Skip to main content

Баадайн хөгтэй явдлууд

Баадайн хөгтэй явдал (1):

Багш аа!? Хүн яагаад дахин төрдөг юм бэ? гээд Баадай багшийгаа царайчлангуй харвал. Багш нь эрхээ эргүүлэнгээ ширэв татан "Хмм, ийм юм олны дэргэд асууж намайг нүдний булай болгов!!! Явж тэр номоо үзээч " гэж зандрахад Баадай өлбөс хийгээд гарч одлоо. Төд удалгүй их өргөөний үүд сөхөгдөн гөлгөр толгой цухуйн "Багшаа би бурхан болох болов уу?" гэсэн нь мөн л Баадай. "Өгөр тархи минь номоо үзэхгүй ингээд элийрээд байвал, албины зэрэгт л хүрэх байх шүү! Алив тэр Очир Эрдэнийн мянган мөртийг уншаадах " гэвэл Баадай худлаа нэг жуумалзаад "Жа багшаа би номоо үзэхээр явлаа. Таны бие чилэх буй заа, дараа болъё юу!?" гээд алга болов.

Энэ муу нусхай Баадай бяруу болоогүй байж бухын баасаар баана гэгчээр мөн ч их иддэг гар шүү!? ядаж байхад хоолон гэрт томилогдон ажиллах болсон нь ч юу вэ дээ!? хуруу нэмэхээсээ гэдэс нэмэх л амьтан. Уул нь зайлуул багаасаа миний дэргэд ирсэн юм сан. Даанч ном үзэхээр унтчихаад байдаг хачин золиг. Түүнээс биш чөтгөр шиг адтай золиг. Ном сайн үздэг сэн бол суудал залгах байсан биз! Айдаа, хорвоо гэж урд насандаа ямар нүгэл хийсэн хүнд номын замаар явахыг хориглодог байна аа.

Багш лам ийн бодож байгаад гэрийн нь унь нугас, нугас хийхийг хараад гэр өөд нь хэн нэгэн авирч байхыг анзаарав. Ингэж нугарч байхыг бодвол их л жинтэй том хүн байлтай. Яахаараа ийм хүн гаргадаг билээ?" гэж хачирхан "Юун хүн бэ? Наанаа юу хийгээд байгаа юм?" гэж хашхирсанд хариу эс дуугарах атлаа өнөөх этгээд хөдлөхгүй зогсчхов. Ахин асуусан ч хариу дуугарсангүй. Ингээд багш ламтан аргагүйн эрхэнд өөрөө гарж харахаар болсонд бухимдан өндийн үүдээр шагайвал Баадайтай халз нүүр тулгарчхав. Ийм юм болно гэж төсөөлж байгаагүй лам "Ээ бурхан минь " хэмээн арагш цочин харайлгахдаа өөр өөрийнхөө хөлд тээглэн халуун зуухан дээр сууж орхив оо. Унтах гэж байсныг ч хэлэх үү!? Дан дээл нөмөрсөн байсныг ч хэлэх үү? Хэншүү хярвас ханхлаад лам багш өгзгөө түлчхэв ээ хөөрхий.

Багш ламтан босож чадахгүй болсон тул хэргийн эзэн хэнгэргийн дохиур угаадас зөөх ажилд тохоогджээ. Багш нь өөрийг нь шийтгээд байна уу!? эсвэл угаасаа ингэж өмхий өтгөнтэйн болов уу? гэж бодож байдаг Баадай нэг өдөр тэсгэлгүй "Багшаа таны өтгөн яагаад минийхтэй адилхан ийм өмхий байна аа?" гээд асуугаад туучхав. Багш нь бөгсөөрөө сууж чадахаа больсон гэдгээ мартсан бололтой үсэрч суугаад "Аа, муу хог чи мах иднэ гэнээ!!!" гээд дэргэдэх нарийн хулсаараа шавхуурдах гэсэн ч чадалгүй ойчив. Өвчнөөсөө болж дуу алдаад "Гар чи, зайл чи" гэж хөөхдөө хөлөөрөө угаадасны хувингаа өшиглөж бурхан тахилаа баастаж орхив гэнэ. Энэ бүхнээс болж багш ламтны зүрх дийлэлгүй ухаан алдан унажээ. Ахиж Баадайг багш ламтны өргөөнд ойртоогүй гэдэг.


