Skip to main content

Балчиг Намгийн Алмас Залуу

Бага байхад Орос ардын үлгэрт ханхүү нар сум харван намагт унагаад, мэлхий гүнж олж ирээд л амар сайхан жаргаад байдаг байж билээ. Би харин авдрын ёроолд минь хэвтэж байсан <Балчиг намгийн алмас залуу> хэмээх Монгол ардынхаа үлгэрийг хэзээ ч мартдаггүй юм. Тэр ном хэзээ тийшээ орсон нь тодорхой биш боловч гарч ирсэн нь арваад жилийн өмнө билээ. Энэ хооронд өөр хаанаас ч энэ үлгэрийг олж хараагүйг бодоход магад нэгэн баатрын мартагдсан түүх биз ээ. Олныг нуршилгүй жинхэнэ үлгэртэйгээ та бүхнийг золгуулъя.

(Урт болохоор нэг доор уншиж завдахгүй бол эндээс татаж авна уу.)

#1:

Эрт урдын цагт
Энэ орчлонгийн хязгаарт
Ихэмсэг нэгэн хатан
Эзэгнэн суудаг байжээ.

Эрх танхи өсөөгүй
Эрхэлж наадаж үзээгүй
Энэ хатны алдрыг
Эрдэнийнбэлзэг хэмээнэ.

Эрдэнийнбэлзэг хатны
Эцэг, эх халин
Эргэх хорвоо ертөнцөд
Элбэрэлж хайрлах хүнгүй
Эргэж тойрох садангүй
Эгч ах дүүгүй
Эгнэгт ганцааранг нь үлдээжээ.

Хорвоогийн буман зовлонд
Хатуужиж чулуужсан
Хатан эхийн улсыг
Хархираа хэмээн нэрлэнэ.

Хол ойрынхон дурсахдаа
Хүний шунал цадахаар
Хүүхний сэтгэл ханахаар
Хар хүн хоргодохоор
Үлгэрийн хэмээн хөөрөлдөнө
Үзсэн харснаа ярьсаар
Өдөр шөнө өнгөрүүлсээр
Өлбөрч үхдэг байжээ.

Эрдэнийнбэлзэг хатан
Энэ хорвоогийн тооллоор
Хорин насан хүрэхэд
Хаан хүнээ шаардан
Хотол олон хүсээд
Улс олон чарлаад
Ухаан жолоогүй уухайлаад
Өргөн олон мөрөөдөөд
Өөр зүйлсийг умартжээ.

Хатуу ширүүн үе
Хаалга үүдийг нь тогшоод
Хөөрхий хатныг зовоох болов
Хүрэн зүрхийн шаналгаж эхлэв.

Төр улсаа тогтворжуулах гэж
Толгой тархи гашилган
Гүрэн улсаа хамгаалах гэж
Гавал юугаан ухан
Бодон бодон өнжсөөр
Баахан санаа олжээ.
Тунгаан тунгаан шүүгээд
Төр улсдаа хандан
Гурван төрлийн болзлыг
Гантигт сийлэн хадав
Хорвоо дэлхийгээр цацан
Хүн болгонд дуулгав.

Нэгдүгээр дүрэм хэмээвээс
Нүүдэлчин олныг зовоон буй
Ногоон нүдэн лууны
Нарийн гэдсийг авчрах

Дараагийн даалгавар гэвэл
Дархадын хотгорыг
Даан чиг түйвээж буй
Долоон толгойтыг устгах

Сүүлчийн шалгуур аваас
Сүнст хөндийн булшин дахь
Сүлдэт хааны хөшөөний
Сүүлчийн үгсийг мэдэх.

Оноосон даалгавар эдгээр бөлгөө
Олон түмэнд нээлттэй ажгуу
Орсон бүхэн итгэл төгс
Оройгүй их жаргалтай ажгуу.
Он сар улиран улиран
Одод тэнгэр эргэлдэн эргэлдэн
Нэгэн он бүтнээр дуусаж
Намар цаг эргэн ирэв.

Хааны суудалд бус
Хатны үзэсгэлэнд автсан
Хар мянга залуус
Хорвоо дэлхийг хэсүүчлэн
Хол ойрыг зорчин
Шалгуур бүхнийг дахав гэж
Шамдан шамдан хичээсэн ч
Давж гарсан нь үгүй
Дөхөж очсон нь тоотой ажээ.


#2:

Ногоон нүдэн луу
Намагт хөндийд амьдарна
Зэвүүн тэр луу
Зэвт суманд оногдохгүй
Толгой дээгүүр дүүлэн
Тулаанч бүгдийг тохуурхана.
Даамай нэгэн шогч
Даанч цамаан нэгэн ажгуу.

