Skip to main content

Гутал

Гутал муут гурвын ард. Гутлаар нь угтаж, ухаанаар нь үднэ.

Яасан хүмүүс болохоороо газар ширтэж явдаг юм бэ!? Би зүгээр хөлд эвтэйхэн гутлаа углаад гэлдэрч болдоггүй юм уу! Ядаж царай хар л даа. Цай ч үгүй гаруудын л үйлдэл бололтой.

Эрт урд цагт хүн ард гэрт орохдоо хөлөөрөө эхэлж ороод бөгсөөрөө сүүлд гардаг байснаас болсон гэнэ. Ядуу ядарсан хүнийг дорд үзэж., тэнэг мулгуу нөхдийг араар нь муулдаг байсан бололтой. За гэхдээ ингэж ярьж сэтгэвэл амны бэлгээс авхуулаад ашдын бэлгэ цугаар алдагдах буй за. Сайхнаар сэтгэж, сайнаар ярьж явбаас буян хишиг дэлгэрч, бузар булай арилна хэмээн итгэж явбаас хувь заяа тэгширч, заяа тавилан жимбийнэ гэж ч юу байхав. Гэхдээ л ядаж өөр өөртөө шаналахгүй, шөнө тавтай дуг хийх биз ээ.

Хэвшмэл хэлц үнэн байх албагүй. Худал байх ч шаардлагагүй. Зүгээр л нэг нь хэлээд нөгөө нь сонгоод. Цуурай болоод он цаг өнгөрөөсний илэрхийлэл юм болов уу? Тэгтэл орчин цагийн шинэ мэдээгээр Nike хүү шинэ гутал урлаад алсуур алсуур аядуухан холоо гүйдэг нэг нөхрийн алдар цууг нь мандуулав. Хөлдөө биш, хүндээ бус хос хоёр шаахай нь л түүнийг бусдаас илүү болгосон бололтой. Тэгээд яахав ядруу нэг муу гуталтай нь түүний ард ч бус арын ард ороод хүрэл ч үгүй, хүндлэл ч үгүй хоцроо бололтой. Хуучны Монгол үгс сургамжтай ажгуу.

Хүн амьдрахад ухаан хэрэгтэй эсэхийг мэдэхгүй. Тэгэвч тэнэг бол хэцүүг мэднэ. Өөрийн туршлагаас хуваалцаж буй нь. Ухаантай бол ч зовлонтойг уншсан. Өөрийн мэдлэгээс хуваалцаж байгаа нь. Өөрийгөө дарж амьдарвал бусад дарлана. Өөрийгөө өргөж амьдарвал өрөөл атаархана. Хэрээ мэдэж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэнгүй хэмээнэ. Ер нь хүний үгээр амьдрах хэцүү л дээ. Нэг нь татна, нөгөө нь түлхэнэ. Тэгээд даварна, толгой дээр гарна. Бусад нь бузартай бөгс үнсэнэ, хошуу дэвсэнэ. Буянаараа болог өөр мөрөө хөөгөөд амьдарч баймаар юм шиг. Тэгэвч өнгөрсөнд ч тэр, өнөөд ч тэр үүн шиг худлаа зүйл байхгүй. Хүн хүнээ түшиж хөрст дэлхийд хөлбөрөх жамтай аж. Бурхан, чөтгөртэй тэрсэлдэж буян, нүглийг үйлдсээр хорвоог элээх хувьтай юм байж.

Муу хүн гэж байна уу? Гэвэл гараагүй байна. Сайн хүн байна уу? Гэвэл мөн л байна. Зарим нь заримдаа муу, хааяа даа сайн. Нөгөөдүүл нь хүрээндээ халамжтай, хөндлөнд халтай. Энэ бол гэм гэхэд хэцүү. Зан гэхэд ч хэцүү. Эртнээс маргалдаж л ирсэн зүйлс. Би сургаал айлдаад буй бололтой өтөлж буй юм болов уу?

Залуу байхад шашны талаар маргах дуртай байлаа. Өөрөө мэддэг юм шиг санагдаж, өрөөл буруу амьдраад байгаа юм шиг байсан болохоор тэр байх. Улс төр ч сонирхдог байв. Тэнэг хүмүүс төрд гараад нүдний өмнүүр гурил унжуулж хулхидаад байгаа юм шиг санагддаг байсан болохоор тэр. Одоо ч гэсэн адилхан. Гэхдээ би ярихаас залхуу хүрэх болов. Ярихаар маргана. Маргахаар хэрэлдэнэ. Хэрэлдвэл зодолдоно. Зодолдоод өс санана. Тэгээд өшөө авах тухай бодно. Хэтэрхий ажил их. Зүгээр л гөлийгөөд толгой дохиж байхад амар. Амар ч гэсэн горгүй зүйл биш. Гэвч тэр нь ирэх тав, арван жилийн асуудал. Хөгширсөн хойноо толгойгоо шаах зүйлсийн нэг.
Шашин бол харин өөр. Зарим хүнд түүнээс өөр зүйл байхгүй. Энэ нь муулж байгаа ч зүйл биш шүү. Зүгээр л хүрээлэл, орчин, итгэл үнэмшил. Энэ бүхэн амьдралд хэрэгтэй зүйлс. Үхэл болоод хойд амьдралд ч шаардлагатай байж магадгүй.

