Skip to main content

Нисдэг загас

Чи амьдралдаа нисдэг загас харж байсан уу? Толгой дээрээс чинь хэн нэгэн чулуудчихсан биш. Яг л усандаа хөвж яваа юм шиг агаарт урсан яваа тийм загас харсан уу!? Хэрвээ би ганцаараа харсан бол та намайг галзуу хэмээн нэрлэж болох юм. Гэвч тэрийг надаас гадна арваад хүн харсан болохоор бүгдийг нь галзуурсан хэмээн үзэх арай тохиромжгүй байх аа! Олон юм нуршилгүй юу болсон тухай тодорхой өгүүлье.

2010 оны 3н сарын 22. Байдаг л нэг ердийн өдөр. Харин од сарны хөдөлгөөнөөр бодох юм бол өдөр шөнө тэнцдэг өдөр. Энэ бүхэн нисдэг загасанд хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй. Гэхдээ дурдах хэрэгтэй байх хэмээн бодов. Өглөө хичээлтэй тул сэрүүлгийнхээ дуунаар арай чүү гэж бослоо. Хөшгөө нээн харвал өчигдрийн борооны үүл холоо зугтаад тэнгэр цэлийсэн харагдана. Нүүр гараа угаачхаад хоцрох гэж байсан тул өглөөнийхөө цайгаа цүнхэлчхээд амандаа нэг зүсэм талх чихэж аваад гарав. Өглөөний нар урд урдынхаас хурцаар ээж байв. Тэнгэр өөд харан "Сайн байна уу? Тэнгэр, газар хоёроо. Сайн уу? Нар ахаа!?" хэмээн дотроо бодлоо. Дугуйн дээрээ мордоод хөдлөхөд бэлдэн ийшээ тийшээ харж байтал нүдний өмнүүр нэг юм сүүтгэнэх шиг болов. Ахиулж харвал загас байх юм. Нүдээ нухлан зүүдэлж байгаа гэж үү? хэмээн бодсон боловч тийм янз байсангүй. Өөрийгөө галзуурчихсан юм болов уу!? гэж бодоод айх ч шиг. Эргэн тойрноо харвал энд тэнд өнөөх загасыг ширтэн зогсох хэд хэдэн хүн байх ажээ. Бүгд л нэг цэгийг дагуулан харна гэж баймааргүй сэн. Хэрвээ бүгд л нэг ижилхэн юм хараагүй бол!

Тэр загасны байдал төрхөд бусдаас өөр юм ер ажиглагдсангүй. Мөнгөлөг саарал өнгөтэй, нүд нь бүлтгэр тэгээд цэхэр. Ямар ч илүү дутуу далавч гэж түүнд байсангүй. Шүхэрч байсангүй. Хэн нэгэн шидлээ гэхэд газар уначихмаар байтал агаарт хөвч байдаг. Агаарын бөмбөлөг гэж бодож болох ч хөдөлгөөн нь хэтэрхий бодит мэт үзэгдэнэ. Ийнхүү хэсэг алмайрсны эцэст нисдэг загасны араас жирийлээ. Барьж авах гэсэндээ баахан хөөв. Ерөөс өөрийгөө хий юм хараагүй гэдэгтээ итгэлтэй болохын тулд түүн рүү байдгаараа тэмүүлэв. Намайг дагаж бүгд ухасхийв. Өөрийн мэдэлгүй нисдэг загасыг барих хүсэлд автчих шиг болов. Тэгээд өнөөх загасыг барихаар бид хэдэн хүмүүс эргэлдэж гарлаа. Гэвч загас бид нарыг тоосон шинжгүй толгой дээгүүр аажуухан эргэлдэнэ.

