Skip to main content

Урвагар царайт

Урвагар царайт хэзээ аз жаргалгүй болсноо мэдэхгүй. Баяр хөөр хэдийд түүнээс нүүр буруулсан нь тодорхойгүй. Үүндээ тэр гуниглаж байсангүй. Урвагар царайт анх удаа нэг охинд дурласан боловч тэр түүнийг урвайсан, уйтгартай гээд тоосонгүй. Түүнээс хойш тэр ахин хэнд ч сэтгэлээ нээгээгүй. Урвагар царайт унжгар төрхтэй амьдарсаар л хорин хэдэн жилийг ардаа үджээ.

Өчигдөржин орсон борооны гунигийг арилгах гэсэн шиг нар байдгаараа гэрэлтсээр мандаж. Урвагар царайт тэнгэр өөд саравчлан шуналтайгаар цээж дүүрэн амьсгалав. Буудал дээр хүмүүс шамбааралдаастай. Ирэх унаа бүрийг даган бөөн бөөнөөрөө араас нь гүйлдэнэ. Урвагар царайтын суух нийтийн унаа хэд хэд ирсэн боловч шахалцах дургүй болохоороо харж зогссоор хоцорлоо. Шахцалдахаас гадна эмэгтэй, хөгшин, хүүхэд гэж урдаа оруулсаар байгаад үргэлжид хамгийн ард зогсчихдог болохоороо хүнгүй унаа хүлээж байгаа царай нь. Цэцэг салхинд хийсэн өнгөрөв үү!? гэмээр үзэгдэхэд урвагар царайт харц гүйлгэн харав. Урвагар царайнд нь золтой л инээмсэглэл тодорчихсонгүй. Зүрх сэтгэл нь аз жаргалаар бялхаж ирэхийн алдад тархи нь тэрхүү хүн цэцгийг ахин харахгүй гэсэн бодлоор дүүрчхэв. Урвагар царайт гуниглангуй доош харан зогсоно.

<<Уучлаарай цаг хэд болж байна>> гэж сахиусан тэнгэр өөрөөс нь асууж буй мэт санагдахав өнгийн харвал хүн цэцэг өмнө нь инээмсэглэн зогсоно. Түүнээс гэрэл сацран өөрийг нь даллан дуудах шиг мэдрэгдэв. Зүрх нь байдгаараа бөмбөрдөн хором бүрийг зарлан тунхаглах ажээ. <<Аан, уун>> хэмээн урвагар царайтыг бувтнахад хүн цэцэг <<Цаг Байна Уу!>> гээд бугуйгаа заав. Урвагар царайт цагнаас салж үзээгүй билээ. Гуниглах хором мөч бүрээ тоолох гэсэн шиг цагаа үргэлжид зүүнэ. Хүн цэцэгт цагаа үзүүлбэл тэр онийн хараад баярлалаа хэмээн мишээчхээд яваад өглөө. Урвагар царайтын зүрх сугараад явчихсан мэт хоосон. Тэр гараа зүрхэн дээрээ тавивал тэр тэндээ хэвээрээ л. Хүн цэцэг гарцаагүй сэтгэлийг нь хулгайлчхаж. Түүнийг байсан гэх мэт удвал цэцгийн үнэр замхарсаар л. Урвагар царайт яах учраа олохгүй доороо эргэлдэнэ. Зүүншээ, барууншаа. Нэг хартал амьд цэцэг байхгүй болчхов. Урвагар эргэн тойрноо гүйлгэн харж, яах учраа олохгүй байх үед хаалгаа хаан буудлаас хөдлөх тэрэгний цонхон дээр зогсож харагдахад урвагар царайтын хөл өөрийн мэдэлгүй нийтийн унааны араас гүйлээ. Гараа даллан, хүлээгээрэй хэмээн байдгаараа чарлана. Нийтийн унаа буудлаас хөдлөв үү, үгүй юү бөглөрөөнд орон зогсох мөчид жолооч нь урвагар царайтыг өрөвдсөн мэт хаалгаа нээж өглөө. Түүний өмнө диваажингийн үүд цэлийтэл нээгдэх мэт болсонд урвагар тэр доороо хөшчихөв. Хаалга эргээд хаагдах мөчид гэнэт ухаан орсон мэт харайн ортол цүнх нь хаалганы гадна үлдчихэв. Тасалбар түгээгч түүнийг байдгаар нь загнана. Урвагарт тэр гэхдээ сонин байсангүй, амьд цэцэг л өөрөөс нь холдон алсын алсад нисчих вий гэсэн бодол эргэлдэнэ.

