Skip to main content

Хоолтой холилдож мартагдсан шүлэг

Өдөр хоолондоо орчхоод эргээд явж байтал толгой дотор их л гоё хоёр мөрт орж ирсэн юм сан. Бичиж авна даа гэж байсан мартчихаж. Тэмдэглэж авахаа мартсан хүн болохоор тэр хоёр мөрөө ч санадаггүй. Хэрвээ миний санаж байгаа буруу биш бол бараг л Нобелийн шагнал авахаар бүтээл болох байсан байх даа. Ингээд бодохоор хэчнээн олон хүний хэдэн арван суут бүтээлүүд үгүй болж байдаг юм болдоо. Одоо бол утас гарын доор учир гялс тэмдэглэж авах боломжтой бол өмнө ямар тийм юм байсан биш. Ядаж байхад явж байгаад л бүдэрч унаад үхчихдэг байсан байлгүй дээ. Бактери, вирус нар дураараа нэг загнадаг байсан байлгүй. Холд зам тавь гээл юун дархлаа, юун цагаан эс.

Хүн төрөлхтөн юм эрээчиж, сараачаад хэчнээн удлаа. Үсэг мэдэхгүй байхдаа аман зохиол бүтээгээд үр хойчдоо дамжуулаад л байдаг байсан. Би тэгээд л хэн нэг нь бичээгүй бодоогүй шүлэг бичиж байвал бас л мундаг биш гэж үү? Эсвэл мундаг хүмүүс нь тоохгүй үлдээсэн дунд зэргийн яруу найраг нь надад үлдсэн юм болов уу? Тэгээд цаашлах тусам миний дараа мянга, мянган жилийн дараа өөр хэн нэгэн нь шүлэг сийрүүлээд л сууж байх байхдаа.

Хүн болгон өөрөөр бодоод өөрөөр сэтгээд байгаа болохоор энэ олон зүйлс бүтэж байгаа юм болов уу? Тэгсэн атлаа унших төдийд би тэр хүний мэдрэмжийг мэдрээд. Гуниглах бол гуниглаад, баярлах бол баярлаад. Магадгүй зарим хэсгийг нь буруу ойлгосон байж болох юм. Гэхдээ л үгсээр хүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг мундаг биш гэж үү? Миний дурсамж үгээр, үнэрээр, амтаар, дуугаар сэргэнэ. Гэнэт юу билээ гээд багын зүйлс санагдана.

Би үг уншиж байхад толгой дотроо чангаар уншдаг. Тэгдэггүй хүн бас байдаг гэх юм. Уншиж байхад зүйлс өөрсдөө биет болоод нүдний өмнө биш мөртөө нүдээр орж ирж байгаа юм шиг мэдрэгдэнэ. Тэгтэл бас тэгж төсөөлдөггүй. Үг үг хэвээрээ л толгойд нь буудаг хүмүүс байдаг гэх юм. Надад ерөөсөө сайн ойлгогдохгүй байгаа юм. Би заримдаа ном уншчихаад уншсан билүү, үзсэн билүү гэдгээ санахгүй. Ялангуяа Япон манга уншчих юм бол дараа нь анимег нь үзсэн юм шиг санагдаад байдаг. Арай л хэт төсөөлөлтэй мэт.

Нэг бодлын сайхан ч гэсэн эргээд бас хэцүү. Өөрөө санаа зовж бодсон зүйлээ яг болсон юм шиг, болох юм шиг санаад байдаг асуудалтай. Өндөрөөс уначих вий гэж айдаг биш. Өндөрөөс үсэрчих юм шиг санагдаад байдаг болохоор өндрөөс айдаг.

За тэгээд мартагдсан шүлгийн араас нэхэл болгож баахан юм бодов. Түүнийг далимдуулж жоохон юм бичлээ. Онгод гэдэг харвасан юм шиг ороод л гардаг эд юм даа. Орсон, гарсан шархыг нь нөхөхгүй бол үлдэнэ гэж байхгүй. Нисээд л явдаг эд аж. Аз юм болов уу? Авьяас юм болов уу? Хүмүүс нь өөрсдөө хөдөлмөр л гэх байх даа. Алдахгүйн тулд, мартахгүйн тулд шархаа нөхөж амьдардаг болохоор тэгэхээс аргагүй биз. За тэгээд би нэхэл хатуутай юм болохоороо нэг шүлэг бичих гээд үзэхээс. Ирэхгүй бол дуудаад үзийдаа. Дуу сул болохоор сонсохгүй л байхдаа. Дуучин байсан бол дуулаад дуудах сан.

Нар ээж нүд гялбаад
Намайг гэх хүнийг хаана
Салхи шуурч нүүр хагалаад
Сайхан бүсгүйг надаас нууна

Гэтэл энэ шүлэг хэнд зориулагдаж хэнд уншигдах гэж буй билээ. Ноорог цаасны булан л юм даа. Урагдаад хаягдах төдий. Дуу байна. Сонсогдох гэж бүтээгдсэн. Реп байна. Үглэгдэх гэж бичигдсэн. Шүлэг яахав сэтгэлээ гаргаад цацаж байгаа хэлбэр юм болов уу? Тэгвэл энэ шүлэг миний юуны сэтгэл юм болдоо. Хэнийг бодсон, хэнийг харсан, хаанаас үүссэн сэтгэл юм бол. Би ухаж төнхөөд гаргаад ирэв үү? Өөрөө ундарч ургаад гараад ирэв үү? Авьяас билиг нь хальж бялхсан хүнийх л тэгдэг байхдаа. Би бол яахав цэцэг тарих гэж хичээж байгаа юм болов уу? Цэцэг цэцэгтээ танд зориулсан цэцэг. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Маргааш нь нартай, бага ч гэсэн аз жаргалтай өдөр байх болтугай.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...