Skip to main content

Дугтуйтай хүн

Дугтуйтай хүн гэж шууданч бус дуугай ноомой хүн ажгуу. Гэртээ бүгчхээд гэрээс үл гарах этгээд юм. Балдан бол дугтуйтай хүн. Үгүй ээ, намайг зөнч хэмээн танилцуул. Балдан бол дугтуйтай зөнч. Танилын хүрээндээ алдартай мэргэн боловч танилгүй хүн. Танил надад хэрэггүй, талд амьдрах хүсэлгүй мэд үү! Дуугай гэхээр давраад байдаг хачин хажиг зантай этгээд бол Балдан.

Одоо гуч гарч яваач үерхдэг, сүүжирдэг хүүхэнгүй. Орой үдэш нэт хэсэж хүслээ хангадаг нэгэн. Хөөе, хүний амьдралд оролгүй. Өөрийгөө л хичээ чи. Бусад хүнээс онцгой бол ичиж байна гэж болох ч ертөнцөөс тасарсан дугтуйтай зөнчид юм бүхэн ичмээр санагдана. Ирээдүй хардаг онцгой чадвар нь хүртэл чихийг нь халууцуулна. Балдан зургаан настайдаа анх ирээдүй хардаг гэдгээ мэджээ. Цээжлээгүй үржүүлэхийн хүрд нүдний нь өмнө эргэлдэн ширүүн багшийн харцнаас түүнийг аврав. Түүний дараа эмээгээ өнгөрөхийг харав. Эмээ нь уулын орой дээр цэцэг болж ургачхаад салхинд найгаад байна хэмээн зүүдэлсэн нь яг болж. Түүнээс хойш Балдан цэцэг харах бүрийдээ эмээгээ бодон цэцэг тастах зүрх нь хүрэхгүй. Охидод өгөх цэцэгс буурал ээжийнх нь амь мэт санагдана. Улаан сарнай бурамтай чихрийг нь санагдуулан зовооно. Балдан болзоонд явахаа болив. Царай муутай нь ч нөлөөлсөн байж болох юм. Эх минь намайг царайлаг гэдэг юм шүү. Эмээ минь намайг хөөрхөн гэж өхөөрддөг байсан юм шүү. Толинд өөрийгөө хардаг ч болоосой.

Балдан их сургуульд ороод анх удаа хүнд дурлав. Үгүй ээ! арван жил байсан юм шүү дээ. Чи Шүрээг мартаад байна. Балдан арав дугаар ангидаа нөгөө ангийн охин Шүрээд дурласан. Өглөө бүр тааралдах гэж хар үүрээр босно. Сургуулийнхаа буудал дээрх сандлын цас цэвэрлэн суугаад буух хүн бүрийг гүйлгэн бүртгэнэ. Ангийнхан нь, найзууд нь ирэх ч мэндлээд л өнгөрөх боловч цуг үл явна. Тэрнээсээ болоод цасан өвгөн гэсэн хочтой. Дэмий дурсамж ярихаа болиоч, би унтмаар байна.

Цаг хугацаа явсаар ганцаараа үлдсэн Балдан, унтаж үл чадан орон дотроо хөрвөлзөнө. Хөнжилдөө зунгааралдан бантан. Амьдрал нь ч жанхуу шиг зүүд. Би сайхан амьдарч байна. Ажилтай бол ажилтай, эрүүл бол эрүүл! Ер нь, тийм л өөгүй сайхан юм бол чи өөрийнхөө тухай ЯРИАЧ! Балдан хааяа өөр өөртэйгөө ярина. Чамайг сонсож байгааг чинь мэдэж байхад битгий тэгж байлдаа! Зөн совин нь хааяа түүнийг буруу зүйлд хөтөлнө. Балдан харайн босож орон гэрээ буулгаж гарлаа. Мэдэхгүй хүн дуулбал ганцаардалдаа галзуурч байна гэлтэй. Ганцаардалдаа биш чамаас болж галзуурч байна мэдэв үү! Амьдралыг минь битгий дурсаад бай! Балдан хэзээ амьдралаас уйдсан нь тодорхой. Мөрөөдөл нь ирээдүйн амьдралаас зөрж буйг харсан тэр өдөр.

