Skip to main content

Анахайн оршуулгын газар

Анахай нар мянга мянган жил амьдардаг ч нэгэн цагт хорвоог орхин оддог нь үнэн. Би бага байхын л анахайн оршуулгын газар хаана байдгийг хүсдэг байв. Тэгээд арван зургаан нас хүрээд л гэрээс явлаа. Ердөө л нэг том талх, нэг сав ус, бас бус юм үүргэвчиндээ хийгээд үлгэрт гардаг алс холын хойд нутгийг зорин одлоо. Эхний өдөр бүх юм сайхан байв. Тал газар цэлийн харагдаж нүд нээгдээд, сэрүүн салхи сэвэлзэн энгэр яраад сэтгэл гэгэлзүүлнэ. Үдэш нь нар уулын цаагуур бөгтийн, сар орой дээр мандах нь үзэсгэлэнтэй харагдана. Унтах газар олохгүй бол хээр хонох нь гэдгээ ухаарсан би эргэн тойрноо дурандсан боловч оддоос өөр бүрзийх ч гэрэл харагдсангүй. Хээр яаж хонох вэ!? гэсэндээ ойрхон харагдах цохиог зүглэв. Гадарга нь яг л усны мандал мэт толилзон, сар дээр нь тусна. Хальт харах аваас тэнгэр, газар хоёр нэг нэгнээсээ өрсөн гэрэлтэх мэт.

Түдэлгүй хадны ёроолд ирлээ. Аз болж баруун тийшээ харсан цохио байв. Үгүй бол зүгийн муу зүүн хойшоо харж балрахгүй юу. Тэгээд хэвтчихээр газар хайн газар тэмтчин байтал гарт нэг бөмбөгөр чулуу баригдав. Мөлийсөн тэр чулуу бөмбөг шиг ажээ. Сайн харах гэж дээш саранд баривал цусан улаан чулуу. Цочсондоо арагш годройтол нүх рүү өнхрөөд орчихлоо. Хэсэг өнхөрсний эцэст газар дагзаараа очив. Нэг сэрвэл харанхуй нүхэнд биш цэцэгт хөндийд хэвтэж байх юм. Өчигдөр оройны явдлыг санан эргэн тойрноо харвал хадны бараа үл үзэгдэнэ. Гагц цэцэгс л орчлон хорвоод байдаг мэт. Зүүд байсан юм байхдаа хэмээн толгойгоо илбэл атгын чинээ булдруу үүссэж. Зүүд бишийг сануулж буй нь тэр гэлтэй. Хэр удаан хэвтсэнээ мэдэхгүй ч нарнаас баримжаалбал үд өнгөрч буй нь тодорхой. Үлдсэн талх, уснаасаа бага зэрэг хэрэглээд эргэн тойрныг дурандлаа. Өмнө зүгт ой харагдана. Бусад зүгт үзэгдэх юм цэцгээс өөр үгүй тул ойг чиглэн алхав. Хэдий цэцгийн талаар мэдэхгүй боловч өмнө нь харж байгаагүй олон цэцэгсийг гайхан явлаа. Энэ үед эрвээхэйн бүжигтэй таарав.

