Skip to main content

Maus

Унших юмсан гэж боддог ч гэсэн ерөөсөө олддоггүй байсан ном оо олов. Яахав интернэтээс pdf -ээр татаад уншиж болох ч гэсэн нэг л нүдэнд бууж өгдөггүй байсан юм. Уул нь япон манга үй түмээр нь уншаад болоод байдаг атлаа барууны комикс унших гэхээр л нэг болж өгөхгүй. Maus by Art Spiegelman. Анхны Pulitzer Prize хүртсэн зурагт ном. Комикс гэхээр хүүхэд уншдаг энгийн зүйл биш бас нэг бие даасан урлаг гэдгийг харуулсан бүтээл гэж үздэг. Тийм болохоор л уншиж үзэхийг хүснэ. Нөгөө талаас номын хавтас нь их сүртэй. Нүүр дүүрэн Хитлер хулгана.


 IT паркийн өмнө байдаг интерном хэсэж явтал нүдний өмнө гөлийгөөд байж байх юм. Гүйж очоод автал өнөөх ном маань мөн шүү. Тэгээд бас хоёр бүлэг нь салангид биш нэгтгэсэн хэвлэл нь байв. Эргүүлээд хартал үнэ нь 60,000н төгрөг. Англи хэл дээрх ном гэж бодох юм бол уул нь дажгүй үнэтэй. Гэхдээ л өнөөгийн нөхцөл байдалд бас л тийм хямд биш. Утсаа нээгээд дансаа харлаа. 65,000. Цалин буух болоогүй байдаг. Авчих юм бол 5к-тай үлдэнэ. Долоо хоног тэснэ гэдэг бол худлаа. За олон байвал цалин буухаар авъя гэж бодоод худалдагчаас нь асуулаа. Энэ өөр шинэ байгаа юу? арын хавтас нь нугарчхаж. Байхгүй ээ, ганц үлдсэн гэж байна. За гээд л эргүүлээд тавилаа. Үнэндээ мөнгөтэй байсан бол нугарсан эсэх нь хамаагүй л шүүрээд байх байсан биз. Арай гэж авч байж цоо шинийг авна гэж өөрийгөө хуурсаар гарч одов.

Эргэж ороод л авчихмаар санагдаж байлаа. Хаанаас зээлж болох уу? хэнээс өрөө авч болох уу? гэж бодов. Хүнээс мөнгөө асууж чаддаггүй хүнд эхний сонголт л чухал байлаа. Апп болгоноо л үзлээ боломжтой юм алга. За яахав долоо хоног байж л байх байлгүй дээ. Надаас өөр энийг авчих өвчтэй хүн олдохгүй байж гэж өөрийгөө тайтгаруулав. Орой нь гэртээ орж ирээд юм идчихээд хэсэг утсаа харж хэвтэж байгаад ном уншмаар санагдав. Нэг хоёр ном сөхсөн боловч авч чадаагүй ном сэтгэл зулгаагаад анхаарал төвлөрсөнгүй. Тэгээд яахав өөр газар байгаа юм болов уу? гэж интернэтээр харав. Мэдэх юм алга. Маргааш нь амарч байсан юм болохоор байдгаараа эрт босоод интерномын бусад салбарууд хэслээ. Магадгүй өөр салбар дээр нь олон байх юм авах гэж яарах хэрэг алга. Тэгэвч байдаггүй шүү. Явж, явж л ганц л үлдсэн юм шиг санагдав. Ингээд за гадаадууд их эргэлддэг шангрила дээр байж магадгүй гээд тийш очтол байж байх юм. Нугарч барьсан юм алга. Цоо шинээрээ намайг ширтэнэ. Хөлийнхөө тавхайг эргэтэл алхсан би яахав картаа гаргаад л зурлаа. Эхлээд номоо авчхаад дараа нь мөнгөндөө санаа зовохоороо шийдсэн минь тэр.


Уул нь нээх зузаан биш юм 300 хүрэхгүй хуудастай. Хагас өдөр хүрэхгүй л ажил. Комикс юм чинь бүүр ч хурдан. Тэгтэл нэг суурин дээр дуусгаж чадсангүй. Хэсэг хэсэгтээ хэтэрхий гунигтай санагдана. Хэрвээ бодит амьдрал биш байсан бол гол дүрийн баатар хэтэрхий азтай гээд хүмүүс дургүйцэхээр юм шиг санагдана. Тэгтэл миний бодлыг уншсан бололтой ном өөрөө надад хэлэв. Life is random. Амьдрал өөрөө таашгүй юм болов уу? Хүн амьд үлдээ гээд сайн хүн байх албагүй. Хүн алууллаа гээд муу хүн байх ч албагүй. Сайн ч хүн, муу ч хүн ялгаагүй үхсэн. Амьд ч үлдсэн.

Тэгсээр нэг мэдэхэд дууссан байлаа. Мэддэггүй байсан зүйлсээ мэдэв. Мэдмээргүй байсан зүйлсээ ч уншив. Хүмүүс ямар аймшигтай байж болох тухай гарч байгаа ч гэсэн. Хүн бас ямар амь бөхтэйг уншив. Бүүр аймаар бол дурласангүй. Гэхдээ таалагдав. Уншаад дуусчихсан болохоор санаа амарлаа. Одоо дараа нь юу унших вэ гэж бодно. Яагаад Pulitzer Prize хүртсэн бэ гэдгийг нь мэдэхгүй гэж гүүгли ахаас нилээд асуув. Магадгүй би өөрөө энэ бүхэн болж өнгөрсөн цаг хугацаа, орон зайнаас хэтэрхий зайтай болохоор бүрэн гүйцэд мэдрээгүй байж болох юм. Тэгээд бодохоор сонин санагдана. Өвөө минь дэлхийн хоёр дугаар дайнд байлдаж явсан. Тэр тухайгаа ч ярьж байсан. Амьд хүн түүхэн хүн дэргэд байхад тэртээ алсын түүх юм шиг л санагдана.

