Skip to main content

Би бурхан болж чадахгүй

Өнөөдөр бусад өдрөөс ялгарахын аргагүй өдөр байв. Өглөө босно, гар нүүрээ угаана, хувцсаа өмсөөд хам хум балга ус, зүсэм хар талх үмхэнэ. Ажилдаа хоцрохгүйн тулд яаруухан алхаад автобус хүлээнэ. Автобус өөрийнхөө чиглэлээр л явна. Дараа нь ажилдаа ирээд бусдын л адил ширээн дээрээ суугаад өдрийн хоолны цагыг тэсэн ядан хүлээнэ. Хүлээж, хүлээж хоолны цаг болонгуут зугтах мэт гарч хоолондоо орно. Өлсөөд бол тэр биш. Тэгээд... тэгээд... дараа нь халуун хоолондоо нозоорч ажил тарахыг хүлээн даргадаа загнуулахгүйн тулд бага ч гэсэн юм амжуулчихыг хичээх боловч ухаан санаа тарах цаг хүлээн эргэлдэнэ. Эцэст нь ажил тарж өнөөх л замаараа, яг эргээд л бусад хүмүүсийн адил гэрийн зүг. Өдөр бүр, хүн болгон ийм л гинжтэй. Зөрж өнгөрөх хүмүүсээрээ л ялгаатай мэт.

Эцсийн эцэст энэ бүх эв энгийнээс зугтах ганц боломж маань ирэв. Хав харанхуйд ганцаар суун бясалгах үе минь. Ороо засаад бага зэрэг ус дэргэдээ тавиад гэрлээ унтраалаа. Гэнэт өрөөний таазаар гэрэл нэвт харваад агаарт хий тогтчихов. Төд удалгүй томрон томорсоор нэгэн биет хэлбэрийг олон өмнө маань тодроод ирлээ. Өөрийгөө галзуурч хий юм харж байна гэж бодсондоо айж сандран гэрлээ асаатал юу ч байсангүй. Ахиж гэрлээ унтрааж зүрхэлсэнгүй. Хэсэг зуур азнасан боловч ямар нэг байдлаар ахиж хий юм харах сонсох гэх мэт зүйл мэдрэгдээгүй тул ядаж гэрэлтэй бясалгахаар шийдэн орон дээрээ суугаад суудлаа засан нүдээ анивал өнөөх гэрэлт хүн урдын байрандаа зогсож байх юм. Орилох гэсэн ч дуу гарахгүй хоолой бачууран, нүдээ нээх гэсэн ч нээж чадсангүй. Ямар нэг юм зуураад наачихсан мэт болжээ. Гэрэлт хүн улам тодорсоор л... над руу бага багаар дөхнө. Үл мэдэгдэх дулаан, хэлэхэд хэцүү зөөлөн зүйл мэдрэгдэж намуухнаар уураг тархи, бие эрхтэн минь тайвширч эхлэв. Ингээд бүрэн амар амгалан болсны дараа өнөөх гэрэл:

"Чи бурхан болмоор байна уу?" гэж асуухад нь юу гэхээ мэдсэнгүй. Айхаа умартсан надад энэ бүхэн хачирхалтай санагдана.

-- Чи хэн бэ?
-- Би бурхан байна.

Бурхныг түнэр харанхуйд дуртай гэж бодож байсангүй. Гэхдээ гэрлээр төсөөлж байсан маань үнэн ээ. Би өөрөө харин бурханд итгэж байсан аль эсвэл итгэдэггүй байсан эсэхээ мэдэхгүй. Гагц бурхан байлаа гэсэн ч хүн өөрөөрөө амьдрах хэрэгтэй гэж боддог байлаа. Харин одоо бурхан гараад ирдэг. Хүн өөрөөрөө амьдрах нь ямар утгатайн гэсэн хачин асуулт гараад ирэв.

-- Чамайг бурхан гэхэд итгэхэд хэцүү юм!? Чи илүү чөтгөртэй адилхан санагдаж байна! харанхуй тэгээд гэрэл.
-- За тэгвэл би чөтгөр байна.

Түүнийг бурхан байгаад өөрийгөө надад ямар нэг байдлаар батлах эсвэл намайг ядаж л эсэргүүцэх байх гэж байсан минь талаар өнгөрөв. Гэнэт хачин бодол орж ирлээ. Хэрвээ бурхан байдаггүйд итгэдэг юм бол яагаад чөтгөрт байдагт итгэдэг билээ. Яагаад бурхан, сахиусан тэнгэр байхгүй байхад чөтгөр бас муу ёрын сүнснүүд байх гэж? Хэрвээ тийм бол энэ хорвоо чинь чөтгөрийн ертөнц болоод нөгөө талаас чөтгөр бурхан болох нь ээ!? Өөрийгөө бурхан гэж хэлсэн нь буруу биш л юм байна.

