлайх атлаа хавар болох янзгүй. Хүн болгон өчигдөр баярласан бололтой хотын гудамж хоосон шахуу. Дэлгүүрт ч шинэ юм алга. Дандаа хоёр, гурав хоночихсон. Тэгээд идэх гэж ахиад гурав, дөрөв хононо. Бэлэн хоол ч иддэг юм билүү. Бэлэн хоол идвэл газтай ундаа уухгүй бол болохгүй ээ. Тэгээд чихэртэй юм уучихаар шоколад идмээр санагдана. За ер нь ч дэмий юм байна даа. Амарч байгаа юм чинь хоол хийж идье дээ гэж бодсоор мах, ногоо авлаа. Кассан дээр очоод Нармандах ухаан алдах шахав. Ойрд аваагүй зүйлс нь тэнгэрт хадчихаж. Энэ янзаараа бол ядуурах нь ээ. Цалингаа нэмүүлээд, нэмүүлээд гээд хоолонд хүрэхгүй болох гээд байна уу?

Дагий хэдийн цалин авдаг юм бол. Өөрөөс нь ч арай их авахгүй байх даа. Гэнэт яагаад сонин юм бодсондоо Нармандах гайхав. Хэд авдаг нь ямар хамаатай юм бол? гэж бодлоо. Өөрөөс нь өндөр авдаг бол яах билээ. Болзоонд явахад хэцүү юм даа гэсэн бодол төрөв. Тэгэх төдийд танилцах гэсэн хүсэл нь үгүй болчих шиг. Хэншүү үнэртээд явчихлаа. Арай гэж авсан мах, төмсөө түлчхэж. Энэ зэргийн түлэнхий улам л амттай гэж бодсоор идэв.

Өдөржин утсаа тэвэрч хэвтлээ. Ном уншмаар санагдаад хэд гурван хуудас эргүүлсэн ч ухаан санаан тогтож өгсөнгүй. Юу ч уншсанаа санадаггүй. Дагийгийн тухай бодол толгой дотор нь эргэлдэнэ. Нармандах өөрийгөө дурлачихсан юм байхдаа хэмээн гайхав. Би уул нь хүнд дурлаад байдаг хүн бишдээ ...

Бүтэнсайн ч ийн өнгөрлөө. Бодол төрөөд бодлоо няцаасаар амарч чадалгүй нэг дэх болгочхов. Өмнө нь байсан бол олигтой юм хийгээгүй дээ харамсаад ахиж жоохон унтмаар санагдаж ахлах уруугаа мессеж бичээд аль эсвэл ажлаа тасалж явмааргүй байдаг атал энэ удаад тэгсэнгүй. Сэрүүлгээсээ цагийн өмнө сэрчихлээ. Хамаг юмаа бэлдээд арван минут л зарцуулав. Тэгээд цаг гөлийн суулаа. Хэтэрхий өглөө эрт догдлоод оччихвол сонин.

Ярьж бараг үзээгүй байж гэнэт яриад байлтай биш. Нармандах байн байн амралтын хэсгээр эргэлдэнэ. Тал, тал ус л авна биз дээ тэнэг юм шиг дүүргэж аваад л буцна. Тэмээ шиг л тэр өглөөжин ус залгилав. Хорвоо түүнийг аврах гэсэн шиг цайны цаг шуураад л ороод ирлээ. Дагий харагдсангүй. Хоолгүй ирсэн бололтой. Мэдсэн бол гадаа зогсож байдаг байж хэмээн үглэнэ. Тэр өдөр түүнтэй тааралдсангүй. Тэгээд маргааш нь ч тэд зөрсөнгүй. Тавилан түүнийг тамлаж байгаан болов уу, заяа нь тэрнийг занаж байгаа юм болов уу? хэмээн шанална.

Гуньж байсан өдөр нь сайн уу? гэсэн үгэнд хийсээд одлоо. Хэл нь хавдчихаад амандаа багтахгүй бувтнав.

Бүжин дэгдээд, дэгдээд. Тэр түүнийг хараад. Тэр инээмсэглээд, инээмсэглээд. Зүрх сэтгэлд нь эргэлдэнэ. Тэр түүнд дурлаад, дурлаад. Өдөр, шөнөгүй бодолдоо дарлагдана. Тэр аз жаргалаар бялхаад хүн, хүнд түгээгээд л. Баруун зүүн ... хойно урд. Сүрчгийн үнэр сэтгэл гэгэлзүүлж. Түүний дүр зүрхийн булаана.

Comments

  1. Туулай жилд туулайтай блог их уншиж байна шүү 😊

    ReplyDelete
    Replies
    1. Дандаа уншиж өгч байдагт баярлалаа. Туулай их хурдан үрждэг амьтан юм гэнэ лээ. Миний блог бас хурдан үржих байх аа. :p

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...