Нар жаргах алдад
Ногоон нүдэт луу
Найртай сайхан ааштай
Найрсаг тайван зантай
Нойрмоглон хэвтэж
Нарлаж суув гэнэ тэрээр

Салхи сөрөн гэтсээр
Сэмээр ирэх баатрыг
Залхуу луу анзаарсангүй
Залхаг тэр тааварласангүй.
Баатар эрээ нумаа
Байдаг чадлаараа эвшээлгэн
Баруун гараа тасартал
Баахан удтал онилсоор
Хүч барагдахын алдад
Хүрэл сумаа харвав.

Нисэх сум шунгинасаар
Ногоон нүдэн хэвтсээр
Зүрхэн хонхорхойг нь
Зүсэн ороход л сэхэв
Амин голыг нь
Авахын өмнө л анхаарав

Хоолойн чинээгээр бархиран
Хүч чадлаа шавхан
Сүүлчийн удаа нисэх гээд
Сульдсан биеэ хүчлэн
Далавч юугаа дэвэн
Далайж далайж орхив.

Тэнгэрт тэр луу
Тэнхээ мэдэн дэвсээр
Дүүлэн гарсан боловч
Диваажинд хүрч чадалгүй
Газар уруу шумбав

Ертөнцөөс тэр луу
Ерөөлгүй буцжээ.
Хорвоогоос тэр луу
Харамсалтайгаар хагацжээ.
Өчүүхэн хэмээн басалгүй
Үргэлжид сэрэмжилсэн бол
Шидэт тарнитай сумнаас
Шарх ч ололгүй зугтах сан.
Шившлэгт мөнгөн зэвээс
Шуурхай гэгч нь бултах сан.
Балчиг намгийн алмасын
Бургасан суманд оногдохгүй сэн.

Ногоон нүдэн лууг
Нэг сумаар агнаад
Намгийн тэр алмас
Нэрээ марттал баясав.
Намагт хөндий эзэлсэндээ
Нармайгаа сэтэртэл хөхрөв.

Хуучин намаг нь хатаад
Хорвоо дэлхийгээр хэсээд
Хоосон гэдэстэй гэлдэрч
Хатсан уруултай гулдарсаар
Холын намагт ирсэн нь
Халуун галаар тургигч
Хүчит жигүүртний хаан
Хөвчийн амьтдын эзэн
Хоёр төрөлт луу
Хөнөөлт нэгэн байсанд
Хэрхэхээ мэдэхгүй гударч
Хэд хоног шаналав.

Үхлийн өмнө луу
Үнэгнээс ялгаагүй болов.
Үхлээс айсан алмас
Үлэмж биетнээс зоригжив.
Хавь ойроор хэсүүчлэн
Хэрэглэх зэвсэг эрэв.
Эргэн тойрноо гүйлгэн
Эргүүлэх илдээ хайв.
Бутан дунд од гялалзана
Бургасан сум, хавчаахайтай хэвтэнэ.

Шулмын шившлэгт зэвсэг
Шинэ эзэнтэй болов.
Ширүүн хадуун алмас
Шивнэх үгсийг нь дуулсангүй.
Галавын шидэт нум
Гартаа атгасан гэдгээ
Гөрөөс хүн гадарласангүй
Гайхамшиг эзэмшсэнээ ухаарсангүй.
Чихэндээ орсон усыг
Чилээсэн илжиг сэгсэрнэ
Чингэлэг өвс авах
Чигчий алт орсон ч
Чандыг эрхэмлэгч илжиг
Чаралбаа сэтгэлгүй сэгсэрнэ.
Ухаарч байсан ч илжиг
Ууж идэхдээ шуналгүй
Амар тайвангаа эрэлхийлэн
Алтыг чихнээсээ сэгсэрнэ.
Дэлдэндээ алт цутгуулж
Дэндгэнэн гүйсээр үхэх
Дэндүү тэнэг амьтан
Данхар толгойт биш тул
Дэндүү ухаантайдаа эрдэх
Даамай сэргэлэндээ эрэмших
Хохимой толгойт нэгнээс
Хөөрхий илжиг илүү бөлгөө.

Тэгсэн ч үст тэр хүн
Төрөлт адил нэгнээсээ
Төө хэр өндөр ч
Тохой илүү тэнэгийг
Бурхан хүртэл мэднэ
Чөтгөр хүртэл гадарлана.

Чингээд хүн хар гөрөөс
Чинээндээ тултал татан
Чадлынхаа хэрээр эвшээлгэн
Чимээ шуугиангүй гэтсээр
Худал зүүрмэглэх лууны
Хажуу бөөрөнд ойртоод
Хүрлийн харагдах нүхийг
Хараан хараан тавив.
Бараантан харагдах толбыг
Бүлтийн бүлтийн харвав.
Галаар тургисаар тэр луу
Газраас нисэн одов.
Утаа баагиулсаар өнөөх луу
Уул мөргөөд уналаа.
Уухай! Хашхиран баясаад
Ухаан балартан унав.
Ууж идэлгүй тэнүүчилсээр
Удаж саатсан тул
Тэнхээ нь тасраад алмас
Тэрийн унасан нь тэр байж.
Тамир нь барагдаж дуусаад
Тарвалзан унасан нь энэ аж.

