Skip to main content

Сахиусан тэнгэр

"Мөрөөдөлдөө хүрэх нь амьдралын утга учир хэмээн үзэгчдэд сануулахад Хитлер мөрөөдөлдөө хүрсэн юм шүү! " ийнхүү хорин тав дахь илтгэлээ дуусгах үед танхим тэр чигээрээ хашхиралдан над руу хараалын үгс, харандаа, үзэг, бал, цаас гээд юу л бол юу нисэлдэн ирлээ. Эхэндээ эдгээр л байсан бол сүүл, сүүлдээ ирж буй хүмүүс бүгд төгсгөлийн үгэнд хамаг уураа гаргах гэж элдэв төрлийн зүйлс авчрах болсон нь илт мэдэгдэнэ. Танхимаас арай хийн гарч арын өрөөнд орох үед хувцас маань өндөг, улаан лооль, өнгө өнгийн будаг болсон нь миний бодлыг батална. Гэхдээ энэ хамгийн сүүлчийн илтгэл. Би бууж өгсөндөө аль эсвэл цаашид тэсвэрлэхийн аргагүй болсондоо биш зүгээр л намайг илтгэл уншуулчих газар олдохгүй болсонд л байгаа юм.

Эхний илтгэл хамгийн их цуурхал үүсгэв. Сонин болгон дээр миний илтгэлийн талаар бичиж байлаа. Хоёр дахь, гурав дахь цааш, цаашаа үргэлжлэн хүн болгон надтай уулзахыг хүсэн, газар болгон надаар илтгэл тавиулахыг хүснэ. Одоо харин бүх зүйл оронгоороо эргэчхэж. Хүмүүс надаас зугтаж, газрууд намайг хөөнө. Энэ бүхэн яг л Хитлерд тохиолдсон явдал шиг. Бүгд уухайлан хүлээн зөвшөөрсөн, дараа нь жигшин зэвүүцэх болсон. Хамгийн ялгаатай нь гэвэл би эхнээсээ л зөвшөөрөгдөөгүй жигшигдсэн байж болох юм. Харин энэ бол сул тал биш үсрэлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Хитлерийн нэр алдрын байгаа нөхцөлд хүрэхийн тулд би нэг алхмаар үсрэлт хийчихсэн байгаа юм. Хаалга тогших дуу хамаг анхаарлыг минь авч одов. Хэн ч миний хаалгыг тогшдоггүй юм сан. Тэд цөмөөрөө балбадаг.

Гайхсан би эргэлзсэн байртай хувцас солих өрөөнийхөө хаалгыг тайлбал үл таних бүсгүй зогсож байлаа. Дугарга хүрээтэй шил, албаны маягтай хувцас тэгээд энгэрээ задгай тавьсан урт цув.

-- Уучлаарай, та илтгэгч мөн үү?
-- Тийм байна.
-- Таны сүүлчийн үг миний сонирхлыг их татлаа л даа.
-- Та анх удаа сонсож байгаа юм уу?
-- Үгүй ээ. Би таны хамгийн эхний илтгэл дээр байсан. Хоёр дахь дээр чинь ч байсан. Ер нь бүгд дээр нь байсан.
-- Тийм гэж үү!?
-- Аан хаа. Би яагаад ч юм төгсгөлийн өгүүлбэрийг чинь л ойлгомоор байгаа юм. Яаж ч бодсон, яаж ч хичээсэн би ерөөсөө ойлгохгүй байна.
-- Аан тийм байж. Тэгэхээр тэр чинь ...
-- Би орж болох уу?
-- Тэгэлгүй яахав, намайг уучлаарай.
-- ...
-- Та тэгээд юуг нь ойлгохгүй байгаа юм бэ дээ!?
-- Өөрийг тань?
-- Би нэг л сайн ойлгосонгүй.
-- Баяртай.
-- Айн!?
-- Би ийм л байдалд байгаа юм. Баяртай.


Эмэгтэй ахиж юу ч хэлсэнгүй босоод явчхав. Би ч юм асуусангүй. Учир нь би юу ч ойлгосонгүй. Тийм болохоор түүнтэй л адилхан арван удаа, хорин удаа саяны хэлсэн бүхнийг бодох хэрэгтэй боллоо. Гэвч юу ч ойлгож чадсангүй. Гэхдээ юу ойлгох гээд байгаа гэдгээ ч мэдэхгүй байв. Тэгээд анхнаас нь эхлэхээр шийдэв. Би яагаад тэр үгийг хэлэх болсон шалтгаанаа бодлоо. Тэгж хэлсэн шалтгаан маань ор сураггүй алга болчхож. Тийм үг зүгээр л ургаад гараад ирсэн юм шиг. Учир шалтгаан нь ор сураггүй алга болчихсон байлаа. Тэгээд би бодлоо. Би ч гэсэн миний учир шалтгаан энэ хорвоогоос арилаад өгчихсөн юм шиг оршоод байгаа юм байна.

Ингэж бодох үед л тэр эмэгтэйг би ойлгов. Тэр энэ бүхнийг аль хэдийн олоод харчихсан байж. Намайг өөр өөрийгөө мэдэхээс өмнө тэр намайг мэдчихсэн аж. Магадгүй тэр сахиусан тэнгэр байх. Тийм болоод л хүнээс сайхан гоо үзэсгэлэнтэй ч би дурлаж чадаагүй байж болох юм. Үгүй ээ, ерөөсөө би түүнд дурласан ч үнэ цэнэ олдохгүй гээд дурлаж чадаагүй юм байна.

Үгүй ээ ерөөсөө л өөр өөрийгөө олж чадаагүй байсан болохоороо өөр бусад юмыг олж чадахгүй байсан юм байна.

____________________________________

Hanper
2010 оны 10-р сарын 31

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...