Бага байхад аавын ярьж өгсөн үлгэрт эрвээхэйн бүжгийн тухай гардгийг саналаа. Эрт цагт нэгэн гүнж байсан агаад хорвоо дэлхий дээрх хамгаас үзэсгэлэнтэй нэгэн болж өсөн торнижээ. Хаан эцэг нь нэг өдөр гүнжээ хүнтэй суулгахаар шийдэн дэвэн дэлхийгээр зар тарааж гэнэ. Ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисоос баатар эрс цөм цуглажээ. Гэвч гагц баатар эрс гүнжид дурлан гэрлэхийг хүссэн гэж бодож болохгүй юм. Чөтгөр, луу, шидтэн гээд бүхий л өөрсдийгөө хамгаас хүчтэй хэмээн бодогчид мөн ирцгээсэн ажээ. Гүнж тэр олон хүнтэй уулзан бүгдээс нь сонгоно гэвэл нас нь зуу давж эмгэн болох байсан тул хаан эцэг бүгдийг нь тулалдуулж хамгийн хүчтэй нэгэнтэй нь суулгана хэмээжээ. Гэвч гүнж маань зүрх сэтгэлд итгэдэг тул хаан эцгийнхээ өмнө өвдөг сөгдөн арван хоногийн дотор зүүдэнд нь орсон хүнтэй сууна. Хэрвээ арван хоногийн дараа зүүдэнд нь хэн нэгэн орохгүй бол хаан эцгийнхээ хүсэлтээр болгооё гэв. Хаан эцэг нь ч зөвшөөрч өдөр хоног тоолох болжээ. Охин орой болгон саранд залбиран ирээдүйнхээ хайртай хүнийг зүүдлүүлэхийг хүсдэг байжээ. Харин энийг нь сар өөрийнхөө дурласан залууд шивнэчхэж гэнэ. Хөөрхий тэр сар өөрөө дурласан боловч газар дэлхийд бууж чадахгүй болохоороо хайрт залуугаа аз жаргалтай амьдраг гэж хүсжээ. Сарны дурлалт залуу саранд талархаад тэр орой нь гүнжийн цамхагт шөнөөр авиран бөгжөө дэрэн доогуур нь шургуулаад оджээ. Гүнж өглөө сэрэхэд толгой доороос нь нэг зүйл нухаад байсан тул гайхан үзвэл нэг бөгж байв. Гүнж түүнийг эцэгтээ бариад миний хүсэл биелэв. Би энэ бөгжний эзнийг сонгож байна гэлээ. Тэгтэл сарны дурлалт залуун дүрд хувилсан чөтгөр олны дундаас гарж ирэн. Бөгж минийх мөн болно гэв. Бүгд түүнийг Дөрвөн луу улсын ханхүү гэдгийг мэдэх бөгөөд бөгжин дээр дөрвөн луун толгой сийлсэн байсан тул гүнж ханхүүтэй гэрлэхээр боллоо. Гүнж ханхүүг хараад анхны харцаар дурлажээ. Тэр орой нь гүнж унтахаасаа өмнө саранд талархсанаа хэлээд унтах гэтэл сар ийн өгүүлэв:

Би чиний залбирлыг дуулаад тэрийг чинь өөрийнхөө дурласан ханхүүд хэлсэн билээ. Тэр бол гарцаагүй Дөрвөн луу улсын ханхүү билээ. Гэвч миний түүнд шивнэхийг Зүүн намгийн чөтгөр сэмээр чагначхаад Дөрвөн уулын ханхүүг тулаад дийлэхгүй тул хордуулан алав. Тэгээд өнөө өглөө түүний дүрд хувилан чамайг эхнэр болгохоор иржээ. Чи битгий гэрлэх тун.

Гүнж сарыг өөрийн дурлалт залуугаа харамлаж байна хэмээн бодоод зузаан хөшгөө татан үгийг нь тоосонгүй. Маргааш нар мандах үед нижгэр хурим хийж, олон түмнээрээ цэнгэжээ. Ингээд гучин өдөр гучин шөнө хөлгүй их найр хийсний дараа гүнж, ханхүү хоёр өөрсдийн ордноо зорин одохоор болов. Хаан эцэг, хатан эх нь уйлан байж гүнжээ явуулсан ч гүнжийнхээ аз жаргалтай байгааг хараад зүрхээ барьж байв. Гүнж анхны өдрөөс хойш Дөрвөн луу улсын ханхүүтэй огтоос уулзаагүй тул түүнийг Зүүн намгийн чөтгөр гэдгийг нь мэдэхгүй байлаа. Хөшгөө бат бөх хаасан тул сарны үгийг ч үл сонсогдоно. Ингээд тэр хоёр хоёул сүйх тэрэг хөлөглөн явав. Өдрийн турш хамт байсан ч гүнжийн сэтгэл нэг л дотносож өгөхгүй хөндий оргино. Гүнж өөрийнхөө хайрыг буруу таньсан юм болов уу? хэмээн гайхан явлаа. Тэгсээр орой болох үед сар тэр хоёрыг сүйх дээрээс хамаг хүчээрээ тусан чөтгөрийн жинхэнэ дүрийг үзүүлэв гэнэ. Энэ үед аз болж чөтгөр бүтэн сар найрласан тул ядраад унтаад өгсөн байлаа. Гүнж сарны гэрэлд чөтгөрийн үнэн дүрийг хараад айхын ихээр айв гэнэ. Тэгээд саранд наманчлан мөргөж уучлал гуйгаад өөрийг нь аврахыг гуйж гэнэ. Сар ч түүнд тусална хэмээн амлаад тэрэгнээс сэмээр үсрэн зугтахыг зөвлөжээ. Энэ хооронд өөрөө аль болох нарыг эсэргүүцэн чадлынхаа хэрээр өдрийг хойшлуулан чөтгөрийг сэрээхгүй байхаа амлажээ. Гүнж тэндээс үсрэн буугаад гэрийн зүг зугтаж гэнэ. Сар ч чадлынхаа хэрээр өдөртэй тэмцжээ. Гэвч яаж ч эс чадсангүй дийлдэж. Ингээд өглөөний нар мандах үед чөтгөр сая нойрноосоо сэржээ. Нойрноосоо сэрээд эхнэр нь зугтсаныг үзэн уурлахын ихээр уурлан шуурга болон дэгдэж гэнэ. Тэнгэрт тулсан шуурга болоод хараа сунган харвал долоон уулын цаадтайд гүнж зугтан явж байна гэнэ. Чөтгөр хуй болоод араас нь нисэж. Гүнж байдаг чадлаараа зугтах авч, ядрахын ихээр ядарчээ. Тэгээд хэсэг амрахаар суутал дуг хийчхэж гэнэ. Алсад аянга цахин, шуурга дэгдэх дуунаар сая сэржээ. Чөтгөр түүнийг бараг гүйцэж ирээд байв. Гүнж байдаг чадлаараа гүйлээ. Гэвч яахан шуурганаас хурдан гүйх билээ. Ингээд баригддагийн даваан дээр сар уулын бэлээс мацлаа. Үүнийг харсан гүнж сая нэг амьсгаа аван саранд мөргөв. Сар гүнжийн биеийг цэцэг болгоод сүнсийг нь хажуудаа од болгон авчээ. Зүүн намгийн чөтгөр хэдий хүчтэй боловч саранд хүрж дийлэхгүй тул хараал тавин цэцэгсийг зун цагт л ургадаг болгожээ. Ингээд жил бүр гүнжийн сүнс тэнгэрт одсон өдрөө цэцэг биедээ эргэж ирэн газар дэлхийд буудаг болжээ. Үүнд нь дурласан эрвээхэйнүүд гүнжид зориулан эрвээхэйн бүжиг хийдэг бол хүмүүс гүнжийн сүнсэнд татагдан одтой тэнгэрт дурладаг болсон түүхтэй ажээ.