Уншиж дуусал зүйлс ч тийм их байгаагүй нь тодорхой. Хорь гарч буй би хэдий ихийг үзэж, хэчнээн ихийг дуулаа аж. Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз гэдэг харин үнэнээс үнэн шиг санагдана. Аавгүй байсан ч, агтгүй байсан ч хүнтэй танилцаж, газар үзэх нь чухлаас чухал санагдана. Шоовдор хүүхэд шиг гэрээс гарах. Эх орон хэвээн цээжээ дэлдэхээс цаашгүй байвал газар ч тэр, ухаан ч гэр агшдаг биз ээ. Гэвч хүн болгонд ийм боломж, бололцоо олдохгүй. Зарим нь амьдралдаа түүртэнэ. Зарим нь амьдралд дарлуулна. Тэгэвч хуучин цагийг бодвол арай л дээр байх шиг байна. Цахим ертөнцөөр нүдээр үзэж, гараар тэмтрэхгүй ч гэсэн дэлгэцээр харж, сэтгэлээ хуваалцах боломж байна. Даанч үүнд хэл дутна. Зөндөө хүмүүст сэтгэл дутна.

Гутал ярьж эхэлсэн би цахим ул мөрөөр ороод явчихлаа. Дэлхий ертөнц Монголчуудыг гутлаар нь дүгнээд эхэллээ. Хулхи хятад шаахай угласан болохоор гадуурхаад эхлэх. Хатуу орос хороом өмссөн болохоор шоовдорлоод унав. Гэхдээ энэ бол худлаа. Үүний өмнөх нь ч худлаа. Үнэний ор байж магадгүй. Монгол ч ганцаараа гутлаар нь нэгнийгээ дүгнээд байгаа юм бол биш. Нисдэг Жордан гуай алдар цуунд хүрч. Өөрийнхөө пүүзийг гаргаж байхад харууд нь хоорондоо пүүзээр нь наймаалцаж нэгнийгээ алж байв. Одоо тэгдэг эсэхийг мэдэхгүй. Энэ бол гэхдээ гуталдаа байгаа зүйл биш оршин тогтнохуйн бэлэг тэмдэгтээ байсан зүйл биз.

Манайд ч гэсэн одоо хүртэл тэр нь байдаг биз. Ориг хулхи. Нэртэй, нэргүй брэнд. Гэхдээ бас чанарын ялгаа байдгийг дурдахгүй байж болохгүй биз ээ. Англиар нэг үг байна
#Don't judge someone until you've walked a mile in their shoes.#
#Бусдын гуталтай 1,6 орчим км явж үзээгүй байж битгий дүгнэ гэж.#

Би хэмжих нэгжийг нь хүртэл орчуулж өгөв. Монголд бол гутлаар нь угтаад, гутлыг нь тайлуулж аваад адуундаа явчхаад ирээ гэсэн үг. Тэгээд дараа нь гутлыг нь магтана уу, хүнийг нь муулна уу!? Дурын хэрэг гэсэн үг. Хүлээж авах эсэх нь зочин хүний эрх. Хариултаар нь хамаарч бид угаасаа үдээд явуулах учираас дараа ирэх араа бодсон нь дээр. Нэмж хэлэхэд шивэртэй хүнд гутлаа бүү өмсгөөрэй. Муулж байгаа юм бол биш. Харамласан ч юм алга. Ирээдүйгээ бодож байгаа юм.

Би ч өөрөө янз бүрийн гуталд дуртай хүн. Сагс тоглодог гутал, хөл бөмбөг өшиглөдөг гутал, гүйхэд зориулсан гутал, бороотойд өмсдөг гутал, зүгээр л углаад гардаг гутал, болзоод өмсдөг гутал. Сүүлийн гутал даанч надаа алга. Гутал нь байгаа ч болзоо нь алга. За яах вэ сүүлийн өгүүлбэр буруу байж магадгүй. Би өөрөө чадахгүй байгаа байх. Надад тэгээд өөр өөр зөндөө гутал байх юм. Гэхдээ би бусдын гутал харж явснаа сайн санахгүй байна. Ном гөлийгөө хотын гудамжаар алхаад байдаг болохоор тэр биз ээ. Гэхдээ яах вэ заримдаа гоё гуталтай бүсгүйчүүд нүдний буланд үзэгдэнэ. Гуталдаа байна уу? Хүндээ байна уу? Сайн мэдэхгүй байна. Зарим хүний хэлж буйгаар бол гуталдаа арчаатай хүн өөртөө арчаатай байдаг гэнэ. Үнэн байж магадгүй. Худалч байж магадгүй. Гэхдээ арчаатай хүн бол гутал гэлтгүй, гундсандаа, гунхахдаа хүртэл арчаатай байдаг биз ээ.

За тэгээд би энэ олон үгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл хүн бүр л өөр өөрийнхөөрөө хичээж амьдрах гэж зовж, жаргаж явна даа. Амьдрал хүслээр, хяслаар альгуурч болдог юм бүү мэд. Аядуухан явж байтал дуусах шинжтэй. Харамсалтай ч юм шиг. Гунигламаар ч юм шиг. Нэг нэгнээ хайрлаад л болоо юм шиг. Магадгүй тэгээд л болоо биз ээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...