Цэцэг нар даган дэлбээгээ эргүүлдэг шиг, тэр нүүрээ наранд ээн нүдээ анин зогсоно. Урвагар царайт хажууд нь зогсож зүрхлэхгүй тул хамгийн ард очиж зогслоо. Тэгээд түүнийг цоо ширтэнэ. Хэдий хугацаа өнгөрснийг цаг хугацаа л хэмжсэн биз ээ. Түүний буух буудал аль хэдийнээ өнгөрчхөж. Хүн цэцгийн буух ээлж болсон бололтой хаалганы дэргэд зогсоно. Урвагар царайт даган буух эсэхээ шийдэж чадаагүй ч ард нь очиж зогслоо.

Зэргэлдээ ертөнцүүд байдаг гэдэгт итгэдэг үү? гэсэн үгс амнаас нь яагаад ч юм бэ!? уначхав. Хүн цэцэг гайхсан байртай эргэж харлаа. Урвагар царайт амьдралдаа анх удаагаа инээмсэглэн <<Хэрвээ би өөртэй чинь танилцахгүй юм бол үнэхээр их харамсах болно гэж хэн нэгэн зэргэлдээ ертөнцөөс шивнэлээ.>> гэв. Тэр цэцэг үг хэлсэнгүй. Инээмсэглэл түүнд бэлэглэчхээд буугаад явчхав. Урвагар царайт түүнийг алга болтол араас нь ширтсээр л байв. Урвагар царайт урвайсан хэвээр л. Ахиж инээмсэглэсэнгүй. Тэр охинтой ч тааралдсангүй. Хүн цэцэг цаг хугацааны салхинд хийсэн оджээ.

Танил үнэр сэтгэл сэргээхэд өндийн харвал. <<Би ч гэсэн харамсах байсан юм байна.>> хэмээн танил хоолой шивнэв. Жилийн дараа урвагар царайт ахин инээмсэглэв. Энэ удаа урвагар царай цаг хугацаатай хийсэн одлоо. Тэр дахин урвайсангүй.

____________________________________________

Hanper
2011 оны 06-р сарын 13

За би өөрөө ч гэсэн сайн ойлгосонгүй. Зарим тохиолдолд хуучны юмнуудаа уншиж байхад тухайн бичиж байх үеийн мэдрэмж гэнэт дотроос гараад ирэх шиг санагддаг бол тийм юм байсангүй. Магадгүй цаг үе нь хоцрогдсон юм болов уу? Одоо ч нийтийн тээвэрт карт л уншуулдаг болсноос тасалбар түгээгч байхгүй болж дээ. Түгээгч гэдэг юм болов уу? таслагч юм болов уу? Ямар ч байсан их л мундаг чимхдэг хүмүүс байсан юм даг.

Эсвэл зүгээр л өөрөө хэн нэгэнтэй таарсан мөртөө хэлээгүй. Хэлсэн ч тэрэнтэй таараагүй болохоороо мөрөөдөж бичсэн юм болов уу? Хэрвээ тэгсэн бол одоо тэр охины хэлтэрхий бага ч гэсэн дурсамжид үлдмээр юм.

Магадгүй би өөрөө урвайж явдаг байсан байхдаа. Гэхдээ байдгаараа мишээлттэй явдаг хүмүүс ховор л доо. Хар хүйтэнд ядаж шүд даарах байлгүй дээ. Төгсгөл нь гэхдээ таалагдахгүй байна аа. Өөрчлөөд бичье гэхээр яахыг нь мэдэхгүй байна. Шалтгаан нь өмнө гаргах гэсэн мэдрэмж нь алга болчхож. Би урвагар царайт биш болсон юм байх даа. Би гэхдээ тэр байсан гэж яагаад бодно билээ. Хуучин дурсамжуудаа санах гэж оролдоход гурван төрлийн автобусны буудал л санаанд орно. Хар хорин, саппоро, зүүн дөрвөн зам. Эхний хоёр нь гэрээсээ сургууль явдаг байсан буудлууд. Буцаад явахаа бодох юм бол офицер л баймаар юм. Гэтэл яагаад сүүлийнх нь зүүн дөрвөн замын буудал байдаг билээ гэх юм бол их багын зүйл яригдах юм даа.

Өөр автобусны буудлууд санаанд орж байгаа боловч тэд нар гол дурсамж биш байх шиг байна. Гол дурсамж нь хүн болоод тэд нарын байртай холбоотой ажээ. Тэгээд л орой нь гэрийн зүг гэлдэрнэ. Яг одоо бүх юм будилаантай байна. Аливаа зүйлс дурсамж болоод үлдэх гээд байна.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...