Эрдэнийнбэлзэг хатны туршуул
Энд тэрүүгээр хэсэн
Өөрөө эндэлгүй
Өрөөлд мэдэгдэлгүй амьдран
Хатан эхийнхээ даалгаврыг
Хаанахын хаан эзэн
Хэний баатар эр
Хүч чадлаа гайхуулан
Хорвоо дэлхийд шагшигдан
Хоёр өөр даалгаварт ойртон
Хаан суудалд залран
Хүн олныг амаржуулан
Хотол түмний баясгах нь вэ!?
Хэмээн унтах нойрыг умартан
Хүртэх хоолоо хомслон
Хоёр нүдээ бэлчээн
Хэр чадлаараа чагнасаар
Өдөр хоногийг барж
Өдий хүрсэн ажээ.
Тэнгэр аянга цахиж
Там сөгдөв үү? Гэтэл
Тэнгэр цэлмэг
Түймэр гал үзэгдсэнгүй
Алс холын ууланд сүлбэгдэн
Амьгүй болсон луу
Амаа ангалзуулан
Арчаагүй байдалтай хэвтэнэ.

Баатар иржээ хэмээн
Баахан баярлав тэр
Хаан ирлээ хэмээн
Хөөрөн баясав тэр
Хавь ойрыг самнаад
Хэнийг ч олсонгүй
Хоосон намгийн шүүрдээд
Хэнтэй ч таарсангүй.
Хөл доорхоо харалгүй
Халтиран унав.
Хараал тавьсаар босож ирвэл
Хүн хар гөрөөс
Хөдлөх ч үгүй
Хурхирах ч үгүй хэвтэнэ.
Үхэж хэмээн бодтол
Үхх, гэж ходоод нь дуугарна.
Үрэгдэж хэмээн бодтол
Үхх, хэмээн гэдэс нь хоржигноно.
Ахиулан сайн харвал
Алтан илд атгажээ
Мяраан гэтэн ойртвоос
Мөнгөн нум дүүрчээ.
Эрдэнийнбэлзэг хатны туршуул
Энэ бүхнийг үзээд
Жигшин зэвүүцсэн боловч
Журам их тул
Хатны тушаалыг даган
Хөөрхий алмасыг алалгүй
Хөнтөрч гулдсаар
Хөдсөн овоохойдоо авчрав
Хөдөө гэртээ оруулав.

Тэнхээ нэмээд алмас
Тамшаан тамшаан унтана
Тамир сэргэсэн алмас
Тааваараа нэг хурхирна.
Таван өдөр шөнө
Тасралтгүй унтаад сэрэв.
Туршуулд үнэнээ өчөөд
Тушаалаас хэлтрүүлэхийг гуйв.
Намагтаа үлдэж тэр алмас
Нам тайван амьдрахыг хүсэв.

Зарлиг соёрх хэмээн
Зарц туршуул зандрахад
Залуу алмас хөөрхий
Зантгар толгойгоо сэгсэрсээр
Заяагүй тавиландаа гутарсаар
Зарлигийг хүртэн авав.
Шинэхэн намгаа орхиод
Шинэ дайсантайгаа тулахаар
Долоон толгойт мангасын
Дов толгодыг чиглэн
Доголон нулимс унагаад
Дуу шуугүй одов.
Шидэт зэвсгээ агсаад
Санаашран санаашран гэлдрэв.
Гайхамшигт нумаа чирсээр
Гэлдчин гэлдчин бүрзийв.

#3:

Дархадын хотгорт утаа багсана.
Долоон толгойт мангас
Далан адуу туугаад
Дайснаа дарсан баатар
Дэлхий эзэлсэн хаан
Далай захирдаг лус лугаа
Даанч их пээдгэр
Даамай паадгар үзэгдэнэ.
Даруу зан үгүй тул
Дэлхийг донхолзтол
Дэнжийг хотойтол зуслаад.
Довыг ороон хэвтээд
Толгодыг дэрлэн нойрсоод
Тавтай тухтай үйрмэглэнэ.

Хүн хар гөрөөс
Хөдөө талаас ирээд
Халуун салхи сөрөөд
Хүйтэн салхи зүссээр
Үүр цайхын алдад
Үнэр авхуулалгүй
Үймж сандралгүй
Үүр хороонд нь ирлээ.

Галуу шувуу ганганан
Гайг газар доороос
Гахайг модон дундаас
Гэнэт дуудна гэгчээр
Наймаас хасах нэг толгойт
Найтааж ханиалгаад сэрчхэв.
Наашаа цаашаа гүйлгээд
Намгийн алмасыг харчхав.