Зарим маань залхаад яваад өгөв. Зарим маань газар унаад өглөө. Би тэгээд нэг охин хоёр л өнөөх загасыг барихын тулд улайран зүтгэнэ. Тэр охин ямар хүн байсныг би санахгүй байна. Толгой дотор минь загасны дүрсээс өөр юу ч орж ирэхгүй байна. Түүний толгойд ч гэсэн адилхан гэдэгт би лав итгэлтэй байна. Ингэж хэр удаан тэр загастай зууралдсанаа мэдэхгүй. Утас дуугарах үед л сая сэхээ орлоо. Найз залгаж байв.

-- Хүүе чи яачихваа?
-- Айн!? Нөгөө
-- Хурдан ирээ! даалгавраа хураалгахгүй бол болохгүй шүү дээ! гээд утсаа тасалчихлаа. Би загасыг барихыг хэчнээн ихээр хүсэж байсан ч гарт үл баригдах тэр хий хоосон мөрөөдөл мэт загаснаас хичээлийн дүн маань чухал тул байдаг чадлаараа сургууль өөдөө жийв. Арай гэж хичээл тарахаас өмнө даалгавраа багшийн өрөөний доогуур шургуулж амжлаа. Ядаж л муу гарахгүй нь хэмээн санаа амрав. Санаа амартал нисдэг загасны бодол толгойд орж ирлээ. Энэ үед хичээл ч тарж таарав. Найзуудтайгаа уулзлаа. Тэд нарт нисдэг загасны тухай ярьсан боловч хэн ч итгэсэнгүй. Тэгвэл явцгаая харуулъя гэсэн боловч бүгд залхуурцгаав. Нисдэг загас харсан юм бол утсан дээрээ бичсэн юм уу!? гэж байна. Би ч толгойгоо шаахаас өөр яах билээ. Нисдэг загасны сонин хачинд улайраад хамаг ухаанаа алдсанаас болоод бичиж авахаа мартчихаж. Тэгээд сүүл сүүлдээ өөрийгөө хий юм харсан гэдэгт итгэдэг болов. Ахиж энэ тухай хэнд ч ярьсангүй. Зурагтаар, сониноор, интернэтээр алигаар нь ч гэсэн энэ тухай цацагдсангүй. Би гарцаагүй хий юм харжээ. Гэвч би хий юм хараагүй гэдэгтээ итгэлтэй байна. Учир нь энэ явдлаас хойш яг жилийн дараа буюу 2011 оны 3н сарын 22нд.

Би нисдэг загасыг харав. Гэхдээ ганцаараар нь биш өөр нэг охинтой нисэж байхыг нь харлаа. Агаарт урсаж буй мэт шумбаад л шумбаад л. Би араас нь гүйж тэр охины гараас нь зуурч аваад нисэхийг хүсэж байсан боловч хоёр хөл маань хөдөлсөнгүй. Мод болчихжээ. Магадгүй нэг хийсэн сонголтоо өөрчилж болдоггүй биз ээ. Харж л байя дараа жил юу болохыг.


__________________________________

Hanper
 

Oдоо ингээд харахнээ би аймаар их нисдэг зүйлсийн талаар бичдэг бололтой :) магадгүй өөрөө нисэж үзэхийг хүсдэг болохоороо тэр байх аа. Яагаад ч юм бэ!? ниснэ гэхээр бие хөнгөрөөд л аз жаргалтай болоод зовлон бүхнээс зугтчих юм шиг санагддаг юм (: Тэгсэн атлаа өндрөөс аймхай гэж байгаа. Уначихна гээд айдаг болохоороо нисмээр байдаг юм болов уу? Нисдэг бол унахгүй шүү дээ гэсэн гэнэн бодол төрнө. Нисдэг хүн байсан ч бүдэрч унаад өвдгөө шалбалах байсан байх даа. Гэнэт өөдөөс харсан байрны 16н давхарт гэрэл асав. Цонхон дээр нь сүүдэр зогсоно. Нисэж очоод хармаар юм шиг гэхдээ даанч гадаа сэрүүхэн байна даа. Цаг хугацаа хөөх юм бол энэ явдалаас хойш 13н жил өнгөрчээ. Нисээгүй л байдаг :D


Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...