Баадайн хөгтэй явдал (2):

Баадай нэг өдөр балин зуураад сууж байтал өөрөөс нь ахмад ламхай орж ирээд "Хөөе балинч Баадай чи ер нь ном үздэг хүн үү? Галын өрөөнд өнждөг болохоор гэдэс алдахгүй амьдраад байна аа даа. Дараа төрөлдөө гахай болчих вий дээ!" гэж хөхөрсөнд Баадай толгойгоо илэн "Та багш лам болох гэж байгаа юм уу? Тэгвэл ч дараа төрөлдөө ахиад л балин элдэж дахиад л үзсэн юм аа ахиад л сурах нь байна шүү дээ" гэхэд өнөөх ламхай "Чи ч ёстой балинтайгаа таарсан амьтан юм даа" гэж шогширсоор гарч одов. Баадай яагаад хүмүүс дараа төрөлдөө хийх юмаа одоо сураад, судлаад байгааг ойлгохгүй тул толгойгоо илсээр хоцорлоо.

Яг энэ үед нь галын өрөөний ахмад лам орж ирээд "Хөөе чи яаж байна. Наад балин бөөстүүлэх нь үү!? явж гараа угаа муу гахай чинь!" гээд хөөв. Баадай ажлаас мултарсандаа баярлан бушуухан гарч гүйснээ эргэж ороод багшаа "Амьгүй юман дотор бөөс ороод хоолгүй хоцрох юм чинь өөрийгөө хороосон нүгэл үйлдээд тамд унах уу?" гэвэл "Муу цөг чинь дандаа илүү юм ярьж байдаг юм! тэгж байхаар тэр номоор үзээч" хэмээн зандарсанд Баадай толгойгоо илсээр гарлаа.

Хийх юмгүй болсон Баадай зугаа гаргаж чулуу тэвэгдэж байтал хамба лам гадаалах зуураа Баадайг олоод харчхаад "Баадай чи номоо үзчихсэн юм уу? Би буцаж ирээд багшийн арван нандин үгсийг асууна шүү! " хэмээн өнгөрлөө. Баадай ч чонын амнаас гараад барын аманд оров гэгч боллоо гэж сэтгэн хий дэмий мунгинаж байтал хамба лам дэргэд нь ирчихсэн байв. "За хөө, Баадай. Сандарч зугтаагүй, номоо бариад бэлдэж хараагүйг бодоход бэлтгэлтэй байгаа юм биз дээ" гэвэл Баадай "Багшаа зугтаж болох байсан юм уу?" гээд тавиад туучихсанд "Аан, тийм бий! Зугтах санаатай юу чи!? өмнө байсан одоо байхгүй" гээд ухас хийсэн ч Баадай бараа сураггүй болжээ. Хамба лам араас нь орилоод,, орилоод тусыг олсонгүй.

Өдөржин гадуур хэсэж номын өргөөндөө ирвэл хариуцсан гал тогооны багш нь урт саваагаа бэлдчихсэн зогсож байлаа. Баадай за одоо ч дүүрсэн гэж бодоод "Багшаа таныг их багш дуудуулж байна." гэвэл "Уухай! чиний энэ аргад орохоосоо өнгөрсөн шүү!" гэв. "Бурхан багшийн хэлэх дуртай арван үгийг хүн болгоноос асууна гээд нэг нэгээр нь дуудаж байна лээ дэг. Би өдөржин асуугдаад хариуг нь эс олоод өдрийг барав. " гээд багшийгаа царайчлангуй харвал "Ммм, Бурхан багшийн хэлэх дуртай арван үг гэж сонсож байгаагүй юм байна даа!? Юу байсан юм бол!? Их багш яг тэгж асуусан уу?" хэмээн лавлахад нь Баадай толгой дохин "Үгүй бол би юу гэж ингэж удаж байх билээ." хэмээн мэлзэв. Тэгээд "их багш юу гэж байна? чи юу гэж хэлж ирэв." хэмээн Баадайг царайчлангуй харахад "За багш та мэдэхгүй байхад би яахан мэдэх билээ. Харин бодоод байхад сүүлд хэлсэн үгс нь магад мөн бололтой яаж ч тоолоод арав л болоод байгаа юм." 1.Аан, 2.тийм бий! 3.Зугтах 4.санаатай 5.юу 6.чи!? 7.өмнө 8.байсан 9.одоо 10.байхгүй" гэвэл гал тогооны багш толгойгоо илэн "За би ч мэдэхгүй юм байна даа. За юу ч гэсэн орохоос чамайг яахав тус болсон гээд еэвэнгээр шагная" гээд бурамтай еэвэн өгөөд гарч одлоо. Гэрийн гадаа "Аа! юун хүн бэ!? хүн ир, хүн ир..." хэмээн хашхирах дуулдана. Аргагүйдээ харанхуй шөнө өргөөндөө бясалгаж суухад нь хүн орж ирээд "Аан, тийм бий! Зугтах санаатай юу чи!? өмнө байсан одоо байхгүй" гэхээр сандралгүй яахав.