Би гүнжийн бүжгийг хэсэг сонирхоод цааш явлаа. Яваад л модод ойртоод л байсан болов чиг ойн захад хүрсэнгүй. Тэндээс шөнөжин алхсаар үүрээр нэг юм ойн захад хүрлээ. Хүрэхгүй байсан нь аргагүй ажээ. Нүдний минь өмнө аварга том модод сүндэрлэнэ. Хэмжээнээс нь болоод зайг нь буруу баримжаалсан аж. Ер нь эдгээр модод уулын чинээ мэт санагдана. Одоо би ойд орохоосоо айж эхэллээ. Модод нь ийм аварга байгаа юм чинь дотор байгаа зүйлс хэчнээн том гэдгийг төсөөлөөд үз дээ! Гэвч надад арга байсангүй. Зах хязгааргүй үргэлжлэх цэцэгт хөндийгөөс огтоос ангид хязгаартай зүйл энэ ой л байлаа. Ойд төөрөхгүйн тулд юмыг яаж мэдэх вэ гэж бодон гэрээсээ авсан урт утсаа хамгийн захын модноос уяад хөвсөөр эхний ээлжид ойг сонирхохоор шийдэв. Төсөөлж байснаас огт өөр ажээ. Ой хэдий шигүү авч нар завсраар нь яаж ийгээд шургалан орно. Ой ч элдэв төрлийн жимс, самраар баян байсан тул хүнсээ дууссан би айх аюулгүй болов. Хоёр өдөр ойн захаар эргэлдэн бараг л мод бүрийг нь мэддэг болсон би уяагаа тайлан явсан хамгийн холын модноосоо уян бүүр ихээр ойн гүнд орлоо. Энэ хэсэг өмнөхөө бодвол гэрэл гэгээ муутай ажээ. Гэвч бас ч гэж тас харанхуй биш тул сэтгэл уужирна. Энд мөн хоёр хоног болоход үндэс бүрийг нь хөлийнхөө хуруу шиг мэддэг болов. Урдын аргаараа ойн гүнд улам орлоо. Энэ янзаараа урагшилсаар ширэнгийн захад ирлээ. Тас харанхуй л тэнд ноёлно. Гэвч ямар нэг юм зүрх сэтгэлийг минь татна. Яг л үлгэрт гардаг шиг өнөөх гүнжийн сүнс хүний сэтгэлийг татдаг шиг тийм нэгэн үл мэдэгдэх зүйл сэтгэлийг минь зулгаана.