Долоон толгой зэрэг
Довтлон дайран орлоо
Доголон болгочхоод алмасыг
Дооглож тохуурхахаар санаархана.
Эрэмдэглэж зэрэмдэглэж хаяад
Элэг доог болгохоор
Эрс шийдэн зүтгэн
Энд тэндээс нь басамжилна.

Эвий минь гэж
Энхрийлж хайрлах хүнгүй
Эзэн ч үгүй
Эрлэг ч үгүй
Эрвийсэн хар алмас
Эсэн мэнд үлдэж
Энх тунх байж
Эзэлсэн намагтаа буцаж
Элбэг хангалуун амьдрах
Энгүй их хүсэлдээ
Эзэн болохоор шийдэн
Шидэт сумаа өргөн
Ширэн нумаа татваас
Сум нь илд
Нум нь бамбай болвоо.
Яахаа мэдэлгүй сандарсан
Ядарсан хөөрхий алмас
Айж балмагдан
Амь наана
Там цаана болоод
Тэнхээ тасарч
Тамир нь тэнэж
Зориг үхэж
Зүрх нь зогсон
Зог тусан
Зорилго нь замхарч.
Газар дээрээ гадаслуулав
Суурин дээрээ савхдуулав.
Ухаант нэгэн хүлэг
Уулсаас дээгүүр
Үүлсээс доогуур
Үзэгдэх ч үгүй сүнгэнэн
Өөрийн ухаангүй
Өрвийн зогсох
Өрөвдөлт алмасыг
Өнхрөхөөс нь өмнө
Хөөрхий гөрөөсийг
Хөлбөрөхөөс нь уртад
Хондлой дээрээ гудраад
Халдах дайсан
Довтлох аюулаас
Даамай чадамгай
Даанч сурамгай
Дүйн аварлаа.
Хүн хар гөрөөсний
Хүсэл зорилго амилж
Хүрэн зүрх булгилан
Хар хөлс хатаад
Сая нэг сэнхэрч
Санаа бодол тунгалагжаад
Сэтгэл цээж уужран
Сүнс нь харьж ирэв ээ.

Хүлэг моринд талархан
Хонгор үгс шивнээд
Хүзүү сэрийг илбэн
Хүндлэл талархал үзүүлбээс
Хилэн хар азарга
Хүний хэлээр өгүүлэв:

Хөрст алтан дэлхийг
Хөдөө тал байхад
Алтан шаргал нарыг
Арвайн чинээ байхад
Цалин цагаан сар
Цахлай шувуун дайтай
Цалгилах их далай
Цангаа гаргах хэмгүй
Цал буурал уулс
Цэл залуу байхад.

Хорвоо дэлхийд төрөлтнүүд
Хос хосоороо ирж
Орчлон ертөнцөд амьтад
Олон цугаар нутагшив.

Нисдэг моридийн аймаг
Нисхүй төрөлтөн цугаар
Баатар эрсийг дагалдан
Балаг таригчтай тулалдахаар
Андгай тангарав тавив
Ам өчгөө өгөв.

Он цагийн эрхэнд
Олон баатар өвгөрөв
Эргэх цагийн уртад
Эрсийг нас дарав.
Хүн төрөлхтөн доройтон
Хүч зориг мохон
Хөшүүн хойрго болж
Хүүхэн дарсанд шунав.
Эрийн сайныг умартан
Эх захаа алдан
Эрдэм номоо умартан
Эргүү тэнэг болов.

Мангас чөтгөр цугаар
Мөнхийн нуувчаа гээн
Мөрөөдөл хүслээ биелүүлэхээр
Мянга мянгаараа цував.
Нэгэнт доройтсон баатар
Насны бөгсөнд харамсаад
Нуувч хаавч гэмшил нь
Нүүрэнд ил үзэгдэнэ.

Дархадын хотгор мангаст
Далан жил дарлуулав
Домогт өвгөдийн нутаг
Доройтож үгүйрч хоосров
Баатар эрс үгүйд
Балагт мангас таахалзав
Бурхангүй газар олсон
Бумба лугаа галзуурав.

Аранга би хэдийгээр
Аргамаг Нисхүйн удам ч
Авхаалжит залуу эзэнгүй
Арга мухардан байв.
Ногоон нүдэн лууны
Нармайг нээсэнг дуулав
Даварсан их лууг
Дарж устгасан сонсов.
Хулгайч тэр лууны
Хулхийг буулгасанг үзэв
Сураг чимээ дуулсаар
Сүрт баатрыг хайсаар
Сая нэг уулзав
Санасан зорилгодоо хүрэв.
Чин зоригт эрийн
Чадал хүчийг ашиглан
Өвгөдийн хүслийг биелүүлэн
Өөрийн сэтгэлийг амаржуулан
Энэ насыг бараад
Эргэх хорвоогоос одоод
Эрхэм дээд ертөнцийн
Энгүй далайд төрөх
Өөрийн хүлсээ биелүүлэхээр
Өөрийн чинь хүлэг
Өшөөтний чинь зовлон
Өрсөлдөгчийн чинь дайсан
Элэгтний чинь анд
Энэ бие минь болог

