Skip to main content

Өөрийгөө худалдах нь

Сүүлийн үед зурагтаар гарах болсон мундаг хүмүүсээс болж миний амьдрал хэцүүдэв. Өдөрт гэдсээ илэн, оройд нет хэсэх намайг эцэг эх минь шаналгана. Үглэх нь ихсэн, чихнээс хонх уяастай. Ажилд орж, авгай аваач .

Би ажилд орохгүй гээд байгаа юм биш ажилд ороход туршлага шаардлагатай болчхоод байгаа юм. Авсан диплом маань үйлчлэхээ болиод мастер хийх хэрэгтэй болчхоод байна. Мастер хийх гэхээр нас явчхаад ажилд оръё гэхээр насны шалгуурт тэнцэхээ болих гээд байна. Самсунг, Гүүгли, Майкрософт өөр хаана, хаана ч билээ ажиллаж байгаа хүмүүс мундаг, мундаг хүмүүс байна. Надад гадаадад сурах боломж л олдчихвол би ч гэсэн тэр мундаг газруудад чинь ажиллачих гээд байна шүү дээ. Даанч надад боломж алга. Тэд нар чинь бүгд англи хэл шаардаад байна. Эцэг, эх та хоёр минь даанч ойлгохгүй.

Би авгай авахгүй гээд байгаа юм ч бас биш эхнэр олдохгүй байгаа юм шүү дээ. Учирлаад ч хөгшин хүмүүс залуу миний зовлон үл ойлгоно. Сэтгэлийн шаналгаа үл мэднэ. Орчин үед чинь залуучууд эрт гэрэлдэг болчхож. Хорь гарсан хүнд эхнэр олдохоо байж. Эмэгтэйчүүд чинь их сургууль төгсөөд бакалавр нарыг тоохоо байж. Мастер хийх хэрэгтэй болчхоод байна. Гадаад явах шаардлагатай болчхоод байна. Монголд төрсөн, Монголд төгссөн, Монголд бакалаврдсан нэг нь шаварт суучхаад байна шүү дээ. Хүүхнүүд хүртэл англи хэл шаардаад байна даа. Би гэдэг хүн сургалтад явах шаардлагатай байна. Гадаад гарах хэрэгтэй байна.

Сүүлийн үед нетээр гарах мэдээллүүд намайг улам стресст оруулна. Нэг нөхөр блог хөтөлж баяжаад нөгөө нөхөр нь жиргэж тэрийгээ хэвлүүлээд олонд нэртэй, орондоо эхнэртэй, дансандаа мөнгөтэй болоод байна. Би нүүрний ном хэсэн найз охин хайна. Хэрэг алга бүгд л хөөрхөн юм. Би жиргэж нэг үзнэ. Монголчууд намайг үл ойлгоно, дагах хүн ч алга. Англи үг хавчуулах хэрэгтэй байна, гадаадад хараар ч болсон гарах хэрэгтэй байна. Тэгвэл Америк орны тэр, тэр хотоос хүний нутагт ирээд эх орноо гайхуулж байна гээд л бичмээр байна.

Арван жил төгссөн намайг чи компьютер л сур тэгвэл ажил олдож сайхан амьдарна гэсэн яасан? Бүгд худлаа. Хүрлийсэн хар юм, ямбийсан хар комын ард суусаар байгаад л таарсан. Одоо тэгээд ажил ч олдсон юм байхгүй. Та нар надад компьютер чинь дотроо олон янз. Одоо Монголд систем админ, сүлжээний админ, веб мастер л хэрэгтэй гэж хэлэх ёстой байсан юм. Тэгтэл би яасан хаа хамаагүй хиймэл оюун ухаан, зөөлөн хатуу программчлал гэх мэт зүйлс сурчхаж. Ажилд орох гээд асуухаар хэл асууна. Хоёроос дээш гадаад хэлтэй байх шаардлагатай гэнэ. Би ямар орчуулагч уу? Би ямар хэлмэрч үү? Олон хэл дээрээ тулбал С, С++, Жава этэр гээд хэлнүүдийг чинь би мэднэ шүү! Компьютер эвдэрлээ засаад өг гэнэ. Би ямар засварчин уу? тэр авсан газартаа очиж үзүүлээч. Тэр чинь мөнгө нэхээд байна гэнэ. Би ямар тэгээд буяны байгуулга уу? За яахав үзээд өгөхөөс. Пээ энэ чинь тэгээд одоо оршуулгын газар уу? Би тоосны харшилтай хүн, та нар хуучин компьютеруудаа надаас хол байлга. Компьютер удаад байна форматлаад өг гэнэ. Хүн хөгшрөөд байна алаад өг гэж байгаатай адил юм. Би ямар алуурчин уу? Би ямар формат мастер уу?