Сарын турш хэрэглэсэн аргаараа ойн захыг гарамгай сайн мэддэг болсон минь өөртөө итгэх итгэлийг нэмжээ. Ингээд маргааш нь шугуй руу зориглон орлоо. Гэхдээ өнөөх чиглүүлэгч утсаа ч уяхаа мартсангүй. Би өөрийнхөө нөгөө утсаа чиглүүлэгч утас хэмээн нэрлэсэн юм. Долоо хоног бодож байж олсон энэ нэрдээ ихээхэн додигор байдгаа хэлэх минь зүйн хэрэг биз ээ. Шугуйд ороод арав алах сан уу!? үгүй юу!? чиглүүлэгч утас минь сулраад явчихлаа. Гайхан татаж үзвэл татагдаад байх юм. Төд удалгүй үзүүр нь гарт баригдав. Ямар нэг шалтгаанаас болоод утас маань тасарчихжээ. Магадгүй хэт биеэ тоосноос болоод дутуу уясан байж болох юм. Гэвч утсыг татан чиглүүлэгчээ алдсан нь тэнэг хэрэг юм. Гэхдээ аравхан алхам гэж бодохоос сэтгэл тайван тул айсангүй. Тайван байдал минь хормынх байжээ. Эргээд арав, хорь зуу алах сан боловч ширэнгээс гарж чадсангүй. Луужин маань энд ч нэг тогтон, тэнд ч нэг тогтон ажиллагаагүй болжээ. Би мэдрэл юм шиг алхаж эхэллээ. Нэг газраа суугаад хаана ч очихгүй гэдгээ мэдэж байсан тул явсан газар бүрээ баримжаалан буцахыг хичээн зүтгэнэ. Гэвч амжилтад хүрсэнгүй. Эцэст нь туйлдан уналаа. Хамаг нүүр минь шарх, сорив болжээ. Хэсэг дуг хийгээд сэрэх үед хамаг бие хөнгөрсөн мэт санагдана. Тэгээд мөн л гарц хайж эхэллээ. Хэчнээн удаан алах сан боловч найдвар олдсонгүй. Өмнө нь ядаж гарынхаа үзүүрээ хардаг байсан бол одоо хамрын үзүүрээ ч харах чадалгүй болжээ. Айдас хамаг бие салгануулан, булчин шөрмөс чангалах авч зүрх минь айсандаа байдгаараа тэмүүлэх тул одоо унаж тусан гэлдэрнэ. Тэгсээр тэнхээ тасрав. Нүдээ тас анилаа. Харанхуйд ямар нэгэн зүйлсийн исгэрэх дуулдана. Магадгүй сар намайг хайгаад моддын дээгүүр эргэлдэн, оройг нь шүргэн исгэрч буй нь энэ биз ээ.

