Skip to main content

Нисдэг нохой

Би амьдралдаа ганцхан нохой л тэжээж үзсэн. Үнэндээ бол миний тэжээнэ гэж ч юу байх билээ. Ээж, аав хоёр маань л арчилж, би эрхлүүлэх бас өөрөө эрхлэх гэсэн хоёрхон үүрэг л хүлээдэг байв. Та намайг эрхийн мангар хэмээн шоолж болох л юм гэвч долоохон настай байсан би юуг л хийж чадаа аж. Аав тэр нохойг дөнгөж төрснийх нь дараа гэрт авчран надад өгсөн билээ. Тэр үед би дөнгөж уншиж сурсан байлаа. Тэгээд орой болгон ярьж өгдөг үлгэрийн баатруудыг өөрөө олж үзэх гэсэндээ шөнө болгон өрөөнийхөө хаалгыг хааж байгаад үүр гэгээртэл ном уншчихаад ээж аавыгаа сэрэхээс өмнө хөнжилдөө шургалан орж өглөө нь үхэх гэж байгаа юм шиг нойрмог амьтан хичээлдээ явдаг байв.

Харин тэр өдрөөс хойш надтай цуг үлгэр сонирхогч нэгээр нэмэгдсэн нь Макс. Нуруу нь торгон хар, цээж нь хөрс шиг бор өнгөтэй байдаг л нэг герман овчарк байв. Би түүнд орой бүр үлгэр ярьж өгнө. Одойнууд, мангасууд, баатрууд гүнжүүд, үзэсгэлэнт орд харш, мөнхийн орон гээд л бүхнийг ярина. Тэр унтаж буй мэт нүдээ анин хэвтдэг ч гэсэн сонсож байгааг би мэддэг байлаа. Яаж гэхээр би чанга уншихаа болиод дотроо уншаад эхлэхээр чих нь сортолзон үлгэрийн орны үгсийг эрэлхийлнэ. Тэр яг л над шиг, би харин яг л аав шигээ болсон мэт.

Нэг өдөр Макс бид хоёр анх удаагаа хоёулхнаа зугаалахаар гарлаа. Тэр өдөр надаас ерөөсөө холдсонгүй. Миний хөлийн дэргэд суугаад хорвоо ертөнцийг сонирхон бас айн ажиглана. Ахиад хэлэх утгагүй ч тэр яг л над шиг ертөнцийг шүтэн биширч үлгэрийн орныг өмнөө төсөөлөн харж буй мэт. Дараа дараагаас нь бид хоёр хоёулхнаа гарах болов. Макс бага багаар байгаль дэлхийд дасаж байлаа. Бага багаар надаас холдон өөрийн дураар хүссэн газар бүртээ давхихыг оролдоно. Гэвч түүний хүзүүнд төмөр гинж уяатай. Харин минийхэд үл мэдэхээс айх гинж. Нэг өдөр би Максийг нүднээс анзаараагүй зүйлээ олж харав.

Түүний нүд хачин уйтгартайгаар тэнгэр ширтэнэ. Хөвөн явах үүлсийг харц дагуулан ширтээд яг л дотнын найз нь орхин явж буй мэт гунигтайгаар амьсгална. Тэр нисэхийг хүсэж байлаа. Үүл шиг, шувуу шиг тэнгэрт халин нисээд сонссон үлгэрийнхээ орноор зугаалан, энэ бүх дөрвөлжин, бөөрөнхий уйтгартай нэгэн хэвийн ертөнцөөс зугтахыг хүсэж байв. Магадгүй та намайг яаж мэдсэн бэ!? хэмээн гайхаж болох юм. Тэгвэл би нүднээс нь гэж хариулна. Түүний нүд миний толин дахь нүдний тусгал байлаа... Заримдаа тэр яг л би нисэхийг хүсэхээрээ тэнгэр өөд харан чигээрээ гүйдэг шиг холоос хол зугтан алга болдог байв. Гэвч орой нь ямар нэгэн айдсаасаа болоод эргээд л миний хөл доор ирээд хэвтчихсэн байдаг байсан сан.

Тэр шувуудыг уйтгартайгаар ширтэн. Хэрвээ газар буух юм бол түүнийг эргэн хөөж тэнгэрт нисгэдэг байлаа. Тэгээд амандаа нисэж чаддаг байж юунд газарт бууна вэ!? хэмээн үглэх мэт санагддаг сан. Би хүйтэн болсон тул гадаа гарахаа болив. Тийм болохоор гэрийнхэн маань Максийг ганцаарыг нь гаргадаг болов. Тэр гарч явчхаад эргээд л ороод ирнэ. Магадгүй даардаг байсан биз ээ. Хэдий би гарах боломжгүй болсон ч Максийг хэрхэн нисэхийг хүсэн салхи мэдрэн давхихыг цонхоороо харах дуртай байлаа. Тэр давхиад л давхиад л, хэлээ унжуулчхаад бахардаж үхэх гэж байгаа юм шиг үзэгдэх болов чиг нисэх гэсэн хүслээ хаялгүй давхиад л байна. Харин би хүн нисэж чадахгүй гэж мэддэг болсон цагаасаа хойш нисэх хүслээ хаясан.

Макс нэг өдөр эргэж ирсэнгүй. Маргааш нь ч ирсэнгүй. Манайхан сандран цагдаад мэдэгдсэн боловч олдоогүй. Би хэдий гунигтай байсан ч Максийнхаа өмнөөс баяртай байлаа. Учир нь би түүний эргэж ирээгүй шалтгааныг нь мэдж байгаа юм. Тэр нисэхээр явсан.

Comments

  1. Энэ цаг хугацаанд очоод Максын дотор ороод орой бүр үлгэр ярьж өгөхийг чинь сонсох сон бас шөнө нь унтаагүй өглөө үхэх гэж байгаа царайтай хичээлтэй явхийг чинь хараад инээд хүрэх байсандаа 🤭

    ReplyDelete
    Replies
    1. Тэгэж байгаад уйдаад нисээд л явах байсан байхдаа :Д

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....