Skip to main content

Posts

Showing posts from June, 2023

Сохор мэргэн

Юм бичихийг хичээн хэрэгтэй, хэрэггүй цонхнуудаа хаачхаад салхи орог гэж цонхоо нээлээ. Өчигдөр өнөөдөр хоёр жоохон сэрүүхэн байх шиг. Би цаг уурч шиг л цаг агаарын талаар бичих юм гэж бодсон боловч ирээдүйг биш өнгөрснийг бичээд байгаа болохоор тэрэндээ итгэлтэй биш болов. Олон жилийн дараа өөрөө эргэж уншаад ямар өдөр яаж мэдэрч байсан гэдгээ санах юм болов уу гэж бодно. 2023 оны 6н сарын 28 шүү. Гурав дахь өдөр. Өөр тодотгочихоор юм алга. Дурдатгалдаа чимэг зүүчихээр ч зүйл тохиолдоогүй юм шиг санагдана. 6н сарын 21-нээс ялгаатай зүйл нь юу байсан бэ? гээд асуувал мэдэхгүй л гэх байх даа. Ирэх лхагва гараг харин өмнөхөөс өөр байх нь. Одоо дассан нөхцөл байдлаа өөрчилж байгаа юм. Магадгүй тэр үедээ илүү тодруулан бичих л байх. Хэрвээ олон ангит кино байсан бол хадны ирмэг дээр зогсож байгаа юм даа. Ууртай хүн бол уурлах л байх. Олон жилийн өмнөх 6н саруудаа бодлоо. Бусдаас ялгарах зун нь хаана эхлэв. Хэдэн он байсан бэ гэдгээ санадаггүй. Хөгширч байгаа юм болов уу. Хөөрхий хүмүүс бид...

Цуурай

Мянган шатны ёроолд нэг залуу зогсоно. Ганцаараа, эргэн тойронд нь хэн ч байхгүй. Өглөө сэрэхэд дэргэд нь ч хүн байсангүй. Үс нь өрвийсөн ч усаар дарсан болоод хам хум хувцас цуглуулж өмссөн төрхтэй. Тэрээр шатны гишгүүрүүдийн өмнө зогсоод юуны ч юм бэ талаар бодон гөлийн зогсож байснаа нүдээ аниад анхны алхмыг хийв. Ингээд гишгүүр бүрийг алгасахгүй гэсэн шиг нэг нэгээр нь толгой дараалан хөлөө чаргууцалдуулан баран, баран алхана. Нэг, хоёр, гурав ... тавин нэг... гэж амандаа үглэх залуугийн нүүр мандах нарны гэрэлд тодроод хоёр нүд нь араатан мэт улайн, бүх цус нь нүдэнд нь хуралдчихаад юу, юугүй сад тавих гэж байгаа юм шиг харагдах боловч энэ бүхнийг харах нэг ч хүн байсангүй. Бүгд өөр өөрийн асуудалд толгойн гудайлган хотын гудмаар алхацгаана, зарим нь гүйцгээнэ. Өнөөх өрвийсөн толгойн дотор нь байх бүхэн өөдөөс нь салхилах салхитай хамт хийсэн одчихоосой хэмээн хамаг хүчээрээ хурдална. Залхуу алхсаар л зуун далан найм, зуун далайн ес ... одоо гэхдээ түрүүн газар гулдайчхаад босохгү...

Халдвартынхан

Намайг бага байхад одоогийн захынхныг халдвартынхан гэдэг байлаа. Би ч тэр үед ямар юм ойлгохоор ухаан орсон биш халдвартынхан гэхээр их л олон зүйл халдаадаг хүмүүс байдаг юм байна хэмээн боддог байв. Тэгж бодох ч шалтгаан байсан юм. Учир нь гэвэл намайг гурав дугаар ангид орох жил боловсролын систем солигдож цогцолборууд болов. Миний сурч байсан сургууль гучин гурав билүү!? хэд билээ дээ дугаартай сургуультай нэгдэх боллоо. Сонирхуулахад би жаран есөд сурдаг байв. Гэвч бид нарт хэзээ ч жаран ес унахыг зааж байгаагүйгээс гадна сургууль дотор хурдан гүйхийг ч хориглодог байсан юм шүү. Тэр үед гучин гурав, жаран ес хоёр мөнхийн дайсан гэх. Сонсох нь ээ манай аавын үес л эхэлсэн юм даг уу даа!? Би бодохдоо хэн нь ухаантай вэ!? гээд л зодолдоод байдаг юм байх гэсэн чинь учиртай гурван толгойгоос үүдэлтэй байсан юм байна лээ. Тэгээд яах вэ дээ. Мөнхийн хоёр дайсан нэгдэх болонгуут аав минь дөнгөж арав хүрч байгаа бацаанаа дайны талбараас холдуулах гээд намайг өөр сургуульд шилжүүлэх болов...

