Skip to main content

2022 он

2022 он дуусах гэж байна. Би төрөөд нэлээд удчихаж. Чингис хаан мэндлээд өчнөөн жил болчихсон. Есүс ирээд л тоолж эхэлсэн дэг. Арай өөрөөр тоолдог цагаар шинэ жил нь болоогүй байдаг. Би насаа нэмэх үү? Билгийн тооллыг нь хүлээх үү? Аргаар нь нэмбэл ашигтай л даа. Нэг насаар мөнхөд залуу явна. Эхийн хэвлийд нэг жил орчим юу ч бодож амьдарсан юм байгаа юм. Эрхэлсээр байгаад л таарсан биз.

За тэгээд арван жилд Ленин багшийн заасан замаар явах гэж жоохон үзсэн юм болуу даа. Бусад үед нь эцэг, эхийн мөрийг л дагалаа. Сайн л явж байх шиг байна. Алдас болоод заяа минь гомдох вий дээ. Сайхан амьдарч байна аа. Сэмээрхэн дээ гэвэл өөр нэмж хүсмээр зүйлс мэр сэр байгаад л байгаа шүү. Төөрөг жоохон чихээ дарчихвал баярлахаар л байна.

Бага байхад өвөөгийнд очоод. Өвөө их л сүртэй мундаг өвлийн өвгөний хувцас өмсөж байгаад хүүхэд бүрт бэлэг тараадаг байв. Одоо ч гэсэн тарааж байгаа л даа. Би л авахаа больчихсон болохоос биш. Тэнд дундаас юу авч байсан аа сайн санадаггүй юм. Бодвол чихэр жимс л авч байсан байх. Тэр үед амттан ямар одоогийнх шиг элбэг байсан биш. Миний хамгийн сайн санадаг байсан зүйл гэвэл надад хатуу чихэр өгөхөөс их айдаг байсан явдал. Би дандаа хахаад хавь ойрын хүмүүсээ сандаргаад байдаг байсан болохоор тэр л дээ. Яаж өдий хүртэл амьд явсан юм бүү мэд. Бодвол аминдаа хайртайн болохоор хүнээс нууж чихэр иддэггүй байсан юм шиг байгаа юм.

Хоолойны мах нь том болохоор тэгж байгаа юм л гэнэ. Тэрнээсээ болоод бас хоолой нь өвдөөд байдаг л юм гэнэ. Эмч хэлсэн болохоор ортой л байх даа. Тэгээд хэзээ ч билээ авхуулж байсан юм. Ахлах анги л байсан шиг санагдана. Гол нь би өөрөө бодсон юм болов уу? зүүдэлсэн юм болов уу? мэс засал хийж байх үед нь би өөрөө сэрчхээд хөдөлж чадахгүй, орилж чадахгүй, нүдээ ч нээж чадахгүй байсан. Өвчин мэдрэхгүй байгаа ч гэсэн хоолойноос юм татаж байгаа нь мэдрэгдээд хэсэг байж байгаад би эргээд ухаангүй болчихсон. Жинхэнээсээ болсон бол аймаар л дурсамж байгаа юм.

Одоо хоолой өвдөх нь бага болсон болохоор үүний ач тус байж ч магадгүй л дээ. Би ер нь өвдөж чаддаггүй хүн байгаа юм. Өвдөхөөрөө ааш эвдэрнэ. Одоо нээх сайхан ааштай тэр нь эвдрээд байгаа юм биш. Жоохон аятайхан байлгах гээд эвлүүлж ядаж байгаа зан минь нурчихдаг байх. Тэгээд л нэг булан очоод хэвтээд өгмөөр санагдана. Хүмүүс ирээд яасан ийсэн гэхээр л яав л гэж өвдөж л байгаа юм биш үү гээд хөөгөөд явуулмаар. Хэллээ гээд ямар идгэх гээд байгаа биш зовж ядаж байхад намайг өрөвдөж сэтгэлээ өвтгөөд миний бодох зүйлсийг ихэсгээд байхаа болохоор тэр байх. Өвчин тоодоггүй. Зүгээр л би зүгээрээ гээд яваад байдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Өвчин яагаад дарамттай зовлонтой биш байна вэ? Эсвэл өвдсөөр байгаад сураад бүүр залхчихсан улс уу?

