Skip to main content

Хөгшрөлтөөс зугтсан нь

Чи том болоод хэн болмоор байна? Ухаантан. Яагаад? дарга болохгүй юм уу? Юу хүсэж байгаагаа мэдэхийн тулд эхлээд ухаантан болох хэрэгтэй байгаа байхгүй юу гэчхээд гар дахь тоглоомоо оролдон суулаа. Залуу хүүгийнхээ энэ хариултад сэтгэл ханасан болов чиг дотор нь нэг л сонин оргиод явчхав. Би энэ амьдралыг хүссэн гэж үү? Болоод өнгөрчихсөн юмыг би одоо бодоод яалтай. Буцааж болохгүй юм чинь энэ чигээрээ л явах хэрэгтэй биш гэж үү? гэж бодоод маргааш өмсөх хувцсыг нь индүүдэн суугаа эхнэр харав.

Анх харахад зүрх сэтгэлийг нь эзэмдсэн тэр дүр төрх, инээмсэглэл мөн боловч нүднийх нь үрчлээ түүнийг нь нас нэмэн хөгширснийг илтгэнэ. Харин хажууд нь тоглон суух жаал бусад л хүүхэд шиг хайр татам харагдах атлаа хэнээр нь ч солимооргүй мэдрэмж төрүүлнэ. Залуу эцэг "За тийм байж. би харин өөрөө ямар байгаа юм болдоо?" хэмээн өөр өөрөөсөө асуугаад толины өмнө зогслоо. Хамгийн сүүлд толины өмнө өчигдөр өглөө зогсож байсан атлаа одоо өөрийгөө таньсангүй.

Харлаж үрчийсэн нүүр, сунаж унжсан гүзээ. Тэгээд бас болоогүй ээ огтоос хэв загваргүй биеийн тамирын өмд, майк. Тэр, тэр өөрөө биш болчхож. Толины өмнө зогсоод өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун инээмсэглээд нүд ирмэчихдээ гардаг тэр л залуу биш болчхож. Одоо толинд өөрийгөө харахаас ч ичмээр ажээ. Залуу бушуухан толиноос холдон том өрөөндөө орвол эхнэр нь юу хийгээд байгаан бол гэсэн харцаар харна. Харин харцных нь цаана ой нь гутсан дүр үзэгдэнэ. Тоглоомоороо тоглон суугаа хүүхэд нь өөрийг нь харахгүй гэсэндээ хамаг анхаарлаа хандуулж байгаа мэт санагдана. Залуу энэ бүхэнд уурсан бухимдсандаа буйдан дээрээс өнөөх үзэмжгүй бэлтгэлийн хувцасныхаа цамцыг шүүрч аваад гарч одов. Хаалга хаагдах үед хаачих нь вэ? гэсэн үг ч чихэнд нь наалдсангүй.

Орцныхоо үүдэн дээр гарч ирэх үед чи ийм л царай муутайдаа гэсэн шиг тэнгэр байдгаараа бүрзийнэ. Залуу тамхи асаан амандаа зуулаа. Өнөөх хачин ихээр хүсэмжилдэг тамхи нь хоёулаа адилхан шүү дээ гэсэн шиг өмхий амтагдсанд тэр чигт нь нулимчхаад халаасандаа гараа хийн чигээрээ алхаж гарав. Алхаад л байлаа. Юу бодож алхсаныг нь мэдэх гэж байгаа бол гагц тэр өөрөө л мэдэх байх. Толгойд нь орж ирсэн, санасан бүгдээ л бодно. Заримдаа багын явдал нь, заримдаа саяхны явдал нь гэх мэтчилэн өөд уруугүй толгойд нь орж ирнэ. Энд ямар ч эмх дараалал байсангүй. Гэтэл гэнэт толгойд нь багийн мөрөөдөл нь орж ирлээ. Ангийнхан нь бүгдээрээ суучхаад нэг нэгээрээ юу болохоо хүсэн хэлж байсан нь нүдэнд нь үзэгдэнэ. Тэр дундаас цэвэрхэн хувцастай инээмсэглэсэн жаал байсан нь тэр өөрөө. Өөрийнх нь ээлж болоход босож ирээд хоолойгоо нэг зассанаа би багш болмоор байна хэмээн зөөлхөн шивнэчхээд эргээд суучихсан. Хэн ч, юу ч хэлсэнгүй, асуусангүй. Дараагийн хүүхэд босож ирэн бас нэг юм хэлнэ. Одоо л тэр өөрийгөө харж байлаа. Тэр өөрийнхөө бодож байсан шиг ер бусын байсангүй. Энгийн л нэгэн байж.

Ингэж бодох мөчид сэтгэл дотроос нь нэг юм гараад нисчих шиг санагдсанд өөрийн мэдэлгүй тамхиа амандаа хийчихсэн байх аж. Энэ удаа тамхи өмхий амтагдсангүй. Гэнэт хүүгийнх нь ухаантан болно гэсэн үг толгойд нь харван орж ирлээ. Тиймээ хэрвээ би ухаантай байсан бол тамхинд орохгүй байсан; тэгээгүй бол ийм царай муутай болохгүй байсан. Хэрвээ царай муутай болоогүй бол энэ бүх ганцаардал чамайг амсах байсан гэж үү!? хэмээн ууртай нь аргагүй хашхичаад тамхиa чулуудлаа. Татаж байсан янжуураасаа гадна халаасандаа байсан хайрцагтаа тамхи, тэр бүү хэл галаа хүртэл гарган чулуудав. Энэ бүхнийг нь холоос харан суусан хог түүгч дутуу татсан тамхийг нь бушуухан шиг түгээд, хайрцгийг нь сэгсэрч үзэв. Дотор нь тамхи байгааг мэдээд шарлаж, яйжийсан шүдээ ярзайлгана. Аз жаргалтай байгаа ч гэсэн аймшигтай хар, үрчийсэн нүүр нь огиудас хүрмээр харагдсанд залуу золтой л бөөлжчихсөнгүй.

Энэ үед гэнэт урд урдынхаас цагаан, өмнөх шигээ цэвэрхэн нүүртэй болчихсон мэт санагдсанд. Чи ухаантай байсан бол ингэхгүй л байсандаа хэмээн гуйлгачин өөд хашхичихад гэр өөдөө харайлгав. Гэртээ орох үед ааваа гэсээр хүү нь хүрээд ирсэнд хүүгээ өргөн үнсэв. Чи ороод ирсэн үү? хоолоо идэцгээе хэмээн эхнэрийг нь аз жаргалтай хоолой галын өрөөнөөс нь сонсогдоно. Бүгд түүнийг ухаантай болсныг мэдсэн мэт санагдана. Залуу эцэг гар нүүрээ угаах үедээ өөрийгөө толинд харлаа. Царайлаг биш ч тийм ч муугүй залуу өөдөөс нь аз жаргал дүүрэн инээмсэглэнэ.

Харин гадаа гудамжинд нэгэн гуйлгачин уйлж суулаа.

____________________________________________

Hanper
2010 оны 10-р сарын 20

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...