Skip to main content

Нэр заяа

Домбо нэрдээ тохирсон овогтой. Дорлигийн Домбо өөртөө таарсан хүүхэнд дурлачихсан. Долгор түүнийг хялайж ч харахгүй. Домбо хувь тавилан тэр хоёрыг тааруулжээ хэмээн бодох авч Долгор харин үл тоомсорлоно. Долгор хүүхэн Батад ч, Балдан ч дурлаж байсан тул өөрийнх нь хувь заяа “Ба” үсэгт байна хэмээн итгэж Баасанд унаж тусна.

Домбоос “Чи Долгорын юунд нь болж дурладаг юм бэ? ” гэж асуувал тэр бодох ч үгүй бүх юманд нь гэж хариулна. Тэгээд нэг нэгээр нь бувтнаж гарна. Домбод итгэл найдварын бамбар болох зүйл нь мөнгө. Түүнээс яаж ийм баян болсон юм бэ? хэмээн асуувал. Мөнгөнд захирагдаж байснаас мөнгийг захирвал илүү дээр юм шиг санагдаад л хэмээн хариулах аж. Ингээд л хүсээд болчихдог бол хүн болгон л баян байх байсан биз ээ.

Домбо царай муутай юм уу гэхээр үгүй ч юм шиг. Өөрөө тэр хааяа нэг би бас тийм ч муу биш юм байна гэж бодно. Өөр хүн харсан бол шоолж ч магадгүй. Домбо нэрдээ дуртай биш ч дасчихсан. Бага байхад нь доголон Домбо гэж хочилдог байсан болохоор тэр. Хэзээ доголон болсон гэдгээ мэдэхгүй. Доголон гэж сонссоор байгаад доголон болсон байж ч болох юм. Эсвэл айлын нохой чулуудаж тоглож байгаад өс хонзонтой банхарт зуулгасан болохоороо ч тэгсэн байж мэднэ. Хүн хэлэхгүй л бол сорви нь харагдахгүй. Ямар азаар галзуурчхаагүй юм. Ээж, аавдаа загнуулна гээд нууж явсаар байгаад эдгээчихсэн гэж байгаа. Одоо хэлэхээр ээж, аав нь итгэдэггүй юм. Тэгвэл энэ сорви хаанаас гараад ирэв? Ургаад, цоороод гарчихсан юм уу? гээд л зүтгэнэ. Хараад байх юм бол Домбо ер нь домбо шиг. Гаднаасаа хачин янзын, дотроо бол дулаахан, цагаахан.

Өсвөр насан дээрээ яагаад надад ийм нэр өгсөн юм бэ!? Би энэ нэрийг чинь солино гэж их үзсэн. Лам өгсөн юм аа, хүү минь! гээд аав нь зөвшөөрөхгүй. Лам өгсөн нь яамай. Аав нь өөрөө өгсөн бол толгой холбох гээд бодож бодож бодын шийр дөрөв гээд толгойгоо шаан суусан Дорлиг гуай цай уух зуураа бодож олсон нэр байх байсан биз ээ.

Айлын ганц юм болохоор эрх гэж жигтэйхэн. Гэрийн ажилд гар нь эвлэж өгөхгүй. Нас биед хүрээд тусдаа гарсан ч шахаж шаардах хүн үгүй юм болохоор тэр л хэвээрээ. Өгөхгүй бол нэхэхээргүй хоол хийдэг хүн. Гэхдээ хөөрхий хаа очиж цамаан хүн биш юм болохоор өөрөө бол идчихнэ. Замбараагүй ч гэсэн гэр нь бол цэвэрхэн. Би бүх юм аа хаана байгааг мэднэ ээ. Энэ бол миний бүртгэлийн систем гэдэг хүн. Хааяа нэг гэртээ бүсгүй дагуулж ирэх ч гэрэл гэгээгүй учир тэд нар нь анзаарахгүй. Өглөө бол хардаг л байх л даа. Гэхдээ юун тэрийг бодох өөрсдийнхөө сонголтод ичсэндээ гараад гүйцгээнэ. Домбо яах вэ унтаж, унтаж л сэрнэ.

