Skip to main content

Хоёр толгойт

Хоёр толгойт мангас
Хорвоо дэлхийд мэндэлжээ
Хөрст алтан дэлхийг
Хөнтөрч хаяхаар заяагджээ.

Хос тэргүүнтний нэрийг
Хольж хутгах нь элбэг
Хоосон яриат, Хөндлөн хэлт
Хоч овог нь бөлгөө.

Заяасан алдар нь хэмээвээс
Зүүн дух, Баруун дагз.
Зүүсэн тамга нь аваас
Зүүн хошуу, Баруун хэл.

Зөрсөн ам толгойт
Зүгээр нэг хэрэлдэхгүй
Зодолдож, нанчилдах дуртай ч
Зол даанч дутмаг.

Зүүн дух ялгавар ухаанд гарамгай
Баруун дагз харин зөн билигтэн
Гал ус хоёр үргэлжид сөргөлдөнө
Уур болон дэгдээд, бороо болон орно.

Зүүн дух өлсөөд хоол идэж суулаа. Баруун дагз эхлээд энийг нь анзааралгүй зүүрмэглэж байснаа сайхан үнэрт нь сэрчхэв. Тэгээд мөн амтат сайхан шарсан мах идэх гэсэн боловч гэдэс нь аль хэдийн дүүрчихсэн байв. Цатгалан боловч юу ч идээгүйдээ уурласан Баруун дагз Зүүн духыг мөргөөд авлаа. Нозоорон байсан Зүүн дух гэнэт цохиулсандаа гайхан Баруун дагзыг харвал тэр түүн рүү ууртайгаар ширтэнэ.

-- Яасан?
-- Чи гэдэс дүүргэчхэж!
-- Тэгээд?
-- Би өлсөөд байна!
-- Чи гэдэс дүүргэчхэж гэсэн биз дээ?
-- Би юу ч идээгүй!
-- Гэдэс чинь дүүрэн юм бол юм идэж яах гэж байгаан?
-- Өлсөж үхлээ! Шүлс ялгараад хоосон шүлс залгиад байна!
-- Тэгээд юм идээч!
-- Цатгалан байна!
-- Тэгвэл юундаа хүнд уурлаад байгаан! Хөдөлж өөрийгөө өлсгөөч.

Зүүн дух эргэн зүүрмэглэж эхэллээ. Баруун дагз хэлэх үггүй болсондоо хоолоо шингээж ахиж юм идэхээр гадаа гарч гүйлээ. Зүүн дух хажууд нь санжганан дохино. Баруун дагз нэлээд удаан гүйсний эцэст ам нь цангасан тул гудамжны сандал дээр суун хэсэг амран, амны цангаагаа тайлж байлаа. Энэ үед Зүүн дух сэрэв. Унтсан боловч хамаг бие нь аймшигтай ядарна.

-- Чи одоо юу хийгээд байгаа юм бэ!?
-- Гүйж байна!
-- Хүн амарч байгааг харахгүй байна уу? Зүгээр мөрөөдөөд сууж байлдаа чи!
-- Би өлсөөд байна!
-- Тэгээд юм идээч юундаа гүйгээд байгаан!?
-- Чи өөрөө гэдэс дүүргэчхээд!
-- Тэгээд хоол идсэний дараа намайг унтдагийг мэдсээр байж чи яах гэж гүйсэн юм бэ?
-- Би юм идмээр байсан юм.
-- Тэгээд идэхгүй яасан юм бэ!
-- Гэдэс дүүрэн байсан юм гэж хэлээд байгаа биз дээ!
-- Тэгвэл яахаараа өлсдөг юм бэ!?
-- Чи өөрөө ганцаараа идчихсэн биз дээ!
-- Чи тэгээд өлссөн юм уу!? надаас өшөөгөө авах гэж гүйсэн юм уу?
-- Би өлссөн гэж хэлээд байнашд!
-- Тэгвэл яах гэж гүйгээд байгаа тэнэг вэ? Би амармаар байна!
-- Тэгээд амраач! Би гүйж байна за!
-- Чи гүйхээр би ядраад байна!
-- Тэгвэл чи идэхээр би өлсөөд байна за!
-- Гэдэс чинь дүүрэн байхад чи яаж өлсдөг юм бэ?
-- Толгой чинь унтаж байхад чи яаж ядардаг юм бэ!?
-- Чи бие аваад гүйгээд байгаа юм биш үү! Мөрөөдөгч минь!