-- За тэгвэл би өөрт чинь юугаар туслах билээ!?
-- Хаха, чамайг ингэж бодно гэж мэдсэн юм! За ямар ч байсан би чиний төсөөлж байгаа чөтгөр бол биш. За тэгээд бурхан чинь ч биш. Гэхдээ би та нарын нэрлэдгээр бурхан чинь байна. Тэгээд би энэ суудалд суугаад мянган жил болсон тул ороо залгах хүн хайж байгаа юм.
-- Ммм, мянган жил нь ямар учиртай юм.
-- Мөнх юм бүхнийг мэднэ гэдэг тийм амархан зүйл биш. Бүх юм энгийн бөгөөд орчлон хорвоогийн жам ёсыг дагаж явагдах ёстой.
-- Хэрвээ тэгээд явж л байдаг юм бол бурхан юунд хэрэгтэй гэж?
-- Зарим хүнд!
-- Жишээ нь!?
-- Хэхэ, хэтэрхий ихийг асууж байна шүү! Хэрвээ чи бурхан болчихвол бүгдийг мэднэ. Харин болоогүй байж мэдэж болохгүй зүйлс гэж байна. Чи тэгээд бурхан болмоор байна уу?
-- Би үхэх хэрэгтэй юу?
-- Үгүй амьдрах хэрэгтэй, мянган жил л амьдрахад болно. Дараа нь өөрийгөө залгах хэн нэгнийг олоод л болоо.
-- Хачин л сонсогдож байна. яагаад би гэж? яагаад мянган жил гэж?
-- Өмнө нь хэлсэн мянган жил тийм ч бага хугацаа биш гэж. Яагаад чи гэж үү? Хэрвээ бурхан болбол чи өөрөө мэднэ.
-- Чи асуусан болгонд "Хэрвээ бурхан болбол чи өөрөө мэднэ" гээд л хариулаад байх уу?
-- Амьд хүн хариултыг нь мэдэж болохгүй зүйл бол тэгэх болно.
-- Тэгэхээр би үхсэний дараа яадаг, сүнс, харь гариг зэргийн талаар асууж болохгүй байх нь ээ!? асуусан ч чи хариулахгүй гэсэн үг үү?
-- Яг тийм. Гэхдээ та нар өөрсдөө олоод мэдчихвэл бид хориглохгүй.
-- За тийм байж. Тэгээд би бурхан болбол юу хийх ёстой билээ?
-- Байгалийн хууль алдагдахгүй байхыг...
-- Хэрвээ энэ чинь тэгээд өөрөө яваад байдаг юм бол яагаад тэр нь алдагдах гэж?
-- Байгалийн хууль явж л байдаг. Гэхдээ хүмүүс шийдвэр гаргахдаа буруу шийдвэр гаргах нь бий. Энэ бол байгалийн хуулиар биш хүний чөлөөт сонголтоор явагдаж байгаа зүйл. Хэрвээ энэ нь хэт ихэдвэл ... чи ойлгож байгаа биз!?
-- Бага зэрэг
-- Сайн байна!? Нэг ёсондоо амьдралын зарим нэг шударга бус гэгдэх үүссэн тохиолдлуудыг засварлах.
-- Тодорхойлбол? Хэтэрхий азгүй амьдралтай хүнийг үхүүлж болно эсвэл шагнаж болно?
-- За тийм байж болно.
-- Тэгвэл тавигдах шаардлага этэр гэж байгаа юм уу?
-- Хүн болгонд ижил хандах. Хэн нэгнийг бусдаас онцгойлж үзэхгүй байх!
-- Гэтэл энэ чинь чиний өмнө ярьсан шударга бусыг засахтай зөрчилдөөд байна шүү дээ!?
-- Яг тийм! тийм болохоор л бурхан хэрэгтэй байгаа юм.

Одоо би гайхаж эхэллээ. Хүн болгоныг адилхан авч үзнэ гэхээр хэнийг нь ч нэгнээс нь илүү хайрлахгүй гэсэн үг. Тэгэхээр хэнийг ч хайрлахгүй гэсэн үг болж байна уу? эсвэл хүн болгоныг хайрлана гэсэн үг болж байна уу? Хүн, хүн болгоныг хайрлаж чадна гэж үү? Тэр бодол уншдаг нь тодорхой ажээ.

-- Бурхан хүн биш тэр хүн болгоныг хайрлаж чадна.
-- Тэгвэл би чадахгүй. Би зөвхөн түүнийгээ л онцолж хайрлахыг хүсэж байна.
-- За тэгвэл тийм болог. Баяртай.
-- Байж байгаарай!? чи намайг ийм сонголт хийнэ гэдгийг мэдэж байгаагүй гэж үү?
-- Хүний зүрх сэтгэлийг мэдэхэд даанч хэцүү. Сонголт нь юу ч байж болно. Зүрх сэтгэл, оюун бодол.

Хав харанхуй шуураад гэрэл гэнэт л алга болчхов. Нүд маань хэвдээ орж шууд нээгдлээ. Өрөөний гэрэл асаалттай би суудалдаа л сууж байх юм. Зүүд эсвэл бодит? Ямар ч байсан би хүн болгоныг хайрлаж чадахгүй нь гэхдээ би үзэн ядах албагүй. Гэрлээ унтрааж зүрхэлсэнгүй...Маргааш өглөө эв энгийн

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...