Бороо оров

Өнөөдөр тэнгэр нурах шиг боллоо. Монгол гэхээрээ л эвдэрч хэмхрээд байдаг юм биш байгаа. Цөмөрсөн дээврээс бороо цутгах нь тодорхой. Газар дэлхий нороод өвс ургамал нүүрээ угаав. Хотын төвөөр халуун ус тасарсан тул өнөөдрийн бороо надад лав дулаахан санагдаж байх юм. Хэдэн долоо хоног хүйтэн шүршүүрт орчихоор арга ч үгүй биз. Хавар хүмүүс харзны усанд ордог билүү? Чийрэг болдог гэсэн үгэнд нь итгэж амьдралдаа нэг л удаа орж үзэж байсан. Аймаар хүйтэн оргиод л халуу дүүгдэг юм байна лээ. Мэддэг хүнээ дагаж явахгүй бол бас аюултай байх шүү. Ханиад бараг хүрээгүй юм шиг. Харин ковиддоо бол цохиулсаан. Би бага байхдаа их бээрэг хүүхэд байсан юм. Сүүлд Тайванд сургуульд явтал дотуур байрны шүршүүр нь ил задгай. Битүү байхаар хөгц үүсдэг юм шиг байгаа юм. Тэгээд гадаа бороо орж байсан ч, шуурга шуурч байсан ч шүршүүртээ орохоос өөр аргагүй. Дулаан орон ч гэсэн өвөл бол даардаг л юм байна лээ. Гурван жил гадаа усанд орсны үр дүнд жоохон чийрэг болсон юм шиг. Аль эсвэл нас ахиад тэр ч байж мэд...

Магадлал, статистик, эдийн засаг

Гудамжинд бөмбөг шидэх хоёр жаал маргалдана. Миний бөмбөг оруулах магадлал 50%. Би бөмбөг шидэх бүрд бөмбөг орно, орохгүй гэсэн хоёр л боломж буй. Нөгөө жаал нь нусаа арчин хамраа үрчийлгээд хэлэх үгээ бэлдэнэ. Чи муу нусаак ямар тоглож чадах биш арав шидэж азаар нэг хийвэл их юм. Тэгж бодох юм бол чиний бөмбөг хийх магадлал ердөө 10%. 50% -тай жаал мөчөөгөө өгөхийг хүссэнгүй. Тэгвэл хоёулаа мөрийцье. Би хоёр шидээд аль нэгийг нь оруулбал чи надад юу өгөх юм? Хоёр дараалж шидвэл хэн ч хийнэ шүү дээ! Хоёр хүн тутмын нэг нь эмэгтэй тэгтэл надад найз охин олдохгүй байна хэмээн хоёр найз хундага тулган сууна. Хотын нөгөө захад хоёр хүүхэн хов ярих уу, залуу ярих уу? гэдгээ мэдэхгүй хоёуланг нь ярина. Хоёр хөөрхний яриаг чагнах нь ээ. Хотын хүн ам нэг сая гарсан нь асуудал биш боловч улсын гуравны нэгээс их тул яах аргагүй зовлон болоод байгаа аж. Зарим нэг хүмүүс ганц нийслэлдээ гурван саяулаа шахцалдаад үлдсэн газраа малтаж зараад гэдсээ илэн жаргах боломж байгаа аж. Алтан өргөө барьж, ал...