Сэрэх үед байдал маань дээрдээгүй л байлаа. Сайн нь гэвэл бас дордоогүй л байв. Харанхуйд элийрч балайрч дөрөв тав удаа унтсаны дараа гэрэл үзэгдэх шиг болов. Харанхуйд нүд, сэтгэл хоёр минь нэгэнт дасаад өөрөө сүүдэр мэт болчихсон надад тэр гэрэл сонин аймшигтай санагдана. Гэвч төрлөх зөн совин минь гэрэл өөд тэмүүлнэ. Би гэгээ өөд гэтнэ. Энэ үед гэнэт би үхчхээд диваажин өөд алхаж буй мэт санагдав. Тамын сүүдэрт төөрөн бэдэрч яваад диваажингийн хил дээр ирж буй мэт. Ингэж бодох төдийд өөрийн мэдэлгүй хамаг хурдаараа гэрэл өөд зүтгэлээ. Одоо би өөрийнхөө юу бодож, юу мэдэрч буйгаа мэдэхээ больчихов. Нүдэнд зөвхөн гэрэл л үзэгдэнэ. Харанхуйд дассан нүд минь гэрэлд балайран, ухаан минь балартан уналаа. Шувууд жиргэх дуунаар нүдээ нухсаар сэрлээ. Нар дээрээс ээх нь хар дарсан зүүднээсээ сэрж буй мэт санагдана. Үнэхээр хар дарсан байсан юм болов уу!? хэмээн хараа бэлчээвэл үгүй ажээ. Гэвч энэ бүхэн нэг их сонин биш болчхов. Хамаг анхаарал шувуутай тоглох нэг хүү дээр тогтчихлоо. Яг л эрвээхэйн бүжигт эрвээхэй цэцэгсийг тойрон эргэлддэг шиг. Энд тэр жаалыг шувууд хүрээлэн бүжнэ. Хүү аз жаргалтайгаар инээн гараа сунган нэгийг нь барьж аваад үнсээд эргүүлэн нисгэнэ. Тэгээд ахин гараа сунган нэгийг бариад түүнийг үнсээд дээш хөөргөнө. Ийнхүү шувуу цувсаар үүлэнд хүрч буй мэт үзэгдэнэ. Та яагаад наанаа зогсоод байгаа юм бэ? энд ирээч! шувуудыг үнсээч гэж хүүгийн хэлэхийг сонсоод гайхсаар түүн дээр явж очив. Хажууд нь ирсэн хойноо л анзаарлаа тэр анахай байв. Миний хайж буй анахай нарын нэг байлаа. Баярласандаа болон уухай хашхирвал шувууд сүр сар хийн үргэн одлоо. Хүү одоо намайг гайхсан харцаар харна. Түүний нүдэнд айдас сониуч зан холилдон үзэгдэнэ. Тэгснээ гараа сунган гэдсэнд минь хүрч үзэв. Миний инээд өөрийн эрхгүй хүрэн хөхөрвөл, тэр ч гэсэн инээн бүжиглэж гарлаа. Яагаад ч юм бэ? хамаг бие минь сэргэн бүжиглэмээр санагдсанд би ч гэсэн бүжиглэж гарав. Хэсэг бүжиглэсний дараа шувууд аюул холдсоныг мэдээд эргэн бууж эхлэв. Хүү бүжиглэхээ болиод урдын адил шувуунуудыг үнсэж эхэллээ. Би гайхан хэсэг харсны дараа түүнийг дуурайн шувуу барихыг оролдсон боловч барьж чадсангүй. Миний гар шувуу хоёр яг л адил цэнэгүүд мэт түлхэлцэнэ. Хүү "та барьж чадахгүй ээ!" гэв. Би гайхан яагаад гэвэл "Энэ чинь Анайхай нарын сүнс байхгүй юу!" хэмээлээ. "Энэ тэгэхээр Анахайн оршуулгын газарюм уу?" хэмээн лавлавал хүү толгой дохихоос өөр юм хэлсэнгүй. Шувууд одоо л сүнс гэдгээ илтгэх мэт бүдэгхнээр гэрэлтэнэ.

-- Эд нар хаашаа явж байгаа юм бэ?
-- Энхжин рүү.
-- Энхжин!?
-- Анахайн сүнснүүд амардаг газар!
-- Тэгээд ийм их Анахай нар нас нөгчдөг юм уу?
-- Өмнө нь ганц хоёрхон л байдаг байсан юм. Харин одоо ийм их болчихсон юм аа.
-- Яагаад?
-- Яагаад гэж үү? Харин л дээ!? Байгаль мөхөж байгаа болоод тэр юм болов уу?
-- Тэгэхээр!?

энэ үед ард талд ихээхэн шуугиан дэгдэж эхлэв. Хүү над руу хараад та одоо явсан нь дээр дээ гэв. Би түүн рүү асуусан байртай ширтвэл. Томчууд гаднынхнаас айдаг юм. Энд ирдэг шидтэнүүд ирэхээ болиод аль хэдийн мянган жил өнгөрчээ. Тэгээд зөгнөл ёсоор үүл сүүдэртэн бохирдоод, байгаль үхэж эхэлсэн тул бүүр ч ихээр айх болсон. Хэрвээ та яг одоо л явахгүй бол тэд нар яаж ч магадгүй. Май энэ бугуйвчийг ав таныг эндээс гарахад тань тусална. Харин ойгоос гарахаасаа өмнө тайлаад модонд өлгөчхөөрэй модод надад авчраад өгчихнө. Танаас гуйя модонд өлгөхөө битгий мартаарай! Би бугуйвчийг зүүхийн төдийд салхи мэт хийсэн нэг мэдэхэд ойн захад ирсэн байлаа. Болсон бүхэнд толгой эргэн ойгоос гартал ард талд аянга цахих шиг болоод гарт минь өргөс шаан орох шиг боллоо. Гайхан харвал бугуйвчийг нь таалахаа мартчихсан байлаа. Сандран салгах гэтэл аянга цахин би хойш шидэгдэв. Нүдээ нээх үед өнөөх хадан цохионы дэргэд хэвтэж байлаа. Сандран босоод хадыг тэмтчин үзвэл ямар ч нүх байсангүй. Харин бугуйнд минь томоос том сорви үлджээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...