Зүүн дух Баруун дагзыг мөргөчхөөд <<Битгий хөдлөөд бай! Юмаа идвэл ид!>> гээд эргэн зүүрмэглэв. Баруун дагз хэт их гүйсэн тул өлсөж бас ядарч байлаа. Тэгээд босох гэтэл баруун бие нь хөдөлсөнгүй. Зүүн дух нам унтчихжээ. Баруун дагз хэчнээн оролдоод ч Зүүн духыг сэрээж чадсангүй. Баруун дагзны чихэн дээр хэн нэг нь хашхична. Нүдээ нухлан харвал Зүүн дух байдгаараа улайчихсан орилж байв.

-- Мөрөөдөгчөө босооч ээ!
-- Юундаа орилоод байгаа юм бэ!?
-- Чи өлсөөд байна юм иднэ гэсэн дээ!
-- Тэгээд?
-- Юу тэгээд гэж! Юм идэхгүй яасан юм бэ? Өлсөж үхлээ шүү дээ! Тэнэг юм шиг баахан гүйчхээд юм идэлгүй унтчихсан байх юм!
-- Чи өөрөө унтчихсан шдээ!
-- Би унтах ямар хамаатай юм бэ!? Чи өлсөө биз дээ!
-- Тэгээд би өлссөн юм бол чи юундаа уурлаад байгаа юм бэ!?
-- Одоо би өлсөөд байна за!
-- Тэгээд юм идээч!
-- Чи унтаад байгаа биз дээ!
-- Одоо сэрчихсэн л байгаан биш үү!
-- Сая унтаж байсан юм байж!
-- Өнгөрсөн одоод ямар хамаатайн!
-- За амаа тат явж юм идье.

Хоёр толгойт тэндээс
Хорвоо дэлхийгээр зугаалан
Хоёр далайг гатлан
Хөдөө талд буудаллаа.

Хараа хүрэх газар
Хоол унд байсангүй
Хэрэлдэж маргалдахаа марталгүй
Ходоодоо хоржигнуулан сууна.

Зүүн дух ялгаварлах ухаанаар
Зөв бурууг тунгаан
Зөн билгийг муулан
Зөвхөн бурууг тохно!

Баруун дагз гэнэт
Бархиртал уйлж гарав
Байдаг сэтгэл нь хөдлөн
Баахан нулимсаа урсгав.

Зүүн дух түүнийг
Заримдаа аргадна, тэгээд загнана
Зоригжуулан магтана
Зандчин угзарна.

Хэсэг хугацаанд ингэж суусаар
Хос толгойт эвлэрэв
Хэлэлцэж тохирсон хэрэг бус
Хоосон ходоод нь ятгажээ.

Хоёр толгойт тэндээс цааш явсаар нэгэн арал дээр ирлээ. Аралын голд томоос том ширээ үзэгдэнэ. Өөр юу ч байсангүй. Эргэн тойрон зах хязгааргүй үргэлжлэх ус. Өөрсдийнх нь ирсэн зүгийн хязгаар бүртийх газар. Зүүн дух тэр доороо ширээний учрыг олох гэж бодолд дарагдав. Баруун дух угаасаа ялгаварлах ухаанд суралцаагүй тул ширээний эргэн тойрон алхална. Хоол гээд мөрөөдөх төдийд гараад ирдэг ширээ байгаасай хэмээн мөрөөдлөө. Мөрөөдөж дуусаагүй байтал ширээн дээр түмэн газрын, буман амттан дэлгэгдлээ. Хоёр толгойт ийм юм болно чинээ бодоогүй байсан тул эрүүгээ унаган, нүдээ бүлтийлгэн нэгнээ ширтэв.