Баадайн хөгтэй явдал (3):

Нэг өдөр Баадай балин зуурсаар ядарч гүйцээд ер нь яагаад хөлөөрөө нухаж болдоггүйн гэж бодоод биежиж эхэлж байсан балингаа уутаар орооgood гишгэж гарлаа. Гарт нь ч амар, хөлд ч иллэг болоод сайхан байж байтал гаднаас нэг ламхай орж ирээд хөөе Баадай чи юу хийж байгаан хэмээн хэрэгт дурлав. Баадай ч балин зуурч байна гэвэл өнөө ламхайн нүд нь орой дээрээ гарах шахаад балинг гараараа зуурдаг байтал чи хөлөөрөө зуураад байгаа юм уу? хэмээн асуувал Баадай ухаантай хүн даруу, амаа тат тэнэг минь гэчхээд үргэлжлүүлэн балингаа гишгэлэв. Өнөөх ламхай ч ямар балин идэх биш уурлаж сүйд болсонгүй. Харин Баадайд муу тэнэг гэж хэлүүлсэндээ хор шар нь хөдлөн гал тогооны ахлах ламхайд очин чихнээс нь хонх зүүв гэнэ. Ахлах ч яахав дээ! Баадай гэж нэр сонсохын төдийд уур нь агсаад галын өргөөндөө орвол Баадай мөн л үнэхээр л балингаа гишгэлж байх юм гэнэ. Ахлах Баадайн чихнээс татан "Аан, чи ингэж байдаг юм би вий!? бурхны ариун идээг ингэж бузарлана гэнэ ээ! одоо л чамайг багшид хэлж эндээс хөөлгөнө дөө." гэвэл Баадай хэрээ мэдэхгүй ёолон байж "Эрдэмтэй хүн даруу, дуугай"гэдэг та ч дээ ном үзээд байдаг мэддэгээс цаашгүй тархи байна даа!" гээд аваад хаяв.Ахлах чихийг нь улам мушгисаар багш лам дээр Баадайг авчирлаа.


Багш лам: За Баадай чи энэ удаа бас юу хийчхэв.
Ахлах: Энэ Баадай балинг гараараа биш хөлөөрөө зуураад...
Баадай: Хөлөөрөө зуурч болохгүй гэсэн юм байгаа юм уу?
Багш лам: Мэдээж юмыг бичих, хэлэх хэрэг байхгүй. Гаргаж 10 банзад
Баадай: Энэ ховч тэнэгүүд яах болж байна.
Багш лам: Айн?
Баадай: Ном үзчихээд нүгэлтэйг уучилдаггүй усан тархинуудыг яалтай билээ. Аливаа хэргээс хөндий байж. Ертөнцөөс ангижрах хаачсан билээ. Хэрүүл хийж хов зөөх нь юуны учир билээ..
Багш лам: Дэмий донгос наадхаа нэмж арав банзад.
Ахлах лам: Ёсоор болгоё гээд залирхгаар инээд Баадайг чирсээр гарж одлоо.


Баадайн хөгтэй явдал (4):

Баахан банздуулаад шөнөжин ёолж хоносон Баадай арай хийж сэрэв. Нүүр гараа угаачхаад өглөөний цай бэлдэхээр гал тогоонд орвол ахлах нь маасайтал инээн ¨За Баадай хүн яагаад хоёр чихтэй атлаа нэг амтай байдгийг сайн сурч авав уу?¨ гэвэл Баадай ¨Тэгэлгүй яахав мэдэж авлаа. Ховч шувуу өөр өөртэйгөө хэрэлдээд амар заяа үзүүлэхгүй тул нэг ам заяагаад ховын үед нэг чих багадах болохоор хоёр чих хайрлачхаж¨ хэмээн ногоо цэвэрлэхээр суулаа. Ахлах мад тавиулсандаа хорсон хөмхийгөө зуугаад ¨Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг юм шүү¨ гээд гарч одов. Баадай араас нь ¨Хавар хөлддөг хөхөөний хошуу хаана харсийн!? ховчийн хошуу л сайртдаг байхдаа¨ хэмээн хашхичив.