Төөрөгсөд

Баахан төөрсөн, төөрөлдсөн хүмүүс. Арга ч үгүй юм даа, насаараа хайсан эрсэн хүмүүс юм чинь. Ерөөсөө л цаг хугацааны эхнээс өөрийгөө, сүнсээ, хүслээ, мөрөөдлөө, ирээдүйгээ, хайртай хүнээ хайсаар л ирсэн хүмүүс юм чинь. Тэгтэл энэ их орон зай, цаг хугацааны хооронд бүтээх талаар ярьсан хүн нэн цөөхөн. Сонссон хүн нь бүүр ховор. Дуулсан ч гэсэн бүтээхээс хайх нь амар тул өөр яалтай билээ!? Төөрөөд л гиюүрээд л хэвтэцгээнэ. Одоо үеийн нийтэд дэлгэрсэн хамгийн том үзэл суртал бол өөрийгөө олох. Чи бол чи. Чиний оршин байхуй гэдэг бол чи өөрөө. Чиний дотоод хүн, мөн чанар гээд байгаа бүхий л зүйл бол хайх ёстой зүйл бус. Энэ бол бүтээх ёстой эд. Бүтээх ёстой гэдгийг нь ухаарахгүй, аль эсвэл залхуурсандаа ухаарах хүсэлгүй байгаа болохоороо бүгд хайцгаана. Хайж явахдаа зарим нь өөрийнхөө хэр муухай хүн болсноо хараад гутарна. Гутарсандаа амьдралыг хараан зүхнэ. Эцэст нь хүн төрөлхтнийг өөртэйгөө адилтган үзэж, бүхнээс айна. Хөөе! тэр чинь тийм байх ёстой зүйл бус юм. Хүн чинь өөрчлөгддөг, хув...

Нийгмийн ёс суртахууны үндэс

"Нийгмийн ёс суртахууны үндэс нь өглөө эртлэн босож донгодоход оршино" хэмээн азарган тахиа индэр дээрээс донгодов. Тахиа, галуунууд түүнийг нь дэмжин далавчаа дэвцгээнэ. Шуугиан хэсэг намжихыг харзнаад тусыг эс олсон тул нохой архирахаас өөр аргагүйд хүрлээ. Дараа нь хоолойгоо засаад морийг олны өмнө урив. Азарга сүрэг дундаас толгойгоо хаялан, сүүлээ шарвасаар гарч ирээд олон долоон зүйл нуршив. Энд илжигнээс өөр анхаарал хандуулсан амьтан байсангүй. Бүгд өвөр хоорондоо жиг, жуг хийлцэнэ. Яриа дууссаны дараа бүгд ёс мэт газар цавчлав. Хожим илжиг хээрийн шувуунд азарга хурал дээр хүн болгоныг ёс суртахууны доройтолд орсон гээд байгаа юм даа! хэмээн гомдоллож байсан нь салхинд хийссэн гэдэг. Муур морины дараа ёслов. Та нар бүгдээр намайг хүнд хамгийн ойр амьтан гэдгийг мэдэж байгаа. Хүн бол хорвоо дээрх хамгийн ухаант амьтан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрдөг. Тийм учир бид ухаант хүний ёс суртахууны мөн чанарыг дагах ёстой. Эдгээр гол үндсэн зарчим болбоос: 1. Хэрээсэнд өл...

Нэгэн гахайн тоорой

Нэгэн цагт нэг гахайн тоорой байжээ. Анх төрөхөд нь л аманд нь сүү угжсан тул төрснөөсөө хойш идэж уухыг л сурсан байж. Нэг өдөр гадаа гарсан чинь харахын аргагүй халуун шар юм нүүр рүү нь төөнөөн байсанд эргээд л жүчээндээ орж. Тэгээд ээж дээрээ гүйж очоод ээжээ, ээжээ энэ муухай шар төөнөсөн юм юу вэ гэсэн чинь ээж нь аан наадах чинь толгой дээр ирэхээр хоол өгдөг бурхан гэж. Тэгээд л тоорой жүчээ дотроосоо толгойгоо хаая нэг цухуйлган хоолоо хүлээдэг байлаа. Тэгж байтал ч ашгүй нэг юм өнөөх шар халуун чинь толгой дээр нь иртэл ээж нь бондгос, бондгос гүйж ирээд сүүлнээс нь зуун тооройг авч яваад нэгэн том хайрцгийн өмнө тавиад за идээд байгаарай гэвэл тоорой ч гайхан тэр том хайрцаг руу харвал баахан хоол байж. Тоорой бас л ээжээ, ээжээ энэ юу билээ гэвэл ээж нь аан наадах чинь тэвш гэдийн бурхны хоолны газар гэжээ. Тоорой үхтлээ идэж аваад л буцахдаа гэдэс нь газар шүргээд хэцүүдэн байтал ашгүй ээж нь мөн л сүүлнээс нь зуун авч яваад хэрээ мэдэж идэж бай. Их идвэл бурхан аваад явчи...