Савдагт хүн боловч
Сүйхээ овсгоотой юм чи
Гөрөөс хүн боловч
Гарамгай шалмаг аж чи.
Нүүрэнд чинь шаналал
Нүдэнд чинь гуниг
Магнайд чинь үрчлээ
Мэлмийд чинь уй
Машид их үзэгдэнэ
Миний сэтгэлд нийцэв.
Нэр ус байх аваас
Нэрэлхэлгүй солилцсугай.

Алмас эрийн сэтгэл
Арангад эрхгүй татагдав
Амраг сэтгэл төрж
Анд болохыг хүсэв.
Алдар нэрээ солилцон
Ахас эхсээ мэдээд
Алжаал ядаргаагаа тайлахаар
Алтайн уулсын ёроолд
Гал ноцоон суув.
Газар засан буудаллав.

Маргааш өглөө үүрээр
Мандахын шаргал нарнаар
Морио унасан алмас
Мангасыг дарахаар мордлоо.
Шидэт илдээ агсан
Шилдэг бамбайгаа дүүрэн
Шуурга салхи татуулан
Шулуухан ниссээр одлоо.
Нүд анихын зуур
Нүүр үрчийлгэх төдийд
Нэг сайхан эвшээлгээс
Нуруугаа тэнийтэл суниахаас
Нэг мянга дахин хурдан
Ниргээд ирлээ.

Хүн хар гөрөөс
Хурхирах долоон толгойтыг
Хулхиа цэвэрлээгүйн ачаар
Хороох боломж олдов.
Нуухаа цэвэрлээгүй мангасыг
Ниргэх завшаан гарав.
Алтан илдээ далайн
Аянга мэт буулгалаа.
Тэнгэр нурав уу!?
Тэнгис далай булгилав уу?
Тал газар цуурав уу?
Толгод газар цөмрөв үү?
Хэмээн андуурч будилаад
Хэлээ хазмаар
Сүрт дуу цуурайтав
Салхи шуурга дэгдэв.

Аранга авхаалж самбаагаар
Арын ууланд гаран
Алсаас ажин үзвээс
Аз болж мангасын
Нэг толгой алга
Нүдээ сайн бэлчээвэл
Нуурын эргээд хөвөөд
Нус, цусандаа хутгалджээ.

Үлдсэн зургаан толгой
Үхсэн нэгнээ умартаад
Өөр хоорондоо хэрэлдэнэ
Өрөөл нэгнээ буруутгана.

Чамаас болж!
Тэргүүн үхэв.
Чамаас болж!
Ноён мажийв.
Чамаас болж!
Удирдагч одов.
Чамаас болж!
Нэгдүгээр өнхрөв.
Чамаас болж!


Уурссан зургаан толгой
Урж тасталдаж эхлэх
Уул морийг зовоон
Уур биеийг шатаадгаар
Үлдсэн зургаан толгой
Үнс нурам болов
Өшөө хорслоо авах
Өөр толгой үлдсэнгүй.

Хүн хар гөрөөс
Хөөрч баясав
Хөл дээрээ тогтохгүй
Хөгжин цэнгэв.
Өрөвдөм алмасыг
Өөрөө ухаараагүй байтал
Өнөөх гайхал морь
Өмнө зүг аваад
Өөр нэгэн даалгаврыг
Өрлөж хаяхаар
Өөрийн дураар
Өрөөлтэй хэлэлцэлгүй одлоо.


#4.

Савдаг хүн үсээ
Салхинд дарвиулсаар ниснэ
Саравчилж харсан хүн
Солиорч хэмээн бодмоор
Хачин жигтэй харагдан
Хууч яриа болоод
Хүүхэд шуухад айлгахаар
Харин ч муухай үзэгдэнэ.

Алмас амьсгаа авч
Ам нээж амжаагүй байтал
Аргамаг шалмаг хүлэг
Аранга нь өгүүлэв.
Аяа! эзэн минь бид
Адаг даалгаварт ирлээ.
Алдар гавьяанд ойртлоо
Алсад яахыг надад
Айлдаж хайрла хэмээв.

Уйт санаа алдаад
Уйтгар гунигаа нуун
Урт нүүрээ үрчийлгэн
Уур бухимдлаа тэвчин
Андын журмыг бодож
Арангад хорсож эс ядаад
Арга буюу эцсийн
Аймшигт сорилтыг угтлаа.

