Skip to main content

Шинэ өглөө

Гэрийн тооноор нар тусаад унтуулахгүй. Хөнжилд салхи шургалах гээд босгохгүй байлаа. Өглөөний жаварт нүүр хайрагдан шатаж буй модны дууг өөрийн эрхгүй мөрөөснө. Бага ахуйд гал өөрөө бадран сэрэх үед гэр дулаахан байдаг байж билээ. Боргилон байх данхтай цай уурлаж байх шиг санагдах тул залхуурангуй орноосоо өндийн хажуу тийш нь авч тавиад дүүгээ сэрээдэг сэн. Хөнжлийг нь хуу татаад атийн урваганах түүнийг шоолон өдрийг эхлүүлнэ. Хэдэн боорцог цайнд дэвтээн бурхан мэт "Tа нар ингээд живэх тавилантай байж! Юунд хүний ертөнцөд ирэн миний цайг булаах гэв?" хэмээн тоглоно. Ховорхон ёотон байх үед ширхгийг унагаан ингээд та нарын аврагч баатрыг хамгийн эхэнд живүүлэн хорооё хэмээн ганцаараа хөхөрдөг сөн. Энэ үед утас хангинан аав залгана. Та хоёр гарсан уу? Сургуулиасаа хоцорлоошд одоо гарцгаа хэмээн зандарна. Утсаа авахгүй дэрээрээ дарчхаад өдөржингөө утмаар санагдах ч цаанаа л нэг ааваас айна. Оройн хоолон дээр зурагт ширтэн суугаад өнөөдөр юу хийв хэмээн асуух харцнаас нь сүр бараа хоёр мөрөн дээр минь буун үнэнийг өч гэж буй мэт санагдах тул худал хэлж эс зүрхэлнэ.

Хүүхэд насны энэ бүх үлгэрийн мэт хачирхалтай мэт зүйлс ар хоцорчээ. Тусдаа гарсан эхний өдрөө л гал өөрөө асдаг биш ижий минь эртлэн босж өрх гэрийг дулаан байлгадаг байж. Сургуульд байхад хэчнээн их том болохыг хүсэн гэрээсээ зугтахыг хүсдэг байлаа? Холын хол уулсыг даван одоод далай тэнгисийн эрэгт очин. Үүнээс цааш газар үгүй хэмээн Чингис мэт (Бодит биш байж болох ч, сурталчилгаа дээрээс сэтгэлд хоногшсон энэхүү Чингис мэт) хэлэхийг хүсдэг сэн. Тэгээд өвөл ч байсан хамаагүй хамаг хурдаараа далай уруу гүйн ороод хүний тамир тэнхээг шалган байгаль эхтэй сөргөлдөхийг хүсдэг байв. Одоо гэтэл дөнгөж сургуулиа төгссөн идэр залуу насандаа орондоо бээрэн балчир насаа мөрөөдөн хэвтэнэ. Гэнэн хонгор эсвэл эрхийн мангар алин болох нь бүү мэд. Эрүүл ухаанаар амьдралыг минь томруулан харсан хүн ямар ч хариуцлага алга хэмээн шогших байсан буй за.

Сургуулиа төгссөн залуу. Ажилд оров. Залуу насны гал дөлд буцлан эх орны дууг цуурайтуулан дэлхийн орон бүрийг бишрүүлэх хүсэл маань цалин хурдан буугаасай хэмээх хүслээр солигдлоо. Уйтгарт ажлыг арай хийн баран орой нь гэртээ зурагт ширтэн хэвтэнэ. Дэлхийн сонин хачин гэхээсээ илүү аймшигт мэдээгээр тархиа дүүргэн орноосоо үл өндийх өөрийгөө аргадна. Явсан бол ингэх л байж шүү дээ. Нэг солиотой гар бөмбөг тэвэрч ирээд л пан. Нэг согтуу гар хурдлан давхиад л пан. Амьдрал хэтэрхий хэврэг мэт санагдана. Хайрлах тусам. Хамгаалах тусам улам өрөөндөө шигдэнэ, сүүдэрт наалдаад, дэлгэцийн ард өвдгөө тэврэн сууна. Сүүлдээ зурагт, цахим ертөнцөөр солигдов. Монгол үг байхгүй юм чинь заримдаа цахим ертөнцийг "Цахэр" хэмээн нэрмэлээр ч юм шиг санагдана. Эр, эм эгшиг нэг үгэнд байна гээд л дүрэм ярьж болох юм. Тэгэнгүүт нь өөдөөс нь гомо, лесби гээд эр, эм хүмүүс байж болоод цахэр гэж эр, эм үг байж болдоггүй юм уу? хэмээн өөдөөс нь хашхирмаар санагдана. Тэгээд л цахэрт явж байтал нэг ийм юм уншлаа гээд л ярихад хэчнээн амар гээч!?