Өчигдөр

Өвөлжин зун болоосой гэж хүсэв. Наранд ээгээд шорт, футболктой явах юм сан гэж мөрөөдөөд л. Ашгүй тэгтэл хүсэл минь биелж зун боллоо. Халуун гэж жигтэйхэн. Арай л халуун байна аа. Бороо орж жоохон сэрүүсээсэй гэж хүстэл бороо орох юм. Ингэнэ гэж мэдээд шүхэртэй явж байсан би бусдад гайхуулж байгаа шиг шүхрээ дэлгэтэл эвдэрчхэж. Одоо болно байгаа норж дуусах нь гэж бодсон боловч бороо орсоор л. Эвдэрхий шүхрээ барьсаар гэртээ оров . Ингээд л амьдрал хүслээр минь болж сүүлийн хэд хоног сэрүүхэн хонов. Сайн бодох юм бол миний хүслүүд нэг нэгээрээ биелээд байх шиг. Баян болох юм сан гэсэн хүсэл маань бага багаар хоёр долоо хоног тутам биелж л байх юм. Хэт их өгвөл пологтоно гэдэг юм байхдаа. Өөр за юу хүсдэг юм билээ. Өнөөдөр арай сэрүүхэн байгаад байгаа болохоор арай дулаахан болоосой гэж хүсэж өгөх үү!? Хүмүүс амралтын өдрүүдээрээ ийшээ тийшээ явахад нь арай нэмэртэй. Сурагчид амраад хотын түгшээ гайгүй болдог шиг санаад байсан худлаа юм шиг. Улам л их болоод байх аж. Одоо бүүр сүүлдээ я...

Үлгэр

Ердөөсөө л анхнаасаа ийм юм болно хэмээн хэн ч төсөөлж байгаагүй биз ээ. Хэний ч санаанд орох билээ дээ. Намайг бага ангид байхад манай байранд нэг сохор охин байдаг байлаа. Түүнийг орой 5н цагийн үед ээж нь эсвэл эмээ нь бололтой эмэгтэй гаргаж ирнэ. Охин сохор болохоороо тэр үү!? аль эсвэл угаасаа л явах дургүй болоод тэр үү!? ээж, эмээ аль нь болох нь мэдэгдэхгүй тэр хүний хажуугаас холдохгүй. Холддоггүй гэж нэг л суулгасан газар нь суусан хэвээр байдаг байв. Харин нөгөө гаргаж буй эмэгтэй нь хаашаа ч юм алга болчихно. Харин охин ганцаараа ярьсаар хоцорно. Хэн нэгэн түүний юу ярьж буйг анхаардаг байсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ би нэг удаа сонирхохоор шийдсэн юм. Сонирхохоор гэж дээ бага балчир бид нар түүнийг шоолоох ямар нэгэн юм хайж байсан нь лавтай. Тэгээд шодсоны эцэст би дэргэд нь сууж яриг нь чагнаад бусдад ярьж өгөх үүрэг авсан юм. Уул нь бид нар бүгдээрээ түүнийг тойрч зогсоод сонсож болох байсан ч гэсэн байрны хөгшчүүл харчхаад загнаж зүхээд ээж, аавд ховлочихдог тул өө...