-- Энэ хаанаас гараад ирэв?
-- Ура! Шидэт ширээ байна.
-- Айн!?
-- Яагаав дээ! нөгөө үлгэрт гардаг шидэт ширээ. Хоол бодонгуут гарж ирдэг.
-- Тийм юм байх боломжгүй ээ! Чи бодоод үз дээ. Хов хоосноос хэрхэн яаж ийм сайхан амттанууд би болох юм бэ?
-- Тэр ямар хамаатай юм бэ!? Өлсөж үхлээ. Идье ээ!
-- Байжий! Юу гэдгийг нь мэдэхгүй яаж идэх юм бэ?
-- Чи идэхгүй бол боль! Би лав идлээ.
-- Тэгж болохгүй ээ! Чи үхчихвэл би үхчихнэ шүү дээ!
-- За тэгвэл чи ид!
-- Тэгээд?
-- Чи үхвэл чи үхнэ. Тэгээд надаас болж чи үхэхгүй.
-- Ялгаагүй л би үхэж байгаа юм биш үү!?
-- Тийм ч юм уу!? За тэгвэл би идлээ. Үхэхээр угаасаа чи л үхэх юм байна.

Ингээд Баруун дагз Зүүн духнаас зөрсөөр идэж гарлаа. Эндээс нэг, тэндээс хоёр хазсаар баахан идэв. Зүүн дух эхлээд тээнэгэлзэж байсан боловч Баруун дагз зүгээр байсан тул мөн дураараа идэж гарав. Тэгээд хоёр толгойт гэдсээ дүүргэчхээд бод идсэн боохой шиг сууж байтал далайгаас дөрвөн загасан хүн гараад ирлээ. Өнөөх дөрөв чинь өөрсдийнх нь найрын ширээ юу ч үгүй болчихсон байсанд гайхан эргэн тойрныг сайтар харвал Хоёр толгойт ширээг нь налан зүүрмэглэж байх юм. Уурссан дөрвөн загасан хүн сэрээгээ чичлэн Хоёр толгойтыг сэрээлээ. Хоёр толгойт зүүрмэглэн, эвшээсээр дөрвөн нүдээ нээвэл өмнө нь дөрвөн ууртай загасан хүн зогсож байв.

-- Хараал ид гэж! Чамд идэж болохгүй гэж би хэлээд байхад!
-- Тэгээд чи яах гэж идсэн юм бэ!
-- Чи өөрөө идээд байсан биз дээ!
-- Би үхвэл чи бас үхэх үү айн!?
-- Үхэж л таарна шүү дээ! Тэнэг минь!
-- Өө нээрээ тийм шүү дээ. За за тэр яахав чи яах гэж идсэн юм бэ!?
-- Чи идсэн ч, би идсэн ч ялгаагүй үхэх л юм чинь өөр яах байсан юм бэ!?
-- Тэгээд ялгаагүй юм бол юундаа надад уурлаад байгаа юм бэ!?

Зүүн дух ялгаварлахуйн ухаанаараа ахин бодож үзлээ. Нээрээ ялгаагүй байсан тул уурлахаа болив. Түрүүнээс хойш энэ бүхнийг харж зогссон дөрвөн загасан хүн Хоёр толгойтын хэрэлдэхийг харж зогсон хөхрөлдсөөр байгаад хэтэрхий удаан уснаас гарсан тул хатаад үхчхэв. Хоёр толгойт айж сандарсандаа тэндээс зугтан одлоо.

-- Сая юу болсон бэ?
-- Хоёулаа зүүдэлж байсан юм болов уу?
-- Үгүй ээ! Жинхэнэ байсныг нь чи харчихаад!
-- Одод ч гэсэн харагддаг шүү дээ!?
-- Одод чинь жинхэнэ шүү дээ!?
-- Чи яаж мэдэж байгаа юм?
-- Харагддаг биз дээ!?
-- Тийм ч бил үү!?

Зүүн дух ялгаварлахуйн ухаанаа ашиглан
Заяа тавилан байсан юм болов уу?
Зол заяа байсан юм болов уу?
Зүгээр л учир шалтгаан байв уу? хэмээн

Зургаан зүйл, есөн төрлийг эргэцүүлэн
Зуурдхан болоод өнгөрснийг бодно.
Загасан хүн үхсэн шалтгаан
Зүүн духанд даанч төсөөлөгдсөнгүй.

