Skip to main content

Сармагчнаас нэг хувь илүү эр хийгээд анхны хайр мартагдахгүйн учир

За би бээр нээх сайхан эр биш ч гэсэн харсан хүн айгаад зугтчихаар нэгэн бас биш юм шиг байгаа юм. Гадуур явж байхад эмэгтэйчүүдийн тусах харцыг хааяахан нэг мэдрэн алхах ч сайхан байдаг байлаа. Гэтэл юу болсон гэж санана өнөөдөр гарсан чинь тоож харж байгаа эмэгтэй алга. Ингээд би "аяа цаг хугацаа хүнийг хүлээлгүйгээр урагшилсаар байдаг болохоор миний нас ч хэвийж эмэгтэй хүн тоохоо байжээ" хэмээн сэтгэтэл гэнэт өөрийгөө хорь гараад нээх удаагүй байгаагаа саналаа. Тэгээд яахаараа эмэгтэйчүүд тоохгүй байна гэсэн гутранги сэтгэлээр хамгийн ойрын дүрсээ харж болохоор толинд очиж харав. Гутал...өмд...цамц...зүгээр л байна даа...юу вэ энэ хэн бэ!? ингээд хамгийн сүүлд ийм асуулттай тулгарчхав. Яасан бэ гэхээр өөртөө анхаарал тавихгүй байснаас болоод сахал болоод үс минь ургаад сармагчин төрхдөө орчиж. Уул нь ч нээх буруу юм байхгүй л юм шиг байгаа юм. Өвөг дээдсийнхээ төрхтэй төстэй болж байгаа л байхгүй юу! Тэгээд ийм дүгнэлтэд хүрэв. Эрэгтэй хүн сармагчнаас нэг хувь илүү байхад л хангалттай гэдэг эмэгтэйчүүдийн үг худлаа юм байна. Бүүр ор тас худлаа гээч.

Заа тэгээд ер нь сэтгэл аймаар эмзэглэсэн бололтой та нар минь уучилна биз ээ. Гэхдээ бас болоогүй ээ. Орой нь ирээд бодолд дарагдлаа л даа. Дурлал, хайр, шохоорхол этэр гээд л. За тэгээд бодоод байсан юмнуудаа тоочвол та бүхний нойр хүрэх байх. Учир нь би өөрөө унтчихсан байсан юм. Гэтэл нэг хүнийг баахан зүүдэлж байгаад сэрэв. Тэгэнгүүт гэнэт толгойд нэгэн бодол орж ирлээ л дээ. Өмнө нь би хөөрхөн эмэгтэй зүүдлэхээрээ нүүрийг нь харж чадахгүй л хөөрхөн эмэгтэй байна гээд зүүдлээд баярлаад байдаг байж. Гэтэл одоо яасан бэ гэсэн чинь нүүрийг нь харахгүй мөртөө нөгөө хөөрхөн эмэгтэйгээ зүүдлэнгүүт нөгөө нэг эмэгтэйгээ гэж бодоод байх болж. Тэрэндээ ч итгээд байгаа юм. Яах аргагүй л тэр байсан гээд гүрийсэн ч чадна. За тэгээд ямар гаргалгаанд хүрэв ээ гэхээр залуу байхад хайр дурлал амьдралын талаарх төсөөллүүд бэхжээгүй байхад анхны хайрын эзэн гээч этгээд дундуур нь дайрч орж ирээд хамаг бүдэгхэн дүрүүд дээр өөрийгөө зурчихдаг юм байна. Ингээд салсан ч гэсэн өнөөх дүрүүд нь толгойд үлдчихээд алга болохгүйгээр ямар нэг байдлаар мөрөөдөх, бодох эсвэл зүгээр байх үед л бодол бусниулан гарж ирээд байдаг аж. Тэгээд энэ бүх багын мөрөөдөл насан туршдаа хадгалагдан байдаг болохоор анхны хайрын эзэн ч гэсэн тэр л хэвээрээ сэтгэл зүрхэн дотор хадгалагдсаар хоцордог бололтой.

