Skip to main content

Зоригтой болгох курс

Зурагтаар сүүлийн үед "Зоригтой болгох курс" та бүхнийг урьж байна гэсэн сурталчилгаа явах болов. Энэ сурталчилгаанд нь онцгой юм ч нээх байсангүй. Эхнийх нь нэг нүдний шилтэй доожоогүй залуу нэг дажгүй эмэгтэйг гудамжинд хараад эхлээд араас нь дагаж байснаа "Зоригтой болгох курс" гэсэн байшингаар ороод гарангуутаа шууд танилцаж байх юм. Харин нөгөө нэг төрлийн сурталчилгаа нь болохоор үүнээс арай өөр нэг охин кафед сууна. Өөдөөс нь нэг сайхан залуу харна. Охин эхэндээ ичээд өөр тийшээ анхаарал хандуулж байснаа "Зоригтой болгох курс" гэсэн аягатай кофеноос амсангуут зориг орсон бололтой дээшээ харан нөгөө залуу руу инээмсэглэх аж. Залуу ч төд удалгүй ирж танилцана. Ингээд л болоо. Сүртэй юм, сонирхолтой юм байсангүй. Хэдий тийм боловч энэ бүхэн толгойноос салахаа болчихлоо.

Би зоригтой юу? Би тэр залуу шиг байж чадах уу? хэмээн бодох төдийд хариултаас нь айх шиг. Ийнхүү бүтэн долоо хоног өөртэйгөө зууралдан тарчилдсаны эцэст юу ч гэсэн нэг очиж үзэхээр шийдэв. Маргааш нь "Зоригтой болгох курс"-т очиод нүдэндээ ч итгэсэнгүй. Ямар ч хүн байхгүй болов уу? гэж бодож байтал харин ч эсрэгээрээ хар мянган хүмүүс үүдэнд нь бужигналдана. Магадгүй бүгд надтай адилхан зүйл мэдэрсэн болоод ийшээ тэмүүлсэн биз ээ. Эхний өдөр хүн дүүрэн байсан болохоор залхуу хүрээд буцаад алхчхав. Харин гэртээ ирээд баахан дотроо шаналав. Шалтгаан нь гэвэл би залхуурсандаа гэртээ эргээд ирэв үү? эсвэл айсан болохоороо гэртээ эргээд ирэв үү? айдас гэж ер нь юу билээ? хэн нэгэн хүн "хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг" гэсэн байдаг билүү!? Ийм олон хар мянган бодол толгой эргүүлж эхэллээ. Айдсын тухай бодох мөчид л гарч ирэх түм буман асуултаас айж эхэлсэн тул ахиж бодохгүй байхаар шийдэн нойрны эм давхарлаж уугаад унтаад өгөв.

Маргааш өглөө сэрэнгүүтээ "Зоригтой болгох курс" зүг гүйлээ. Өөрөө айдастай тулгарахаасаа, ахиад олон хүний дараа ороод зугтчих вий гэсэндээ хар өглөөгүүр босон гүйлээ. Гадаа нь ирэх үед цаг өглөөний 6:20-г зааж байв. Хэдий тийм болов ч гадаа байх хүмүүсийн тоо тийм ч цөөхөн байсангүй. Бараг 20 шахам хүн зогсоно. Хий дэмий яарсандаа ичин цувааны төгсгөлд зогсов. Бүгд есөн цаг болохыг хүлээн дуугай зогсоцгооно. Нэг нэгээр хүмүүс нэмэгдэн цуваа уртассаар л. Хийх юмаа олж ядан уйдсандаа өмнөө зогсох хүнтэй яриа өдүүлэхээр шийдлээ. Уул нь арынхаа хүнтэй ярьсан бол амар байх байсан ч гэсэн миний ард нээх аймаар царай муутай эмэгтэй зогсож байсан тул яагаад ч юм бэ!? намайг буруугаар ойлгочих вий гэсэндээ юм асууж чадсангүй. Тэгээд урд зогсох хүнийхээ мөрийг нь тогшин "Уучлаарай" гэвэл гэрэлтсэн хоёр нүдтэй эгц тулгарав. Тэр нэвт шувт харах мэт хав хар нүдэнд ховсдуулан хэлээ хазчихав. Яагаад ийм хөөрхөн эмэгтэй хажууд минь зогсож байгааг анзаардаггүй билээ хэмээн хачирхан бодсон боловч хариуг нь олж чадсангүй. Бүүр эсрэгээр сандарч эхэллээ. Би ямар харагдаж байгаа бол. Өглөө үсээ самнаж, тос түрхлүү? хэмээн мянга түмэн бодолд дарагдаж орхив. Энэ олон асуултуудаасаа болоод нөгөө бүсгүйг, орох гэж дугаарлаж байсан учир шалтгаанаа ч мартчихсан байлаа. Арын хүн нудрахад л сая нэг сэхээ орон удаан хүлээсэн "Зоригтой болгох курс"-дээ оров.

Яг энэ үед цагдаагийнхан дайран орж ирэв. Бүх хүмүүсийг байрнаас гаргаад хаалгыг нь түгжчихэв. Тэгээд хүмүүсийг гэр гэртээ харьцгаа "Зоригтой болгох курс" өнөөдөр ажиллахгүй хэмээн зарлав. Хүмүүс эхлээд уурлацгааж байсан боловч бүгд ууртай цагдаа нараас айцгаан ам, амандаа үглэсээр гэртээ харьцгаав.

Зурагтаа асаан суваг эргүүлж байтал баахан цагдаа нар гүйлдэх дүрс үзэгдэв. Тогтон харвал "Зоригтой болгох курс"-ийг өнөөдөр цагдаа нар битүүмжлэн хаалаа. Цагдаа нарын мэдэгдсэнээр. Энэ курсийг төгссөн хорин нэгэн хүн бүгд нас барсан бөгөөд шалтгааныг нь одоогоор тодруулж байгаа юм байна. Харин бидний олж мэдсэнээр эдгээр хорин нэгэн хүн хүний хоёр нь байшин дээрээс үсэрсэн бөгөөд зурвастаа "би юунаас ч айхгүй байна, би нисэж үзмээр байна." хэмээн бичсэн байжээ. Хохирогч хоёр этгээд нь хоёулаа адил утгатай зүйл бичсэн байж.

Үүнийг сонсоод би ухаан алдах шахлаа. Ямар азаар би зоригтой болчхоогүй юм. Магадгүй тэгсэн бол машинаас айхгүй хэмээн зам хөндлөн гарахдаа баацганан алхсаар дайруулж үхэх байж л дээ. Ингээд унтахаар хэвтэв. Гэхдээ би жоохон л зоригтой байсан бол тэр гайхалтай нүдний эзэнтэй танилцаж болох л байсан хэмээн харамсан бодсоор зүүд нойрны орон руу зүглэлээ.


_________________________________________________

Hanper
2011 оны 01-р сарын 04

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...