Skip to main content

Үүлэн тоглоом

Үүлээр түүнийг хийгээд тоглож байлаа. Тоглож уйдаад бурхнаас гуйв. Цас хаялах мэт үүлэн хүүхэлдэй тэнгэрээс аажуухан жингүйднэ. Баруун тийшээ нэг, зүүн тийшээ нэг. Сэтгэл минь өөрийн эрхгүй үймэрнэ. Түүнийг байх вий!? гэхээс үхтлээ айж балмагдаад нүдээ анив. Чихнээ хийлийн аяс эгшиглэж, бөмбөрийн нүргээнд цээж зүрхэлнэ. Түүний зөөлөн гар нүүрийг элбээд, хөвсгөр энгэртээ тэврэв. Нүдээ нээхэд манан мэт түүний дүр бүрэлзэнэ. Урдын адил инээмсэглээд, үг горьдон царайчлангуй харна.

Уучлаарай! уучлаарай! гэсээр хормойд нь цурхирч гарав. Үсийг минь аажуухан илэх нь яг л тэр дэргэд минь байх шиг. Айдас зүрх сэтгэлийг зүсэн орлоо. Намайг дахиад орхиод явчих вий? гэсэн бодол цээж дотор хоржигноод, аймшигтай хүйтэн санагдав. Яаж ч чадахгүйгээ мэдсэн би улам ихээр уйлахаас өөр яах билээ.

Гэнэт шуурга дэгдлээ. Энгэр заам урж хаяад, хонгорхон үүлийг минь аваад явчхав. Байдаг чадлаараа араас нь гүйлээ. Хурууны үзүүр үл мэдэг шүргэн, үл баригдах үүл өөд тэмүүлнэ. Эцэс сүүлд нь тамирдан унаад, газар самардан тэнгэр бурхныг зүхлээ. Үүлэн хүүхэлдэй сүүлчийн удаа инээмсэглээд, гараа далласаар алга болсонд нэг алдсан ахиж алдахгүй хэмээн андгай тангараг тавин, салхины гэр хойд тивийг зорив.

Нэг сар тасралтгүй алхав. Ханзарсан гутлаар элс шургалан, сэмэрсэн энгэрээр салхи сийгнэ. Өлсөхийн эрхэнд хөмхийгөө зуун, хатсан уруулан хага хазаж, завжаараа өл залгуулна. Эцэс сүүлд нь шархандаа дийлдэн хөсөр ойчив. Зовхи эс дийлдэн, түнэр харанхуй нөмрөн авлаа. Элс аажуухан бие өөд минь авирах авч, юу ч эс хийж чадна. Амьсгал боогдон, ам хамар элсээр чигжүүлж эхлэв. Нэгэн этгээд үснээс чангаах үед ухаан балартан унав. Хээрийн амьтан хамхуул хэмээн андуурч үс толгойноос зулгаасан ажээ. Үдшийн сар дээрээс хэлбийн намайг аргадах мэт гийнэ. Алсад модод жирэлзэх шиг санагдав. Зүүд, зэрэглээ байх болов уу!? гэхээс хөл гар хөдөлж ядах ч, амь тэмцэх эд эс бүхэн минь арга үгүй дийлэв.

Баянбүрдийн дэргэд сэрлээ. Нар хайр найргүй төөнөн, элсэн манхнаар дэлхий дээр нар үүсгэхийг хүсэж буй мэт санагдана. Дэргэд сохор өвгөн сууж байх авай. Үл анзаарагдах хоёр нүдний нь оронд мөрөн тэнгис орших мэт. Сэрснийг минь мэдсэн бололтой, таягаараа толгой дундуур буулгаад ``Мөрөөрөө үхэж хэвтэхгүй, баянбүрд бузарлах чинь юу билээ?`` хэмээн бухимдав. Өвгөний нүүр үрчлээгээр дүүрээд, үс сахал нь газар хүрэм ургажээ. Худал ярих зүрх эс хүрээд үнэн үгээ өчвөөс өвгөн хангинатал хөхрөв. Чам шиг тэнэг хүнтэй тааралдаж байсангүй за яахав нэг хүслийг чинь биелүүлж өгье хэмээн жуумалзав. Элсэн цөлийн шидэт бирдтэй таарсан байснаа сая л ухаарлаа.

-- Миний нэг хүсэл бол бурхадтай харьцах чадвартай болох.
-- Аяа! аргагүй л тэнэг юм даа! Бурхан хүмүүст дургүй гэдгийг мэддэггүй юм уу? гээд өнөөх өвгөн алга болов.