Сүнст хөндийн үүдэнд
Сөхөрч суугаад мөргөв
Сар гартал залбираад
Сар гаруй болов.
Алмас ч тэр
Аранга ч адил
Арга нь тасарч
Ахиад тэвчихгүй болоод
Түүдгийн дэргэд суун
Түнэр харанхуй шөнө
Тэнгэр эцэгтээ ёслов
Таалал соёрхол гуйв.
Галын дэргэд завилаад
Галавын ёсоор үйлдэн
Газар эхдээ мөргөв
Гуйв гувшин наманчлав.

Дэлхий эргэхээ болиод
Далай цалгихаа зогсоод
Цаг хугацаа эргэв үү?
Цагийн хүрд гацав уу?
Тэнгэр нураад
Там хөлдөв үү?
Газар цөмрөөд
Галав юүлэв үү? гэмээр
Хачин жигтэй мэдрэмж
Хоёр андад мэдрэгдэв.
Айж сандран харваас
Аварга биет сахиус
Аянгат саадаг агсаж
Алтан илд атгаад
Аймаар ширүүн харцаар
Алмас, Аранга хоёрыг
Алдчих бий хэмээн
Аймшигтай цоо ширтэнэ.

Сөнөж үхмэлүүд юунд
Сүнст хөндийн хаалгыг
Сүрдэлгүй нүдэж балбаад
Сүнснүүдийг эс амруулна!?
Шаналж өнхөрмөөр өтнүүд
Шунал тачаал багадав уу?
Шалиарах занд хөтлөгдөв үү?
Шамдсан зүйл чинь
Энд эс буй!
Эрсэн эд чинь
Эндээс үл олдоно!
Эргүү тэнэгүүд минь
Эндээс шалавхан зайл!
Үлэмж биетэн ийнхүү
Үглэж дуусаад эргэв.
Харааж бараад буцахаар
Хаалга юугаа нээв.

Балчиг намгийн алмас
Баахан зориг гарган
Бяцхан зүрхээ аргадан
Бувтнан байж өгүүлэв.
Зорьсон хэргээ хүүрнэв.
Зорилго юугаа тайлагнав.
Сахиусны нүд эргэлдээд
Санаа сэтгэл тавгүй
Санал бодол зөрөлдөж
Санаашран бодлогошрон үзэгдэв.
Удаж удаж сахиус
Умалзан өрвөлзөн ангайв
Урдаас тэгээд өгүүлэхгүй
Уушги зүрхээ нээхгүй!
Орохыг хүссэн амьт
Орхих зүйл нэг буй!
Нэвтрэхийг шунах сүнс
Нарийн голоо тастаж
Махан биеэ орхин
Мөнгөн сүнсээрээ орно.
Өөр яриа үгүй
Өөр хоорондоо хэлэлц
Хором өгий та хоёрт
Хурдан түргэн шийд.

Хоёр анд хэлэлцсэнгүй
Хоёулаа яахаа мэднэ
Харих буцах эрхгүй
Хөөрхий алмасын ёс
Тэгэвч хүн гөрөөс
Төвдөж эс ядаад
Тэнхээ чадалт анд
Тэнгэрийн хүлэг Арангаас
Өчүүхэн биеийг харж
Өт хорхойд идүүлэлгүй
Хөвчийн амьтанд алдалгүй
Харж хандахыг гуйв.
Нисхүйн удам Аранга
Нэрээ тавьж андгайлав
Эргэж ирэхийг нь хүлээхээр
Эргэж буцалтгүй тангараглав.

Үлэмж биетэн мишээгээд
Үл ялиг жуумалзаад
Саадганаасаа аянга сугалан
Сахал юугаа ирмээд
Алмас залуугийн зүрхийг
Алдалгүй харван унагалаа.
Малийх алмас харин
Муухай хашхиран ойчлоо.

Нэг мэдсэн гөрөөст
Нэг л аятайхан мэдрэгдэв
Нүдээ нээн харвал
Нээх муухай үстэй
Нэвсийж сэгсийсэн амьтан
Нойрсож буй үзэгдэв.
Өөрийгөө мэдээгүй алмас
Өшиглөж нэг үзлээ
Ой гутмаар гээд
Огиулж нэг гарлаа.
Хэсэг хугацааны дараа
Харин гэнэт ухаарав
Хөөрхий тэр савдаг
Харин өөрөө байжээ.

Уйтгарлаж амжаагүй байтал
Ууртай сахиус хархираад
Уурга шидэж бугуйлдаад
Уйд дарагдах алмасыг
Уйлж эхлээгүй атал
Угзарч гударсаар
Сүнст хөндий уруу
Сүнгэнэн орлоо.
Орсон хойноо харин
Орхиж одов тэр
Бараа сураггүй болоод
Бүртийх дүргүй одов.

Яахаа мэдэхгүй алмас
Ямх өргөн жимийг
Алдалгүй даган алхав
Айж сандран явав.
Инээж хөхрөх дуу
Их дуугаар хадав.
Баясан цэнгэх чимээ
Баахан чанга дуулдав.