Арай хийн өглөөний хоол бэлтгэж дууссан Баадай одоо л нэг амрах нь хэмээн инээмсэглэн байвал ¨Хөөе, Баадай чамайг адуунд яв гэжийна¨ хэмээн ахлах нь орилов. Баадай хэдий үг сөргүү боловч бас ч гэж үгэнд оромтгой ажээ. Тэгээд ч адуунд явна гэдэг бол хээр очоод хэвтээд өгөхийн нэр тул нэг ёсны жаргал ажээ. Гэвч банз үнссэн бөгсөөрөө морь унана гэдэг аймшигтай төсөөлөгдөж буй Баадайд бэрх асуудал байлаа. Яаж шуу ажлаас зугтъя даа хэмээн бодож, бодож өөр хэн нэгний ажлыг сольж хийхээр шийдэн гадаа гарвал Цодол шир илдэж байх юм. Баадай ч бөөн баяр Цодол дээр харайн очоод ¨Хөөе Цодол хоёулаа ажлаа солих уу? чи миний оронд адуунд явчих. Би чиний хийх юмыг хийе¨ гэвэл Цодол Баадай өөд доогтой нь аргагүй харчхаад ¨Тэгэлгүй яахав¨ гээд нүд ирмэхийн зуур алга болов. Баадай ч дотроо ¨Энэ муу адуунд явж жаргах нь гээд их л додигор байх шив дээ!? ¨ гэж бодчихоод дуугай шир илдэж гарлаа.

Өдөр ийнхүү нэгэн хэвийн өнгөрч нар бууж эхлэх үед нэг банди ирэн ¨Баадай Цодол хаачсан юм бэ? энд шир илдэж байх ёстой биз дээ¨ гэвэл ¨Аан, адуунд явчихсан бид хоёр ажил хийх ээлжээ сольсон юм.¨ гэвэл ¨Аан, тэгвэл багш ламтан дуудаж байна. Явъя¨ гэлээ. Баадай ч ажлаас холдож л байвал сайхан хэмээн баярлаад бушуухан араас нь дагав. Тэндээс явсаар багш ламтны өргөөний өмнө очвол багш ламтан ¨Цодол хаачсан юм бэ? энэ Баадай юу хийж байгаа юм¨ гэвэл ¨Багш аа, Цодол бид хоёр ээлжээ сольсон билээ. Болгоож хайрла¨ гэвэл тэнд байсан бүгдээр нир хийтэл инээд алдахад Баадай учрыг ололгүй гайхан эргүүлж тойруулж харвал ахлах нь дэргэд нь ирээд ¨За ямар хөхөөний ам хөлддөгийг одоо харах үлдэх шив дээ. азарга сургагч минь ¨ гээд мөрөн дээр нь алгадлаа. Тэгтэл нутаг усанд нь алдартай догшин хээр азаргыг хоёр банди урдаас нь нэг, араас нь нэг татаж чангаасаар авчирч байх юм. Баадай арай энэ .. хэмээн бодож дуусаагүй байтал багш ламтан ¨За тэгвэл сургаад байж дээ Баадай минь¨ хэмээн маасайтал инээн суудалдаа тухлав. Аяа морь унахгүй гэж зугтаад шир илдэж байтал морь сургах болчихдог одоо яалтай билээ. Үйлийн үр л гэж энэ буй заа.


Баадайн хөгтэй явдал (5): 

 
--- Тэнэг Баадай чи ч азгүй юм даа!
--- Ухаантай байсан бол би энд байхгүй байсан юм!
--- Чи намайг тэнэг гээд байна уу?
--- Тэнэг биш хүн ухаантай байдаг гэж хэн хэлсийн!?
--- Тэнэг минь энд ингэж тэнэгтэж байхаар явж Зонховын гэгээнээ унш.
--- Тэнэгтэй яриад байгаа чи л өөрөө уншвал таарна.
--- Би аль хэдийнээ уншчихсан.
--- Тэгвэл битгий гайхуул.
--- Чам шиг тэнэгтэй юугаа ярих вэ дээ!?
--- Мэдэж байгаа юм бол юугаа хийгээд байгаан

ийнхүү ярдаглан буй Баадайг ганцаараанг нь орхин өнөөх банди хаа нэг газар одов. Баадайг ч гэрийн сүүдэрт нүдээ анин сууж байтал морины довтолгох чимээ дуулдсанд мэлмийгээ сөхөн харвал нэг морьтон ирж яваа харагдав. Удаж төдөлгүй хажууд нь ч хүрээд ирлээ.
--- Багштан байна уу?
--- Далдыг хардаг биш би яаж мэдэхийн?
--- Хуухай! бага байж их үгтэй. Чамайг багшид чинь хэлж нэг хашраахаа мэдье
--- Иймхэн ажлын төлөө энд ирдэг яасан ажилгүй хүн бэ өөрөө?
--- Чи намайг хэн гэдгийг мэдэж байна уу?
--- Далдыг хардаг далай лам биш гэдгээ би хэлсэн биз дээ.