Баруун дагз төсөөлөн бодно
Баахан бодсон ч үлгэр л эргэлдэнэ
Бид хоёрт үхтлээ дурлачхаж
Бид хоёроос хөштөлөө айчхаж

Бүтэхгүй бүхэн толгойд нь эргэлдэнэ
Буруу боловч үнэнийг эрэлхийлнэ
Баахан бодолд нь харин
Бодит үнэн төөрчихсөн ч байж мэдэх.

Хоёр толгойт дэлхийг бүтэн тойроод агуйдаа ирлээ. Нар уулын цаагуур буугаад гэгээ тасарч байв. Толгой дээр нь сар гөлийнө. Баруун дагз тэнгэрийн дагина сарнаас буугаад ирдэггүй юм байхдаа хэмээн бодно. Зүүн дух өнөөдөр юу, юу хийв хэмээн бодож суулаа. Тэгснээ гэнэт өдөржин Баруун дагзтай хэрэлдсэнээ ухаарав.

-- Дагзаа би чамтай өдөржингөө хэрэлдчихсэн байна шүү дээ!
-- Тэгээд?
-- Юу тэгээд гэж! Чамтай өдөржингөө хэрэлдсэнээс болоод би өдрийг дэмий өнгөрүүлчхэж!
-- Мэдэж байсан юм бол яах гэж хэрэлдсэн юм бэ?
-- Өдөр мэдэхгүй байсан юм! Одоо харин мэдчихлээ.
-- Тэгвэл яагаад одоо надтай хэрэлдээд байгаа юм бэ!?
-- Нээрээ тийм ч юм уу!?
-- Сар харахгүй юм уу?
-- Яах гэж?
-- Тэнгэрийн дагина буугаад ирэх ч юм уу?
-- За мөрөөдөхөө больж үз! Дагз минь хурдан орж унтъя.
-- Чи унтаж бай! би жоохон тэнгэр хараадахъя.

Зүүн дух унтахаар нүдээ анив. Тэр зүүдэлж эхэллээ. Зүүдэнд нь сарнаас тэнгэрийн дагина бууж ирж байх юм. Зүүн дух бодлоо <<Би зүүдлээд байна уу? Тэнгэрийн дагина үнэхээр бууж ирчхээд Баруун дагз хараад байна уу?>> . Өглөө нь босож ирэнгүүтээ тэр Баруун дагзнаас асуулаа. Баруун дагз юу ч мэдэхгүй хэмээв.

________________________________________________________

Hanper
2011 оны 06-р сарын 17

Бүүр алга болчихсон гэж бодож байсан зүйлсээ өнөөдөр олов. https://archive.org/ дотор он цагаараа хадгалагдсан байсныг нь ухаж төнхөж байж оллоо. Өмнө нь ямар ч аргагүй гэж бодоод хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнөөр хандсан байсан болохоор өөртөө итгэл найдвар төрүүлэхээс айсан юм болов уу? Би хуучин блог оо 2015-2018 оны хооронд хөтөлж байсан гэж бодож байтал тэрнээс хамаагүй өмнө байх юм. 2010-2015 байна. Эргээд харсан чинь юу вэ? яасан жоохон юм бэ? Дунджаар арван жил өнгөрсөн байх юм. Энэ бүх хугацаанд юм юм л болсон атлаа зарим зүйлс бахь байдгаараа л байна. Тэгээд хааяа нэг хуучин блогоосоо жоохон засаж эмхлээд оруулж байна аа. 

Энэ одоо байгаа надаас арай гэгээлэг байсан үе бололтой. Аргагүй дээ мэдэхгүй, чадахгүй зүйл байхгүй нас байсан биз. Одоо юм шиг дууссан ч гэсэн өөрчилчихөөр би тэр үеийн өөрөө биш болчих юм шиг санагдаад энэ удаад хэвээр нь үлдээв. Магадгүй ирээдүйд засаж нэмэх ч юм билүү.

 

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...