Чимээ дагасаар алмас
Чанх урагшаа явсаар
Галын дэргэд ирэв
Гайхаж балмагдан хөшив.

Өөрийнх нь хөнөөсөн
Ногоон нүдэн луу
Өөрсдийгөө устгасан
Долоон толгойт мангас
Түүдэгт мах шарж
Сархад хуваалцаад
Инээж хөгжин суув.
Найрлаж цэнгэн байв.
Хоёр мангас гэнэт
Алмасыг хараад инээмсэглэв
Урьж цайлан дуудав.
Хүн хар гөрөөс
Нэрэлхэж сандарсан боловч
Хоёр мангас найрсгаар
Үнэн үгээ өчив.
Нэгэнт өнгөрсөн хэрэг
Гурвуулаа үхсэн атлаа
Нэгэндээ юунд уурлаах
Олдсон боломжийг алдалгүй
Харин ч найрлалтай
Олуулаа байвал дарс
Оргилуун сайхан амттай
Бөөнөөрөө байвал мах
Бурам лугаа тансаг.
Тэндээс тэр гурав
Таван өдөр шөнө
Тансаг сайхан найрлав.
Эвтэй найртай цэнгэв.
Анд болон танилцав.
Дотносож сайхан нөхөрлөв.

Зургаа дахь өглөө
Залуу алмас нөхдөдөө
Хэрэг явдлаа өчив
Хэрхэх яахаа хэлэлцэв.
Ногоон нүдэн луу
Номын дүр эсгээд
Нүдээ онилгон жуумалзаад
Насаараа тэнэсэн миний
Хэрэгцээ анд чамд
Хэрэг болжээ хэмээгээд
Хүн гөрөөсийг сундлан
Хойд зүгийг чиглэн
Сүлдэт хааны хөшөөг
Салхи татуулан зорилоо
Долоон толгойт мангас
Дуртай дургүй дагалаа
Ганцаар юу хийх
Гээд араас нь сажлав.
Удалгүй тэр гурав
Уулсын оройд гарав
Тэнгэрт хүрсэн уулсын
Тэхий голд хөшөө
Сүндэрлэн үзэгдэнэ.
Сүүмийн харагдана.

Аянга цахилгаан цахиад
Агаар мандал хүндрээд
Гэрэл гэгээ агшаад
Гайт харанхуй татав.
Манаач аварга сахиус
Муна атгасан зогсоно.
Сахиул тэр сахиус
Сумаа онилон байнам.
Гурван анд дайрлаа
Гурван талаас нь довтлов
Ногоон нүдэн луу
Нүд уруу нь шунхнаад
Долоон толгойт мангас
Долоон амаа ангалзуулаад
Алмас залуу харин
Амьсгаадан араас нь гүйнэ
Сахиус муухай чарлаад
Салаа мөчиртэй мунаа
Алдлан, сунган савав
Алдаж онолгүй балбав.
Мангас, Луу, Алмас
Муужран уналаа.

Сар жил тулалдсан ч
Сайх гурав ялагдсаар
Арга нь барагдаж тамирдаад
Арчаагаа алдан гудайв.
Тэр өглөө алмас
Тэнэж явтал тээглээд
Тэнгэр харсан агуйд
Тарвалзан ойчив.
Унан унсаар алмас
Ухаан балартан унтав.
Сэрэх мөчид харин
Сахиус дэргэд нь сууна
Муухай чарлаад алмас
Мярааж атийн зогсов
Сахиус гунигтай харцаар
Сүлдэт хааны хөшөөг
Сайтар гэгч нь ширтээд
Сайшаасан харцаар гөрөөсийг
Салгалгүй магтан мишээв.
Учрыг ойлгосон алмас
Уурлаж бухимдахаа болиод
Биеэ цэхлэн засаад
Баахан төвдсөөр дөхөв
Хөшөөнд мөргөн ёслоод
Хаанд хүндэтгэл үзүүлээд
Хөшөө дурсгалын ёроолд
Хадсан сийлбэрийг уншив.

Уншиж дуустал харин
Уушги дэлбэрэв үү? Гэлтэй
Шуурга дэгдэн салхилаад
Шуудхан алмасыг гаргаад
Орхиод явсан биеийнх нь
Ойролцоо гаргаад чулуудчихав.

Удаан сүнсгүй бие
Уушги зүрхгүй тул
Үс ноос нь гуужаад
Үлбийсэн цагаан юм хэвтэнэ.
Хүн мэт үзэгдэнэ
Харах нүдэнд эвтэй.
Аранга дэргэд нь хэвтэнэ
Андгай тангарагтаа үнэнч ажээ.


#5.