Ийм нэгэн зүүд

Үүнийг анхнаас нь л би зүүд гэдгийг нь мэдэж байсан. Хэдийгээр мэдэж байсан ч дурлачихсан. Дурлачихсан болохоор бичихээс өөр аргагүй болсон. Одоо та үүнийг уншиж байгаа болохоор нэг юм гуйхад битгий дурлаарай. Би өрсөлдөхөөс үхтлээ айтлаа дурлачихсан болохоор... Хөгжмийн сүүлчийн ая тасрахад сэмээрхэн босож орондоо орлоо. Харанхуйд тааз ширтэн өдрийн явдлыг дурсахыг хичээнэ. Ахиад тэрэнтэй уулзах болов уу? гэсэн асуулт хамгийн түрүүнд толгойд орж ирэв. Харин хамгийн сүүлд уулзаж л таараа хэмээн өөртөө хэлснээ л санаж байна. Цэцэг гэдэг ургамлыг судалж байгаагүй болохоор сарнай гэдгийг нэрлэхээс өөр юм мэдэхгүй болохоор ямар цэцэгс нүдний өмнө алаглан байсныг хэлж чадахгүй. Харин тэнд шар, ногоон, ягаан цэцэгс хамгаас илүүтэйгээр өнгө нэмэн үзэгдсэн. Тэгтэл цэцгийн өнгөнд шунасан түм буман эрвээхэйнүүд нүүрний өмнүүр эргэлдэж эхлэх үед зөөлхөн салхи нүүрийг илж өнгөрөөд тэр нүдний өмнө гараад ирлээ. Ямар нэг дугуй ширээний ард суусан үзэгдэнэ. Яг л бага байхад нэг удаа хүүхдийн паркт су...

Сахиусан тэнгэр

"Мөрөөдөлдөө хүрэх нь амьдралын утга учир хэмээн үзэгчдэд сануулахад Хитлер мөрөөдөлдөө хүрсэн юм шүү! " ийнхүү хорин тав дахь илтгэлээ дуусгах үед танхим тэр чигээрээ хашхиралдан над руу хараалын үгс, харандаа, үзэг, бал, цаас гээд юу л бол юу нисэлдэн ирлээ. Эхэндээ эдгээр л байсан бол сүүл, сүүлдээ ирж буй хүмүүс бүгд төгсгөлийн үгэнд хамаг уураа гаргах гэж элдэв төрлийн зүйлс авчрах болсон нь илт мэдэгдэнэ. Танхимаас арай хийн гарч арын өрөөнд орох үед хувцас маань өндөг, улаан лооль, өнгө өнгийн будаг болсон нь миний бодлыг батална. Гэхдээ энэ хамгийн сүүлчийн илтгэл. Би бууж өгсөндөө аль эсвэл цаашид тэсвэрлэхийн аргагүй болсондоо биш зүгээр л намайг илтгэл уншуулчих газар олдохгүй болсонд л байгаа юм. Эхний илтгэл хамгийн их цуурхал үүсгэв. Сонин болгон дээр миний илтгэлийн талаар бичиж байлаа. Хоёр дахь, гурав дахь цааш, цаашаа үргэлжлэн хүн болгон надтай уулзахыг хүсэн, газар болгон надаар илтгэл тавиулахыг хүснэ. Одоо харин бүх зүйл оронгоороо эргэчхэж. Хүмүүс надаа...

Боломж

Зүүдний хүн шиг танил хоолой “ Зоригтой бай!” гээд тасрав. Залгасан дугаар харах гээд өөрийгөө алгадсандаа хараал тавин бослоо. Ухаалаг утастай болсон биш тэнэг болж гүйцлээ гэсэн бодол төрөхөд өөрийгөө шоолсоор шүршүүрт шургав. Үсээ хөөсрүүлэв үү, үгүй юу халуун ус тасарч баг алахад, хүйтэн усаар хирээ хутгахаас өөр арга байсангүй. Хоосон ходоодоо аргадах гэж хөргөгч зүглэн, юу идэх ээ бодон очивч, хоосон хөргөгчөөс горьдох зүйлгүй аж. Хотын түгжээнд бөглөрч ядан явахдаа өнөөдөр л ажлаасаа гарах юм шүү, ахиж ингэж амьдарч чадахгүй хэмээн өөрийгөө хөөргөж байтал түс няс хийн, хүүе хаая гэхийн зуургүй нүд харанхуйлан, хөл хүйт оргиод харахын төдийд ухаан балартав. Манарсан толгойтой амьтан нүдээ нээн, нүүрээ үрчийлгэвэл царайлаг сувилагчийн инээмсэглэл доор хэвтэж байх юм. Ухаан орон сээтгэнэхээс минь зугтах сувилагч бараа сураггүй болоход эмгэн сувилагч, өвгөн эмчтэй ирж намайг тойрцгоов. Арай хийн онгойх нүд уруу гэрэл тусган зовлон болно. Нөхөр Болжмор нэрээ санаж байна уу? Намайг д...

