Баян айлд төрсөн илжиг байжээ. Төрсөн цагаасаа эхлээд хамгийн сайн гэсэн овьёос, тутарга идэн өсөхөөс гадна хааяа л нэг жаал, зуухан ачаа ойр зуур зөөдөг байв. Баяных ч өдөр ирэх тусам хөлжин дэвжихийн хэрээр илжиг нэмэн авна. Шинэ ирсэн илжиг нар анх ирэхдээ туранхай муу байсан бол удаж түдэлгүй таргалан өнгө ордог байлаа. Ингэхийн хэрээр ажилд гарах нь ч багасан хааяа нэг гарахдаа адгаж, бусгаад бөөн юм болдог байлаа.
Өнөөх бяцхан илжиг эхэндээ цовоо сэргэлэн, ажилд гарахдаа хөгжүүн байдаг байсан ч удаж түдэлгүй ааш зан нь эвдэрч эхлэв. Эзэн баян яах учраа олохгүй илжиг хариуцагчаа илжигнүүдтэй нь харгис хатуу хандаж байна хэмээн хардаад халж өөр нэг тавив. Ингээд ч нэмэр болсонгүй тул овьёос, тутаргынхаа оронд шинэхэн ногоо, тариагаар хооллох болсон ч илжигнүүдийн ааш зан улам л эвдэрнэ. Эзэн баян аргагүйн эрхэнд шинэ илжиг худалдаж авав. Эхэндээ ч сайхан л ажиллаж байлаа. Гэтэл түдэлгүй...
Илжигнүүд ийнхүү жарган байтал шинээр ирсэн илжиг ажиллаж гарав. Эзний үгээр байн, номхон дөлгөөнөөр ажиллана. Энэ бүхэнд атаархаж хорссон илжигнүүд нэг орой шинэ илжгийг хуралд орууллаа. Хуралыг баяныд төрсөн илжиг толгойлов.
-- Шинэ илжиг чи яагаад ажиллаад байна?
-- Юу гэсэн үг билээ?
-- Чи яагаад ажил хийгээд байна аа!
-- Айн!? Эзэн ажил хий гэж байхад хийх ёстой биз дээ!?
-- Энд хийх ёсгүй!
-- Тэгвэл яаж хоолоо олж идэх гэж!?
-- Санаа зоволтгүй! чи ажиллахгүй байсан ч чамайг хооллоно.
-- Үнэн гэж үү!? намайг төрсөн газар ...
-- Би энд төрсөн. Би мэдэж байна! чамайг ажил хийхийг хориглов!
-- Сайн л биз.
маргааш нь шинэ илжиг сурсан зангаараа л ажилдаа гарчхав. Тэгтэл орой нь мөн л өөрийг нь шүүх хуралд дуудан орууллаа.
-- Шинэ илжиг!!! Ажиллаж болохгүй гээд байхад чи яагаад ажиллачхав?
-- Сурсан занг сураар боож болохгүй юм байна шүү дээ.
-- Тийм үү!? гэсээр баяныд төрсөн хурлыг толгойлогч илжиг шинэ илжиг рүү дайрвал бусад илжиг ч гэсэн дагалдан шинэ илжгийг нэвширтэл зодов. Маргааш нь шинэ илжиг ажиллая гэсэн ч хамаг бие нь хөндүүр болсон тул хэдэрлэж, ярдаглаад ажиллаж өгсөнгүй. Ийм янзтай долоо хоносны эцэст шинэ илжиг бусад илжигтэй адилхан болжээ.
Эзэн баяны арга барагдан ламд үзүүлбэл хотонд нь чөтгөр шүглэсэн тул бүх илжгээ хурдан зайлуулж хашаа хороондоо ном уншуулах хэрэгтэй гэв. Баян ч их сүсэгтэй хүн тул маргааш нь гэхэд л бүх илжгээ зах дээр аваачин зараад буцах замдаа ламтныг залан ном уншуулж чөтгөрөө зайлуулав гэнэ. Энэ явдлаас хойш баяны авсан илжигнүүд их л ажилсаг байдаг болсон тул сүүлд нь ахиж хэд хэдэн удаа ламтанд бэлэг хүргүүлсэн гэдэг.
Баяныд төрсөн илжгийг нэгэн тариачин худалдаж авчээ. Илжиг адгаж бусгаад эхний өдөр ажил хийсэнгүй гэтэл орой нь тариачны амьтад хурал хийв.
-- Шинэ илжиг чи яагаад ажиллахгүй байна?
-- Яагаад ажиллах гэж?
-- Хоолоо олж идэх гэж ажиллах ёстойгоо мэддэггүй юм уу?
-- Намайг өлсгөж алахгүйн тулд хооллож л таараа.
-- Тэр ч тийм. гэхдээ...
-- Тэгээд зүгээр байж байгаад хооллож болох байтал яагаад ажиллах хэрэгтэй гэж?
-- Аа! чи муу бидний хүч хөдөлмөрөөрөө олсон хоолноос маань цуслахыг санаархана гэнээ!!! гээд тариачны амьтад цөмөөрөө илжгийг нэвширтэл нь зодлоо.
Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...
Comments
Post a Comment