Домбо Долгорт яагаад таалагддаггүй гэдгээ ойлгодог ч гэсэн сэтгэл юм болохоор яаж ч чадахгүй. Хааяа нэг нүдэнд нь өртөх гэж хичээх авч ямар л олиг байх билээ. Хотын гудамжинд байгаа шонгийн мод болгоныг хэн л анзаарав гэж. Долгор тийм сайхан хүүхэн үү гэвэл тийм л байх даа. Үгүй байсан ч Домбо тэрийг нь мэдэхгүй. Халуун цайгаа уудлаад түүнд аягалж өгөхийг хүснэ. Ааш зан нь таатай юм болов уу? гэвэл бас л ойлгомжгүй л дээ. Дурласан хүн гэж дурласан хүн л байдаг биз.

Долгор, Домбо хоёр яав л гэж сонирхолтой юм алга. Домбо харин яаж баян болчхов гэж сонирхож байгаа хүн ч байж болох юм. Хөөрхий торгон өлгийд хөлбөрөөгүй ч хоосон хонож байгаагүй хүүхэд. Арван жилээ төгсөөд их сургуульд ордог жилээ олигтой оноо аваагүй болохоор хэдэн найзуудтайгаа нийлж Эрээн орж баахан юм цуглуулж хотын гудамжаар гүйсэн. Азаар бага зэрэг нүдтэй байсан бололтой дажгүй орлого олчхов. Хэд гурав дахиж явав. Баяр бүрээр бут хийв. Бэл бэнчинтэй болоод иртэл найзууд нь архидаад алга болов. Домбо өөрийгөө мэддэг болохоор хэд гурван цаасаа цаашаа хийнэ. Би царайгаараа эхнэр олж чадахгүй ээ. Энэ минь л надад хэрэг болно гээд түрийвчээ үнсэнэ. Яагаад хөөрхий тийм сэтгэгдэлтэй болсон юм бол. Тэрийг нь сонсоод л хүүхнүүд дүрвээд зугтдаг биз. Нэг жил болов найзууд нь их сургуульд оров. Оноондоо тэнцээгүй ч төлбөрөө төлөх чадвартай болсон тэд нар тараад явав.

Домбод сургуульд явах хүсэл төрсөнгүй. Эцэг, эх нь ятгаад дийлсэнгүй. Урагшаа явдаг байсан бол хойшоо явдаг болов. Хол газар ч нисдэг болов. Ингээд нэлээд хөлжиж ирээд газар авлаа. Ногоо тарьж баяжна гээд баахан шатав. Юу ч мэдэхгүй хүн газар ухаад шороо үмхэж буй нь тэр. Сурах хэрэгтэй юм байна гээд сургуульд явлаа. Амралтаараа урагш хойшоо явна. Сурч дуусаад овоо ургац авав. Хичээл номдоо биш сэтгэл зүрхэндээ байж ч мэднэ. Тэглээ гээд ашиг байсангүй. Төмсийг тэр өөрөө урдаас ч оруулаад ирдэг болохоор олигтой үр дүнд хүрсэнгүй. Авчраад хэрэггүй юм байна. Аваад явъя гээд алт эрдэнэс хайлаа. Зүгээр ч байсангүй хэдэн барилга өмчлөөд авав. Хөл дээрээ ч босоод ирлээ. Хөөрхөн хөлжөөд ирсэн нь ч тэр. Хүнтэй танилцаж, танилын хүрээгээ тэлье гээд ажилд орсон нь энэ. Орж ирээд л хүн дурлачхаж байгаа нь тэр. Хэдэн жил гадаа гандаж, хөдөө хөлдсөн Домбо харлаж, хүрлийгээд борц шиг болчихсон. Хэл ам нь монголоосоо цаашгүй болохоор хотын хүүхэнд хашаанаас өөрцгүй.
Арьсаа тордож, үсээ янзалсан ч Домбыг Долгор тоохгүй л байсан байх даа. Ядаж байхад мань хүн хэл яриандаа муу. Харц тулгарчхаад л далдичаад байхаар ямар л олиг байв гэж. Нэрээ сольдог ч юм билүү гэж бодлоо. Баян, Баяр, Баатар болдог юм билүү гэж нойрноосоо хумсална. Зарим хүний нэр хүндэдлээ гээд нэрээ сольдог шиг нэр жулдана гэж байдаг л байлгүй. Миний нэр надад арай ч жул юм уу гэсэн бодол хааяа, хааяа орж ирнэ. Тэгэвч тэрэнд эцгийн үг үргэлж санагдана. Заяа төөрөг итгэл сэтгэлд байдаг юм шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Магад Домбо Долгортой суухгүй ч Цэцгээтэй учрах биз ээ. Домбонд ганц цай уудлах биш цэцэг ч усалж болох ажээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...