Хоёр жил ажилсан туршлага байсангүй. Хоёр жил л гэрээ сахилаа. Ажилд орох ч ванлий болов хөөрхий. Ухаалаг гар утас гарч апп хөгжүүлэгчид баяжиж эхлэв. Ажилд орохгүй бол апп хийж баяжаач хэмээн аав, ээж үглэнэ. Апп хийж баяжъя хэмээн танил болгон утасдана. Тэгээд юу хийх юм гэхээр юу ч хамаагүй хэмээнэ. Амтай болгон интернэт худалдаа хөгжөөд байна. Веб хийе хэмээн шаналгана. Би чадахгүй гэхээр компьютер сураа биз дээ хэмээн. Би компьютер сурсаан сурсан. Намайг сурч байхад апп гэж юм байсангүй. Намайг оюутан байхад ухаалаг утас ч байсангүй. Би гэдэг хүн хөгшин хүмүүсийн тоонд оржээ.

Найз нөхдийн буянаар сохор болзоонд явав. Тарган нь таалагдахгүй, туранхай нь олдохгүй, хүүхэдтэй нь хүүхэд яриатай, хүүхэдгүй нь утсаа оролдоотой. Би гэдэг хүн гашуун кофе шимэн суусаар оройг өнгөрөөнө. Нүүрний ном дахь хөөрхөн эмэгтэйчүүдээс найз нар маань таньдаггүй юм байх даа? Жиргээд байх ухаалаг бүсгүйчүүдээс найз нар минь мэддэггүй юм байх даа? Нетдээ л орж, чатаар хэсэхээс утсаа гарган нет ухна. Оюу толгой, таван толгой хэмээн тэнэгтэж байх хооронд маань нүүрний ном юу байныг худалдаад авчихсан. Авах авахдаа, хоёр дахин нугалсан үнээр худалдаад авсан. Мэдсэн бол апп л хийдэг байж. Одоо л хийж эхлэхээс. Ирээдүйд шагшигдсан тэргүүн баян болох боломж нүдэнд гэрэлтэв. Одоо ганц англи хэл сурч, гадаадад гарч мастераа хийн апп хийж сурах л үлдлээ. Маргаашаас хэлээ сурна аа.

Хямдаар нь өглөөний цагаар АЙБИТИ сурахаар болов. Надаас өөр хүн ч алга. Хэл сурахад харилцаа чухал хэмээн аавыгаа шаналгасаар мөнгө нэмүүлэн оройн цагт шилжив. Заяаны ханьтайгаа учрах мөрөөдөл ч хөсөрдөв. Царай муутай хүүхнүүдээс өөр юм байсангүй. Сэтгэлээр унасан би орой нь найзуудыгаа дуудан бага сага балгав. Дэлхий гэдэг сөнөх гээд байгаа бололтой. Украйнд Оросууд орж. Америк, Канад гээд л эхнээсээ уурлаж байгаа сурагтай. Урд хөршийн Хятадууд өрсөж уралдаад л ороод ирэх шинжтэй болоод ирлээ. Эхнэр ч байхгүй, ажил ч байхгүй байхад дайн болох гээд байгаа шинжтэй. Алдах юмгүй надад харин ч амар юм уу? Эцэг, эх чихнээс хонх уяхгүй санаа амар унтаж болох ч юм билүү? Шартсан толгой дүйнгэ оргиж ядахад ээж, аав чихэн дээр үглэнэ. Бантан хийгээд өгөхгүй байж байгаагаа хараач хүний хүүхэд ажилтай төрөлтэй, хүүхэд шуухадтай болоод байна хэмээн үглэнэ.

