Skip to main content

Нүд

Эрт урд цагт. Once upon a time. Үлгэр домог өөр өөрийнхөөрөө, тэгээд бас адилаар эхэлнэ. Холоос хол, алсын алсад. In a place far, far away. Хэзээ ч энд биш, үргэлж тэнд. Надаас хол, биднээс өмнө. Тэгэвч тэд үргэлж дэргэд. Харанхуй шөнө, үүрийн гэгээнээр.

Үзэсгэлэнтэй бүхэн үлгэрт цэнхэр. Далай мэт. Тэнгис лугаа. Тэнгэр шиг. Хүн бүхний хүсэн дурладаг гүнжүүд эдгээр нүдээрээ намайг ширтэнэ. Номын хавтаснаас нэвт гөлөрнө. Би даанч яаж ойлгох билээ. Далай ч үзээгүй. Тэнгис ч хараагүй. Тэрийг ч танихгүй. Яриад байгаа, магтаад байгаа гоо сайхныг үл ойлгоно.

Миний дурсамж хэзээ өнгөт болсныг мэдэхгүй. Бодохоор л хар цагаан. Нэг л өдөр улаан даашинз, шар үс, цагаан гутал. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг нэгээр нэмэгдэх өнгөт суваг шиг. Өдөр бүр нэг л хэвээр. Дурсамж болгон дээр, дээрээсээ давхарлаастай. Өнгийн цаас тавиад зурчихсан юм шиг ялгаа үгүй. Зөрөө гарахгүй болчихсон.

Тэгээд би явав. Хаана байх нь чухал биш. Эндээс хол. Намтар минь ганцхан хуудаснаас бүтэхээс өөр газар. There I saw the sea. Зах хязгаар үгүй. Тэнгэр тэвэрсэн далай. Тэр мөчид хар, цагаан дурсамжууд далайн давалгаанд живэв. Ингээд намайг мартаарай гэсэн шиг өөрийнхөө өнгийг гүнээс гүнд булжээ. Тэнгэр цэлмэг, далай тунгалаг. Сэлж чадахгүй би дэлэн эргэ дээр өндөр, нам давлагаа ширтэн, өргөн бүдүүн үүл гөлөрнө. Салхи намайг илээд ганцаараа байсан ч би тайван. Тэнгэр шиг уужим. Далай шиг уудам.

Хорин жил амьдарсан ч үлгэрийн охинтой учирсангүй. Үзэсгэлэнтэй охинтой бол таарч байлаа. Уулзаж ч байв. Дурлаагүй гэвэл алдас болно. Гоо сайхан гэхдээ ганц эмэгтэй хүнд байдаггүй гэдгийг үлгэрийн нүдтэй эрэгтэй хараад мэдэв. Өөрийн мэдэхгүй дуу алдмаар царайлаг хүн харагдав. Нүд нь цэнхэр. Анивчих болгонд нь өдөр шөнө ээлжлэх мэт.  Цэнхэр нүдтэй бүсгүй байсан бол улс орон эзэлж, дайн тулаанд явахаас мордохоос татгалзах байсан минь эргэлзээтэй.

Үүнээс хойш нэг жил, магадгүй хоёр жил зурайв. Би ч өмнөхөө мартав. Мөр болоод үлджээ хүсэл. Яагаад наана явж байсан аа санахгүй байна. Гэнэт цаг хугацаа зогсчих шиг болов. Яагаад гэдгээ мэдэхгүй өөдөөс ирэх охин ширтэнэ. Зөрөөд өнгөрсөн хойно л ухаарлаа. Өнөөх үлгэр домогт гардаг цэнхэр нүдэт гүнж байв. Гэхдээ тэр үед хөөх ямар царайлаг юм бэ!? Гэж бодсоноос биш хөөрхөн гэж бодсонгүй. Өөр хөөрхөн хүүхэн зүрхийг нь булаачихсан байсан болохоор тэр биз. Харин тэр мөчид дэлхий яагаад удааширч, цаг хугацаа хурдаа саасныг мэдэхгүй. Бурхан намайг шагнаж байсан уу? Шалгаж байсан уу?

Одоо хүртэл би цэнхэр өнгөнд дуртай. Тэнгэрч бараг харахаа байж дээ. Харин далай бол хармаар байна. Эргэ дээр нь суугаад, өнөөх салхитай хуучилмаар санагдана. Гэхдээ энэ удаа ганцаараа биш хөөрхөн охин дагуулаад түүнийг тэд нартай танилцуулахыг хүснэ. I feel blue.

Нүд гэсэн гарчигтай атлаа Нүд ярихаасаа илүү өнгө ярьсаар байгаад таарав. Би олон зүйлээс айдаг. Өндөрөөс, уснаас … Тэгсэн атал эд нар нь цэнхэр өнгөтэй холбоотой. Тэгээд бас хараагүй болохоос. Болчих юм бол тэгж ингээд амьдрах л байх. Зүрх зүсэгдээд, тахир дутуу болоод хүмүүс амьдраад л байдаг шиг. Гэхдээ хорвоо дэлхийг, хайртай хүмүүсээ харахгүй бол нэг л бүүдгэр санагдана. Өнгөө алдаад эргээд бүгд хар, цагаан болчих бий хэмээн санаа зовсных ч байж болох юм.

Гадна төрхөөрөө бол эмэгтэй хүний нүд нь надад таалагдана. Нүд нь, хуруу нь, шагай нь таалагдах юм бол ер нь тэгээд л таалагдана гэсэн үг. Үлгэр домогт хуруу болоод шагай дурсагддагийг мэдэхгүй юм. Харин нүд бол хаа сайгүй бичээстэй. Нүд сэтгэлийн цонх, зүрхний үүд. Мэдэхгүй юм даа. Зүгээр л тэр хөөрхөн нүдээрээ намайг ширтээд, намайг хараад нүдэнд нь инээмсэглэл суух юм тэгээд л болоо.

Үлгэрийн орноос одоо цагт ирчихлээ би. Өөрийн түүхээ ярих гээд сэтгэлээ илчлэв. Магад ялгаагүй хоёул адилхан зорилготой байсан буй за.


Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...