Ажил дээр өнөөх л уйтгартай хүмүүс. Улс төрийн үл мэдэх нэр тодорхойлол ярина. Сонирхол үл татах гажигтай хүмүүсийг цуурна. Гажигтайг нь мэдэхгүй ч цуурхлаас ойлгосноор бол ямар ч байсан эрүүл бус хүмүүс. Өдөр тутмын амьдрал ийнхүү адал явдал үгүй нэг л хэмээн урссаар л. Нэг л мэдэхэд жил өнгөрчхөж. Ажилдаа явах хүсэл бууран тасалж эхлэв. Бага багаар цахэрт татагдан шөнөжин сууна. Үл мэдэгдэх, үл танигдах тэдгээр хүмүүстэй элдэв зүйлсийг ярин, гадаад ертөнцтэй холбогдоно. Яг л хүүхэд насандаа мөрөөдөж байсан мэт хачирхалтай ертөнцөөр аялна. Нэг өдөр утсанд дуудлага ирэв. Маргааш ажилдаа ирэхгүй бол ажлаас хална шүү хэмээх ууртай даргын дуу сонсогдоно. "Хараал ид гэж дэлхий сөнөх гээд байгааг мэдэж байна уу? " хэмээн өөдөөс нь хашхираад утсаа тасаллаа. Ахиж гэрээсээ гарах шаардлагагүй болов. Хэрэгтэй зүйлсээ цахэраар захиалчихна. Хэрэгтэй мэдээллээ цахэраар авчихна. Амьдрал үргэлжилсээр. Нар нэг гарч, нэг жаргах нь төвөгтэй санагдах тул өрхөө татав. Гэрт дэлгэцийн сүүмийх гэрлээс өөр юу ч үл тусна. Хааяа нэг тог тасарсан үед бороон дусал дээвэр нүдэх нь хачирхалтай агаад тарчлаатай. Цахэргүй хорвоо бүр тарчлаатай. Дэлхий дээр болж буй мянга мянган зүйлсээс хоцорч буй мэдрэмж тарчлаатай. Үл мэдэгдэх, үл танигдах хэдэн мянган найзууд маань зурвас үлдээсэн байх буй гэсэн мэдрэмж тарчлаатай. Нэг өдөр аадар бороо орно. Үер буух аюултай хэмээх мэдээлэл уншив. Гэвч энэ тийм ч чухал бус дэлхийд тулгарч буй зуун зуун тулгамдсан асуудал илүү чухал байв. Африк дахь өлсгөлөн, Ирак дахь дайн, Хойд Солонгосын эсэргүүцэл, дэлхийн дулаарал хэмээх үхэл амьдрал шийдэх асуудлын хажууд үер юу ч биш. Бороо шаагина. Гэнэт ус ихээр нүргэлэн гэр маань чичирхийлж эхлэв. Ухаан балартаж байна уу? хэмнээ бодоод орон дээрээ үсрэн хэвтлээ. Долоо хоног дараалаад бэлэн хоол идэх үед төрдөг мэдрэмж шиг санагдана. Толгой эргэн, зүрх дайвалзана. Гэвч энэ арай л өөр байлаа. Хана налан, багана чийхарч эхлэв. Хүүе гэхийн завдалгүй их ус намайг нөмрөн авлаа. Хамаг бие үл захирагдан асар их хүчний нөлөөнд навч мэт салхи даган урсана. Ус намайг түрэмгийлэн хумьж авах гэж хэд хэд оролдлоо. Аз болж авдраасаа зуурч авав. Дүүрэн байлгаарай хэмээн захиж үлдээсэн хоосон авдар маань аминд оров. Цахилгаан цахин, тэнгэр нүргэлнэ. Ийнхүү хэр удаан хөвснөө би үл мэднэ. Үхэхийн өмнө нүднийх нь өнө амьдрал зурайдаг гэсэн миний өмнүүр юу ч зурайсангүй. Надад ямар ч амьдрал байсангүй. Яахаа үл мэдэн авдраасаа тас зууран хөвсөөр л. Нэг сэрэх нь ээ хуурай газар хэвтэж байлаа. Үүрийн туяа уулын цаанаас мөлхөнө. Өндийн босон эргэн тойрноо харвал элдэв хог овоорон үзэгдэнэ. Өглөөний цэнгэг агаар цээж дүүргэн нүүрэнд мишээл авчрав. Нүдээ анин цэвэр агаарыг мэдэрлээ. Өглөөний нар нүүр илбэнэ. Өнгөрсөн бүхнийг үер авч одоод шинэ өглөө авчирчээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...