Би хүсэхгүй байгаа юм биш. Төрд гарсан хүмүүс чинь Монгол улсыг сүйтгээд байна. Мөрөөрөө амьдрах намайг хорлоод байна. Би сурахгүй гээд байгаа юм биш англи хэл чинь хэцүү юм, хятад хэл чинь төвөгтэй юм. Зүгээр л би мөрөөрөө эдийн засаг сурдаг байж. Том байгуулгын үүдэнд хаалгач хийгээд амар тайван амьдрах байсан юм. Мэргэжлээ би буруу сонгожээ. Гадаадад хэрэгтэй ч Монголд хэрэггүй мэргэжил байж. Танилтай бол би төрд орох сон. Газар тариалан хөгжүүлж, төмс ногоо тарих сан. Артай бол би алаад өгөхгүй юу. Албан тушаалд морилж, ярвагар зан гаргахгүй юу. Аяа надад даанч боломж үл олдоно. Арын хаалгаар ч хамаагүй Солонгос явж ажил хийх юм сан. Цэнгэлдэхийн урд очиж баахан зогссон юм сан. Хар ажил ч надад тохирох эд биш л дээ. Хатуу диск цэвэрлээд мөнгө авдаг бол баяжаад өгөх байсан юм. Компьютер ч хүмүүс хэрэглэхээ больжээ.

Ухаалаг утас намайг нэг алах юмаа. Байхгүй намайг ажилд ч авахгүй юм. Байгаа нэг нь тоож ч харахгүй юм. Ухаалаг утастай л болчихвол амьдрал маань сайжирчих гээд байх юм. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр ухаантай миний гар утас ухаалаг утас болчихгүй л байх даа. Аяа, би буруу цаг үедээ төрсөн хөөрхий эр юм даа. Ардчиллаас өмнө төрсөн бол наймаа хийгээд баяжчихсан. Гахай зөөгөөд түнтийх сэн. Арван жилээсээ нэг охин олж аваад авгайтай хүртэл байх байсан юм сан. Соц нийгэм сайхан байжээ. Эцэг, эх хүртэл хуучин цагаа дурсан, завсрын цагт төрсөн намайг сэтгэлээр унагаана.

Сонгууль гэж хэрэг алга. Сонгох хүн ч алга. Сонин гэж авах юм алга. Сонирхолтой юм ч алга. Сайт нар ч хэрэг алга. Спамаас өөр юм алга. Сонгогчид л гэсэн хэрэг алга, олигтой хүн ч дотроосоо гаргачихгүй. Сонгосон хүн нь халтайчихаад, тархиндаа толботой мэт. Бидэн дундаас гарсан юм хөөрхий гэнэ. Буулгаж хаяад шинийг сонгох гэхээр байж л байг хөөрхий, өөр хүн олдохгүй ээ. Дуугай бай хөө, бидэн дундаас л гарсан юм дарвайсан өөрийгөө хар гэнэ. Би өөрийгөө тольдохоор сайхан залуу л гараад байгаа юм даа. Хэн ч харсан мэдлэгтэй, хүн ч сонссон ухаантай. Ажилгүй л болохоос. Гэхдээ аз жаргал ажил дээр тогтдоггүй юм шүү. Мөнгө л өгдөг болохоос. Мөнгөтэй сөн бол би өрх гэртэй болох сон. Баяр баясгалантай өтлөх сөн.
Хар намайг. Өөрийн эрхгүй нийгмийн сэтгэлгээнд орчихсон байгааг. Аз жаргалтай байгаа юм шүү би! Өөрийнхөөрөө эрх чөлөөтэй. Эцэг, эх минь ажилд орж, авгай ав хэмээн шаналгахаа болино байгаа. Орчин үе өөр болоод байна. Ахмад хүмүүсээ ном унш гэхээ болио. Нетэд чинь уншчихаар юм зөндөө байна. Цаг хугацаа өөр болоод байна. Албан газрууд минь туршлага шаардахаа болио. Ажилгүй би ажилд ормоор байна. Хүүхнүүд минь шаардлага тавихаа болио. Монгол удам чинь тасрах гээд байна. Хааяа нэг балгачихдаг боловч архичин биш юм шүү би. Монголд уухгүй бол даараад татахгүй бол хордоод байна шүү дээ. Ойлгож үз тамин минь. Нэг сайхан үг байна аа. Амьд даа бие, биеэ хайрла гэж. Дашбалбар гуай үхсэн хойноо харуусангуй ийнхүү өгүүлсэн гэдэг юм шүү.

___________________________________
Ханпер

Хүн уншаад надад уурлах буй за. Утаа багсуулж хот хордуулах биз. За та тайван бай тамхи татах цэг тэнд байна. Тэнд очиж уураа бараарай.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...