Балдан бага байхдаа бусдын адил биш ч ядаж л харагдах гэж хичээдэг байв. Тиймдээ ч мөрөөдөл нь баян дарга болох. Зөн совин нь сайжрахын хэрээр хэрэгт дуртай Балдан өөрийн ирээдүйг харах болжээ. Балдан хүүг баян дарга болох бус бядтай тамирчин болох хувь тавилан хүлээж байлаа. Балдан ирээдүйд зориулан бие оторлон нөөв. Үгүй ээ, би тамирчин болмооргүй байсан учраас хувь тавилангаасаа зугтааж байсан юм. Эзэн хичээсэн тул заяа хичээж Балдан хүү тамирчин ч биш, баян ч биш болов. Гэртээ өнжсөн дугтуйтай хүн боллоо. Би дугтуйтай хүн биш за! Ер нь дугтуйтай хүн гэж байдаггүй юм.
Балдан бусдын ирээдүйг харна. Өнгөрсөнийг харна. Хүн болгоны амьдралд хар толбо үзэгдэнэ. Хир буртагт дарагдсан хүмүүс ой гутмаар аж. Ой гутмаар биш аймаар харагддаг байсан юм. Балдангын нүдэнд нулимс цийлэгнэв. Нулимс биш нүдэнд шороо орчихлоо. Тог тог тог. Балдан хий юм сонсож байна уу? хэмээн гайхав. Хаалгандаа дөхөн дурангаараа буудчихаж магадгүй гэсэн мэт сэмээрхэн өлийв. Үл таних … энэ чинь Хишгээ л байна шүү дээ. хүн биш ажлын хүүхэн Хишгээ байлаа. Таниагүй байж мэддэг ч юм шиг. Дандаа мэдэмхийрч байх юм. Ер нь чи юу мэддэг болоод миний амьдралыг хүүрнээд байгаа юм бэ? Хишгээ улам чангаар хаалга балбаж гарав. Балдан аргагүй эрхэнд үүдээ нээвэл үг хэлэхийн зуургүй Хишгээ дайран орж ирлээ. “Чи намайг галзуу гэж бодож болох юм. Гэхдээ хэн нэг нь чиний тухай чихэнд минь шивнээд байх юм. “ хариу сонсолгүй Балданг үнслээ. Балдан дуртай нь аргагүй үнсүүлэн зогсоно. Би дуртай байгаагүй мэдэв үү! Хишгээ Балданг түлхэн онигор нүдээ бүлтийлгэн “чи дургүй байгаа юм уу?” гэвэл Балдан “үгүй, үгүй” хэмээн бувтнав. Бувтнасан юм байхгүй шүү! Гэнэт зөвшөөрөлгүй орон зайд нь халдсан хүүхнийг Балдан хөөж гаргав. Аргагүй дээ, амандаа орсон өөхийг хэлээрээ түлхээд байхаар чинь ганцаараа үхэлгүй яахав дээ. Битгий дэмий муу ёрлоод бай! Би үхэх болоогүй байна. Үхэх байсан ч чамд хамаагүй. Балдан галын өрөөнөөс хутга аван зочны өрөөндөө оров. Хөөе чи яаж байна аа!? Нарны гэрэлд гялтганах хутганы ирийг сониучирхан бугуйгаа сийчиж эхлэв. Үгүй ээ, үгүй. Би үхмээргүй байна шүү дээ. Чи муу зулбасаг яаж байна аа! Яадаг муу адгын бурхан бэ! Балдангын тамир барагдан, зовхи нь дийлдэхээ болин гүн нойронд автлаа. Чи муу энд байсан юм уу? Ингээд чи хүн алаарай. Би Балдан байна! Бурхан үхсэн!

————————————————————————

Ханпер.

Би бурхан байна. :)

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...