Өнөөх эр мориноосоо үсэрч буугаад "Хуухай! чи том амнаасаа болж турсагаа хуулах нь дээ." гэсээр Баадайд дөхөн ирэв.


--- Ном айлдуулах гэж ирэв үү? Нүгэл үйлдэх гэж ирэв үү? Ум маани бадми хум хэмээн өгүүлбэл өнөөх эр хөмхийгөө зуусаар багшийнх нь өргөөн зүг одов. Баадай ч өөрөөсөө өөр хэн нэгнийг тарчилгасанд сэтгэл амран тэнгэр ширтэнэ. Тэгтэл багшийнх нь өргөөнөөс хонхны жингэнэх дуу сонсогдлоо. За өөр хэн нэгэн очно биз хэмээн сууж байтал ашгүй өөр нэгэн очсон бололтой хонх ч жингэнэхээ болив. Тэгж байтал нэг ламхай ирэн "Баадай чамайг их багш дуудаж байна." гэвэл Баадай хэрэг биш болсныг мэдээд намайг олсонгүй гээд хэлчих гээд уян дээр байсан моринд зайдан суугаад давхиж одов.

Орой болж өлсөж, даарахын эрхэнд хүлгийн жолоо эргүүлэн харив. Гэртээ орох үед гэрт байх ламхай нар "Баадай ирэв." хэмээн цугаар дайран Баадайг дарж авлаа. Учрыг мэдээгүй Баадай "яаж байна!? юу болж байна!?" хэмээн хашхичвал хэрэг хийчхээд зугтана гэнээ. Урт хэл хүзүү орооно гэдгийг мэддэггүй чи ингээд өнгөрөх нь тэрдээ хэмээн хөхрөлдөв. "Хэл ч хүзүүгээ өөрөө ороогоод байдаг юм биш тэнэг хүмүүс эргэсээр байгаад орооцолдуулдаг юм." гээд Баадай ганцаараа хашчихав. Энэ үед их багш нь өргөөнөөсөө ирчхээд Баадайг хялам хийн зогсоно. Тэгээд шавь нартаа "Наад Баадайгаа хар гэрт хий. Маргааш өглөө ноёныд аваачиж өгөөрэй. Хэрээ мэдэхгүй саранд хуцаад сайнаа үздэггүй гэдгийг мэдэж аваг." гээд өргөөндөө оров. Баадай шөнөжин хар гэрт даарч хөрөхийн дээр ихээхэн өлсөж хонолоо. Маргааш нь олон ламхай нар Баадайг шийтгүүлэхийг нь харж баясахаар дагав.

Ноён "Наад эсэргүү бандиа төрийн их хүнийг хараан зүхсэн хэргээр хорь банздаж, хорин өдөр хар гэрт хорь." гэвэл Баадайг "Мөхөс би үг хэлж болох болов уу? хэмээн горьдоно." гэвэл ноён шийтгэлийг нь ихэсгэх шалтаг гарж магад хэмээн үг хэл гэвэл "Ноён таныг их хүмүүн гэдгийг харалгүй мөхөс би сохор ажаамуу. Ноёны гэгээн мэлмий од адил хурц мөхөс манайг мунхаг олон дундаас барин авсан нь яалт үгүй гайхамшиг. Энэ удаагийн хэргийг минь өршөөн хойшлуулах аваас Баадай би бээр хичээнгүйлэн суралцаж таны төлөө бурхан тэнгэрт залбирах болно." гэвэл ноён хорсолтойгоор инээн "Өчигдрийн омог чинь хаашаа алга болчхов." хэмээн асуув. "Аяа! зуудаг нохой хонго зуудаг гэж хэн мэдэх билээ. Хонгоноосоо нэг сайн зуулгуулсан тул өвчинд автан шанална" гэвэл ноён өөрийг нь хэлж буйг эс ухааран "Тийм бол энэ удаагийн хэргийг хэрэгсэхгүй болгоё. Харин тэр зуудаг нохойгоо уяж үүнээс хойш хүний хонго зуулгахгүй байхыг анхаарсугай явж болно." хэмээн хэргийг хаав. Ноёны шийтгэлээс аврагдсан ч ламхай нараас зайлж чадаагүй Баадай буцахдаа хэдрэг морь зайдан унасаар харилаа.

Comments

  1. Ямар хөгжилтэй юм бэ. Ойрд ийм инээдтэй юм уншаагүй юм байна. Инээгээд л уншаад байлаа. Байдаг л нэг уйтгартай ажлын өдрийн хэсэгхэн хугацааг ч гэсэн хөгжилтэй болгож өглөө.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...