Мөргөл

Ялаа залбирч суух юм. Урд насныхаа нүглийг наманчилж буй бололтой. Алгаа үрээд ч байх шиг. Гуйлга гуйж байгаа юм болов уу? Намайг битгий алаач ээ гээд байх мэдэх юм. Би ямар шавжийн хэл мэдэх биш. Ялааны алуураа хайлаа. Хэрэг болохоор гарч ирдэггүй залхуу эд байгаа юм даа. Арай гэж нэг олтол цонхон дээр суух ялаа алга болжээ. Буянт бурхан гээд нисээд одсон биз. Үр хүүхдүүддээ үнэнчээр залбирвал бурхан үгийг чинь сонсдог юм шүү гээд захиж сургасан нь лавтай. Бороо орох гээд байгаа эсэх нь мэдэгдэхгүй шивэрнэ. Бурхан нь яахаа мэдэхгүй үүл үрээд сууж байгаа юм байх даа. Харангуй шөнө тайван байлгачихгүй сэтгэл санаа гэгэлзүүлэх нь юуны учир вэ? Би алга хавсарч өмнө нь залбирвал хүний алуураа хайсаар яваад өгөх юм биш байгаа. Аль эсвэл өөр нэгнийг дөнгөж алчхаад гартаа атгаж байдаг юм болов уу? Ялаа шиг намайг бурхан яаж даанч ойлгох билээ. Зуны хэдэн сар ялаа, шумуул дүнгэнэнэ. Намайг тойроод гачлантай шунгинана. Магад надаас чихэртэй ус гуйж буй биз. Би тэгэвч өндийхөөс залхууран гараа с...

Бунхан

Бороо гурван өдөр тасралтгүй шаагив. Үргэлжид шүршүүрт зогсох мэт гүн ухаанд автахад түмэн асуулт сэтгэлд ундарна. Би яах гэж төрөө вэ? Би юу хийнэ вэ? Хэрхэн баяжих вэ?. Дөтгөөр өдрөөс өрөө хүртэл чийг даагаад ирлээ. Ойн төгөлд ганцаар гансрах мэт. Нөмрөх бүтээлэг нойт оргин жиндэх юм. Сүүл сүүлдээ бороон дусал аалз мэт цонхоор гүйнэ. Нуруугаар хүйт даан үглээ сэтгэлийн үгэнд чих тавив. Чи ганцаараа. Чи хаягдсан. Чи хэнд ч хэрэггүй. Бадрал хөнжилдөө орооцолдоно. Өрөөсөн талаараа хэт удаан хэвтсэнээс яс нь хангинан хонхойгоод орчих мэт санагдах ч эргэхээс залхуурсаар. Хамаг үе мөч нь салж унаад амар заяа үзүүлэх болов уу!? хэмээн горьдоно. Зурагтаар гарах юмс нэг нэгнээ давтах тул харанхуй хөшиг ширтээтэй. Бүдэг улаан гэрэл мэргэн буучийн овоо хараа мэт үзэгдэх нь таатай хар дарсан зүүд лугаа. Урд шөнийн эсвэл өдрийн зүүдээ бодлоо. Гүн харанхуй далайд халим болчхоод далайн гахай хөөнө. Хонх жингэнэв. Хаалга дуугарсан аль эсвэл зүүдний далайн гахай дуугарсан аль нь болоход эргэлзэх мөчи...