Алмас залуу эцэстээ
Авхаалж төгөлдөр баатар
Аргамаг хүлэгт ноён
Аданга нэгэн болов.
Од мэт гялалзах нүд
Оч лугаа бутрах царай
Оройгүй хүчит бие
Оломгүй мэргэн ухаантай болов.
Гурван даалгавар биелүүлсэн
Гунхсан сайхан эр болов.

Хүлэг морио унаад
Хархираа улсыг зорин
Хаан суудалд суухаар
Хатан эхнэрээ богтлохоор
Эрдэнийнбэлзэг хатны
Эрхэм өргөөг зорив.

Баатар эрийн сургийг
Булт олноороо дуулав.
Хаантай боллоо хэмээн
Хачин их баясав.
Ноёнтой боллоо хэмээн
Найр хурим зэхэв.
Эрдэнийнбэлзэг хатан
Энэ бүхэнд итгэхгүй
Эргэлзэн тээнэгэлзэн байв
Ээрэн мунгинан байв.

Хотол олноороо цуглан
Хаанаа хүлээн авав
Түмэн олноороо цугаар
Талархан угтан авав.
Алмас байсан баатар
Аранга хүлгээ унасаар
Эрдэнийнбэлзэг хатны
Эрхэм өргөөнд зочлов
Өмнө нь сөгдөн суугаад
Үнэн учраа хэлэв.
Туршуул тагнуул цугаар
Түүнийг магтан сайшаана
Тэгэвч эх хатан
Тээнэгэлзэн түдгэлзэн байв.
Сүнст хөндийн булшин дахь
Сүлдэт хааны хөшөөнд
Сийрүүлж бичсэн үгсийг
Шивнэж өгүүлээгүй тул
Сүүлчийн мөч хүртэл
Сүжиг бишрэлгүй байв.

Алмас байсан залуу
Алдараа айлдав.
Уудамбуурал хэмээн
Улсын өмнө зарлав.
Сүүлийн даалгавар батлан
Сийлсэн үгсийг өчив.
Эрдэнийнбэлзэг хатны нүдэнд
Эрдэнийн нулимс торно.
Толигор сайхан царайнд нь
Таатай мишээл тодорно.

Хатан эх өндийн
Хаан эзнээ түшив
Олон түмэнд зарлан
Ойшоон тоосноо хэлэв.
Түмэн олонд түгээн
Тоож сайшааснаа зарлав.

Хархираа улс баясан
Хавь ойрдоо түгээв
Хорвоо дэлхийгээр тараан
Хурим найраа зарлав.
Хүн болгоныг урив.
Хөгжин цэнгэхээр залав.
Буман олон цуглаж
Бужигнасан их хөл
Бүтэн жил цував
Баян улс түүртэлгүй
Баахан найрлаж цэнгэв.
Бултаараа баясан хөөрөв.

Найр дуусах цагт
Намайг очих үест
Хаан хүү төрөв.
Хачин их үстэй
Хараалгуулсан жонон төрсөн
Хажиг цуурхал тархав.
Нүдээр үзээгүй би яахан
Нүгэл үйлдэн өгүүлнэ!?
Цаг хугацаа харуулна биз
Цагийн хүрд үзүүлнэ биз.

Тэгэвч уншигчид өгүүлэх нь ээ!
Тэр хүү нэгэн цагт
Өргөө гэрээ орхин
Өмнө зүгийг чиглэн
Балчиг намаг чиглэн
Бараа сураггүй одсон гэдэг.


____________________
Ханпер
2012.10.21 :)

Би энийг бичихдээ гарчгаас нь эхэлсэн юм. Shrek үзсэн болохоороо тэр юм болов уу? Зүгээр л гэм золгүй явж байгаад аз жаргалд бүдэрч унахыг хүссэн болохоороо тэр юм болов уу? Тэгэвч Уудамбуурал маань явж явж зүгээр нэг буянтай гар биш буян угаа хураасан гөрөөс юм шиг байгаа юм.

Үйлийн үр бодож буян үйлдэггүй байж болох юм. Гэхдээ хааяа нэг хүмүүс харамсдаг болов уу? Би тэгж тэгж, ингэж ингэж тэр, энэнд тусалж байхад би яагаад ийм азгүй байгаа юм бэ? гэж тээнэгэлздэг болов уу? Бодвол тэгдэг л байх даа. Тэглээ гээд хүнд тусъя гэсэн сайхан сэтгэл нь үгүй болдоггүй биз ээ. Толбо суулаа гээд бузартдаггүй байлгүй.

Шаналж үзээгүй хүн гэж байхгүй. Шантарч байгаагүй амь гэж үгүй. Тэглээ гээд унтаад л босдог байх даа. Биеэ чирээд л өндийдөг биз. Гадаа харин нар мандахаараа мандаж, сар жаргадгаараа жаргана. Зарим нь инээж угтаад, зарим нь ярвайж үднэ. Магадгүй яг л тэр мөчид нар, сар хараад мэндэлж байвал өдөр арай амар эхлэх биз ээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...