Skip to main content

Хэн нэгэн

Хард рок сонсож буй мэт нэг залуу толгой савчина. Сайн ажиглавал ширээ мөргөж байх юм. Дух нь улайгаад юу, юугүй задрах гэж байгаа мэт. Бодол санааг нь сонсвол анир чимээгүй. Сэтгэл зүрх уруу нь өнгийвөл гал дүрэлзэнэ. Доторхоо уудалж илэрхийлж чадахгүй буйдаа уймарч буй нь энэ аж.

Намуун хөгжмийн аяс түүнийг зөөлөн бүүвэйлнэ. Уран хэмнэлээрээ уярааж сэтгэлийн утсыг нь чавхдахад даанч түүний мэдрэмж дутуу. Ухаан ургадаг юм болохоор улам тарчлаатай. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд өдөр, шөнөгүй зүтгэж байгаа биш билүү? Бусдаас юу дутаад, бултаас яаж хоцроод амьдраад байгаа юм болоо. Мэдэхгүй юм аа ухаад, ухаад олохгүй. Тэглээ гээд гараа хумхиад суух утгагүй. Учраа олохгүй болохоор толгойгоо балбана. Өөр хүн хараад өрөвдөж түүнийг бодох байхад үргэж түүнээс зугтах нь ч байх.

Хайр сэтгэл тэр бодно уу? гэхээр үгүй. Хорон санаа өвөрлөж байна уу, тэр !? хэмээвэл алдас. Амьдрал бодоод л тэр шаналах ажээ. Тэгж шаналдаггүй хэн байх билээ хэмээн шүүмжлэх хүн мундах биш. Тэгэвч тэр залуу дөнгөж амьдрал үзэж эхэлж байгааг ойлгох хэрэгтэй. Нас мас нь хэдийг мэдэхгүй. Хорин гараад гуч дөхөөд өөр өөрийгөө авч явахаар хичээж буй хүн шиг л харагдана. Өглөө нь ажилдаа яваад өдөр нь хоолонд орчхоод орой гэртээ ирнэ. Ядарсан, залах сан алийг мэдэхгүй дэмий гөлийн сууж байгаад унтахын өмнө ийнхүү бичиг бичиж сууж буй нь энэ аж.

Заримдаа онгод нь орно. Хааяа зүүд манана. Бусад үед нь ганц хоёр үг холбож зүтгэнэ. Ус мэт урсаад гарах үед байх ч хад чулуу мэд ган хийдэггүй мөч ч түүнд тулгарна. Тэгэвч тэр бууж өгөхийг хүсэхгүй. Эргээд харахаараа харамсах бий гэдэг айдастай. Айгаад хийж байна уу? Авьяасаараа хийж байна уу? Өөрөө бол аль нь ч биш гэх буй заа. Өрөөл бол уншиж үзээгүй болохоор мэдэхгүй. Өөр хүмүүс түүнийг уншсангүй. Уншсан нь ч мэдэхгүй. Өөрөө хүртэл уншихаасаа ичнэ. Зүрх сэтгэл нь өөдөөс нь ширтээд өр зүрхийг нь уудлаад гаргачихсан болохоор нүд буруулна. Тэгэвч тэр бичсээр л. Гараа эхлээд зүгшрүүлэхийг хүснэ. Араас нь дагаад бодол нь засрах буй хэмээн найдна. Хувь заяа дагаад урсаад ороод ирэх биз хэмээн горьдоно.

Арай гэж тэр бичив. Үг үсгийн алдаагаа хянана. Заримдаа хэл нь далидчина. Замаасаа хазаагаад хаа, хамаагүй зүйл бичиж. Үсээ тэр ахиад л зулгаана. Хэсэг зуур баллаж цохлоод дэвтрээ хаан орондоо орлоо. Нойр нь хулжаад, зүүд нь тэнэжээ. Хөшигний завсраар сар шургалаад зүрх дарна. Хар дарахгүйн тулд хажуу тийш хөлбөрөв. Ном уншъя гэхээр залхуу хүрнэ. Утас ширтье гэхээр дур үгүй. Араар явах дууны үг сонслоо. Анхаарч байгаа үгс урсана. Өөртөө нь адил нэг залуу зүрх сэтгэлээ уудална. Алдсан зүрхээ эрж хайгаад уйтгарлаж тэр дуулна. Анхны хайраа бодов. Хоёр дахь хайраа дурсав. Дараа дараагийн дурлалууд нь цуврав. Нэг мэдэхэд өглөө болжээ. Амарч чадаагүй бие сэтгэл нь түүнийг дарна. Арай хийж орноосоо өндийн гэрээс гарлаа.

Нар тэртээгээс өлийгөөд мандаж ядна. Сар тэртээд жаргаад унтаад өгчээ. Хотод зам түгжрээд дуу шуутай. Нийтийн тээвэр хүнээр дүүрэн зовлон ихтэй. Шахцалдах дургүй залуу хамгийн ард зогсоно. Би багтах болов уу? хэмээн бодлогошроод "за за" дараагийн ирэхэд нь сууя хэмээн шийднэ. Тэгэвч тэр мөн л сууж чадахгүй. Байн байн цагаа шалгаад болохоо болиод ирэхээр нь алхаж эхэлнэ. Ирснийг нь мэдээгүй байсан зун дуусчхаж. Намрын салхи энгэртээ тэвэрч, шаргал навчис өлмий үнсэнэ. Зөрж өнгөрөх хүмүүс яаран, зүг нийлэх хүмүүст түүртэнэ. Залуу бодолд дарагдаад л. Өнөөдөр юу хийх билээ. Өчигдөр юу хийлээ. Өдөр өчигдрөөс өөр өнгөрөх болов уу? уржигдар шиг л урагдаад дуусах байх даа. Маргааш бас байгаад байдаг. Нөгөөдөр хурдан ирж өгдөггүй.