Шидэт бирд боловч хүслийг минь биелүүлж өгөөгүйд дэлбэрэх шахам уурласан би яаж ч харааж зүхээд нэмэр болсонгүй. Өвгөн бирд хаа нэгтэй оджээ. Гэдэс хоржигноно. Ойр тойрныг эргүүлэн харавч хэдэн далдуу модноос өөр зүйл олж харсангүй. Цөөрмийн уснаас цүдийтлээ залгив. Гэтэл урд хожид харж байгаагүй хачин жигтэй загас цөөрмийн усанд умбаж байх юм. Өлсгөлөн хүн чоно мэт гэж аргагүй үнэн ажээ. Яах ийхийн зуургүй өнөөх загасыг шүүрэн авч үмхэж орхив. Тэгэх төдийд амь тавих загасны дуу цуурайтлаа. Аяа! хүн чинь бурхдад яахан хүрч болох!!! Хормын төдийд баянбүрд замхран алга болов. Оромд нь хатсан мод, хонхорхой нүх л онгойн үзэгдэнэ.

Тэндээс даруй мөн сар яваад хойд тивд ирэв. Тивийн эргийг тойруулан тэнгэрт тулсан давлагаа сүндэрлэж, орой дээр нь ордон бүлтийнэ. Усанд загас мэт авч яаж ч сэлээд дээшээ ахисангүй. Хөл газраас ямхын төдийд л хөндийрнө. Үүлэн хүүхэлдэйгээ авах сэтгэл минь улам буцлах авч гар мухар, хөл нүцгэн ажээ. Тэнгэр цэлмэг атал, газраар сүүдэр хөвөх аж. Ахиулан харваас шувуу мэт сүүдэр сум мэт шумбан үзэгдэв. Бие хурааж, хурааж тэнхээ мэдэн харайваас өнөөх сүүдрийн яг дээр нь буулаа. Хад чулуу хагарах мэт дуугараад өнөөх сүүдэр чинь намайг аван тэнгэр өөд аянга цахилгаан лугаа цойлов. Салхинд нь нүүр ам үрчийн харах аргагүй боллоо. Сүүдэр намайг унагаах гэж хичээн тэнгэрээр нэг эргэлдэв. Айсандаа хуруу минь хөшиж сүүдрээс тас зуурна. Тэгсээр гурван өдөр, гурван шөнийн дараа сүүдрийн хурд сая нэг сааран салхины өргөөний үүдэнд ойчив. Хөшиж барьцалдсан хуруунуудаа арай хийн салгах мөчид, сүүдэр цамхгийн сүүдэрт уусан алга болов. Салхины өргөөнд цуурга цоож битгий хэл, үүд хаалга ч байсангүй. Хэдэнтэй тойрч, сөөм бүрийг алгасалгүй үзсэн авч оготны нүх хүртэл эс олж чадаад цонхоор үүлэн хүүхэлдэйг тоглож байх болоожуу!? хэмээн харсан боловч тусыг эс олов.

Тийн байтал тэнгэрийн хаянаас бараан үүл татлаа. Үүл тэнгис далай мэт цалгилан өргөөг зүглэнэ. Удаж цөхөлгүй сэгсгэр сүүл, дэрвэсэн дэлтэй азарга өмнө минь гараад ирлээ. Өөрийг нь цоо ширтэх намайг хараад ``Энд яаж ирсэн албин чөтгөр үү? Бушуу түргэн эндээс тонил! `` хэмээн газар цавчлав. Сөөнгө хоолойгоор ``Үүлэн хүүхэлдэйг минь өг `` хэмээн гоншигновол. Азарганы дэл сүүл гал мэт улаан болоод над уруу довтлов. Одоо ингээд өнгөрч хэмээн бодон нүдээ анилаа. Юу ч болсонгүй. Нүдээ нэг нэгээр нь нээвэл баянбүрдийн өвгөн бирд салхин дээр мордчихсон хөхөрч үзэгдэв. ``Миний хийсэн үүлэн хүүхэлдэйг эзнээс нь булаан, намайг хараалгуулна гэнээ?`` хэмээн зүхээд азарганы дэлээс нэг нэгээр нь сугалах ажээ. Өвгөн бирд биш бурхан байсныг нь ухаарсан би өвдөг сөхрөн сууж түүнээс аврал эрэв. Өвгөн бурхан бууж ирээд тохойноос минь тулан намайг босгоод үүлэн хүүхэлдэйгээ авдаа хэмээн шүүрс алдав. ``Үгүй ээ! баярлалаа. Одоо би ганцаараа байж чадахаар болсон.`` гэвэл өвгөн сахлаа имрэн, над өөд нүд ирмээд алга болов.

Би суниасаар түүний өвөр дээрээс босов. Духан дээр нь үнсээд хүүхэлдэйгээ байранд нь тавилаа. Цэцэрлэг тарах цаг нэгэнт болжээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...