Гэхдээ энэ бол одоо хүртэл тэр хүндээ хайртай гэсэн үг байх албагүй. Учир нь багадаа бид хэд бүгд л цагдаа, сансрын нисгэгч, дарга, эмч, загвар өмсөгч болно хэмээн мөрөөддөг байсан ч томрох тусам өөр зүйлст автан тэдгээртээ дурлан тэдгээрээ сонгон амьдардаг шиг юм уу. Хааяа хүүхэд насны мөрөөдлөө эргэн харах сайхаан. Гэхдээ л одоо амьдарч байгаа цаг хугацаа бүхнээс тод сайхнаар оршин байсаар л. Гагцхүү бүтээх, харах, хүлээх этэр л үлджээ.

Хорь гарч явах даа ингэж бодож байлаа. Өөртөө нэлээд итгэлтэй дух байсан бололтой. Гуч гараад ирсэн чинь амьдрал арай өөр юм шиг. Гэр бүлтэй байсан бол өөрөөр сэтгэх байсан биз. Эхнэр уншаад хэнийхээ тухай бичээд байгаа юм бэ чи? гээд гомдоно биз. Аргадах гэж тэгээд бөөн юм болох байлгүй. Даанч тийм зовлон, жаргал нь одоохондоо байхгүй. Нөгөө нэг залуу насны итгэл үнэмшил нь бас байхгүй юм шиг байна. Эргээд анхны хайр байсан байж магадгүй гэсэн хүнийг бодохоор тодорхой юм алга. Хэтэрхий их зүүд, дурсамжид уусаад сүүмийчхэж. Өөр өөр хүмүүс холиод шамбааралдсан юм болов уу? яриж байсан өнгө будаг дээр бүсгүй болгон өөр өөрсдийнхөө дүр зургийг зураад байсан байх.

Эрэгтэй хүн сармагчнаас нэг хувь илүү байхад л хангалттай гэдэг бол худлаа хэвээрээ л байгаа. Эсвэл би арай нэг хувь хүрэхгүй нойл тэрбумын ес, ес, ес, ес ... байх. Тоогоор бол 0.99999999999. Халзраад үс бол байхгүй байгаа юм. Хөгшрөөд мод зодонд авирдаг нас нь бол өнгөрсөн байгаа юм. Ер нь нөхөд ямар сармагчин яриад байсан нь тодорхойгүй. Сармагчны ертөнц билүү кинон дээр гардаг Цезарь шиг сармагчин байх юм бол угаасаа барахгүй байх аа. Тэрнээс давуу байж магадгүй гэсэн ганц юм нь хүн алж үзээгүй л юм болов уу? Эр зориг, шийдэмгий байдлыг нь үзүүлж байгаа болохоор тийм биш ч юм уу? За ядаж л илүү байж чадахгүй бол эелдэг байя даа.

За би өөрөө ч юм уу, та ч юм уу мартаагүй байя гэж бодъё. Тэгэхээр намайг, таныг мартаагүй хүн байгаа болов уу? Нэг хүн хааяа нэг дурсаад тийм хүн байж билээ гээд боддог байх даа. Тэр нь тэгэхдээ би биш миний сүүдэр. Бүрзийгээд тодрохгүй бодлын тусгал л байх даа. Орчин үед гэхдээ арай өөр болсон юм шиг ээ. Бүгд л интернэт дээр байгаа болохоор ядаж дүр төрхийг нь тодруулж болдог юм шиг. Сэтгэл санаа, бодол ухаан нь угаасаа мэдэхгүй. Гагц мэдрэмж нь гүний гүнд нуугдаатай. Мартагдсан дуу гэнэт явахад өөрийн мэдэлгүй чих сортойдог шиг. Дагаад дуулж болно, гайхаад гуниглаж болно. Тэгэх юм бол магадгүй сармагчнаас нэг хувь илүү байдаг байж мэднэ. Сармагчинд анхны хайр гэж байдаг юм болов уу? Хайр бол байдаг юм шиг. Дурлал харин байдаггүй байж мэднэ. За тэгээд ямар мэдэхгүй зүйлийнхээ тухай бичээд байлтай биш. Мэдэхгүй болохоор яаж ч тэднээс нэг хувь илүү байж чадах вэ дээ хөөрхий.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....