Skip to main content

Нисдэг Цэцэг

Нэг цэцэг нисэж байжээ. Цэцэг яаж нисдэг юм бэ!? гэж гайхаад хэрэггүй ээ. Ерөөсөө л зүгээр нисэж явсан юм. Хэрвээ бүүр болохгүй бол салхинд хийсээд явж байжээ гээд л бодчих хамаа алга. Ямар ч л байсан нэгэн цэцэг тэнгэрт эргэлдэн нисэж байв. Тэнгэр жаргаж буй нарны туяанд улаа татаад хөвөх үүлс нь ягаарна. Газар дэлхий бараантаж бүрзийлгүй өнгө, өнгөөр алаглан үзэгдэх нь гайхалтай. Тэгэвч эдгээрээс аль нь ч нисдэг цэцгийн гоо үзэсгэлэнг гүйцэхгүй. Ерөөсөө нисдэг цэцгийг эдгээртэй адилтган зүйрлэх аргагүй тийм л гайхалтай.

Хэрвээ хүн толгой өргөн хараад нисдэг цэцгийг олж үзэх аваас үндэс нь солонгын долоон өнгөөр гялалзаад иш нь болор мэт гялалзан байхыг нь үзнэ. Харин хамгаас гайхалтай, хамгийн чухал цоморлог нь юу ч үгүй хоосон. Байзнаарай, юу ч байхгүй юм бол хэрхэн сайхан харагдах билээ хэмээн бодож байгаа бол түр азнана уу! Юу ч үгүй хоосон боловч ерөөсөө хүн болгонд дуртайгаар нь үзэгдэнэ. Заримд нь ногоон, заримд нь ягаан тэгээд бүүр хав хар байх нь хүртэл буй. Би харин та нарт ямар өнгө харснаа хэлэх үү? За ер нь болилоо та нар нисдэг цэцгийг тийм байдаг гэж төсөөлөөд гоо сайхныг нь гутаачхаж магадгүй. Гагцхүү өөрсдөө олж харахыг хичээн тэнгэр саравчлан явах нь чухал.

Нисдэг цэцгийг хэзээ яаж ургадаг болохыг би даанч мэдэхгүй. Ерөөсөө ганцхан тийм цэцэг байгаад тэнгэр дээгүүр нисэн байдаг ч байж болох юм. Онгоцнууд магадгүй бүгдийг нь хуу хаман устгасан ч байж мэднэ. Би нэг л удаа харсан. Тэгж харсан ч түүний талаарх бараг бүгдийг мэдчихсэн. Үгүй ээ!!! би мэдсэн биш тэр надаа шивнэсэн. Шивнэсэн гэж хэлэх хэцүү л юм. Цэцэг ярьдаг гэдэгт би одоо хүртэл итгэж чаддаггүй. Хааяа нэг цэцгийн дэлгүүр орон яриаг нь чагнахыг хүсдэг боловч тэд нар юу ч дуугардаггүй. Дув дуугай, чив чимээгүй байгаад л байдаг. Эцэст нь би арга ядаад гарч оддог.

Хөдөө гарч ургаж буй цэцгийн дэргэд суугаад анхны үгээ хэлэхийг нь сонсох юм сан гэж би хэчнээн их хүсдэг гээч. Хүн ээжээ гэж хэлж ордог бол цэцэг магадгүй. Газар аа... эсвэл Дэлхий хэмээн хэлд ордог болов уу!? хэмээн би хааяа төсөөлдөг юм. Гэхдээ магадгүй миний төсөөлж байгаагаас шаал ангидаар дуу алдан орилдог байж ч болох юм. Ерөөсөө ярьдаггүй ч байж магадгүй. Харамсалтай нь би даанч мэдэхгүй юм даа. Харин нисдэг цэцэг бол яах аргагүй ярьдаг. Ярих ярихдаа бүүр дуулдаг. Тэр надад дуу дуулж өгсөн. Дуулсан дуу нь салхины хэмнэлд намуухан чихэнд минь хүрч ирээд шууд сэтгэл зүрх рүү шургалсан. Одоог хүртэл би нэг ч удаа дуунд тэгж автаж байгаагүй. Магадгүй одоо хэзээ ч чадахгүй байх. Харин хааяа нэг голын эргэ дээр өнөөх дуу хоолойн бүдэгхээн цуурай чихийг минь шүргэн өнгөрөх шиг санагддаг. Тэр үед би тэнгэр өөд яаравчлан харах авч ахиж харсан удаагүй. Гагцхүү өөр нэгэн гоо үзэсгэлэн болох тэнгэрийг, үүлсийг л олж үздэг. Тэгээд л би харцаа буруулан нүдээ усны урсгал дагуулан гүйлгэнэ. Магадгүй нисдэгтэй адилхан шумбадаг цэцэг ч байж болох юм хэмээн бодсондоо бус зүгээр л гуниг минь урсгал дагаад урсаад одоосой хэмээн хүссэн дээ тэр. Харин тэр хэзээ ч тэгж байгаагүй.

Нисдэг цэцэг юу дуулсныг нь би мартаагүй бишээ санаж байна. Тодоос тодоор. Тэр аялгуу одоо хүртэл зүрхэн дотор минь оршоод зүрхийг минь хэмнэлдээ автуулан удирдаад байх шиг санагдана. Харин зүрхээ даран чагнахаар түг түг хэмээн сонсогдохоос бус тэр аялгуу явахгүй. Нүдээ аниад зүрхээ чагнахаар намуухнаар уянгалж гарна. Дууны үгийг нь ч би мэднэ. Харин хэлж чадахгүй нь. Энэ үг бол ерөөсөө амнаас гардаг үг бус. Сэтгэлд байдаг мэдрэмжийн үг. Хүн хэзээ ч нэгэндээ хэлж чадахааргүй үг. Магадгүй хайр гэгчээр холбогдсон хүмүүс нэгэндээ ийнхүү дуулж өгдөг байж ч болох юм.

Нисдэг цэцгийг анхны бөгөөд эцсийн удаа харах мөчдөө би энэ бүхнийгээ мэдэж байсан ч түүнийг барьж аваад хадгалахыг хүссэнгүй. Харин ч доороос нь үлээн улам өндөрт улам хол нисгэн хүн болгонд харуулахыг хүссэн. Үгүй ерөөсөө цэцэг өөрөө тэгж хүсээд би тэрийг нь эсэргүүцэж чадаагүй байх. Яахан би тийм үзэсгэлэнтэй цэцэгт үгүй гэж хэлж чадах билээ. Тэр цэцэг тэгээд цаашаа ниссэн. Аажуухнаар, намуухнаар араасаа анхилам үнэр татуулан нисэж одсон. Тэр зүгт нь солонго татсан.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...