Усан нүдэн

Усан нүдэн гүнж гэж үлгэр дээрээс л уншиж байсан болохоос өөрийгөө усан нүдэн байх юм гэж төсөөлж байсангүй. Уул нь уйлаад байдаггүй ч уйлах гэж байгаа юм шиг харцтай юм шиг байгаа юм. Уйлдаггүй болохоор нулимс минь унжаад тэгдэг байж ч мэднэ. Усан нүдтэй ч цусан зүрхтэй юм байх хэмээн сэтгэж байсан ч тийм биш бололтой. Бодоод байхаар зөөлөн сэтгэлтэй юм шиг үлгэр үзэж, уншиж нулимс дусгаатай. Эр хүн чинь уйлдаггүй юм гээд л өргөж босгох дүр зураг харагдана. Адилхан хүн мөртөө эм нь уйлж болдог эр нь болдоггүй хорвоо гэж байгаа. Хүүхэн шиг шалчгар гээд шоолуулах нь тодорхой байсан. Одоо бол арай өөр болсон гэж найдах юм. Нулимс өөр өөр шалтгаанаас болоод унаж болно, урсаж болно. Хэн байх нь хамаагүй. Хатуужилтай бай гээд хахир ярдаг хөвгүүд өсгөөд байсан байж болох юм. Бүсгүйчүүд нь яахав уяан сайхан сэтгэлтэй. Хүн л болсон хойно муухай хүүхнүүд бас байна аа. Залуучууд байхгүй гэсэн үг биш. Бүгд л байгаа. Сайн хүн заримдаа муухай. Муу хүн хааяа сайхан. Гоё нүдтэй, охин хүүхдэд баймаа...

Гурван анд

Өнчин хүү хээр талаар хэсүүчилсээр их мөрний өмнө ирлээ. Өлсөж, ядарсан нүдээр эргэн тойрно харав. Бараан дайтай газар баахан хүн уйлалдах атлаа хурим найр мэт их хөг эгшиглүүлнэ. Хүний гар тосож, хоёр гурван боорцог түүх жаал өлөн гөлгөө дагуулсаар олон хөлийг зүглэв. Их сүйхний өмнө үзэсгэлэнт охин үзэгдэнэ. Царай төрх нь эхийн санагдуулж, үзэмж төрх нь сэтгэлийг булаав. Олс хүлээс хөл гарын ороогоод үзэмж зохисгүй харагдана. Хүү хэрэгт дурлан асууруун. Их хурим найр атлаа уйлж майлах учир юун? Цовоо нүдтэй, жижиг бор охин хурганы ташуураа эргэлдүүлэн "Хур бороо оролгүй ган гачиг болох нь, лус савдаг хилэгнэн худаг усаа хаах нь. Жил бүр өргөх цусан амиа өргөж байна." хэмээв ээ. Өнчин хүүгийн сэтгэл үл түвдэн, өлөн гэдэс нь хоржигнов. Ингэж амьдрахаар үхье хэмээн шийдээд өрвөгөр гөлгөө цовоо охин үлдээн, уйлж дуулах буурал дээр очин, тохойноос нь өргөн, хормойг нь засан өгүүлрүүн: Өнчин би бээр хээр талаар хэснэ, хоног өдрийг элээнэ. Араас уйлах эхгүй, угтаад авах эцэггүй ту...

Нээлттэй нууц

Би өөрийгөө бол шүлэг бичиж чаддаг гэж боддоггүй юм. Тэр нь тэгэхдээ шүлгээс өөр юм болохоор биччихдэг гэсэн үг биш шүү. Аль алийг нь мэдэхгүй ч гэсэн шүлэг бол хэцүү. Би өөрөө хүртэл шүлэг сонирхож бараг уншдаггүй. Тэгэхдээ л хааяа нэг шүлэг бичих нь хэрэгтэй юм шиг. Sara Teasdale гээд миний бараг ганц уншдаг яруу найрагч. Тэгээд тэрний хамгийн дуртай шүлэг минь. The Look By Sara Teasdale Strephon kissed me in the spring, Robin in the fall, But Colin only looked at me And never kissed at all. Strephon's kiss was lost in jest, Robin's lost in play, But the kiss in Colin's eyes Haunts me night and day. Энэ шиг л ганц шүлэг үлдээчих юм бол болоод явчих юм шиг санагдаад тэгдэг юм болов уу? Тэгээд гэхдээ шүлгээ хүнд уншуулахаас ер нь ичээд байдаг. Аймаар олон муу юмнууд байгаа. Хааяа нэг зүгээр сэмээрхэн сэмээрхэн арай гайгүй гэж бодсоныгоо энд тэнд шургуулж магтуулах гэж оролддог байх. Үдээс хойш Нар, Сар нэртэнгүүд мартахад хэцүү Өдөр шөнөгүй нүдэнд харагдаад Цэцэг, Навч боло...