Ажлаасаа хоцроод торгууль төлөх болов. Одоо яалтай. Ширээ нь түүнийг хүлээнэ. Сандал харин бахь байдгаараа. Энэ тэр гэсээр энэ өдрийг барав. Тэр энэ гэсээр тэр ажлаа дуусгав. Хүмүүс харих гээд байгаа юм уу? хэмээн. Өөр хаачих билээ гэж бодно. "Тэгнэ дээ" гэвэл угаасаа л тэгдэг л гээд дуугай өнгөрцгөөнө. Тэднүүс нийлээд нэг тийшээ явна. Харих замдаа залуу буцаад л алхана. Гэр нь хүйтэн хөндий, хөргөгч нь хоосон нойтон. Төмс арилгаж, мах зороод усанд хаялаа. Зурагтаа асаан буйд дээрээ унав. Тэгэвч тэр утсаа гүйлгээсээр. Тэгж байгаад хоолоо гударчхаад дэвтрээ нээн толгойгоо сэгсчинэ. Түг түг. Бодол санаа орж ирэхгүй. Ухаан санаа нь хоосон хөндий.

Өөр нэг цонхонд бүсгүй зогсоно. Нүүрээ цэвэрлэж, хувцсаа солиод сэтгэлээ уужиртал санаа алдав. Халуун кофе гартаа атгаад хотын төрх шинжинэ. Хосууд хөтлөлцөнө. Хөвгүүд гүйлдэнэ. Охид хэлхэлдэнэ. Өөрөө тэр дотроо инээмсэглэнэ. Маргааш өмсөх хувцсаа бодно. Авч явах хоолоо эргэцүүлнэ. Тэгж байтал үдэш болчхож. Унтмаар байвч кофе чангаана. Амьдрал болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг. Амраг сэтгэл хүсээд ч байгаа юм шиг, орь ганцаар баймаар байгаа ч юм шиг. Юмс тодорхойгүй, сэтгэл тогтворгүй. Тэгэвч тэр бодохыг хүсэхгүй. Кино үзэж нойр дуудна. Шөнө дунд гэнэт сэрж өнөөх киногоо зогсооно. Сэрүүлэг нь түүнийг зодож сэрээнэ. Мөлхөж босоод 00 орно. Яах гэж би ингэж зовж нүүрээ бодох ёстой билээ хэмээн бодно. Будаг үгүй, хувцас үгүй гараад гүймээр санагдана. Тэгээд тэр тэнэг бодолдоо ичээд бушуухан шиг шүршүүрт ороод гэрээс гарлаа.

Ажил байдгаараа. Өр хэвээрээ. Дуусдаггүй, дундардаггүй. Эрчүүд ирж яриа өднө. Завгүй тул ширүүн харна. Эмэгтэйчүүд ирж хов базна. Ярихгүй ч тэр чих тавина. Ажилд түүний мэдээгүй, хараагүй олон зүйл өрнөөд байх аж. Тэгж байтал хоолны цаг. Одоо л тэрний нүд нь анилдаж эхэлнэ. Дэмий уусан кофе ахиад өөрийгөө нэхэж буй нь. Гадаа хүйтэн болохоор даашинзны хормой дэрвэнэ. Яагаад өмссөнөө гайхаад нойр муутайгаа буруутгана. Толинд өөрийгөө хараад өө сэв эрнэ. Турах хэрэгтэй юм болов уу? Тэгэхдээ тэр дэмий бодол гэдгийг нь мэдэж буй тул өөдөөсөө инээгээд ажилдаа шургална. Ажлын цаг тэгж байгаад л дуусна. Хүмүүс яах ийхээ ярина. Хариад юу хийх билээ хэмээн бодоод бусадтай нийлнэ. Хэсэг сууж амьдрал ярина. Гоёыг нь гайхна, муухайд нь гутна. Цалин буух болоогүй болохоор тэгж ингэсхийгээд харьцгаана. Бүсгүй ч гэрийн зүг гэлдэрнэ. Өсгийт яагаад өмсөв өө. Дэгжин тэр гэртээ ороод тухалж тэр хувцсаа солино. Тольдож дуусаад нүүрээ арчилна.

Ирээдүйгээ бодож хэсэг гайхна. Сурах мэдэх зүйлс их байгаад байдаг. Бусдыг харахаар хайрлуулж бас дурламаар байдаг. Тэгж байгаад хэн нэгэнтэй утсаар ярина. Заримдаа ээж, хааяа дүү эсвэл найз. Өдрийн явдлаа хуваалцана. Гадаа жавар суужээ. Дан суухад жиндэнэ. Өчигдөр унтаж чадаагүй гээд өнөөдөр цай барьж сууна. Дулаан нөмрөг доор дэлгэц тэр ширтэнэ. Тэгж байгаад тэр унтахаар хэвтлээ. Нойр нь хүрэхгүй болохоор цонхон дээр очиж зогсов. Шөнийн гудамж ажиглана. Гэрэл зурайн нэг хоёр хүн л холхино. Сэрүүхэн болжээ гээд хувцсаа бодно. Санаа тавьж хоолондоо анхаарна. Цонхонд буух дүрсээ хараад өөр өөртөө инээмсэглэл бэлэглэнэ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...