Skip to main content

Өнчин эрвээхэй

Хэдэн өдрийн өмнө ажилдаа орох гээд талбай дээр буулаа. Зам товчилж барилга дундуур сүлжээд явж байтал модон шатан дээр эрвээхэй үзэгдэв. Харь газар ирсэн хөөрхий эрвээхэй учраа олохгүй байгаа юм шиг санагдав. Үргээхгүй гэж хэдий хичээвч нисээд явчихлаа тэр. Сэтгэлд минь бага ч гэсэн жаргал шургуулчхаад нар чиглээд одов. Яана даа, хэд хоног л тэсэх байх даа гэж ажилдаа ирэв. Шөнөжин шоудаад харьж явсан эрвээхэй ч юм уу гэж бодлоо. Бал бурмын амтанд бялуурсан тэр ийнхүү их хотын хөлд дэрвэж яваа ч юм билүү. Өөр хараагүй зүйл дээ сэтгэл сэргэсэн би тэр өдөртөө баясгалантай явав.

Өчигдөр тэгтэл нүдний өмнүүр алаг эрээн өнгө өөрийгөө гайхуулав. Сайн харвал өнөөх эрвээхэй байх шиг. Адилхан өнгө төрхтэй, нэг газар ойролцоо нисэх хоёр өөр эрвээхэй байна гэж бараг л байхгүй байх даа гэж бодоод түүнийг амьд буйд нь баярлав. Тэр ч намайг тоосон шинж алга нар дагасаар найгаад одлоо. Нэг л хаягдсан юм шиг мэдрэгдэнэ. Үл тоох түүнийг барьж аваад базчихмаар юм шиг. Амьдрал ийм шүү дээ! энд юу хийж яваа юм бэ! гээд. Ингээд бодохоор арай л харгис, галзуу хүн мэт. Өөрөөсөө ч би айх шиг. Хүрэн улаан эрвээхэй ч чадах чинээгээр хорвоод чимэг болсоор одлоо. Би замын хажууд зогсоод тэнэг хүн шиг тэнгэр ширтэнэ. Ахиад арай ч уулзаж чадахгүй байх даа.

Хүүхэд байхад хөдөө их явна аа. Өөрөө ч нээх явмаар байдаг байсан юм уу мэдэхгүй. Өвөө л дагуулаад явчихна. Тэр үед одоогийнх шиг тарваган тахал этэр гээд баахан юм болдог байсан нь санагдахгүй юм. Цаг уурын өөрчлөлтөөс болоод тарвага нар хүртэл өвчлөөд байна гэж байх уу? Нэг улаан бөөс юм уу, шалз юм уу хачин амьтнаас л хол байгаарай гэж захидаг байсан. Би ч тарваганы маханд нугасгүй гэж жигтэйхэн. Тэгээд хөөрхий хамгийн сүүлийн зун 14 хоног дан тарваганы мах идэв. Буцаж явахдаа хордлого болоод бүтэн өдөр бөөлжиж явлаа. Одоо бол дургүй болчихсон юм шиг. Бодохоор л үнэр нь хамарт наалдаастай.

Хөдөө юм болохоор цэцэг навч л элбэг. Үүнийг дагаад эрээн, эрээн эрвээхэйд ч эргэлдэнэ. Би тэд нарын үйл хөдлөлийг үл ойлгоод дэмий л гөлөрнө. Би ер нь багийн шижигч болохоор хорхой шавжид дургүй. Гар муухай болгох л юм байх аваас аль болох хийхээс татгалзана. Бусад хүүхдүүд эрвээхэй хөөгөөд л барьж аваад алган дээрээсээ хөөрүүлж байхад л ганцаар гиюүрч зогсоод гайхдаг сан. Яагаад.

Эрвээхэй хөөрхөн гээд л охидыг зүйрлэнэ. Цэцэг гоё гээд л охидыг зүйрлэнэ. Зүгээр л сайхнаар нь магтаж болдоггүй орчлон. Ичээд л байдаг байх даа. Сүүлийн үед гэхдээ эрвээхэй жоохон муухай илэрхийлэлтэй болсон байж магадгүй. Дэнгийн эрвээхэйнээс болсон юм болов уу? Үнс шиг өнгөтэй түүнд дурлаж магтах сэтгэл олдоогүй биз ээ.

Эрвээхэй ч гэлтэй элдэв янзын шавж нар ер нь л багассан юм шиг. Бага байхад ялааны алуур барьчхаад л өрөө, өрөө хэсэж явдаг сан. Энэ зун гэрт минь гарын арван хуруунаас цөөхөн л үзэгдэх шиг боллоо. Аль эсвэл би арай цэвэрхэн хэсгүүдээр яваад байна уу. Гэр ажил, ажил гэр гээд байхаар л хөөрхий амьтад намайг өрөвдөө биз ээ. Энэ нэг юм ингэж л байдын орхи, орхи. Гэрт нь ямар элдэв янзын хог байх биш. Хог байтугай хоол ч байхгүй гээд нэг нэгэндээ хов зөөсөн байж мэдэх юм. Тэр нь ч надад таалагдлаа. Тэгсэн атлаа сэтгэл нэг л түгшүүртэй. Аливаа экологийн сүйрэл нь шавжаасаа эхэлдэггүй гэж үү. Хот ч аль хэдийн сүйрэлдээ орсон юм болов уу? Арай болоогүй байна аа. Арван нэгэн сар гараад л анхны цас орохоор эхлэх буй за. Цас гээд бол болзоонд яаран алхах жамтай атал аяа цас гээд л уулга алдаж ам хамраа таглах цаг ирэх нь.

Эрвээхэй харж сэтгэл минь сэргэсэн тухай ярих гэж байтал гай гамшиг болоод явчихлаа. Нэр нь хүртэл өнчин эрвээхэй. Бодох юм бол өрөвдөлтэй л байсан л даа. Хараад л өнгөрөхөд зохимжтой. Өөр юу ч бодохгүй. Амьдрал өөрөө тийм болоод байх шиг. Хэт бодоод ирэхээр л гахай гай чирээд ирчихнэ. Хараагүй юм шиг л нүдээ аниад, чихээ таглаад хааяа нэг эрвээхэй харж сэтгэлээ сэргээсэн шиг л амьдрахад амар байх шиг. Цэцэг харахаар хүний оролцоо байсан гэж бодохоор л үл тоомсорлоно. Бид нар бол гоё юм бол хийгээд бүтээчхээд байгаа юм аа. Дээр нь бас сөнөөчхөөд байгаа болохоос биш.

Модон шатан дээр алаг эрээн эрвээхэй нарлана. Далавчаа намуухан дэрвэхийг харсан би хөдөлж эс чадаад түүнийг хэсэг ажив. Өөрийг нь ширтээд байхаар эрвээхэй ч ичээд нисээд явчихлаа. Зуны сүүлийн өдрүүдийн нэг өөрийгөө ийнхүү тунхаглав. Би ирлээ. Эрвээхэй одлоо.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...