За шинэ он гарах гэж байхад уруу юм ярихгүй ээ. Өөдөө юм ярий. 2023 онд юу болох гээд байна вэ? Дэлхий ч яахав надаас хамаарах юм биш. Эргээд л байж байх байх. Улс харин надаас жоохон хамааралтай. Чадахаараа л нэмэр болох байх. Би харин өөрөө яах билээ. Амжилт, эрүүл энх, аз жаргал хүн болгон л өдөр бүр хүсэж байгаа болохоор нэмж хүсэх ч хаашаа юм. Бусад үед боддоггүй, хүсдэггүй зүйлээ бодох ёстой юм болов уу? Тэр нь юу вэ гэхээр. Нүдээ аниад дотроо бодоорой ... за тийм л юм байгаа даа.
Шинэ жил өнгөрсөн долоо хоногт хамаатнуудаа тэмдэглэв. Дүү нар том болжээ. Орилоод гүйгээд байдаг байсан. Улс нэрлэж тоглий л гэж байна. Амьтан нэрлэж тоглий л гэж байна. Би ч яахав баахан л улс, баахан амьтан нэрлэлээ. Нэг ялагдаж өгдөг юм билүү. Ирэх жилдээ бодож баярлах юм болов уу? гэж бодсон ч тэгсэнгүй. Бацаануудад арай ялагдах болоогүй байна шүү гээд л өрсөлдөөд байлаа. Арван жилдээ уул нь тооны олимпиад этэр ороод л байдаг байсан юм сан. Өөр нэг дүүгийн бодлогыг харсан чинь нүд эрээлжилж байнашд. Гэхдээ их сонин нь намайг сургуульд байхад анги ангиараа байдаг байсан бол одоо ахлах, дунд гээд л ангилдаг. Анги хамаагүй болсон гэх юм. Бид нар 5н бодлого 5н цаг бодох нь элбэг байсан бол эд нар 10н хэдэн бодлого 2 цаг гаруйхан боддог гэх юм. Хүүхдүүд сууж чаддаггүй болсон юм болов уу? Хурд шалгадаг болчихсон юм болов уу? Гэхдээ хүүхдүүд мундаг болжээ. Бид нарын үеийг бодвол гадаад хэлийг сайн эзэмшдэг болсон байна. Тэгээд хэлтэй, утастай, интернэттэй болохоор хүссэн зүйлээ олж мэдэх боломж хүсэх юм бол атгаад л авдаг болсон юм байна. Би бол утсаар хүн битгий яриасай гээд л ганц юм үзэх гэж бараг сэрүүлэг тавьж суудаг байлаа. Юм хөгжинө гэж.

Ажил дээр ч гэсэн мундаг хүүхдүүд олон байна. Би анх ажиллаж байх даа тэгээд л юугаа ч мэдэхгүй өдөр шөнөгүй ажилладаг байсан бол одоо хүүхдүүдийн хандлага арай өөр байх шиг байна. Ажлаас өөр амьдрал байдаг гэх юм болов уу? Өөрсдийгөө хөгжүүлээд дэлхийн хүмүүстэй адилхан боломж бололцоог эрэлхийлдэг болсон байна. Бахархмаар атаархмаар ч юм шиг.

Мэдээгүй байх даа би өдөр бүр өнөөдрөөсөө илүү байхыг хичээнэ. Тэр минь эргээд амьдралыг бага багаар өөдрөг болгоно. Залуу үеийнхэн тэрүүгээр өгсөн улам дээшээ явж байгаа юм болов уу. Тэгж байвал сайн л байна. Үгүй бол яахав дээ. Миний, бидний буянаар биш өөрсдийнхөө зорилгоор сайхан амьдарцгаах биз ээ. Тиймийн учир бүгдэд нь шинэ оноо сайхан угтаж. 2023 он нь аз жаргалаар дүүрэн байх болтугай.

Гэхдээ би бичихээрээ их л хөгшин хүн шиг бичээд байгаа боловч уул нь дажгүй залуухан юм байгаашд. Даанч хэтэрхий олон залуу хүмүүстэй ажиллаад байхаар ийм болоод байх шиг байна гээл үү. За тэд нарын буруу гэж юу байхав. Зүгээр л өмнө нь чаддаг байсан зүйлсээ чадахгүй болоод ирэхээр хүн өөрийгөө хөгширч байгаа гэдгээ мэдээд тэгээд тэрэндээ дарагдаад гундайдаг юм болов уу. Жишээ нь би сагс тоглож байхдаа үсрээд л шийднээс атгадаг байсан юм даа. Одоо тэгтэл самбартаа ч хүрэхгүй. Хүн сонсвол үнэмшихгүй. Би ч өөрөө итгэхгүй л байх байсан байх. Аав надад дурсдаг байсан. Би залуудаа үсэрч өшиглөөд л цонх хаадаг байсан гэж. Би юу гэж итгэхэв. Одоо бол харин үнэн байж магадгүй гэж бодоод байгаа. Удмын юм байгаад байх шиг байгаа юм.

Миний нас дээр гэхдээ аав, ээж хоёр 3н хүүхэд өсгөж байсан гэж бодохоор би бол арай л барахгүй юм шиг санагддаг юм. Яая би ямар хэцүү хүүхэд байсан бол хэмээн боддог юм. Гэхдээ өөрөө санаж байгаагаар их л томоотой байсан шүү. За тэгээд гэр цэвэрлэнэ, хоол хийнэ, хувцас угаана. Гэхдээ эд нар чинь арван хэдэн наснаас нааш эхлэхгүй. Тэгэхээр тэр болтол бол чанга л байсан байх. Би миний бага нас гэр байдаг хүүхдийнхийг бодвол хэд дахин амар. Ус зөөнө, түлээ хагална гэсэн бол би лав барахгүй байсан даг аа. Биеэ хүчний ажилд муу хүн. Хийхгүй өссөн болохоор аргагүй юм байх даа.

За тэгээд өсөж явсаар өтөлж байна даа. Үг ч олдож, өдөр ч өнгийж байна. Үдээд явуулъя даа та нарыгаа. Шинэ онд л уулзъя.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...