Тэгээд бодохоор түүх болгон тэртээ алсад юм шиг атлаа яг л өчигдөр болсон юм шиг санагдана. Өчигдөр л хоёр онгоц барилга мөргөж миний мэдэх хорвоо ертөнцийг өөрчлөөгүй билүү? Тэгтэл тэрнээс хойш 22 жил болчхож. Энэ үйл явдлаас өмнө амьдарсан хугацаанаас минь хамаагүй олон жил өнгөрчхөж. Энэ тухай огт мэдэхгүй хүүхдүүд их сургуулиа төгсөөд ажилд орж байх юм. Тэдний буруу гэж юу байх вэ. Түүх мартагдаад л өнгөрнө. Туулаад гарсанд нь дурсагдаад үлдэнэ.

Ном маань болохоор нэг комикс зурдаг залуу аавынхаа хэрхэн дэлхийн хоёр дугаар дайныг даван туулж еврей нарын хэлмэгдүүлэлтээс амьд үлдсэнийг нь яриулж байгаагаар өрнөнө. Өөрөө ч аав нь хэлж байна. Би хэтэрхий азтай байсан хүн гэж. Тэгэвч тэр хүний амьдрал орвонгоороо өөр болсон байх юм. Харамч, ярдаг ааштай аавыгаа хүү нь дайн ийм болгоод өөрчилчхөв үү? угаасаа тийм хүн байсан уу? гэж гайхна. Хатуу хөтүүг үзсэн болохоор тийм байгаа юм гэж бодох ч адилхан л амьдралыг туулсан өөр хүмүүс өөр байж болж байгааг хараад гайхна. Тэгэвч аав нь юм болохоор хайрлаад л дуусна. Аав нь ч гэсэн бүх зүйлээ хүүдээ зориулна. Магадгүй олон жилийн өмнө амиа хорлосон ээж нь сайхан сэтгэлийг нь аваад явчихсан ч юм шиг. Зохиол ч байна номын эхний хэсгийг хэвлүүлээд нэр алдар олсныхоо дараа зүгээр л аавынхаа төлөө бичсэний төлөө энэ бүхнийг хүртсэндээ гэмшинэ. Сэтгэл зүйч өвгөн харин түүнд аав чинь харин ч чамайг мөнгөтэй баян болсонд баярлах болно гэж байх юм.

Ахиад унших уу? гэвэл бараг л үгүй байхдаа. Хүнд уншаарай гэж санал болгох уу? гэвэл бас л үгүй байх. Гэхдээ уншсандаа харамсаагүй. Алдартай зохиол уншсан болохоор эсвэл уншмаар байгаа номын жагсаалтаасаа хассан болохоор ч тэр биш. Зүгээр л боломжтой бол хүн уншаад үзвэл алзахааргүй ном гэж бодно. Магадгүй өмнө нь Man's Search for Meaning by Viktor Frankl гэдэг ном уншаад тэр нь хэтэрхий гүн сэтгэгдэл үлдээсэн болохоор тэр байж болох юм. Эсвэл зураг нь таалагдаагүй юм болов уу? Тийм гэхэд хэцүү. Энгийн юм шиг мөртөө илэрхийлэл сайтай юм шиг санагдсан. Эсвэл зүгээр хэтэрхий их хүлээлттэй байсан байж болох юм. Уншиж дуусангуутаа бичмээр санагдаад одоо хүртэл хоёр, гурван зураг нь бодлоос салахгүй байгааг бодох юм бол зохиогчийн зорилго биелсэн ч байж болно.

Амьдрал нэг бодлын хэтэрхий гунигтай юм шиг. Бүгд л хоорондоо байлдаад байх юм. Биелэхгүй мөрөөдөл гэж мэдэж байгаа ч дэлхийн улс бүр хоорондоо байлдахаа болиод зэр, зэвсэгт үрж байгаа мөнгөө өөр зүйлсэд зарцуулаасай гэж бодно. Ирээдүйд дуусах гээд байгаа түүхий эдүүдээ тэсэлж, дэлбэлээд л байх юм. Би хэтэрхий гэнэн амьдраад байх шиг. Хүн болгон л ууртай амьдраад байх шиг. Би ч гэсэн гэгээрсэн лам хувраг биш уурлах, уцаарлах үе гарч л байгаа. Тэгээд л тэндээс өс хонзон ургана. Хэсэг хүмүүс нь арай даварсан, дээрэлхүү амьдраад байхаар тэгээд л энэ бүхэн нь буглаад л эдээ бээрээндээ идэгддэг биз ээ. Одоо тэгээд л зүгээр л эвтэйхэн байчихъя гэхээр л муухай бүхэн нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдоно.

Нүдээ аниад, чихээ дараад амьдрахаар яадаг юм болдоо?
Түүхийн хуудсанд муу хүн болоод л үлдэх байх даа.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...