Skip to main content

Хар дарсан байх болтугай

Унтахаар хэвтэж байтал гадаа хоёр хүн хэрэлдэх нь сонсогдов. Хэрэгт дурлан өнгийвөл түнэр харанхуйд үзэгдэх бараа байсангүй. Санаа зовсондоо орондоо эргэж оров. Тэгтэл "Ээжээ та битгий яваа ч" гэж жоохон хүүхдийн дуу цуурайтдаг юм байна. Унтах хүсэл үгүй болоод хоолой дээр хүн дараад суучих шиг. Ээж нь, аав нь, хүүхэд гурвуулаа нүүдлийн шууд шиг одчихоод ахиж юу ч дуугарсангүй.

Амар амгалан минь алдагдчихлаа. Муухай юм үзэхгүй, дуулахгүй гээд зурагт үздэггүй, мэдээ хардаггүй намайг бодит амьдрал алгадаж буй нь энэ. Тэглээ гээд гомдоллох хэцүү. Үнэхээр өнөөх жаал өнчирч буй бол миний нэг өдрийн нойр юухан байх билээ. Магадгүй ээж нь явахгүй бол сарын нойроо өгсөн ч яах вэ. Тэгтэл сарын дараа яах юм бол. Миний нойроор торгоогдож байсан айл гэрийн холбоо тасраад явчих байх даа. Эрэгтэйн буруу, эмэгтэйн буруу аль ч байж болно. Аль, аль нь буруугүй атлаа нөхцөл байдал тэгээд таарсан ч байж болох. Харин жаал хүүгийн буруу байгаа болов уу? Магадлалаас бол ихээхэн бага байх даа.

Магадгүй би буруу сонсоод хэтэрхий муухайгаар сэтгэж байж болох юм. Аав, ээж нь гадаад явж ажиллах гээд хүүхдээ өвөө, эмээ дээр нь орхиж байгаа ч юм билүү. Тэгэвч энэ бодолдоо би өөрөө итгэхгүй. Зүгээр хэвтэж байгаад зүүрмэглэсэн ч байж мэдэх. Одоо бодоод байх нь ээ тэгснээс гарцаагүй. Эс бөгөөс жаал хүү эхэр татан уйлах байсан биш гэж үү? Аль эсвэл эр хүн уйлдаггүй юм гээд нулимсаа татаж чангаагаад эхийнхээ хормойноос зууран зогсож байж ч болох. Тэгэвч тэр эмэгтэй замхраад одох нь гарцаагүй биз ээ. Ганц эцэг архинд ороод ганган хүүхэн хөөгөөд өнчин хүүгээ умартчихгүй бол бас ч гэж учиртай буй за. Магад залуу том болоод аз жаргалтай гэр бүлээ бүтээх буй.

Зүүдэлсэн, зөгнөсөн аль нь болохоо мэдэхгүй би хэсэг зуур тааз ширтэн хэвтэв. Унтах янз үгүй байсанд орноос өндийн компьютерын ард ийнхүү сууна. Нойр нь эс хүрэх та уншаад надын адил гуниглах биз ээ. Тийм бол өршөөнө биз намайг. Өөрийг минь хараалгүй өнөөх жаал хар дарж байгаасай хэмээн хүсээрэй.

Амралтын өдрүүд нэг л мэдэхэд нарлаад дуусчихлаа. Зун дуусах гээд байна гэсэн шиг нар нөөсөн илчээрээ биднийг ээнэ. Хагас жилийн тайлангаа гаргахын тулд илүүдэл дулаанаа цацна. Бид энд нь хатаж үхэх гээд гандаж явах юм. Дэлхий дулаараад байгаа гэдгийг нар та мэддэг болов уу? Тэртээ доор байсан жаал шиг л хүн төрөлхтөн харагддаг байх даа. Хэрүүл дунд, зодоон дотор ийм л байдаг юм байх даа гэж бодож өссөөр явах цагт нь гар сарвайн ихэр татаад л. Арай эрт эр хүн болох хэрэгтэй болж дээ дүү минь. Тэнгэрт үл харагдах одод би хар дарсан байгаасай гэж хүслээ шивнээд зүүд нойрондоо дарагдийдаа.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....